Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1183

 

 

 

 

 

 

 

2019         11            21                                              2019/ДШМ/1183        

 

 

                                   Г.Мд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.М,  

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/969 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908013070595  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Алт овгийн Г.М, 1972 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 11 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух бүртгэлтэй,  /РД: ЧБ72031775/;

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1088 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

            Г.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-25 тоот хашаанд байрлах иргэн Б.Ганцоожийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, савхин хүрэм, савхин куртик, хараа нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 458.550 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 9-25 тоотод оршин суух иргэн Б.Ганцоожийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор орж орон байранд нэвтэрч цахилгаан хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

              

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Алт овогт Г М нь нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.М 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 13 (арван гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэс 538.550 (таван зуун гучин найман мянга таван зуун тавин) төгрөг гаргуулж, хохирогч Б.Ганцоожид олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                            

Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Миний бие тухайн хэрэг гардаг өдөр эцэг Г эмчилгээ болон эм тарианы мөнгөний хэрэгцээ маш их гарсан байсан. Тэр үед тулгамдаж өөрт байгаа боломжуудыг бүрэн харж чадалгүй хялбар аргаар мөнгө олох аргыг сонгож, бусдыг эд хөрөнгөд халдаж хохироосондоо маш их гэмшиж байна. Хоригдож байх хугацаандаа ажил хийж хохирогчийн хохирлыг нөхөх төлөхөө амлаж байна. Мөн хийсэн хэргээ ухамсарлан ойлгож мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулалгүй  хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн өсвөр насны 3 хүүхдээ сурч боловсроход нь тус дэмж болж эх орондоо хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх чин хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага ялаар шийдэж өгнө үү. ...” гэжээ. 

 

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

 

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ялын санал тавьсан. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн бөгөөд хохирогч нарт учирсан нийт 538.550 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

           Г.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-25 тоот хашаанд байрлах иргэн Б.Ганцоожийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, савхин хүрэм, савхин куртик, хараа нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 458.550 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 9-25 тоотод оршин суух иргэн Б.Ганцоожийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор орж орон байранд нэвтэрч цахилгаан хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Ганцоожийн “...2019 оны 2 дугаар сарын 24-ний орой ажлаас тарах цаг болоод байж байхад манай хадам аав Баярсайхан танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Сонгинхайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 9 дүгээр гудамжны 25 тоотод байх байшиндаа очсон. Байшинд очоод хартал Цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Үзлэг хийгээд явсны дараа гэртээ орж алдагдсан эд зүйлээ гаргасан. Тэр өдөр Гагнуурын аппарат, 2 савхин куртик, 2 цүнх, 1 шил архи алдагдсан байсан. Хулгай орсон газар нь байшингийн урд тал зүүн талын вакум цонх түлхэж орсон байсан.

  • 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед хадам аав Баярсайхан над руу залгаж дахиад хулгай орсон юм шиг байна. Цонх онгорхой байна гэсэн тэгээд дахиад гэртээ очтол модны шар өнгийн хятад хөрөө алга байсан. ...” /хх 16-19, 76-77/,

 

            гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байж байтал 17 цаг 40 минутад манай аав Баярсайхан над руу утсаар залгаад танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ирээд үзсэн чинь цонхны түлхэж онгойлгоод байшин дотроос гагнуурын аппарат хоёр савхин куртик “nike” гэсэн бичигтэй цүнх авсан байсан. ...улаан өнгийн гагнуурын 220 вольтын аппаратыг 2017 онд 150.000 төгрөгөөр авсан. Савхин куртикийг 2016 онд 150.000 төгрөгөөр авсан. Савхин куртикийг нь 2014 онд 200.000 төгрөгөөр авсан. ...” /хх 20-22, 26-27, 78-79/,

 

