Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 607

 

 О.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Мөнхтулга,

            шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Б.Дамба,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Мөнхзул, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр О.Оад холбогдох эрүүгийн 1808030320789 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ....................., 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Олимп хотхон 442-81 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

            О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах Сангийн яамны зуслангийн газрын 9 тоотод байрлах байшинд төрсөн эцэг И.Очирбатын хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд хүргүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэрэгт Шүүх сэтгэц эмгэг судлалын 706, 974 дугаартай дүгнэлтүүд авагдсан байх ба дүгнэлт гаргасан шинжээч эмч С.Байгальмаа “хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлтээ, шинжээч эмч Я.Ганхүү “үйл явдал болсон гэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадваргүй” гэсэн дүгнэлтээ тус тус шүүх хуралдаанд үндэслэлтэй гарсан гэж мэтгэлцсэн тул дээрхи 2 дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэх, үнэн зөв гарсан эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай. Нөгөө талаар шинжээчийн 706, 974 дугаар дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, бие биенээ үгүйсгэсэн байгаа тул нэмэлт шинжилгээг шүүх томилох боломжгүй байна. Мөн прокурор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэний дараа яллах дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу яллах дүгнэлт үйлдсэний дараа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа үйлдэх хуулийн зохицуулалттай. Иймд шүүгдэгч Тайжууд овгийн Очирбатын Отгонбатад холбогдох эрүүгийн 1810003770249 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч О.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, энэ хэрэгт ирүүлсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Ш.Эрдэнэбилэг бичсэн эсэргүүцэлдээ: “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч О.Баатаржав, Д.Энхтуяа, С.Байгалмаа нарын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 706 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын” шинжээчийн дүгнэлтэнд: “О.О нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд болон үйлдэгдсэний дараа “Шизофренийн хэв шинжит эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Одоо хэрэг хариуцах чадвартай байна.” гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлтэд шинжээч нар нь мөрдөгчийн тавьсан 2, 3, 4 дэх асуултанд “О.О нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хавтас хэргийн материал дээр нотлох баримтаар бүрэн тодорхой батлагдаагүй байх тул О.О нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан эсэх гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй болно.            Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд  хэрэг хариуцах чадвартай байсан эсэх гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацааны болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, илэрхийлэх чадвартай эсэх гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй болно” гэж хариултууд өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан байна. Тиймээс шинжээч эмч нарын 706 дугаартай дүгнэлт нь О.Оыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд болон үйлдэгдсэний дараа “Шизофренийн хэв шинжит эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Одоо хэрэг хариуцах чадвартай байна.” гэж дүгнэсэн. Харин гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэхэд нь огт дүгнэлт хийгээгүй. Мөн шинжээч эмч С.Байгалмаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 706 дугаартай дүгнэлтийг гаргах үед хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалтгүй байсан тул О.Оыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байсан талаараа мэдүүлсэн. Харин Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 974 дугаартай дүгнэлтээр “О.О нь хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ нь хавтас хэргийн материал, бодит өгүүлэмж, эмнэлзүйн үзлэг, шинжилгээ зэргээс нотлогдож байна. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй байсан учир хэрэг хариуцах чадваргүй байсан байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Дээрх шинжээчийн 706, 974 дугаартай дүгнэлтүүдэд бичигдсэн О.Оын гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд болон үйлдэгдсэний дараах өвчний онош нь нэг төрлийн буюу шизофрени өвчин гэдэгт шинжээч нар маргаагүй. Мөн 706 дугаартай буюу эхний дүгнэлтэд О.Оыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, 974 дугаартай буюу сүүлийн дүгнэлтэд О.Оыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан эсэхэд дүгнэлт хийж, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн зэргээс үзэхэд дээрх дүгнэлтүүдийг бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээ бүхий гэх үндэслэлгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч С.Байгалмаа, Я.Ганхүү нар нь шинжээчийн 706 дугаартай дүгнэлтэд бичигдсэн “Шизофренийн хэв шинжит эмгэг”, шинжээчийн 974 дугаартай дүгнэлтэд бичигдсэн “Хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэг” гэх өвчин нь сэтгэцийн эмгэг гэж өвчний олон улсын ангиллын F-20 төрөлд заагдсан буюу нэг төрлийн өвчин юм. Энэ өвчин нь бүрэн эдгэрэх боломжгүй, эмчилгээний үр дүнгээс хамаарч засрал, сайжрал авах боломжтой. Тиймээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацааг тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны шатанд О.Оад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хугацаа, төрлийн талаар прокурор санал хэлэх боломжийг хязгаарласан болно. Мөн прокуророос эрүүгийн 1808030320789 дугаартай хэрэгт 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 353 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн, мөн өдөр яллагдагч О.Оад “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 01 дугаартай прокурорын санал гаргаж хэргийн хамт анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад шүүхийн тогтоолд прокурор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэний дараа яллах дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үйлдсэн мэтээр ташаа дүгнэлт хийжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай магадлалд “...Шүүх сэтгэц эмгэг судлалын 706, 974 тоот дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй, үнэн зөв болох нь эргэлзээ төрүүлж байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай шүүхийн тогтоолоор дээрх давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн эсрэг дахин шинжилгээ хийлгүүлэхээр зааж буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлнэ” гэснийг зөрчсөн байна. Шүүгдэгч О.Оад холбогдох 1808030320789 дугаартай хэргийн дугаарыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай шүүхийн тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт 1810003770249 гэсэн өөр дугаарыг тус бүр бичсэнийг зөвтгөж залруулах нь зүйтэй байна. Иймд яллагдагч О.Оад холбогдох эрүүгийн 1808030320789 дугаартай хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

            Прокурор С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэрэгт шүүгдэгчийн сэтгэцтэй холбоотой 2 шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурорын зүгээс анх гарсан сэтгэцийн дүгнэлтийг биш, сүүлд гарсан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг үнэлж байгаа. Яагаад гэвэл анхны Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай эсэх талаар сэтгэцийн шинжээч нар дүгнэлт өгөөгүй. Үндэслэл бүхий дүгнэлт нь сүүлийн дүгнэлт байна гэж үзсэн. Сүүлийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэрвээ шаардлагатай тохиолдолд анхан шатны шүүхээс бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах эрх хэмжээ нь байгаа. Тийм учраас зайлшгүй нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж ажиллагаа хийх шаардлага байхгүй. Мөн шүүх хуралдааны процесс зөрчигдсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулж процесс ажиллагааг зөрчсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгэцтэй холбоотой гарсан 2 дүгнэлт нь бие биенээ үгүйсгээгүй. Шүүх сэтгэц эмгэг судлалын 706 дугаартай дүгнэлтээр мөрдөгчийн асуусан 2, 3 дахь асуултанд эхний шинжээч нар хариултаа огт өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч тайлбар өгөхдөө нотлох баримт хангалтгүй байсан учир бид мөрдөгчийн тавьсан 2, 3 дахь асуултанд хариулт өгөх боломжгүй байсан гэх тайлбар өгсөн. Мөрдөгчийн тавьсан 2, 3, 4 дэх асуултын дагуу 2 дахь шинжээчийн дүгнэлтээ гаргасан. Тухайн үед мөрдөгч нилээдгүй ажиллагаа хийсний дараа дахин шинжилгээ хийсэн. Эхний дүгнэлтээр шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж гарсан. 2 дахь дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүй гэж гарсан. Аль цаг хугацааны хувьд хэрэг хариуцах чадвартай байсан гэх асуултанд Шүүх сэтгэц эмгэг судлалын 706 дугаартай дүгнэлтээр 2018 оны 6 дугаар сарын 24-нд дүгнэлт гарсан. Үүнээс хойш 2 сар эмчилгээ хийсний дараа 8 дугаар сарын 24-ний өдөр эхний дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр одоо О.О нь хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэлт гарсан. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр 974 дугаартай дүгнэлт гарах үед хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байсан учраас тухайн хэрэг гарах үед шүүгдэгч О.О сэтгэцийн хувьд ямар байсан талаар тогтоох боломжтой байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч О.Оыг 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах Сангийн яамны зуслангийн газрын 9 тоотод байрлах байшинд төрсөн эцэг И.Очирбатын хоолойг нь боож алсан гэмт хэрэг үйлдсэн боловч, хэрэг хариуцах чадваргүй гэж үзэн Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцээд “...Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын 706, 974 тоот дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй, үнэн зөв болох нь эргэлзээ төрүүлж байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Мөн прокурор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа үйлдсэний дараа яллах дүгнэлтийг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж дүгнэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 706 дугаартай дүгнэлтэд шинжээч нар нь мөрдөгчийн тавьсан 2, 3, 4 дахь асуултанд “О.О нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хавтас хэргийн материал дээр нотлох баримтаар бүрэн тодорхой батлагдаагүй байх тул О.О нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан эсэх гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан эсэх гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацааны болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, илэрхийлэх чадвартай эсэх гэсэн асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй болно.” гэсэн хариултууд өгсөн байна. /1хх-209-2хх-17/ Харин Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 974 дугаартай дүгнэлтэд “О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй байсан байна. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй байсан учир хэрэг хариуцах чадваргүй байсан байна. Үйл явдал болсон гэх цаг хугацааны үед хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар хэвийн байсан байна. Харин сэтгэхүйн хувьд О.О нь хурц солиорлын байдалтай байсан учир мэдүүлэг өгөх чадваргүй байсан байна. О.О нь Америкийн нэгдсэн улсад амьдарч байх хугацаанд хар тамхи хэрэглэж байсан гэх боловч уг бодист донтолт үүсээгүй учир сэтгэцэд нөлөөлөхгүй болно.” /2хх-191-211/ гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтад тал бүрээс бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж, уг асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Харин прокурор шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн гэрч, шинжээч зэрэг оролцогчдыг оролцуулах хүсэлтээ гаргаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нь хуульд нийцэхийг тэмдэглэж байна.

 

Прокуророос О.Оад холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 353 дугаартай яллах дүгнэлт /3хх-52-56/ үйлдэж мөн өдрөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал /3хх-59-60/ гаргасан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, О.Оад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Оад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