Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1000

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

иргэдийн төлөөлөгч М.О,

улсын яллагч Н.У(томилолтоор)

шинжээч эмч Г.Н,

шүүгдэгч О.О-н өмгөөлөгч Ц.Д (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар), өмгөөлөгч Н.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0303 00000 дугаартай, 3 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт О.О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Олимп хотхоны ... дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, регистрийн дугаар УК0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын аманд байрлах Сангийн яамны зуслангийн газрын .. тоот байшинд төрсөн эцэг И.Оч-н хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Н мэдүүлэхдээ:

“...Шүүгдэгч О.О нь оюун ухаан задрах, залуусын тэнэгрэл гэдэг сэтгэцийн хүнд өвчтэй. Үзлэг хийх явцад болон хэргийн материалтай танилцах явцад солиорлын байдалтай байсан. Америкийн нэгдсэн улс болон Монгол улсад байхдаа тус өвчнөөр өвдсөн. Харамсалтай нь ар гэрийн хүмүүс тус өвчинг эмчлүүлэх арга хэмжээ аваагүй. Дэлхий нийтээрээ тус өвчин нь юунаас болдог гэдгийг бүрэн тогтоож чадаагүй. Сэтгэцийн хүнд өвчин байгаа...Оюун ухаан задрах, залуусын тэнэгрэл гэдэг өвчин нь бүрэн эдгэрэх боломжгүй. Эмчилгээ хийлгэх явцад сайжрал, засралын байдалд орж болно...Хий үзэгдэл дэмийрэл хурц солиорлын байдал гэдэг бол нэг...өөрийн хийж байгаа үйлдэл болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байдаг. Өөрийн үйлдэл, хэлж байгаа үгээ ухамсарлан ойлгох чадваргүй...Доод тал нь 2-3 жил, 5-аас дээш жил, шаардлагатай тохиолдолд насан туршдаа сэтгэц нөлөөт эмийг уух шаардлагатай...Манайд ердийн болон тусгай гэсэн 2 заалтаар байдаг байсан. Одоо ямар болсон гэдгийг мэдэхгүй байна. Сэтгэцийн эмнэлэгт албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай...Яг хурц солиорлын байдалтай байгаа үедээ өөртөө болон бусдад аюул учруулах магадлал өндөртэй...Шинж тэмдгүүд харагдаж байсан. Солиорлоос гадна бие хүний өөрчлөлт давхар явагдаж байдаг. Тэр нь биеэ авч явах чадвар өөрийгөө арчлах нийгэмтэйгээ харьцах харцаа бол өөр байдаг. Сэтгэлийн хөдөлгөөний хувьд бол хүйтэн хөндий, хэлж байгаа үг нь сэтгэлийн тохироо алдсан байдаг. Тэр нь инээхгүй зүйл дээр инээх, хүн уйлж байхад тэр хүн инээж байх жишээтэй. Би хальт харахад өөрөө өөртэйгээ ярьсан, сэтгэлийн тохироо алдсан, шүүх хуралд оролцож байгаа гэдгээ ойлгох чадваргүй байсан болохоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж харж байсан...Ойролцоогоор 5 жил тасралтгүйгээр хуулийн тасаг буюу тусгай тасагт хэвтүүлдэг. Гэхдээ тухайн өвчний шинж байдлаас шалтгаалаад хугацаанаас өмнө сайжрал, засралын байдалд ороод нийгэмд аюултай шинж нь арилсан тохиолдолд бид цуцалж болно...Хийсэн хэргээсээ шалтгаалаад ердийн болон тусгай гээд 2 тасагт хэвтэн эмчлүүлдэг. Тусгай тасагт хуулийн байгууллага ажиллаж байдаг...Тусгай тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай...Төрөлхийн өвчин. Сэтгэцийн өвчин бол залуу насандаа эхэлдэг дотоод шалтгаантай өвчин. Ямарч шалтгаангүйгээр илэрдэг хүнд өвчин...Сэтгэцийн өвчин бол гэнэт эхэлдэг. Олон улсын 10 дугаар ангиллаар f23 буюу хурц солиорлын оноштой. Шүүгдэгчийн хувьд 2018 оны эхээр өвчин нь эхэлсэн. Хажууд нь байж нарийн харахгүй бол мэдэгдэхгүй өвчин, хурц солиорлын байдалтай хүн ойлгохооргүй зүйлс ярьдаг. Хурц солиорлын байдал нь ээж аав нь очоод Америкийн нэгдсэн улсаас авч ирэх үе...Доод тал нь 2-3 жил, дээд талдаа 5 жил, улмаар насан насан туршдаа эм уух шаардлагатай...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орбитын эцсээс Найрамдал зуслан руу явах зам дагуу байрлах “ХЗ” амралтын газрын эсрэг талаар баруун тийш салсан шороон замаар яван ...“Сангийн яамны” амралт гэх ...хашааны... .. гэсэн дугаартай усан хөх өнгийн ...байшинд үзлэг хийв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 10-23),

