Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00602

 

“Б Н”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02760 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02568 дугаар магадлалтай,

“Б Н”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

“Г”ХХК, Ж.Мнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 110 555 668,6 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч “Г”ХХК-ний төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани зээлдэгч Ж.Мын охин Б.Г-О Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 76 дугаар байрны 71 тоот, түүний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалан 23 300 ам.долларын зээлийг сард 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. “Г”ХХК нь Ж.Мын дүүгийн компани юм. Зээлийг “Г”ХХК тоосго үйлдвэрлэхэд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зарцуулсан, зээлийн хүүг төлдөг байсан. Гэрээний хугацаа дуусахад хугацаа сунгах хүсэлт гаргаж 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан боловч төлөөгүй. Бусдаас авах авлагаа авч чадаагүй, хугацааг сунгаач гэхээр нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахин сунгасан. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн орчим Б.Г-О руу зээлээ төл гэж утсаар ярьсан. Гэтэл Ж.Мирж, зээлийг мэдэж байгаа, охин суралцахаар явна, түүний зээлийг би өөртөө шилжүүлж авъ я, охины орон сууцны барьцааг суллаж өгөөч, би дүү нартай тулж ажиллая, өөрийн хөрөнгөө барьцаалья гээд орон сууцныхаа гэрчилгээг бариад ирсэн байсан тул би зөвшөөрсөн. Ингээд “Б Н”ББСБ-тай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 300 ам.долларын зээлийн ЗГ140701-01 тоот гэрээг 6 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэй, Ж.Мтай байгуулж, мөн БГ140701-01 тоот барьцааны гэрээ байгуулан, 11-223741 дугаартай барьцаалбар үйлдсэн. Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Ж.МХан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 88 тоот өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Ж.Мбичиг баримтаа бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж Ж.Мт шилжсэн боловч зээл төлөгдөөгүй. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 жил, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа сунгаж, хугацаа дууссан. Зээлийн хүү төлөлт 2014 оны 12 дугаар сараас доголдож, зээлийн хүү хуримтлагдсан, нэмэгдүүлсэн хүү тооцогдож эхэлсэн. Хүү бууруулах хүсэлтийг би Ж.Мыг дуудаж, зээлийн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 3 хувь болгон бууруулсан. Энэ хугацаанд манай зүгээс зээлдэгчтэй уулзаж, зээлээ төлөхийг сануулж, “Г”ХХК-ийн захирал Ж.Атай холбогдон уулзаж, хамтран ажилласан боловч зээлийг төлөх боломжгүй болсон. Гэрээний 2 тал 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн уулзалтаар эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандан, эвлэрлийн гэрээ байгуулан, 65 491 557 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд төлөхөөр баталгаажуулсан боловч зээлдэгч эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дууссаны дараа эвлэрлийн гэрээний учир утгыг ойлгоогүй гэж шалтгаан зааж, эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулсан. Зээлдэгч Ж.М2015 оны 10 дугаар сараас хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, 2017 оны 5 дугаар сарын 01-ний байдлаар ЗГ140701-01 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 23 300 ам.доллар, зээлийн хүү 15 333,8 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 785,2 ам.доллар нийт 41 419 ам.