Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1044

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Т,

улсын яллагч Т.О (томилолтоор),

шинжээч Ц.Н,

гэрч Б.Э, Л.Б

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Г.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар), өмгөөлөгч Д.Г (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар)

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Х (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар), өмгөөлөгч Ш.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1808 0000 0000 дугаартай 2 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.Б, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ТБ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Баянголын дүгээр гудамжинд байрлах “NG” март дэлгүүрийн үүдний довжоон дээрээс иргэн И.О, Л.Б нарыг түлхэх үйлдэл хийж, иргэн И.О-г унагаан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нар мэдүүлэхдээ:

11. Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ ганцаараа ажлаа хийж байсан. Шөвөг О, үл таних Б хоёр гаднаас хэд хэдэн удаа зодолдож орж ирээд байсан. Би кассан дэрээ зогсож байсан. Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүс “энэ хүмүүсээ болиулаач ээ” гээд байсан. Манай дэлгүүр эргэн тойрон шил, толь ихтэй бөгөөд тэдгээрийг хагалчихгээд байсан. Би аль болох гаргах гэж үзсэн. Хоёулаа согтуу байсан. Үйлчлүүлэгч нар “хүмүүсээ зохицуул” гээд уурлаад байсан. Манай нөхөр ажлын байран дээр  байхгүй байсан. Өмнө согтуу хүмүүс орж ирээд шил, толь хагалж ямар нэгэн хохирол учруулаад гардаг байсан. Тэрнээс болгоомжилж О, Б хоёрыг гаргасан. Би угаасаа хоёр эрэгтэй том хүнийг гаргаж дийлэхгүй. Хаалгаар гаргахын түүс болсон байсан. Би санаатайгаар түлхээгүй. Миний үгэнд ороогүй, гар гэхээр гараагүй. Хохирогчийн биед нь би хүрээгүй. Б бид хоёрын дунд байсан. О, Б хоёр барьцалдчихсан байсан. Хоёуланг нь түрж гаргасан. Хохирогчтой би муудалцаагүй, биед нь хүрээгүй...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н мэдүүлэхдээ “...Би талийгаачийн эхнэр Н гэдэг хүн байна. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээр явж байгаад орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ байхгүй байсан. Би галаа түлчихээд Э-н дэлгүүр рүү явах гээд нарийн гудамжаар өгсөж байтал нэг хүн бархираад байсан. Ойртоод сонсоход манай нөхрийн дуу байсан. Би очтол цонхон дээр түрээслэгчид нь цонх руу бүгд шавчихсан хараад зогсоод байж байсан. Манай нөхөр газар уначихсан шороотойгоо хутгалдчихсан хэвтэж байсан. Дэлгүүрийн довжооны чанх харалдаа орилоод хэвтэж байсан. Энэ үйл явдал нь манай нөхрийг зодсоны дараа болж байгаа зүйл шиг санагдсан. Б “шөвөг О-г ална аа” гээд арслан бар шиг байж байсан. Цус нөжтэйгөө холилдчихсон байхаар нь би айгаад бичлэг хийж чаддаггүй болохоор шууд зураг авч эхэлсэн. Баримттай үлдье гэж бодоод би болж байгаа бүх үйлдлийн зургийг нь авсан. Тэнд нэг нүх байдаг. Талийгаач шоконд орсон юм шиг манараад зогсоод байсан. Нөхрийг маань дахиад цохиод унагаачих болов уу гээд би зураг авсан. Над руу Б дайрсан. Намайг эхнэр нь гэж мэдэхгүй “чи наад бичлэгээ унтраа, устга” гэж хэлсэн. Би айгаад юм хэлж чадаагүй. Талийгаач их хөдөлгөөнтэй хүн байсан. Доороо зогсоод байсан. Би гайхсан. Би цагдаа дуудчихаад зургийг дарчихаад тэр хавиар яваад байсан. Миний хань намайг дагаад л гүйгээд байсан. Талийгаачийн чихнээс нь цус урсаад байсан. Би “чиний хаанаас нь цус урсаад байгаа юм бэ, ямар яршигтай юм бэ” гэж хэлсэн. Би бухимдаж байсан. Б-н авгайг түлээ, нүүрс зардаг нэг хүн нь дуудсан. Авгайг нь ирэхээр нь “танай нөхөр чинь манай нөхрийг зодчихлоо” гэж хэлсэн. Манай нөхөр зодуулсны дараа архи уугаагүй. Өмнө архи уучихсан байсан юм шиг байна лээ. Би Б-г утсаа тавиад архи авч байхад нь зургийг нь дарсан. Гарч ирээд манай ах болон талийгаачийн хамт байсан. Б архи авчирч өгөөд “би өөрийг чинь зодоогүй шүү" гээд эр хүн шиг гар барилцсан. Тэр үедээ талийгаачийг хүнд гэмтэл авсан гэдгийг мэдээгүй. Би “архиа ууцгаачих” гэж хэлэхэд талийгаач “гэртээ ороод уучихъя” гэхээр нь гэр рүүгээ дагуулаад орсон. Талийгаачийн чихнээс нь цус гараад байхаар нь Б-н авгайд нь “чихнээс нь цус гараад байх юм, эгч сайн харахгүй байна, чи хараад өгөөч” гэж хэлсэн чинь ерөөсөө тоогоогүй. Б-г авгай нь аваад явсан. Талийгаач бид хоёр үлдээд хэсэг юм ярьж байгаад манай нөхөр орондоо ороод хувцастайгаа хэвтээд өгсөн. Би тэр үед бие муутай байсан. Ах ч гараад явсан. Маргааш өглөө нь нас барсан байсан. Миний хувьд Б болон Б нарт гомдолтой байна. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Нийт 4,476,890 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөлөгчийн зардалд 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