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 25-27, 29-30),

3. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар манай зуслангийн .. номерын байшинд 10-д хоногийн өмнө нэг хөгшин, хүүгийнхээ хамт ирээд байшиндаа байгаа харагдсан. ...Тэр хөгшин өөрийгөө О гэж танилцуулж байсан. ...2018 оны 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед зуслангийнхаа байшингуудыг тойрч явах үед .. номерын байшингийн довжоон дээр О хөгшин ганцаараа сууж байгаа харагдсан. ...Тэр хоёр цагаан өнгийн марк, дугаарыг мэдэхгүй автомашинтай байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 57-58),

4. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...21 цаг өнгөрч байхад О манай зуслангийн байшинд ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь сайн уу? Сүү аарц уу гэж хэлээд, гэрийнхэн нь сайн уу? гэхэд анхаа тийм гэж толгой дохиод хариулж байсан. Тэгээд орон дээр 1 цаг гаран юу ч ярихгүй чимээгүй сууж байгаад гараад ....23 цаг өнгөрч байхад гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 157-158), 

5. Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү О.О ...2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Монголд ирсэн. ...Нөхөр О 2018 оны 6 дугаар сараас эхэлж зусландаа агаарт гарч эхэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд хаалга цохихоор нь онгойлгосон чинь хүү О ганцаараа орж ирсэн. Би ариун цэврийн өрөө орчхоод гараад ирсэн чинь тэрээр сейф онгойлгоод өөрийнхөө цүнхийг аваад, өөрийнхөө өрөөнд байсан ном болон цамцаа аваад гарах гэж байхаар нь би “аав нь хаачсан юм” гэсэн чинь “ажилдаа явсан” гэсэн. Би О-г ганцаарыг нь явуулахгүй гээд цүнхнээс нь зууралдсан чинь цүнхнийх нь оосор тасраад би хойшоо унаад О гараад явсан. Би тэгээд нөхөр лүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь гайхаад хүү С руу залгаж энэ асуудлыг хэлээд зуслан руу хүүгээ явуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 59-61),