доллар болсон бөгөөд Монгол банкны зарласан ханшаар 99 883 989,45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 4 333,8 ам.доллар буюу 10 671 679,15 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 110 555 668,6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Н”ББСБ нь гаргасан нэхэмжлэлдээ энэхүү зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан гэдэг боловч миний бие зээлийн гэрээний дагуу 23 300 ам.долларыг хүлээж аваагүй. Зээлийг хэнд олгосноо “Б Н”ББСБ мэдэж байгаа. Зээлийн хүүг “Г”ХХК төлж байсан нь баримтаар нотлогдоно. Анх миний хүргэн дүүгийн “Г”ХХК-д мөнгө хэрэг болсны улмаас “Б Н”ББСБ-аас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Г-Оын нэрээр түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол дахь орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, 23 300 ам.долларыг зээлж авсан. Уг зээлийг миний нэр дээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ140701-01 дүгээр зээлийн гэрээ болгож, барьцаа хөрөнгөөр сольж 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БГ140701-01 дүгээр барьцааны гэрээг намайг хүсээгүй байхад байгуулсан. “Б Н”ББСБ нь өөрсдөө зээлийн гэрээ байгуулж, өөрсдийн хугацаа хэтэрсэн зээлд мөнгийг авсан. Мөн “Б Н”ББСБ нь нэхэмжлэлдээ бизнесийн зорилгоор зээлийг авсан гэх боловч миний бие төрийн албанд 26 жил ажилласан, бизнес эрхэлдэггүй. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бизнес хийхийг хориглосон байдаг. Нэхэмжлэгч “Б Н”ББСБ нь удаа дараагийн зээлийн гэрээг төгрөгөөр хийгээгүй тул зээлийг төлж байгаа хүргэн дүү ам.долларын ханшийн өсөлтөөс болж их хэмжээний мөнгө төлж хохирсон. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байгуулагдсан хууль зөрчсөн уг гэрээ нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г”ХХК-ийн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2005 онд байгуулагдаж, 2011 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2,3 сая м.куб нөөцтэй шаврын ордыг өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж, улсын нөөцөд бүртгүүлж, зохих зөвшөөрлийг авсан. Засгийн газрын ЖДҮ-ийг дэмжих сангийн 500 сая төгрөгийн зээл авч, 70 орчим хүний ажлын байр бүхий энгийн улаан тоосгоны үйлдвэрийг 2011 оноос байгуулж, 2013 оны сүүлээр ашиглалтанд оруулсан. Зээл ихтэй байсан тул компанийн нэрээр зээл авах боломжгүй тул дүү Б.Г-Оын нэрээр Баянгол дүүргийн 10дугаар хороонд байрлах түүний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 23 300 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээ байгуулж, манайх батлан даагч болж, мөнгийг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Гэвч тоосго үйлдвэрлэх ажил улирлын чанартай тул өвөл үйлдвэрлэл зогссоноос зээлийн хүүгийн төлөлт удааширсан. ”Б Н”ББСБ ХХК-иас Б.Г-Оын зээлийн ангилал буурна, залуу хүнд цаашид амьдралд нь хар толбо болно, зээлийг хаая гэж яригдсан боловч мөнгөгүйгээс манайх хааж чадаагүй. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-Оын зээлийн гэрээг дуусгавар болгож, Ж.Мтай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Ж.Ммөнгө аваагүй, төлж чадахгүй гэж 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэгчид хэлсэн. Бид нэхэмжлэгч “Б Н”ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүгээ хугацаанд нь төлөхөд ихээхэн анхаарал тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээсэн. Манай компани зээлийн төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 39 976 000 төгрөг төлсөн. Тухайн үед зээл авсан ам.долларын ханшийн зөрүүгээр нийт 21 190 185 төгрөг болсон, ханшийн зөрүүгээс шалтгаалан хүү төлөлт өндөр болж, хохиролд хүрсэн. Ханшийн алданги, нэмж нэхэмжлээд байгааг төлөх боломжгүй бөгөөд 23 300 ам.