3. Гэрч Б.Э мэдүүлэхдээ “...Тэр өдөр гадаа би юм хийж байсан. Ажил дуусаагүй байх үедээ дэлгүүр рүү орох хэрэгтэй болоод булангаар эргээд ирэхэд надад үүдэнд болж байгаа асуудал харагдсан. Талийгаач гадна талдаа Б нь цаанаас нь заамдчихсан ардаас нь түлхсэн, гадагшаа гарах чиглэлтэй гарч ирсэн. Манай дэлгүүрийн гадна байдаг довжоон дээр хохирогч эвгүй гишгэж зууралдсан чигээрээ хойшоо налж унасан. Хохирогчийг унасан хойно нь нэг удаа цохисон Намайг очих хооронд тэр хавьд байсан хүмүүс салгасан. Би буцаж очоод ажлаа хийж байгаад буцаад ирэхэд дахин зодолдох гээд байж байсан. Дунд нь орж салгасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Хохирогч, Б хоёр хоёулаа бие биений заамдчихсан байсан. Б хүч түрсэн байдлаар гарч ирэхэд хохирогч эвгүй гишгэж довжооноос газар дээр маш хүчтэй унасан. Б дээрээс нь давхралдаж унасан...” гэв.

            4. Гэрч Л.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болсон. Би ажлаасаа 21 цаг өнгөрч буугаад гэртээ харих гээд явж байхад эхнэр залгаад “гэрт хоол ундгүй, мах шөлгүй болчихлоо, бид нар өдөржингөө хоосон байлаа” гэж хэлсэн. Би Э ахын дэлгүүр рүү орсон. Тэр өдөр миний биеийн байдал муу байсан. Э ахын дэлгүүрийн хажууд байдаг цагаан идээ зардаг дэлгүүр рүү ороод мах авах гээд ороход миний нуруугаар татаад сөхрөөд оочсон. Би мах авахаа болиод хуурай идэх юм авах гээд явж байтал талийгаачтай таарсан. Талийгаач намайг “архи аваад өг” гэхээр нь “ахаа надад мөнгө алга, гэр орон хоол ундгүй хоосон болчихоод байна” гэж хэлтэл намайг хоргоогоод салахгүй байсан. Тэгээд бид хоёр дэлгүүр дотор муудалцсан. Удалгүй миний өмсөж явсан куртикны хойд захнаас бариад татаад байсан. Хаалгаар дөнгөж гараад түлхээд унагаасан. Унахад хар өнгийн машин байсан. Зүүн гараараа газар тулаад өвдөг дээрээ сөхрөөд оочсон...Дэлгүүрийн дотор хаалгаар гараад гадна хаалгаар гарахад дөнгөж өнгөрөөд давхралдаж оочсон. Талийгаач хойд дагзаараа саваад оочсон...” гэв.

5. Шинжээч Ц.Н мэдүүлэхдээ “...“...Би талийгаач И.О-н цогцост үзлэг хийж дүгнэлт гаргасан. Гавал тархины битүү гэмтэл буюу баруун чамархай ясны шугаман хугарал үүссэн. Баруун талдаа хатуу ясан доор цус хурсан байна. Шүүх эмнэлгийнхээ онолоор цохилтын эсрэг талдаа няцралт явагддаг. Судас аль талдаа ч хагарч болно. Тархины эдийн няцрал нь аль ч талдаа няцрал үүсгэж болно. Баруун чамархай ясны шугаман хугарал нь том талбайтай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрвээ жижиг талбайтай хатуу мохоо зүйлийн үйлчлэл нь байсан бол ясанд цөмөрсөн хугарал үүсэх байсан. Хавтгай том талбайтай газар унаснаас үүсэх боломжтой гэж дүгнэлт гаргасан байна...Энэ шарх нь гэмтлийг зэрэгт хамаарахгүй. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унахад үүсээгүй...Камерын бичлэгээс үзэхэд хохирогч нь 00:47 секундээс 01:18 минут хүртэл идэвхтэй үйлдэл үзүүлээгүй байна...Хугацааг тодорхой тогтоох боломжгүй...Хохирогчид тархинд үүссэн цусан хураанд шинжилгээ хийхэд тус цусан хураа үүссэн хугацаагаар нь 12 цаг гэж тогтоосон байна...Гавал тархины битүү гэмтлийн үед чихнээс цус гарахгүй. Судас хагарснаас цус гардаг...Орон зайн баримжаа, тэнцвэр алдагдана...Талийгаачийн толгойны баруун талын чамархай хэсэгт хүч үйлчилсэн байна. Мөн энэ талдаа судас хагарсан байна. Үүнээс болоод эсрэг талдаа няцралт явагдсан учраас аалзан бүрхүүлийн доод талд цус харвалт үүссэн байна...Гавал тархи дотор үүссэн...Шулуун цохиход үүсэхгүй. Доороос дээшээ чиглэсэн өшиглөлт болон цохилтод үүсэх боломжтой...Дэлгүүрийн хаалганаас гараад довжооноос унахад үүссэн байх боломжтой...Баруун чихний хойд талын хэсгээс зүүн дээд талдаа хүч үйлчилж гэмтэл авсан байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орой ...21 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хүнгүй байсан. Тэгэхээр нь гэртээ галаа түлчхээд гараад Нарангийн голын эцэс дээр очиход хүмүүс орилоод байх шиг байсан тэгээд очоод хартал манай нөхөр И.От бид нарын ярьж заншсанаар “Э”-ын дэлгүүрийн үүдэнд ...дээшээ харсан орилоод хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу зогсож байсан. Тэр зогсож байсан залуу нь “чамайг ална” аа гээд занаад байсан. Тэгээд би айж сандраад өөрийн гар утсан дээрээ зургийг авсан. ...Тэгээд манай нөхөр өөрөө газраас босоод ирсэн. ...Манай нөхөр газраас босож ирэхэд ...нэг чихнээс нь цус гарсан байсан ба би тэгэхээр нь өөрийнхөө гар утсаар цагдаа дуудсан. Тэр зодсон гэх залуу нь ...нэг шил 0.75 граммын “Хараа” архи ...дэлгүүрээс аваад гараад ирсэн. ...Тэгээд манай гэр лүү би, нөхөр И.О, ах Г, нөгөө зодсон гэх залуу эхнэрийнхээ хамт бид явсан. ...Манайд очоод тэр залуугийн авсан архийг нь задлаад ах Г, тэр залуу, манай нөхөр И.О 3 хувааж уусан. ...Тэр залуу ...архиа дуусгалгүй гараад явсан. ...Үлдсэн архиа Г ах, И.О хоёр уугаад ах Г мөн гэр лүүгээ явсан. ...өглөө 07 цагийн үед босоход И.О гэртээ байхгүй гадаа хашаанд хэвтэж байсан. ...Тэгээд би 103  дуудаад ...103 ирээд авч яваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд очоод нас барсан... Талийгаач тэр орой бие өвдлөө гэж юм хэлээгүй харин баруун чихнээс нь шингэн цус л гоожоод байсан мөн миний авсан гар утсан дээрх зургаас харахад талийгаачийн баруун чихний дотор талаас шингэн цус гараад байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