- 2017 оны 12 дугаар сард ...нөхөр бид хоёрыг хүү дээрээ очиход манай хүү О их ядарсан, турчихсан, царай нь цонхийж цайрсан, гар хөл нь байнга хөлөрсөн байдалтай байдаг байсан. ...2018 оны 3 дугаар сарын 20-ны үеэр хүүгийн биеийн байдал нь сулраад ганцаараа миний хажууд сууж зураг үзэж байгаад “гараа сарвуугаараа хөдөлгөж амандаа юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй ганцаараа яриад” байхаар нь би “яасан миний хүү” гэсэн чинь “би зурагт үзэж байна” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа хамт байранд байдаг байсан хажуу өрөөний эмэгтэйг “энэ бид нарыг алах гээд байна. Бас аавыг алах гээд байна” гээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа хүү бид хоёр гадаа гарч салхилах гэж байхад ...гэнэт ухаан алдаж хажуу тийшээ унаад өгсөн. Унах үедээ хөл гар нь татаж, гэдсээрээ хотойгоод хамаг бие нь татаад байсан. ...Маргааш нь дахиад ухаан алдсан. ...Ухаан алдсанаасаа хойш орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй гөлийчихдөг. ...2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирээд ...миний хүү 1 сар өдөр шөнөгүй унтаад гадагшаа ч гарахгүй байсан. ...Манай хүү аавтайгаа 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянголын аманд байх зусланд аавтайгаа байдаг байсан. ...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цагийн үед манай нөхөр над руу утсаар яриад “хүү машинтайгаа гараад явлаа” гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн үед “хүү ирчихлээ, бид хоёр унтлаа. Маргааш үдээс хойш бид хоёр очно” гэж мессеж бичсэн. ...О сейфээс өөрийнхөө алтан гинж, өөрийнхөө хар өнгийн гар жижиг цүнх, 3 ширхэг ном, саарал өнгийн малгайтай цамц авчихсан үүргэвчээ үүрчихсэн гарах гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-73),

6. Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав О нь одоогоос 14 хоногийн өмнөөс эхлэн манай дүү О хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянголын аманд байрлах зусландаа ирж очдог байсан. Яагаад гэвэл дүү О нь сэтгэцийн хувьд тогтворгүй болоод манай аав агаарт гаргасан. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө манай дүү О аав, ээж хоёрын амьдардаг гэрээр ороод сейфээс эд зүйлээ авч байхаар нь ээж хараад болиулах гэсэн чинь болихгүй булаацалдаж байгаад гэрээс гараад явчихлаа гэж ээж надад хэлсэн. Тэгээд би...Баянголын аманд байрлах зуслан руу явсан. Энэ үед аавын утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Зуслан дээрээ ирээд үзсэн чинь хаалга, цонх бүгд хаалттай цоожтой байсан. Тэгэхээр нь би байшингийнхаа зүүн урд талын цонхыг түлхэж завсар гаргаад харсан чинь аав газар хэвтэж байсан. Би цонхоор ороод аавын биед нь хүрсэн чинь бие нь хөрсөн байсан, тэгэхээр нь судсыг барьж үзэхэд цохилохгүй байсан. ...Би ах болон ээж рүүгээ утасдаж хэлээд хаалга өшиглөсөн чинь онгойхгүй болохоор нь дотор талаас нь хөлөөрөө жийж онгойлгосон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 62-63)

- “...О хамгийн сүүлд ламаар ном уншуулсны дараа намайг машин дотор сууж байхад “манай аавыг хүн алах гээд байна. Манай гэрт жижигхэн хужаа ирсэн, Улаанбаатар хот хоёр болчхоод байна. Та нар ерөөсөө мэдэхгүй байна. Манай гэрт байгаа хүн бол манай ээж биш байна.” гээд байсан. ...2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчим ээжтэй зууралдаад гэрээс гараад явахдаа сейфээс өөрийнхөө алтан гинж, аавын бөгж зэргийг аваад гарсан гэсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 64-68),

7. Тээврийн хэрэгсэлд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “...Авто тээврийн хэрэгслийн байрлаж буй газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын  .. дүгээр баг төв гудамжны...зам дагуу байрлах зогсоол дээр ...байрласан 00-00 УБТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Nissan Presage” маркийн тээврийн хэрэгсэл байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 31-35),

8. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагт О гэх УК00000 регистрийн дугаартай хүн үзүүлсэн бүртгэл байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 73-75),

9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...О-н унаж явсан 00-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан эд зүйлийг...амь хохирогчийн эхнэр Н.Э-д хүлээлгэн өгөв...” гэх баримт (1 хавтаст хэргийн 99, 2 хавтаст хэргийн 157)