доллар төлнө гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02760 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдийн 4511.1, 452.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Маас зээлийн гэрээний үүрэгт 110 555 668,6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Н”ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч “Г”ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 88 тоотод байрлах, Ж.Мын өмчлөлийн, 68.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 843 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 710 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02568 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 451, 452, 453 дугаар зүйлүүдийн 4511.1, 452.1, 453.1 гэснийг 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Маас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710 728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар хяналтын гомдолдоо: Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдол гаргаж байна. 1. Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, зээл авах шаардлага хангаагүй этгээдэд зээл олгосон талаар: Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-Оод зээлийн судалгаагүй, найдваргүй зээлдэгч (Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан) гэдгийг мэдсээр 23 300 долларын зээлийг олгосон. Б.Г-Оод зээл авах хүсэл байгаагүй, дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан боловч 23 300 ам долларыг “Г”ХХК хүлээн авсан. “Г”ХХК-д мөнгийг өгснийг нэхэмжлэгч “Б Н”ББСБ-ийн анхан шатны шүүх хуралдаан дээр “анх “Г”компанийн захирал Амгалан гэх хүн зээл хүсч орж ирсэн, бид танд өгөх боломжгүй гээд барьцаатай хүн болох дүү Б.Г-Оод өгсөн гэж тайлбарласнаар тогтоогдох бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж зааснаар анхнаасаа энэ зээлийн гэрээг байгуулах, зээл авах хүсэл зориг Б.Г-Оод байгаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж зааснаар уг зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байсан эсэхийг бодит байдалд нийцүүлэн өөрөөр хэлбэл “Г”ХХК-ийн уг зээлийг авах хүсэлтийг анх манай компани гаргасан, зээлийн хүүг манай компани төлж байсан, “Г”ХХК-ийг зээл болон зээлийн хүүг хугацаандаа төлөх талаар “Билэг насан'” ББСБ шаардаж байсан зэргээр хүсэл зориг байгаагүй гэдэг нь харагддаг. “Г”XXК нь “Б Н” ББСБ-аас 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Батбаярын Б.Г-Оын нэрээр түүний өмчлөлийн БГД-ийн 10 дугаар хороолол дах байрыг зээлийн барьцаанд тавьж 23 305 ам долларыг зээлж, БГ-130731-01 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж, батлан даагч болж, мөнгийг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Энэ нь хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд байх Б.Г-Оын зээлийн хувийн хэрэгт байх зээл олгох, дүгнэлт, шийдвэр гэсэн 13073101 тоот албан бичигт “батлан даагч .... -тай ярилцлага хийж, зээлийн зарцуулалт болон зээлийн эргэн төлөлтийн талаар зохих мэдээллийг авсан... өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан “Г”ХХК-д зээл авсан ба уг компанийн борлуулалтын үйл ажиллагаа удааширснаас зээл 2 удаа сунгагдаж хаагдсан болно” гэж тусгагдсанаар нотлогдож байна. “Г”ХХК нь “Б Н”ББСБ-аас зээл аваагүй юм бол яагаад зээлийн төлөлтөд тус ББСБ-д үндсэн зээлээс ч их хэмжээний хүү (39.7 сая төгрөг) төлсөн байдаг юм. “Б Н” ББСБ нь “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг “3ээл олгох үйл ажиллагаатай” холбоотой бүх заалтыг зөрчиж эргэн төлөх эдийн засгийн тооцоо байгаа гэж огт судалгаа хийгээгүй байж худал бичсэн, орлогын баримтгүй, зээлдэгч болон батлан даагчтай ярилцлага хийсэн гэж тэмдэглэснээс “Г”ХХК-ийн захирал Ж.