- 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Оршуулгын зардлаас 1.200.000 төгрөг төлсөн. Намайг очсоноос хойш цохиогүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 24-25),

- 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очих үед манай нөхөр газар хэвтэж байсан. Б дээрээс нь хараад зогсчихсон шөвгийг алнаа гээд орилж байсан. Намайг харж байхад толгой хэсэг рүү нь хүчтэй цохиж өшиглөж дэвссэн үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 52),

2. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр залуу сөхрөөд суусан үед цаана нь шөвөг О гэх залуу ирээд тэр залууд “Чиний нуруу өвддөг гэж юу байдгийн. Би халхын шоронд 13 жил болсон” гээд байсан. Тэгтэл нөгөө сөхрөөд суусан байсан залуу “чиний шорон орон чинь яадгийн” гэсэн. ...Тэгснээ босоод ир пизда минь гээд тэр залууг бостол шөвөг О цохиж авах гээд зууралдаад авсан. Тэгэнгүүт манай худалдагч Б, Н нар түлхээд гаргасан. ...Тэр хоёр гадаа гараад ...намайг цонхоор харахад зодолдож цохиогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85-86),

3. Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр... “NG” март дэлгүүрт ажиллаж байхад О гэх ...залуу манай дэлгүүрт орж ирээд үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад хоорондоо заамдалцаж авсан ба би тэр хоёр эрэгтэй хүнийг гадагш гаргасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 67-69),

- “...тэгээд удаагүй тэр залуу шөвөг О барьцалдаад авахаар нь манайх дандаа шилэн хаалгатай учир хаалга хагалчих байх гээд би тэр хоёрыг хаалгаар түлхэж гадагш гаргасан. Гаргаснаас хойш тэр хоёр үүдэнд давхарлаад унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 70-71),

- “...тэр хоёрыг дэлгүүрээс гаргасан гаргахдаа тухайн үед манай дэлгүүрт худалдагч хийж байсан Н хамт гаргалцсан. Гэхдээ Н тэр хоёрыг түлхэж гаргаагүй надад туслаад үүдний амбаар луу гаргасан. Би харин тэр хоёрыг араас нь түрж дэлгүүрээс гаргасан. Түүнээс санаатай унагаасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 57),

Яллагдагчаар өгсөн: Би дээрх хоёр залууг тухайн үед дэлгүүрт худалдагч хийж байсан Н хамт дэлгүүр дотроос тэр хоёр залуугийн хувцаснаас нь татаж гаргасан. Н үүдний өрөөнд оруулаад үлдсэн би цааш нь уг хоёр залууг үүдний шилэн хаалгаар түрж гаргасан... Тэр хоёр залуу хоорондоо барьцалдаад талийгаач нь арагшаа харсан байдалтай гарсан болохоор хөл нь халтирч өөрсдийн жингээрээ газар унаж гэмтсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 72-74), 

4. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гадаа гарч харах үед И.О доор нь орсон, нөгөө үл таних эрэгтэй хүн газар унагасан байдалтай дээрээс нь гараараа цохиж байсан. Үүнээс гадна И.О-г үл таних эрэгтэй хүн газар унагаад гэдсэнд нь буюу хэвлий хэсэгт нь өшиглөж байхаар нь би үл таних эрэгтэйг араас нь татаж салгасан... Тухайн үл таних эрэгтэй И.О-г гараараа нүүрэн тус газар нь нэлээн хэд цохисон ба яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Унасан байх үед нь хэвлий тус газарт нь өшиглөсөн... ” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-74),