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт

“...Гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт: ...хүзүүний баруун урд хэсэгт 8х1.0см, зүүн урд хэсэгт 6х10 см хэмжээтэй голдоо тасархайтсан, 2 зах руугаа ялгарахгүй болсон бүдэг улаан ягаан өнгийн дарагдлын оромтой, зүүн хөлний улнаас 135см зайд өвчүүний хажуугийн шугамаар 3, 4-р хавирганы завсар хөндлөн 2х0.5см зах ирмэг нь хатсан, шаргал өнгийн өөхөн эд цухуйсан шархтай, ...шархыг зондлоход цээжний хөндий рүү нэвтэрсэн. ...Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад: ...хэл бүтэн, нимгэн цайвар өнгөтэй, угийн хөхлөг бүдэг, хэлний 2 тал зах ирмэгээр шүдний ором бүхий хөх өнгийн цус хуралттай, ховч ясны баруун үзүүр хэсгээр хугаралтай, зөөлөн эдэд цус хуралттай, төвөнхийн мөгөөрс их бие хэсгээр зөрөөтэй, хэлтэрхийтэй хугаралтай, төвөнхийн зүүн үзүүр хэсгийн хугаралтай, хальс, зөөлөн эдэд цус хуралттай, зүүн бамбай булчирхайн эд, хальсанд тархмал цус хуралттай, баруун бамбай булчирхайн хальсанд цус хуралттай, залгиур нарийссан. ...Уушги баруун 450гр, зүүн 420 гр, уушги хөх ягаан өнгөтэй, хийжилт дунд, ...уушгины гялтан хооронд олон тооны цэгчилцсэн цус харвалттай /Тардье толбо/. ...Зүүн уушгины дээд дэлбэнгийн 3, 4-р хавирганы түвшинд өмнөд гадаргууд 1.0х0.3см, ар хэсэгт 0.6х0.2см нэвт хатгагдсан шархтай. ...Цээжний хэнхэрцэг зүүн 3, 4-р хавирганы завсраар өвчүүний хажуугийн шугамаар булчинг гэмтээсэн шархтай...ДҮГНЭЛТ

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний дунд хэсгийн хөндлөн дарагдлын ором, ховч ясны баруун талын хугарал, төвөнхийн мөгөөрсний их биеийн бяцарсан хугарал, зүүн эврийн үзүүрийн хугарал орчны зөөлөн эд дэх цус хуралт, бамбай булчирхайн цус хуралт, хэлний 2 хажуугийн цус хуралт, уушгины дэлбэн хоорондох цус харвалт /Тардье/, 2 нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтлүүд нь амьдадаа үүсгэгдэнэ.

Цээжний зүүн 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх нь нас барсны дараа үүссэн байх боломжтой байна.

2. 5. Учирсан гэмтэл, шарх нь ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.  Учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаачийн цогцост 2018.06.24-ний 19 цагт хийсэн гадна үзлэгээр нас бараад 14-16 цаг болсон байж болохоор байна.

6. Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 73-83)

11. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1981-2016 он хүртэлх хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүүхэд өсвөр насны тасгийн эрхлэгч албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би 2018 оны хавар 4, 5 сарын хавьцаа хамт ажиллаж байсан сувилагч Г-г ...гуйсны дагуу ...О гэх залууг үзэхэд 1. Нойрмог, 2.Харц нь хурц юм шиг мөртөө гөлийсөн, 3.”Зүгээр” гэх үгээр өвчнөө нууж байгаа нь харагдсан. ...Би тухайн үед энэ хүүхдийн харц нь сэтгэцийн өвчтэй хүний харцтай нэгэн адил болсон байна, өвчнөө нуугаад байна. Ууж байгаа эмийн нөлөөндөө унтаж, нойрмог байгаад байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж хэвтүүлэх шаардлагатай, нийгэмд аюултай үйлдэл хийж магадгүй, хараа хяналттай дандаа хажууд нь хүн байлгаарай гэж зөвлөгөө өгсөн боловч миний зөвлөгөөг тэр хүмүүс аваагүй. ...Мэргэжлийн хувьд хэлэхэд О-н хувьд хурц үе эхэлж байсан гэж дүгнэж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 168-170, 2 хавтаст хэргийн 160-162),

12. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн .. дугаар хороо .. дугаар хэсэгт “СА” нэртэй сэтгэц, наркалогийн хувийн эмнэлэг ажиллуулдаг. Манай эмнэлэгт 2018 оны 4, 5 сарын үед ...О, Э гэх 2 хүн хүү О-г дагуулж ирсэн. ...Анх ирж үзүүлэхэд нь...онош тавиагүй. Тухайн өдрийн сэтгэцийн байдал буюу /статус/ үзэхэд О хурцавтар солиорол дэмийрэлтэй явж байсан. Ярьж байгаа үг, харц, айсан маягтай яриа өгүүлбэрт гүйцэт төвлөрөхгүй анхаарал нь өөр зүйлд анхаарч байсан болохоор дэмийрэлтэй байсан. Манай эмнэлэгт хэвтэх саналтай ирэхээр нь манай эмнэлэгт хэвтэж болохгүй хүн байна. Нийгэмд аюултай үйлдэл хийх хүн байна яаралтай шар хадны эмнэлэгт үзүүлж хэвтүүл гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 190-191, 2 хавтаст хэргийн 163-165), 

13. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын .. дүгээр дүгнэлт

“...1. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 706 дугаар дүгнэлтийн 1, 2, 3, 4, 5, 6, 7-р дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Харин 4-р дүгнэлтийн О.О-н хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар нь одоогоор хэвийн байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. О.О нь “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэг”-тэй байна. Энэ нь хавтаст хэргийн материал, бодит өгүүлэмж, эмнэл зүйн үзлэг, шинжилгээ зэргээс нотлогдож байна.

3. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй байсан байна.

4. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед нь “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэг”-тэй байсан учир хэрэг хариуцах чадваргүй байсан байна.

5. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар хэвийн байсан байна. Харин сэтгэхүйн хувьд О.О нь хурц солиорлын байдалтай байсан учир мэдүүлэг өгөх чадваргүй байсан байна....” гэх шинжээч эмч Н.О, С.О, Г.Н, Б.Т, Я.Г нарын дүгнэлт (2 хавтаст хэргийн 192-211),

- Шинжээч эмч Я.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени” сэтгэцийн эмгэгтэй байсан. Иймд өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл гаргах магадлалтай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай. ...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь дотроо ердийн ба тусгай тасаг гэж байдаг. О.О-н хувьд “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени” сэтгэцийн эмгэгтэй мөн хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон байгаа тул тусгай тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авч болно...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 212-213),

 

14. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 98, 95-96, 2 хавтаст хэргийн 65-66, 62, 223-224, 227-228, 242-243, 3 хавтаст хэргийн 8-11, 26-28, 32-33, 42-45, 50-51, 63, 64, 91-97, 113-116, 122), Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 130-132), Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал (3 хавтаст хэргийн 59-60)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 152-155),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 101), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (2 хавтаст хэргийн 76-77), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 81-97, 105-118) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч эмч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч О.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч О.О нь хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй үедээ, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын эцсээс Найрамдал зуслан руу явах зам дагуу байрлах “ХЗ” амралтын газрын эсрэг талын “СЯ” амралт гэх газрын .. тоот усан хөх өнгийн байшинд, 2018 оны 6 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчим өөрийн төрсөн эцэг И.О-н хоолойг боож хүзүүний дунд хэсгийн хөндлөн дарагдлын ором, ховч ясны баруун талын хугарал, төвөнхийн мөгөөрсний их биеийн бяцарсан хугарал, зүүн эврийн үзүүрийн хугарал орчны зөөлөн эд дэх цус хуралт, бамбай булчирхайн цус хуралт, хэлний 2 хажуугийн цус хуралт, уушгины дэлбэн хоорондох цус харвалт /Тардье/, 2 нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтлүүд учруулан механик амьсгал бүтэлт, амьсгалын хурц дутагдалд оруулж амь насыг нь хохироосон болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Орбитын эцсээс Найрамдал зуслан руу явах зам дагуу байрлах “ХЗ” амралтын газрын эсрэг талаар баруун тийш салсан шороон замаар яван ...“СЯ” амралт гэх ...хашааны... .. гэсэн дугаартай усан хөх өнгийн ...байшинд үзлэг хийв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 10-23),