Аг батлан даагч гэж үзсэн, зээлийг шууд олгож, бүүр сүүлд нь нөхөж худлаа материал бүрдүүлсэн байдаг. “Б Н”ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн хүмүүс ажилладаг байгууллага байж, ингэж зээлийн талаархи дээрх хуулийг зөрчиж, хуулиар олгогдсон эрхээ шударгаар биелүүлэхгүй зөвхөн хэлбэрийн төдий гэрээг барьцааны эзэнтэй хийж, бодит байдал дэр мөнгийг “Г”ХХК-ийн бизнесийг судлан, түүнд олгож байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Энэхүү харилцаанд тэгш бусад талууд оролцож, ББСБ нь зээлийн хувийн хэргийг нөхөж үйлдэж байгаа нь хэргийн 36 дугаар талд байх Ж.Мт 23 300 ам.долларыг олгосон талаархи бэлэн мөнгөний зарлагын баримт”-аас харагдана. Энэ байгууллагын мөнгөний төлөөх хариуцлагагүй ажлын төлөө өнөөдөр миний бие орон байраараа хохироход хүрэх ёсгүй. Энэ байгууллага хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. 2. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар: Нэхэмжлэгч “Б Н” ББСБ ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт гаргасан өргөдөлдөө “2014 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээний дагуу 23 300 ам.долларын эзэлсэн”, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2014 оны 07 сарын 01-ний өдрийн гэрээний дагуу 23 300 ам.долларын зээлсэн”, хэргийн 36 дугаар талд байх Ж.Мт 23 300 ам.долларыг олгосон талаархи “бэлэн мөнгөний зарлагын баримт”-аар тус тус өөрсдөө Ж.Мт мөнгө олгосон гэдгээ нотлоод байгаа. Тус хэргийн 71 дүгээр талд байх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “2014.07.01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад зурагдсан гарын үсэг Ж.Мын гарын үсэг Ж.Мын гарын үсэг биш” гэж тогтоосон Шинжээчийн дүгнэлт, тус байгууллагын нягтлан Баасанжавын шүүх хуралдаан дээр хэлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар 2014 оны 07 сарын 01-ны өдрийн 23 300 ам.долларын зээл авсан гэх ЗГ140701-01 дугаартай Зээлийн гэрээний дагуу 23 300 ам.долларыг хариуцагч Ж.Мнь хүлээн аваагүй гэдэг нь тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгууллагдсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй болно. 3. 2014 оны 07 дугаар сарын 01-ний 23 300 ам.долларын зээл авсан гэх ЗГ140701-01 дугаартай Зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл болох тухай: СЗХ-ны өмнө эрсдэлтэй зээлийн ангилалд орохгүйн тулд өмнөх зээлийг ээжийг нь хууран мэхэлж хаалгаж, зээлийг огт судлахгүйгээр олгож, зээлийн эргэн төлөх чадваргүй хүнд зээл олгож, бичиг баримтыг хүртэл хуурамчаар үйлдэж, бэлэн мөнгө олгосон баримтад миний гарын үсгийг хуурамчаар зурж хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгг зааснаар хууль зөрчсөн хэлцэл болно. Эдгээр байдлууд  шинжээчийн дүгнэлт, тус байгууллагын нягтлан Баасанжавын шүүх хуралдаан дээр хэлсэн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Өмнөх гэрээгээ халхавчлах зорилгоор найдваргүй зээл олгоогүй мэтээр харагдах гэж шинээр гэрээ хийж, түүнийхээ мөнгийг бэлнээр олгосон болгож гарын үсгийг хуурамчаар үйлдэж байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу. 4. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Шүүхээс “Хариуцагч Ж.Мөөрийн хүүхдийнхээ зээлийг өөртөө шилжүүлэн авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч болон барьцаалуулагч Б.