            гэрч Б.Баярсайханы “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охиныхоо хүүхдийг унаанд суулгаж өгөх гээд гэрээс гараад хойд талын байшинг хартал цонх нь онгорхой байж байсан. Тэгээд би байшинд орж хартал эд зүйл нь ундуй сундуй, цүнхтэй зүйлийг асгаад хаясан байсан...гагнуурын 220 вольтын аппаратыг 2017 онд 150.000 төгрөг, Савхин хүрэм 2017 онд авч байсан, Савхин куртик 2016 онд 200.000 төгрөгөөр хийлгэж байсан. Хараа архи 8550 төгрөг. ...” /хх 23-24, 28-29, 80-83/ гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч М яллагдагчаар: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 11-26 тоот гэртээ 3 хүүхдийн хамт амарч байсан юм. Тухайн үед тавилгын компанид ажилд орохоор ярьчихсан байсан. тухайн компаниас над руу залгаад ажил эхлэх арай болоогүй байна гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг гараад би айлаас хулгай хийхээр шийдсэн юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 9 дүгээр гудамжинд явж байтал тоосгон байшинтай ногоон өнгийн хашаа байсан. Хашаа руу шагайж үзэхэд хүнгүй байсан. Тэгээд би хашааг нь давж ороод байшингийнх нь урд талын вакум цонхны салхивчийг түлхэж дотогш орсон. Тухайн байшин дотроос эмэгтэй, эрэгтэй хүний савхин куртик, улаан өнгийн гагнуурын аппарат, хадагнд боочихсон архи байхаар нь аваад цонхоор нь буцаж гарч явсан. Айлаас хулгайлсан савхин куртикийг “Нарантуул Олон Улсын Худалдааны төв дээр аваачиж хоёуланг нь нийлүүлж 40.000 төгрөгөөр зарсан. ...үүдэн дээр байрлах багаж эд хогшил зардаг хүмүүст гагнуурын аппаратыг 45.000 төгрөгөөр зарчихсан. ...би 3 хүүхдийн хамт гэртээ амьдардаг юм. Манай гэрч идэж уух юмгүй болоод мөнгөний хэрэг гараад хулгай хийхээр шийдсэн юм...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би тухайн орсон айл руугаа маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дахиж орж цахилгаан хөрөөг хулгайлсан. ...” /хх 48-49/,

            “...2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дахиж тухайн айл руу очиход бас хүн байхгүй байсан. Тэгээд мөн байшингийн вакум цонхыг түлхэн орж гэрийнх нь үүдний амбаарт байсан цахилгаан гар хөрөөг авч амбаарынх нь хаалгаар гарч явсан. Цахилгаан гар хөрөөг Хархорин зах дээр аваачиж танихгүй хүнд 25.000 төгрөгөөр зарчихсан. ...” /хх 113-114/ гэх мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 04/106 дугаартай “...2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд МЫ000210031376 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Гомбо овогтой Мөнх-Эрдэнийн баруун гарын чигчий хурууны хээнүүдтэй тохирч байна. ...” /хх101-105/ гэх дүгнэлт,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10, 57-64/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18/152, 18/153 дугаартай тайланд: “...Гагнуурын аппаратыг...150.000 төгрөг, Савхин хүрмийг 100.000 төгрөг...Савхин куртикийг 200.000 төгрөг, архи...8550 төгрөгөөр...буюу нийт 458.550 төгрөг, ...цахилгаан гар хөрөө 80.000 төгрөг гэх дүгнэлт...” /хх 39-40, 96-97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Г.М “...хуульд заасан хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулана. ...” гэж тус тус заажээ.  

 

Шүүгдэгч Г.М нь өмнө 2 удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Ганцоожид учирсан 538.550 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх бөгөөд түүний үйлдсэн хэрэгт шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г.М нь ам бүл 4, 9-23 насны гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд охин М.Отгонтогос нь 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн,  М.Сувд-Эрдэнэ нь 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 125-126/-аар тогтоогддог бөгөөд насанд хүрээгүй буюу 8 нас 11 сар 6 хоногтой М.Отгонтогос, 16 нас 7 сартай  М.Сувд-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох шаардлагатай, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эцэгт хамаарахгүй байна.

Иймээс “ял шийтгэл хөнгөрүүллэх” талаар гаргасан шүүгдэгч М давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд зөв дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон тохирсон ял оногдуулсан боловч шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж,

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус заасан байна.

 

Иймээс шүүгдэгч М насанд хүрээгүй хүүхэд болох 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн М.Отгонтогос, 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн М.Сувд-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэж шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/969 шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч М насанд хүрээгүй хүүхдүүд болох 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн М.Отгонтогос, 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн М.Сувд-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч М гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