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дүгээр гудамжны .. тоотод байх “NG” март гэсэн бичиглэлтэй... 2 давхар үйлчилгээний төвийн үүдний гадна хэсэг байх бөгөөд тухайн үйлчилгээний төвийн хаалга ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байв. ...амь хохирогчийн унасан гэх газрыг шинжээч 3 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан... Хэрэг учрал болсон гэх газрын гадаргуу нь саарал өнгийн цементэн гадаргуутай байв. “NG” март гэсэн бичиглэлтэй худалдааны төвийн 2 давхрын хэсэгт үүд рүүгээ чиглэсэн 3 ширхэг хяналтын камертай байв. ... “NG” март гэсэн бичиглэлтэй худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг ...хуулбарлан авч хэргийг газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан болно...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 06-10),

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... “ИG” март хүнсний дэлгүүрийн гадаа үүдэн хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай шилэн хаалга байх ба уг хаалганы үүдэнд 23см өндөртэй плитан довжоо байв. Фото зураг 3, 4 харуулав. Яллагдагч Л.Б-н хэлснээр уг шилэн хаалганаас гараад уг довжоон дээр амь хохирогчийн хамт газарт унасан гэж заав. Уг унасан гэх газар нь бетон цутгамал газар байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 229-230),

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

- came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай, шилэн хаалганы цаад хэсэгт дэлгүүр доторх байдал харагдаж байв. Камерын бичлэгийн цагаар 22:02:32 минутад дэлгүүрийн гадна хаалгаар ...цагаан саарал өнгийн ...малгайтай, ногоон хүрэн өнгийн өвлийн куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй ...эрэгтэй хүн орж ирж дэлгүүрийн шилэн хаалгаар орлоо. .../дээрх орсон хүн нь амь хохирогч И.О/

Камерын бичлэгийн цагаар 22:02:47 минутад дэлгүүрийн гадна хаалгаар ...цагаан өнгийн саравчтай малгайтай, шаргал өнгийн богино үстэй куртиктэй, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн ...оров. ...Л.Б ...шилэн хаалганы цаана харагдах ...хөлдөөгчийн зүүн хэсэг буюу шилэн хаалган талын хэсэгт 22:03:36 секундэд доошоо ...сөхөрч сууж хэсэг байх үед 22:04:17 секундэд И.О цаанаас ирж Л.Б рүү ойртон ирэхэд Л.Б дээшээ 22:04:24 секундэд босож тэр хоёр хоорондоо ярилцаж байгаа бололтой харагдах ба 22:04:31 секундэд И.О Л.Б-н нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход зөрүүлэн Л.Б баруун гараараа И.О-н толгой дээгүүр цохиж хоорондоо барилцаж хувцаснаас зууралдах үед дэлгүүрийн худалдагч бололтой цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй ирж тэр хоёрыг дэлгүүрийн бор өнгийн шилэн хаалгаар гаргах үйлдэл хийв.

- came15_2018-11-09__22-02-00_22-05-59 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүр дотроос...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай харагдаж байв. ...22:02:38 секундэд ...И.О дэлгүүрийн шилэн хаалгаар орж ирэв. ...22:02:57 секундэд ...Л.Б орж ирэв. ...Л.Б 22:03:34 секундэд хөлдөөгчийг зүүн гараараа түшиж доош тонгойв. ...22:03:48 секундэд уг газартаа доошоо сөгдөж суув. 22:04:13 секундэд амь хохирогч И.О Л.Б-н ард ирж зогсоход тэрээр 22:04:25 секундэд босож ирээд И.О-н өөдөөс харж зогсов. 22:04:31 секундэд И.О Л.Б-н нүүрэн тус газарт баруун гараараа цохив. Энэ үед архи пивоны лангууны худалдагч цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй И.О Л.Б нарыг дэлгүүрийн хаалгаар гаргахаар зууралдах үед өндөг жижиглэнгийн лангууны худалдагч эмэгтэй ирж И.О Л.Б нарын араас түлхэж дэлгүүр дотроос гаргав.

  - came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан...дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:36 секундэд бор өнгийн шилэн хаалгыг цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй түлхэн онгойлгож Л.Б-н баруун талын хувцасны захаас зулгаан татахад И.О Л.Б нарын араас цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй түлхэж дэлгүүрийн үүдний хэсэгт 22:04:41 секундэд гарч ирэв. 22:04:42 секундэд И.О Л.Б нар зууралдсан байдалтай, цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б-н хувцасны захаас зулгаасан байдалтайгаар ухарч гарч ирээд 22:04:42 секундэд цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б-н араар тойрч дэлгүүрийн орох талд гарсны дараа тэрээр цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэйн хамт түлхэх бөгөөд цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй 22:04:44 секундэд түлхэх үйлдлээ зогсооход цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй 22:04:45-46 секундэд И.О, Л.Б хоёрыг дэлгүүрийн хаалгаар түлхэж байгаа нь бичигдсэн байна.