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар манай зуслангийн .. номерын байшинд 10-д хоногийн өмнө нэг хөгшин, хүүгийнхээ хамт ирээд байшиндаа байгаа харагдсан. ...2018 оны 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед зуслангийнхаа байшингуудыг тойрч явах үед 9 номерын байшингийн довжоон дээр О хөгшин ганцаараа сууж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 57-58),

- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...21 цаг өнгөрч байхад О манай зуслангийн байшинд ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь сайн уу? Сүү аарц уу гэж хэлээд, гэрийнхэн нь сайн уу? гэхэд анхаа тийм гэж толгой дохиод хариулж байсан. Тэгээд орон дээр 1 цаг гаран юу ч ярихгүй чимээгүй сууж байгаад гараад ....23 цаг өнгөрч байхад гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 157-158), 

- Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр О 2018 оны 6 дугаар сараас эхэлж зусландаа агаарт гарч эхэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд хаалга цохихоор нь онгойлгосон чинь хүү О ганцаараа орж ирсэн. Би ариун цэврийн өрөө орчхоод гараад ирсэн чинь тэрээр сейф онгойлгоод өөрийнхөө цүнхийг аваад, өөрийнхөө өрөөнд байсан ном болон цамцаа аваад гарах гэж байхаар нь би “аав нь хаачсан юм” гэсэн чинь “ажилдаа явсан” гэсэн. Би О-г ганцаарыг нь явуулахгүй гээд цүнхнээс нь зууралдсан чинь цүнхнийх нь оосор тасраад би хойшоо унаад О гараад явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 59-61),

- “...Манай хүү аавтайгаа 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянголын аманд байх зусланд аавтайгаа байдаг байсан. ...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цагийн үед манай нөхөр над руу утсаар яриад “хүү машинтайгаа гараад явлаа” гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн үед “хүү ирчихлээ, бид хоёр унтлаа. Маргааш үдээс хойш бид хоёр очно” гэж мессеж бичсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-73),

- Гэрч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав О нь одоогоос 14 хоногийн өмнөөс эхлэн манай дүү О-той хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Баянголын аманд байрлах зусландаа ирж очдог байсан. ...2018 оны 6 дугаар сарын 24-ний өглөө манай дүү О аав, ээж хоёрын амьдардаг гэрээр ороод сейфээс эд зүйлээ авч байхаар нь ээж хараад болиулах гэсэн чинь болихгүй булаацалдаж байгаад гэрээс гараад явчихлаа гэж ээж надад хэлсэн. Тэгээд би...Баянголын аманд байрлах зуслан руу явсан. ...Зуслан дээрээ ирээд үзсэн чинь хаалга, цонх бүгд хаалттай цоожтой байсан. Тэгэхээр нь би байшингийнхаа зүүн урд талын цонхыг түлхэж завсар гаргаад харсан чинь аав газар хэвтэж байсан. ...Би ах болон ээж рүүгээ утасдаж хэлээд хаалга өшиглөсөн чинь онгойхгүй болохоор нь дотор талаас нь хөлөөрөө жийж онгойлгосон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 62-63)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний дунд хэсгийн хөндлөн дарагдлын ором, ховч ясны баруун талын хугарал, төвөнхийн мөгөөрсний их биеийн бяцарсан хугарал, зүүн эврийн үзүүрийн хугарал орчны зөөлөн эд дэх цус хуралт, бамбай булчирхайн цус хуралт, хэлний 2 хажуугийн цус хуралт, уушгины дэлбэн хоорондох цус харвалт /Тардье/, 2 нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтлүүд нь амьдадаа үүсгэгдэнэ.

Цээжний зүүн 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх нь нас барсны дараа үүссэн байх боломжтой байна.  ...4.  Учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаачийн цогцост 2018.06.24-ний 19 цагт хийсэн гадна үзлэгээр нас бараад 14-16 цаг болсон байж болохоор байна. 6. Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 73-83),

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1981-2016 он хүртэлх хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүүхэд өсвөр насны тасгийн эрхлэгч албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би...О гэх залууг үзэхэд 1. Нойрмог, 2.Харц нь хурц юм шиг мөртөө гөлийсөн, 3. “Зүгээр” гэх үгээр өвчнөө нууж байгаа нь харагдсан. ...Мэргэжлийн хувьд хэлэхэд О-н хувьд хурц үе эхэлж байсан гэж дүгнэж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 168-170, 2 хавтаст хэргийн 160-162),

- Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо .. дугаар хэсэгт “СА” нэртэй сэтгэц, наркалогийн хувийн эмнэлэг ажиллуулдаг. ...О-г ...үзэхэд О нь хурцавтар солиорол дэмийрэлтэй явж байсан. Ярьж байгаа үг, харц, айсан маягтай яриа өгүүлбэрт гүйцэт төвлөрөхгүй анхаарал нь өөр зүйлд анхаарч байсан болохоор дэмийрэлтэй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 190-191, 2 хавтаст хэргийн 163-165), 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 974 дүгээр дүгнэлт  “...2. О.О нь “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэг”-тэй байна. ...3. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй байсан байна. 4. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед нь “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэг”-тэй байсан учир хэрэг хариуцах чадваргүй байсан байна...” гэх шинжээч эмч Н.О, С.О, Г.Н, Б.Т, Я.Г нарын дүгнэлт (2 хавтаст хэргийн 192-211),

- Шинжээч эмч Я.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени” сэтгэцийн эмгэгтэй байсан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 212-213) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч О.О нь хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй буюу өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй байсан үедээ, тухайн сэтгэхүйн эмгэгийн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдан хүний амь насыг хохироосон хор уршиг учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах гэмт хэрэг”-ийн шинжийг хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, энэ талаар хэрэгт цугларсан баримтгүй байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 10 жилийн хугацаагаар авах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 235 хоногийг шийтгэх тогтоолд дурдах саналыг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан байна.

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын ... дүгээр дүгнэлт “ ...3. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй байсан байна.

4. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед нь “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэг”-тэй байсан учир хэрэг хариуцах чадваргүй байсан байна...” гэх шинжээч эмч Н.О, С.О, Г.Н, Б.Т, Я.Г нарын дүгнэлт (2 хавтаст хэргийн 192-211),

- Шинжээч эмч Я.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.О нь ...өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл гаргах магадлалтай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай. О.О-н хувьд “Хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени” сэтгэцийн эмгэгтэй мөн хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон байгаа тул тусгай тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авч болно...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 212-213) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн. Нөгөө талаас шүүгдэгчид шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэнтэй холбогдуулан түүнд авсан албадлагын арга хэмжээний төрлийг шинжээч эмч Я.Г-н мэдүүлгийг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасаг авч, шинжээч эмч Г.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн албадлагын арга хэмжээний хугацааг 5 жилээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.О нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс (хавтаст хэргийн 136) 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 235 (хоёр зуун гучин тав) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдаж, эрүүгийн 1808 0125 000000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт О.О-г Хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч О.О-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 5 жилийн хугацаагаар авсугай.

4. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ хэрэгт 235 (хоёр зуун гучин тав) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Отгонбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

                                     ШҮҮГЧИД                                     Б.ДАШДОНДОВ

                                                                                             М.МӨНХБААТАР