Г-Оын үүргийг шилжүүлж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна” гэж үндэслэх хэсэгтээ дүгнэжээ. Гэтэл Иргэиин хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалт нь “эзэмшигчтэй нь тохиролцсноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үзэж байгаа. Дээрх заалтын урьдчилсан нөхцөл нь эзэмшигчтэй нь тохиролцсноор гэж заасан бөгөөд “Б Н”ББСБ-ийн Ж.Мт 23 300 ам.долларыг олгосон талаархи “бэлэн мөнгөний зарлагын баримт”-аар өр шилжүүлэхээр тохиролцоогүй, зээл олгосон гэдэг нь тогтоогддог. Мөн дээрх заалтад “...үүрэг гүйцэтгэж болно'’ гэж зохицуулснаас харахад үүргийг гүйцэтгэж дуусгах өөрөөр хэлбэл Б.Г-Оын зээлсэн 23 300 долларыг төлж дууссан байх тухай ойлголт юм. Харин Ж.Мнь бусдын үүргийг гүйцэтгэсэн учраас Б.Г-Ооос шаардах эрхийг шилжүүлэн авах тухай зохицуулсан заалт болохоос гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэж чадахгүй этгээд үргэлжлүүлж гүйцэтгэхийг хэлэхгүй. “Б Н”ББСБ-аас удаа дараа төлөх ёсгүй, шаардах эрхгүй этгээд Ж.Мруу охин чинь зээлээ төлөхгүй байна, өмнөөс чинь зээлээ төлөхгүй байна, өмнөөс нь төл гэж аргадаж, аргалж, гуйж утасдаад, улмаар танай охины энэ зээлийн ангилал буурна шүү, залуу хүүхэд байна, амьдралд нь толбо болно гэх мэтээр ятгаж, үүнийг та өөр дээрээ зээл аваад хаах хэрэгтэй, удахгүй танай дүүгийн “Г”ХХК төлчихнө шүү дээ гэж зөвлөсний дагуу, 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 23 300 ам.долларын зээл авсан гэх ЗГ140701-01 дугаартай Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч байгууллагын давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гэнэт хэлсэн шиг би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нэг сургуульд сурч байгаагүй бөгөөд “Г”ХХК-ний хувьцаа эзэмшигч ч биш юм. Нэхэмжлэгч байгууллага баримтуудыг дандаа нөхөж хийсэн, нөхөж зуруулсан байдаг. Б.Г-Оын зээлийн түүхийг ч надаар нөхөж бичүүлсэн. ББСБ өөрсдөө “Г”ХХК-ийг зээлийг төлчихнө гэж хэлсэн учраас “Г”ХХК-т захирал Ж.Атай 4-н удаа хамт очиж уулзаж байсан боловч тэр талаархи тэмдэглэл огт байхгүй, түүнчлэн Ж.Агаас асууж дамжуулж хэлснийг миний бие уг тоосгоны үйлдвэрийг ажиллуулдаг, холбоотой байдлаар бичигдсэн нь эцэстээ шүүхэд намайг муухайгаар, буруугаар ойлгуулж байна. Нэхэмжлэгч ББСБ эхэндээ зээлтэй холбоотой асуудлаар Ж.Атай л ярьдаг байснаа /хүүгээ хий гэж шаардаж тэмдэглэлүүдээр нотлогддог, суүлдээ нэг ч ярихаа больсон, над руу зээлийг шаардахад нь би Ж.Агаас асуугаад нөхцөл байдлыг дамжуулж хэлдэг байсан, одоо миний барьцааны байр миний аваагүй зээлд хураагдаж хохирох дээрээ тулаад байгаад үнэхээр гомдолтой байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тодруулахдаа “Охин Б.Г-Оын манай байгууллагаас авсан зээлийн гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авахаар Ж.Мхүсэлт гаргаж, амьдрал ахуй, зовлон жаргалаа удаа дараа ярьж, уйлж дуулж байсан тул миний бие адилхан эх хүн, эмэгтэй хүний хувьд түүнийг ойлгож, туслаж дэмжих үүднээс Б.Г-Оын зээлийн гэрээг Ж.Мт шилжүүлэхээр зөвшөөрсөн юм” гэдэг боловч үүнээс өмнө гаргасан өргөдөл, нэхэмжлэлүүддээ шилжүүлсэн талаар дурдаж байгаагүй, бодит байдал дээр ББСБ захирал өөрөө ярьж, дээрх бичсэнчлэн ятгаж, уг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Эсрэгээр уйлж дуулсан хүнд зээл олгодог ББСБ Монголд байхгүй бизээ. Мөн "миний охин гадаадад суралцахаар явна, барьцааг нь суллаж өгөөч” гэж хэлсэн гэж намайг гүтгэдэг, гэтэл их сургуулийн 3-р курст суралцдаг, гадаад явах нь байтугай Их сургуулиа ч төгсөөгүй үе байсан. Ингэж ББСБ нь барьцааны хөрөнгийг авахаар улайрч арчаагүй, зальтай, худалч, хуурамч байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан эзэмшигч болох "Билэг насан" ББСБ ч зээлийг шилжүүлэх талаар тохиролцоогүй бөгөөд хэргийн 36 дугаар талд байх Ж.