- came12_2018-11-09__22-04-00_22-10-59 гэсэн нэрээр хадгалагдсан ...дэлгүүрийн зүүн урд зүгийн 2 давхраас дэлгүүрийн гадна талын үүд хэсэг рүү чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:45 секундэд дэлгүүрийн гадна талын хаалгаар И.О, Л.Б нар зууралдсан байдалтай гарч ирэх бөгөөд 22:04:46-47 секундэд Л.Б-н араас хар цамцтай хүн түлхэв. 22:04:47 секундэд газарт И.О доор нь дээр нь Л.Б унаж байгаа нь бичигдсэн байна. Газар унаснаас хойш И.О ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийхгүй байх бөгөөд 22:05:17 секундэд хөдөлгөөн хийж тэрээр Л.Б-с зууралдсан байдалтай босож ирэв. ...22:06:30 секундэд Л.Б баруун гараараа хий цохих үйлдэл хийв. Үүний дараа тэрээр 22:06:31 секундэд баруун хөлийн өвдгөөр И.О-н эрүү хэсэгт цохив...”

- came4_2018-11-09__22-09-27_22-12-40 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь гудамжнаас дэлгүүрийн зүүн урд хэсэг рүү чиглэсэн байрлалтай, камерын бичлэгийн 22:09:27 секундэд Л.Б И.О нар нь маргалдсан байдалтай харагдах бөгөөд 22:09:32 секундэд И.О нь баруун гараараа чихээ ухаад 22:09:34 секундэд гараа харж, 22:09:36 секундэд дахин ухаад мөн 22:09:39 секундэд гараа хараад хоорондоо маргалдаад 22:10:16-10:29 секундын хооронд Л.Б нь И.О-н хувцаснаас зууралдсан байдалтай харагдаж байгаад камераас гарав. ...22:10:46 секундэд хоорондоо зууралдсан байдалтай камерт орж ирээд Л.Б нь И.О-н хэвлий хэсэгт 22:11:00 секундэд өшиглөх үйлдэл хийснээр хоорондоо салав. Үүнээс хойш тэрээр хоорондоо маргалдсаар байх бөгөөд 22:11:25 секундэд Л.Б нь И.О-н баруун мөрнөөс нь барьж аван татахад И.О нь 22:11:27 секундэд машин луу нуруу хэсгээрээ нурж унаснаа 22:11:31 секундэд босож ирэн дахин маргалдав...” гэх баримт, СD бичлэг (1 хавтаст хэргийн 20-29),

8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...169 см урттай...эрэгтэй хүний цогцос байна. ...баруун чихнээс цусархаг шингэн гарч хатсан...эрүү оочид 6х3см хөх ягаан өнгийн цус хуралттай...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 11-13),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2509 дугаартай дүгнэлт

“...Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт: ...Оочийн доод хэсэгт 4х3см хөх ягаан цус хуралттай. ...Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуун баруун зулай хэсэгт 7х5см хүрэн улаан цус хуралттай, баруун чамархайн булчинд цус хуралттай. ...тархины хатуу хальс бүтэн, чинэрэлттэй, хатуу хальсны дээр баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсэгт 10.5х10х2.5см хар хүрэн биежсэн, гялгар хатуу хальстай наалдаагүй цусан хураатай. ...зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгээр 6х5см талбайд голомтлог аалзан хальсан доор цус харвалттай, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнг зүсэхэд хөр өнгийн цэгчилсэн няцралуудтай, баруун чамархайн ясны дунд доод хэсгээр ар хэсэг рүү үргэлжилсэн 4.5см урт хөндлөн хугаралтай, хугарал орчмын эдэд цус хуралттай...ДҮГНЭЛТ

1.Талийгаач И.О-н биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочид цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. 5. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

6. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

7. Дээрх гавал тархины битүү гэмтэлтэй хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...

9. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэжээ...

11. 12. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт (1 хавтаст хэргийн 99-104),

10. Шинээч эмч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүн ...духны дэлбэнгийн гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн үед ...удаан хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Гэхдээ тухайн хүний нас, хүйс, архаг хууч өвчин зэргээс шалтгаалж хөдөлгөөн хийх хугацаа янз бүр байж болно. Тархины гэмтэл буюу цусан хураа гэмтэл нь саруул үе гэж байдаг. Энэ нь судас хагараад хагарсан судаснаас цус бага багаар алдаж тархийг дарах хүртэл ухамсарт хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь том талбайг хамарсан хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход үүсэх боломж бага харин унах болон өшиглөхөд үүсэх боломж илүүтэй. ...Ер нь гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),

- “...камерын бичлэгээс үзэхэд тухайн тохиолдолд дээрх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин хөлөөр толгой хэсэг рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, хатуу гадаргуутай биет зүйл дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. ...Нүүрэн хэсэг рүү өвдөглөхөд шугаман хугарал гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 53-54),

- “...Хатуу мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйл, галт зэвсгээс бусад зүйлийг ойлгоно. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бичлэгээс харахад хаалганаас түлхээд гадаа унаж байх үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. Оочид цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гавал тархины гэмтлийг аваад 12 цагийн турш амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 55-56),   

11. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл (1 хавтаст хэргийн 19), эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 16), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлт буюу зураг №6 (1 хавтаст хэргийн 35),

- Хохирол, хор уршгийн 4.476.890 төгрөгийн баримт (1 хавтаст хэргийн 52-57), Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 93-95),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 59,  60), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 61), “Ансанши” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 78-79), Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 80), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 81-83), хохирол төлсөн баримт (2 хавтаст хэргийн 128) зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Б-г бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл болох 5.476.890 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах дүгнэлтийг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Г: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон болох нь тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрч Г, Б нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй. Камерын бичлэг 12-т нэлээн удаан О, Б нар камераас гарсан байх бөгөөд тухайн хугацаанд юу болсныг эргэлзээгүй тогтоох ёстой мөн камерын бичлэг 4-т О машин луу савж унасан байдаг. Түүнчлэн цогцост хийсэн үзлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт И.О-н зүүн хацар нэлээн хавдсан байсан гэдэг эндээс үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. И.О-н үхэлд хүргэсэн баруун талын тархины шугаман хугарлыг хэн учруулсныг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж гэм буруутай этгээдийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э: Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй хэргийн бодит байдалтай нийцээгүй учир мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг,  

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Х: Шүүгдэгч Ц.Б-н гэм бурууг энэ удаагийн шүүх хуралдаанаар тогтоогдох боломжгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Б-н түлхэлтээс болж энэ гэмт үйлдэгдсэн гэж үзэх учир дутагдалтай байна. Нөгөө талаар хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Б-н үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал хаана яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр зэргийг” эргэлзээгүй нотлох ёстой. Улсын яллагчаас Ц.Б-г довжоон дээрээс хоёр хүнийг түлхсэний улмаас үхэлд хүргэсэн гэж яллаж байгаа нь ойлгомжгүй. Камерын бичлэг 4-т баруун талаараа унасан нь харагдаж байна. Гэрч Э хөл алдаж унасан гэж мэдүүлсэн зэргийг мөрдөн байцаах ажиллагаагаар дахин тогтоох ёстой. Мөн шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа тул бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт туршилт хийж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Э: “...Энэ удаагийн шүүх хуралдаанаар Ц.Б-н гэм бурууг тогтоох боломжгүй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Ц.Б И.О Л.Б нарыг хаалгаар түлхэж гаргаад довжооноос түлхэж унагаасан байдал нь камерын бичлэгээс тогтоогдохгүй байна. Харин Б дэлгүүрийн эхний хаалгаар түлхэж гаргаж ирээд дараагийн хаалгаар Б түлхэлт зодооны эрчээр унаж байгаа байдал надад харагдсан. Өөрөөр хэлбэл энэхүү зууралдсан байдлаасаа хий гишгэж унасан нь тогтоогдож байна. Мөн хэдэн удаа унасан бэ гэдэг нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримт болох камерын 12, 4 дүгээр бичлэгт тус бүр 1 удаа, гэрч Г-н мэдүүлгээр мөн 1 удаа унасан буюу нийт 3 удаа унасан байх боломжтой байна. Тиймээс аль уналтын улмаас хүнд гэмтэл авсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дүгээр гудамжны .. тоотод хашаанд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-н “NG” март худалдааны төвд, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 22:02:32 минутад амь хохирогч И.О орж үйлчлүүлж байхад 22:02:47 минутад мөн гэрч Л.Б нь тухайн дэлгүүр орж үйлчлүүлж байжээ. Улмаар тухайн дэлгүүрээр Л.Б-г үйлчлүүлж байхад И.О нь “Чиний нуруу өвддөг гэж юу байдгийн. Би халхын шоронд 13 жил болсон” гэж хэл амаар өдөн зохисгүй үйлдэл гаргахад Л.Б нь мөн зохисгүй үг хэллэг хэрэглэн “чиний шорон орон чинь яадгийн ...пизда минь” гэснээр маргаан эхэлжээ. Ийнхүү маргалдаж байх үед буюу 22:04:31 секундэд И.О Л.Б-н нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход зөрүүлэн Л.Б баруун гараараа И.О-н толгой дээгүүр цохиж хоорондоо барилцаж дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан шүүгдэгч Ц.Б нь дэлгүүрийн эхний хаалгаар Н-н хамт тэднийг гаргасан байна. Тэгээд 22:04:42 секундэд Ц.Б нь Л.Б-н араар тойрч дэлгүүр лүү орох талд гарсны дараа тэрээр 22:04:45-46 секундэд И.О, Л.Б хоёрыг дэлгүүрийн хоёрдох хаалгаар гаргахдаа түлхсэний улмаас И.О нь дагзаараа цементэн гадаргуутай газар унаж, баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсны улмаас амь хохирсон болох нь

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орой ...манай нөхөр И.О ...дэлгүүрийн үүдэнд ...дээшээ харсан орилоод хэвтэж байсан. ...Манай нөхөр газраас босож ирэхэд ...нэг чихнээс нь цус гарсан байсан. ...Тэр зодсон гэх залуу нь ...нэг шил 0.75 граммын “Хараа” архи ...дэлгүүрээс аваад ...манай гэр лүү би, нөхөр И.О, ах Г, нөгөө зодсон гэх залуу эхнэрийнхээ хамт бид яваад ...архийг ...ах Г, тэр залуу, манай нөхөр И.О 3 хувааж уусан. ...өглөө 07 цагийн үед босоход И.О гэртээ байхгүй гадаа хашаанд хэвтэж байсан. ...103 ирээд авч яваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд очоод нас барсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр залуу сөхрөөд суусан үед цаана нь шөвөг О гэх залуу ирээд тэр залууд “Чиний нуруу өвддөг гэж юу байдгийн. Би халхын шоронд 13 жил болсон” гээд байсан. Тэгтэл нөгөө сөхрөөд суусан байсан залуу “чиний шорон орон чинь яадгийн” гэсэн. ...Тэгснээ босоод ир пизда минь гээд тэр залууг бостол шөвөг О цохиж авах гээд зууралдаад авсан. Тэгэнгүүт манай худалдагч Б, Н нар түлхээд гаргасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85-86),

- Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрчээр өгсөн: “...тэр залуу шөвөг О-той барьцалдаад авахаар нь манайх дандаа шилэн хаалгатай учир хаалга хагалчих байх гээд би тэр хоёрыг хаалгаар түлхэж гадагш гаргасан. Гаргаснаас хойш тэр хоёр үүдэнд давхарлаад унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 70-71),

“...Би харин тэр хоёрыг араас нь түрж дэлгүүрээс гаргасан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 57),

Яллагдагчаар өгсөн: Би дээрх хоёр залууг тухайн үед дэлгүүрт худалдагч хийж байсан Н-н хамт дэлгүүр дотроос тэр хоёр залуугийн хувцаснаас нь татаж гаргасан. Н үүдний өрөөнд оруулаад үлдсэн би цааш нь уг хоёр залууг үүдний шилэн хаалгаар түрж гаргасан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 72-74), 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо .. дүгээр гудамжны .. тоотод байх “NG” март гэсэн бичиглэлтэй... 2 давхар үйлчилгээний төвийн үүдний гадна хэсэн байх бөгөөд ...амь хохирогчийг унасан гэх газрыг шинжээч 3 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан... Хэрэг учрал болсон гэх газрын гадаргуу нь саарал өнгийн цементэн гадаргуутай байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 06-10),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... “NG” март хүнсний дэлгүүрийн ...хаалганы үүдэнд 23см өндөртэй плитан довжоо байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 229-230),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

- came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай, ...22:02:32 минутад дэлгүүрийн ...хаалгаар ...амь хохирогч И.О, .... 22:02:47 минутад дэлгүүрийн ...хаалгаар ...Л.Б оров. ...22:04:17 секундэд И.О цаанаас ирж Л.Б рүү ойртон ирэхэд Л.Б дээшээ 22:04:24 секундэд босож тэр хоёр хоорондоо ярилцаж байгаа бололтой харагдах ба 22:04:31 секундэд И.О Л.Б-н нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход зөрүүлэн Л.Б баруун гараараа И.О-н толгой дээгүүр цохиж хоорондоо барилцаж хувцаснаас зууралдах үед дэлгүүрийн худалдагч бололтой цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй ирж тэр хоёрыг дэлгүүрийн бор өнгийн шилэн хаалгаар гаргах үйлдэл хийв.

- came15_2018-11-09__22-02-00_22-05-59 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүр дотроос...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай харагдаж байв. ...22:04:31 секундэд И.О Л.Б-н нүүрэн тус газарт баруун гараараа цохив. Энэ үед архи пивоны лангууны худалдагч цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй И.О Л.Б нарыг дэлгүүрийн хаалгаар гаргахаар зууралдах үед өндөг жижиглэнгийн лангууны худалдагч эмэгтэй ирж И.О Л.Б нарын араас түлхэж дэлгүүр дотроос гаргав.

  - came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан...дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:36 секундэд бор өнгийн шилэн хаалгыг цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй түлхэн онгойлгож Л.Б-н баруун талын хувцасны захаас зулгаан татахад И.О Л.Б нарын араас цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй түлхэж дэлгүүрийн үүдний хэсэгт 22:04:41 секундэд гарч ирэв. 22:04:42 секундэд И.О Л.Б нар зууралдсан байдалтай, цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б-н хувцасны захаас зулгаасан байдалтайгаар ухарч гарч ирээд 22:04:42 секундэд цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б-н араар тойрч дэлгүүрийн орох талд гарсны дараа тэрээр цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэйн хамт түлхэх бөгөөд цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй 22:04:44 секундэд түлхэх үйлдлээ зогсооход цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй 22:04:45-46 секундэд И.О, Л.Б хоёрыг дэлгүүрийн хаалгаар түлхэв.

- came12_2018-11-09__22-04-00_22-10-59 гэсэн нэрээр хадгалагдсан ...дэлгүүрийн зүүн урд зүгийн 2 давхраас дэлгүүрийн гадна талын үүд хэсэг рүү чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:45 секундэд дэлгүүрийн гадна талын хаалгаар И.О, Л.Б нар зууралдсан байдалтай гарч ирэх бөгөөд 22:04:46-47 секундэд Л.Б-н араас хар цамцтай хүн түлхэв. 22:04:47 секундэд газарт И.О доор нь дээр нь Л.Б унаж байгаа нь бичигдсэн байна.

- came4_2018-11-09__22-09-27_22-12-40 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь гудамжнаас дэлгүүрийн зүүн урд хэсэг рүү чиглэсэн байрлалтай, камерын бичлэгийн 22:09:27 секундэд Л.Б И.О нар нь маргалдсан байдалтай харагдах бөгөөд 22:09:32 секундэд И.О нь баруун гараараа чихээ үзээд 22:09:34 секундэд гараа харж, 22:09:36 секундэд дахин чихээ үзэв...” гэх баримт, СD бичлэг (1 хавтаст хэргийн 20-29),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...цогцосны...баруун чихнээс цусархаг шингэн гарч хатсан...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 11-13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаартай дүгнэлт “...1.  Талийгаач И.О-н биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочид цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтлүүд нь...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...6. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 7. Дээрх гавал тархины битүү гэмтэлтэй хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой... 9. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт (1 хавтаст хэргийн 99-104),

- Шинээч эмч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүн ...духны дэлбэнгийн гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн үед ...удаан хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь том талбайг хамарсан хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход үүсэх боломж бага харин унах болон өшиглөхөд үүсэх боломж илүүтэй. ...Ер нь гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),

- “...Нүүрэн хэсэг рүү өвдөглөхөд шугаман хугарал гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 53-54),

- “...Бичлэгээс харахад хаалганаас түлхээд гадаа унаж байх үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. ...Дээрх гавал тархины гэмтлийг аваад 12 цагийн турш амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 55-56) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан болох нь гэрч болон камерын бичлэгээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч И.О гэрч Л.Б нарын үйлдлээс шүүгдэгч нь хэдийгээр өөрийн эд зүйлээ хамгаалан тэднийг түлхэн гаргаж байгаа боловч тухайн үйлдлийн улмаас хүний амь нас хохирно гэдгийг мэдэлгүй үйлджээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлт дараах нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна. Үүнд

1. Шинээч эмч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь том талбайг хамарсан хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход үүсэх боломж бага ...гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),

- “...Нүүрэн хэсэг рүү өвдөглөхөд шугаман хугарал гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 53-54),

- “...Бичлэгээс харахад хаалганаас түлхээд гадаа унаж байх үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 55-56),   

2. И.О болон Л.Б нарыг давхралдаж унасны дараа харсан хүн болох гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хоёр гадаа гараад ...намайг цонхоор харахад зодолдож цохиогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85-86),

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр И.О ...дэлгүүрийн үүдэнд ...дээшээ харсан орилоод хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу зогсож байсан. Тэр зогсож байсан залуу нь “чамайг ална” аа гээд занаад байсан. Тэгээд би айж сандраад өөрийн гар утсан дээрээ зургийг авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

- 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг очсоноос хойш цохиогүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 24-25),

- 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очих үед манай нөхөр газар хэвтэж байсан. Б дээрээс нь хараад зогсчихсон шөвгийг алнаа гээд орилж байсан. Намайг харж байхад толгой хэсэг рүү нь хүчтэй цохиж өшиглөж дэвссэн үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 52),

4. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гадаа гарч харах үед И.О доор нь орсон, нөгөө үл таних эрэгтэй хүн газар унагасан байдалтай дээрээс нь гараараа цохиж байсан. Үүнээс гадна И.О-г үл таних эрэгтэй хүн газар унагаад гэдсэнд нь буюу хэвлий хэсэгт нь өшиглөж байхаар нь би үл таних эрэгтэйг араас нь татаж салгасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-74),

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...

- came4_2018-11-09__22-09-27_22-12-40 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь гудамжнаас дэлгүүрийн зүүн урд хэсэг рүү чиглэсэн байрлалтай, камерын бичлэгийн 22:09:27 секундэд Л.Б И.О нар нь маргалдсан байдалтай харагдах бөгөөд 22:09:32 секундэд И.О нь баруун гараараа чихээ үзээд 22:09:34 секундэд гараа харж, 22:09:36 секундэд дахин чихээ үзээд мөн 22:09:39 секундэд гараа хараад хоорондоо маргалдав....” гэх баримт, СD бичлэг (1 хавтаст хэргийн 20-29) зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргах, хэдэн удаа ямар байдлаар унасан, гэрч нарын мэдүүлгийг зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэх үндэслэлүүд няцаагдаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс амь хохирогчийг оршуулах болон буяны зан үйлд 4.476.890 төгрөг, өмгөөллийн үйлчилгээ авсны зардалд 1.500.000 төгрөг буюу нийт 5.976.890 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэгт авагдсан оршуулах болон буяны зан үйлийн баримтуудыг нягталж үзвэл 1 хавтаст хэргийн 57 дахь талд авагдсан нийт 508.350 мянга төгрөгийн баримт, 1 хавтаст хэргийн 54 дэх талд авагдсан 240.000 төгрөг болон 91.000 төгрөгийн нийт 839.350 төгрөгийн баримт нь байгууллагын нэр байхгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн гарын үсэггүй байх тул нотлох баримтаар тооцох боломжгүй. Иймд оршуулах болон буяны зан үйлд 4.476.890 зарцуулсан гэх нэхэмжлэлээс 839.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, хор уршгийг 3.637.180 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, хор уршиг болох 3.637.180 төгрөгөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан гэрч Л.Б нь 1.200.000 төгрөг, шүүгдэгч Ц.Б нь 2.437.180 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Харин тус хэрэгт шалгагдаж байсан гэрч Л.Б нь өөрт хохирол учирсан гэж үзвэл өөрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал болох 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй.

Нөгөө талаар Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй...хохирогч...-ийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” зардлыг тооцно гэж заасан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг төлбөрийн чадваргүй гэдэг баримт авагдаагүй энэ талаарх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хуульд заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх дүгнэлтийг

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э: “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Г: Гэм буруугийн дүгнэлтээ дэмжиж байгаа учир улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцэхгүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Х: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл болон түүний хувийн байдлын болох 2-13 насны 4 хүүхэдтэй өрх гэрээ тэжээж явдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Э: “...миний үйлчлүүлэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэгдэх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь гэм буруугийн талаар маргасан тул тухайн зүйлийг хэрэглэх боломжгүй. Нөгөө талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Г.Э-с улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг дэмжсэн, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-т хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Эрүүгийн 1808000000000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-г бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