Мт 23 300 ам.долларыг олгосон талаархи “бэлэн мөнгөний зарлагын баримт”-ыг хуурамчаар үйлдсэн байдаг. Хэрэв зээлийг шилжүүлсэн бол яагаад шинээр зээл олгосон баримтыг үйлдэх болсон юм гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т “өрийг шилжүүлснээр батлан даагч болон барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэсэн барьцаа, батлан даалт, баталгаа, банкны баталгаа дуусгавар болно” гэж зааснаас харахад уг зохиуцуулалт бусдын өрийг төлөхийг зохицуулсан болохоос өөрийн хөрөнгөө шинээр барьцаалж барьцааны гэрээ байгуулах талаар зохицуулаагүй хүсэл зориг ч байхгүй болно. Өмнө нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд ч ББСБ-ын талд илэрхий үйлчилж, 23 300 ам долларыг авсан “Г”ХХК-ийг оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй, миний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Тиймээс шүүхээс илт үндэслэл муутай нь нотлогдсон тул Эвлэрүүлэн зуучлалыг хүчингүй болгосон. “Шүүх бид нарт их дургүй байдын” гэж хэлсэн захирлын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд очсныг намайг эвлэрүүлэн зуучлалд орье гэсэн гэж хуурамч тэмдэглэл үйлдсэн байсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед баахан цаастай хамт надаар гарын үсэг зуруулсан байсан. 5. Зээлийн гэрээ цуцлагдсан байсан талаар: 2014 оны 07 дугаар сарын 01-ний зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд гэрээний дагуу төлөх ёстой зээл зээлийн  хүүг эргэн төлөх графикийн дагуу төлөөгүй, зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож ззэлийг төлөх чадваргүй болсон зэрэг тохиолдлуудад нэхэмжлэгчийн санаачлагаар зээлийн гэрээт цуцлахаар зохицуулсан. Нөгөө талаас Мөн зээлийн гэрээний 4.2.6-д зааснаар “зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоо бичгээр мэдэгдсэн" тохиолдолд гэрээг цуцлахаар зохицуулсны дагуу зээлдэгч зээлээ төлж чадахгүй тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан нь дараах тэмдэглэл, хүсэлтүүдээр нотлогдож байх тул зээлийн гэрээг цуцлагдсан байгааг харуулж байна. Үүнд Хэргийн 97 дугаар талд зээлдэгч Б.Г-Оын гаргасан “үндсэн зээлийг хугацаандаа төлөх боломжгүй” талаарх хүсэлт, 98 дугаар талд авагдсан “Г”ХХК-ний гаргасан “үндсэн зээлийг хугацаандаа төлөх боломжгүй талаарх хүсэлт”, хэргийн 104 дүгээр талд “ах Амгалантай яриад хэтэрсэн хүүг төлүүлье” гэх тэмдэглэл, хэргийн 105 дугаар талд “Амгалан руу зээлээс хугацаандаа төлөхийг шаардсан тэмдэглэл”, 106 дугаар талд ““Г”компаний захирал Амгалангийн хэлсэн авлага удаашраад байгаа тул зээлийн хүүг  хугацаанд төлж чадахгүй байгаа” тэмдэглэл, хэргийн 110 дугаар талд “Г”компани авсан гэх зээл олгох дүгнэлт шийдвэр”, 113 дугаар талд “зээл олгох тухай хүсэлт”, хэргийн 122, 131 дүгээр талд, Хариуцагч Ж.Мын гаргасан Зээлийг хугацаанд төлж чадахгүй талаарх гаргасан хүсэлт, 132 дугаар талд зээлдэгч Мягмарын зээлийн хүүг төлж чадахгүй талаархи хүсэлт, 139 дугаар талд ““Г”компаний захирал Амгалангаас зээлийн гэрээний төлөлтийг төлбөр хариуцагчийн хувьд яаралтай хийхийг шаардсан тэмдэглэл”, 140 дүгээр талд ““Г”компаний захирал Амгалангаас зээлийн гэрээний төлөлтийг шаардсан тухай тэмдэглэл”, 143, 144, 145, 146, 147, 148 дугаар талд авагдсан “зээлээ төлж чадахгүй талаарх тэмдэглэлүүд зэрэг баримтуудаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл байдал үүссэн ч зээлийг цуцлахгүй үргэлжлүүлсэн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч “Б Н” ББСБ ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт гаргасан өргөдөлдөө “гэрээ дуусгавар болсон” гэсэн байдаг бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээг цүцлах шаардлагыг гаргадаггүй зэргээс зээлийн гэрээ дуусгавар болсон цагаас хойш хүүг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Бид бүүр нэмэгдүүлсэн хүүг авахаа болье төлсөн хүүг чинь зээлийн хүүнд тооцоод мөнгөө авья” гэж шаардаж байснаа зөвшөөрч хэлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /XX 249 ар/ тусгагдсан байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас 2016 оны 07 дугаар сарын 08-нд эвлэрсэн гэж байна. Энэ нь гэрээ дуусгавар болсон асуудал биш юмуу гэхэд бид зөвшөөрсөн гэдэг /хх256/ тайлбараас тус тус гэрээг дуусгавар болсон мөн л харагддаг. Тухайн үед гэрээг дуусгавар болоход үндсэн зээл, хүүгийн хамт 65 491 557.75 төгрөгийг тооцоотой байсан. Энэ дээрээс нэмж хүү гаргасныг зөвшөөрөхгүй. Жич дахин анхаарч өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээнд эрх зүйн чадамж бүхий этгээд гарын үсэг зурсан, уг мөнгийг хүлээн авсан тул хариуцах ёстой гэж харж байгаад үнэхээр харамсаж байна. Иргэн хүн ямар ч гэрээнд, ямар ч нөхцөлд гарын үсэг зурсан байж болох боловч энэхүү гэрээ өөрөө агуулгын хувьд үнэн зөв, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн агуулсан хүчин төгөлдөр гэрээ эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байтал ингэж өнгөцхөн шийдвэрлэж байгаад харамсаж байна. “Б Н” ББСБ нь хэлбэрийн төдий гэрээг барьцааны эзэн болох Б.Г-Отой байгуулж, харин бодит байдал дээр мөнгийг “Г”ХХК-ийн захирал Ж.А хүлээн авсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг нь дараах баримтаар тогтоогддог. Үүнд: - Анхан шатны шүүх хуралдаан дээр “энэ бизнесийн зээлийг зарцуулах хүн нь “Г”ХХК бид зээлийг олгох үед “Г”ХХК-ийн авлага нилээд хуримтлагдсан байсан. 8-р сард тоосгоны авлагаа авчихвал бид зээлийг бүрэн төлөх боломжтой гэж ярьж байсан болохоор бид зээл олгосон...Б.Г-О, “Г”ХХК зээлийн гэрээг сунгах хүсэлтээ гаргасан /хх247/ “Г”ХХК-ийн захирал, Б.Г-О 2-тоо байнга харилцаатай байсан...Танай дүүгийн компани яагаад зээлээ төлөхгүй байна, Ж.Атай байнга холбоотой байсан /хх248 ар/... “Г”ХХК-ийн тоосгыг зэргэлдээ оршдог барилгын компанид борлуулсан /хх252 ар/ “Г”ХХК барьцаа хөрөнгө байхгүй учраас дүүгийнхээ барьцаа хөрөнгийг барьцаалаад зээл авах гэсэн юм тэгээд батлан даагч болон оролцсон юм. “Г”ХХК зээл хүсч ирэхэд ...зээлийн зориулалт нь Ж.Агийн “Г”ХХК-д олгосон /хх254/, гэрч Ц.Уранчимэгийн Ж.А 23 300 ам долларыг хүлээн авсан, манай компани зээлийн хүүг төлж байсан, санхүүгийн тайландаа тусгаж явж байсан” гэх мэдүүлэг /хх255/. – “Г” ХХК зээлийн хүүг төлж байсан талаархи баримтууд, - Өөрсдөө хүсээд “Г”ХХК-иас зээлийн төлбөрийг шаардаж хариуцагчаар татаад байгаа нь “Г”ХХК энэхүү зээлийг авсан, төлөх ёстой гэдгийг зөвшөөрдөг. Нөгөө хариуцагчаар оролцсон “Г”ХХК зээл авсан, хүүгээ төлж байсан, одоо хариуцаж төлнө гэдгээ зөвшөөрдөг. - Нэхэмжлэгч “Б Н” ББСБ-ийн зүгээс “Г”ХХК-иас зээлээ төлөхийг шаардаж байсан ярилцлагын тэмдэглэлүүд зээлийн хувийн хэрэгт авагдсан байдаг. 139 дугаар талд “Г”компаний захирал Амгалангаас зээлийн гэрээний төлөлтийг төлбөр хариуцагчийн хувьд яаралтай хийхийг шаардсан тэмдэглэл”, 140 дүгээр талд “Г”компаний захирал Амгалангаас зээлийн гэрээний төлөлтийг шаардсан тухай тэмдэглэл 98 дугаар талд авагдсан “Г”ХХК-ийн гаргасан “үндсэн зээлийг хугацаандаа төлөх боломжгүй талаарх хүсэлт” 106 дугаар талд ““Г”компаний захирал Амгалангийн хэлсэн авлага удаашраад байгаа тул зээлийн хүүг хугацаанд төлж чадахгүй байгаа” тэмдэглэл, хэргийн 110 дугаар талд “Г”компани авсан гэх зээл олгох дүгнэлт шийдвэр. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Б Н”ББСБ ХХК нь хариуцагч “Г”ХХК, Ж.Мнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110 555 668 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Мэс зөвшөөрч,...зээлийг аваагүй... тул хариуцахгүй гэж, хариуцагч “Г”ХХКомпани үндсэн зээл 23 300 ам.долларыг төлнө, долларын ханш өссөн, үйл ажиллагаа зогссон тул хүү төлөхгүй гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Маас 110 555 668 төгрөгийг гаргуулж “Б Н”ББСБ-д олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулж, хариуцагч “Г”ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...зээлийн гэрээ байгуулагдаагүй, ...зээл авах хүсэл зориг байгаагүй,...”Г”ХХКомпани зээлийг хариуцах ёстой,... нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа зээлийн гэрээг дуусгавар болсон гэсэн болохыг шүүх анхаараагүй...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хуульд бусдын өрийг үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцсноор өөртөө шилжүүлж авч болохыг заасан байдаг тул Ж.Мнь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх Б.Г-Оын өрийг шилжүүлж авахдаа 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Б Н”ББСБ-тай 23 300 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 25 дугаар байрны 88 тоот, 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь хууль зөрчихгүй юм.

Хариуцагч Ж.Мөөрийн хүсэл зоригийн дагуу өрийг шилжүүлж авсан, “Б Н”ББСБ-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээ хүчин төгөлдөр тул Ж.Мнь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байна.

“Б Н”ББСБ нь “Г”ХХКомпанийг хамтран хариуцагч гэж үзэж, түүнд холбогдуулан шаардлага гаргасан, хариуцагч “Г”ХХКомпани зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болохыг зөвшөөрч, үндсэн зээл 23 300 ам.долларыг төлнө гэж тайлбар гаргасан байхад “Г”ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийг тодорхойлсон, хариуцагч “Г”ХХКомпани үүргийг зөвшөөрч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д заасан хамтран хариуцагч нар үүргийг хариуцах үндэслэл тогтоогдсон байхад шүүх уг хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.М, “Г”ХХКомпани хамтран үүргийг биелүүлэх ёстой байна.

Хариуцагч “Г”ХХКомпани зээлийн хүүд 35 976 016 төгрөгийг “Б Н”ББСБ-д төлсөн баримтыг гаргаж өгсөн ба нэхэмжлэгч уг тооцоог маргаагүй байна. Ж.Мөрийг шилжүүлж авснаас хойш “Г”ХХКомпани 4 000 000 төгрөгийг төлжээ.

Иймд хариуцагч нар үндсэн зээл 23 300 ам.доллар, 2015 оны 6 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 03 хүртэлх хугацааны зээлийн хүү 9573 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2785 ам.доллар нийт 35 658 ам.доллар буюу 85 971 438 төгрөг төлөхөөс 4 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 81 971 438 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02568 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ж.М, “Г”ХХКомпаниас 81 971 438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Н”ББСБ ХХКомпанид олгож, нэхэмжлэлээс 28 584 230 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...710 728...” гэснийг “...567 807...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  710 730 төгрөг төлснийг шүүгчийн  захирамжаар буцааж олгосугай.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.АЛТАНЧИМЭГ

    ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА