Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 146

 

Ц.Б т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н , түүний өмгөөлөгч Д.Ганчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1257 дугаар магадлалтай, Ц.Б т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ, Х.Батбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б ийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н ийн өмгөөлөгч Д.Ганчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар гаргасан гомдолдоо “...Хэрийн нөхцөл байдлаас үзвэл өөрийн үйлдсэн түлхсэний улмаас амь хохирогч И.О- нь Л.Б-ийн хамтаар унаад шууд салаад цаашид ийнхүү зодоон цохион болохгүйгээр явсан бол Ц.Б  өөрийн үйлдлийн улмаас амь хохирсон байна гэж дүгнээд гомдолгүй явах байсан билээ. Гэвч энэ хоёр хүн унасны дараа 1 цаг орчим хоорондоо зодолдож тухайн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан байх гэж бодон анхан болон давж заалдах шатны шүүхэд өөрийн гэм буруугийн асуудлыг шийдүүлэх гэж үзсэн.

...Хэрэв энэ хоёр хүн хоорондоо зодолдоогүй бол ийнхүү эргэлзээ бий болохгүй бөгөөд Ц.Б  нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорихоос өөр төрлийн ял эдлэх боломжтой байсан. Мөн түүнчлэн, Ц.Б  нь 2 настай хүүхэдтэй, өөрийн үйлдсэн хэргийн хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гүнээ харамсаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн хэмжээгээр барагдуулсан, хохирогч нар нь Ц.Б т гомдол саналгүй байгаа, энэ хэргийг анхны удаа санамсаргүйгээр үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Ц.Б ийг бусад болгоомжгүй үйлдлээрээ хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн ...” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг нотлон тогтоох, улмаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл, эргэлзээгүй баримт нотолгоо байгаа нөхцөлд бусдад ял шийтгэл оногдуулах, ингэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах ёстой байсан боловч мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад дан ганц шинжээч эмчийн мэдүүлгийг үнэн мэтээр дүгнэж, уг баримтад тулгуурлан Ц.Б т ял шийтгэл оногдуулж байгаа явдал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа хэрэг юм.

...Шинжээч эмч Ц.Нандинцэцэг нь 2509 дугаартай дүгнэлтээр талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг “....баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зуун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл” гэж тодорхойлсон ба уг гэмтэл нь “хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” талаар дүгнэсэн. Энэ бол шинжээч эмч эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж байгаа дүгнэлт. Гэвч мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээч эмч нь өөрийн мэдлэг, ур чадвараас хэтэрсэн асуултад хариулт өгөх замаар талийгаачид учирсан гэмтэл нь Ц.Б ийн түлхсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэсэн утга бүхий тайлбар өгсөн. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын үндэслэл болсон.

Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байхаас гадна шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг гаргах үүрэгтэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шинжээч нь шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг эрх бүхий этгээдийн тавьсан асуултын хүрээнд гаргах үүргийг хуулиар хүлээсэн ба тавигдсан асуултаас гадуур, шинжлэх ухааны үндэслэлгүй тайлбар дүгнэлтийг гаргах нь хууль зөрчсөн хэрэг болно.

Шинжээчийн хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлтээ гаргах ба шинжээчийн гаргасан дүгнэлтэд дурдсан гэмтлийг хэн, хэрхэн ямар байдлаар учруулсан эсэх асуудлыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд шалган тогтоож, үндэслэлтэй эсэх асуудлыг шүүх тогтоох үүрэгтэй байхаар хуульд заасан.

Гэвч мөрдөгч, прокурор, шүүх нь шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэж гэхээс илүү шинжээчээр хэрэг гарсан нөхцөл байдлыг тайлбарлуулж, түүний өгсөн тайлбар, мэдүүлгийг үндэслэн бусдыг яллаж байгаа явдал нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Ойлгомжгүй байгаа нэг нөхцөл байдал нь талийгаач И.О-ын биед учирсан гэх гэмтэл бөгөөд түүний толгойны баруун талын чамархай хэсэгт хүч үйлчилснээс болж гэмтсэн талаар шинжээч эмч дүгнэж, тайлбарласан байхад анхан шатны шүүх шинжээч эмчийн гаргасан дүгнэлт, өгсөн тайлбараас өөр байдлаар буюу өөр газар гэмтэл авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгааг тодорхой харуулж байгаа юм.

Тухайлбал, хохирогчийг үхэлд хүргэсэн гэх баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зуун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийг анхан шатны шүүх “... түлхсэний улмаас И.О- нь дагзаараа цементэн гадаргуутай газар унаснаас дээрх гэмтлийг авсан” гэж дүгнэхдээ шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, камерийн бичлэгээр нотлогдсон гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэмээн үзсэн.

Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, хожим нь үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн Л.Б- гэгч нь “... дэлгүүрийн дотор хаалгаар гараад гадна хаалгаар гарахад дөнгөж өнгөрөөд давхралдаж ойчсон. Талийгаач хойд дагзаараа саваад ойчсон” тухай мэдүүлж, улмаар “Эн Жи март” дэлгүүрийн гадна камерийн бичлэгт талийгаач нь Л.Б-тэй зууралдсан байдалтай ар талаараа унаж байгаа бичлэг байдаг хэдий боловч талийгаачид учирсан гэмтэл нь ар дагзанд биш харин баруун чамархай, баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөг зэрэгт учирсан байдаг тухай шинжээчийн дүгнэлтэд дурдсан.

Улмаар шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг болон шинжээчийн 2509 дугаартай дүгнэлтээс ...талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтлийг баруун чамархай хэсэг буюу баруун талаас авсан байх боломжтой нь тодорхойлогдож байхад шүүх ар дагзаараа унаснаас гэмтэл авсан гэж дүгнэн хэрэг гарсан нөхцөл байдлаас өөр дүгнэлт хийж байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөхгүй, уг нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй.

Шинжээч эмчийн хувьд талийгаачийн биед учирсан гэмтлийг ямар нөхцөлд, ямар хүчний үйлчлэлээр авсан байх боломжтой талаар хэд хэдэн янзаар тайлбарладаг... байсан байна.

...Давж заалдах шатны шүүхээс “шинжээчийн өгсөн удаа дараагийн зөрүүтэй тайлбар, мэдүүлгийг шинжээчийн 2509 дугаартай дүгнэлттэй илтэд зөрүүтэй, эргэлзээтэй гэж дүгнэх боломжгүй” хэмээн дүгнэсэн.

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг нь өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотойгоор ...өөр байдлаар тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй.

...Хэргийн газрын үзлэгээр талийгаач болон Л.Б- нарын зууралдаж унасан гэх газраас ямар нэг зүйл буюу цус илрээгүй болохыг нотолж байна.

...Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нь шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлгээс гадна камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна гэж дүгнэсэн.

Гэвч хэргийн материалд камерийн бичлэгтэй СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, ...Б.Гантулгын мэдүүлгээс хохирогч нь дэлгүүрийн үүдэнд анх унаснаас хойш дахин газар унасан байсан гэдгийг тус тус харж болно.

Өөрөөр хэлбэл, гэрч Д.О, Б.Г нарыг дэлгүүрийн үүдэнд гарч ирж харахаас өмнө Л.Б- нь талийгаачийг дахин газар унагаж цохисон, өшиглөсөн гэх асуудал болоод өнгөрсөн байсан, уг болсон асуудлыг гэрч Д.О огт хараагүй, дахин үргэлжлүүлж зодож байсныг гэрч Б.Г харсан гэдэг нь бичлэг болон мэдүүлгээр нотлогддог бол эдгээр үйл явдал болсон хойно талийгаач нь чихээ барьж байсан гэдэг нотлогддог.

Гэвч давж заалдах шүүх Д.Г гэж хүнийг “энэ хэрэгт хувийн сонирхолтой, Ц.Б  болон түүний нөхөртэй хамт ажилладаг” гэж дүгнээд түүний өгсөн хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгийг огт өөр камерийн бичлэгтэй харьцуулах байдлаар үгүйсгэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх асуудлыг хянан үзэхдээ ...гэрч Л.Б-ийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан болно. ...Энэ мэтчилэн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн өгсөн тайлбар, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хооронд нь харьцуулан үзэж хэрэг гарсан нөхцөл байдлыг бодитой тогтоосонгүй.

Мөн үүнээс гадна И.О-ын амь нас хохирсон асуудлыг шалгахдаа цагдаа, прокурорын байгууллага нь анхнаасаа Л.Б-ийг буруутган, түүнийг цагдан хорих замаар санаатай хүний амийг хохироосон гэж яллаж байсан ба ингэхдээ одоо Ц.Б ийг буруутгаж буй нотлох баримтуудыг үндэслэн яллаж байсан байдаг.

Гэтэл Л.Б-д холбогдох хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг буцааснаас хойш өмнө Л.Б-ийг буруутгаж байсан нотлох баримтуүд дээр нэмэгдсэн нэг л баримт байдаг нь шинжээч Ц.Нандинцэцэгийг дахин асуусан 2 удаагийн ...мэдүүлгээр яллагдагчаар татагдсан этгээдийг нөгөөгөөр сольж байгаа явдал нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, гэм бурууг эргэлзээгүй тогтоох гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчсөн. Эргэлзээтэй, зөрүүтэй нотлох баримт, тайлбар, мэдүүлгийг үндэслэн бусдыг яллаж, улмаар ял шийтгэл оногдуулж байгаа явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг та бүрээс нь судлан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” буюу 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн байдлыг нотлох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг нотлон тогтоох, улмаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл, эргэлзээгүй баримт нотолгоо байгаа нөхцөлд бусдад ял шийтгэл оногдуулах, ингэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах ёстой байсан.

Гэвч мөрдөн байцаалтын шат, прокурор, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад дан ганц шинжээч эмчийн мэдүүлгийг туйлын үнэн мэтээр дүгнэж, уг баримтад тулгуурлан Ц.Б т ял шийтгэл оногдуулж байгаа явдал нь Эрүүгийн хуулийг зөрчиж байна. Шүүх шинжээч эмчид камерийн бичлэгийг үзүүлэх замаар гэмтлийг тайлбарлуулж, тус тайлбарыг үндэслэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учирсан гэмтлийг мөрдөгч тогтоож, шүүх ял шийтгэлийг тодорхойлох ёстой байсан. Гэтэл шинжээчийн тайлбар, мэдүүлгийг үндэслэж бусдыг яллаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээч нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг “баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зуун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл” гэж тодорхойлсон ба уг гэмтэл нь “хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” талаар дүгнэсэн. Гэтэл шүүх бусадтай давхралдан унаж, дагзандаа гэмтэл авч нас барсан гэх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Хэрвээ дагзаараа унасан бол ямар нэгэн гэмтэл учирсан байх ёстой. Гэтэл дагзанд нь ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тэгэхээр шинжээч болон шүүхийн дүгнэлт нь агуулгын хувьд зөрчилтэй. Шинжээч дүгнэлттэйгээ холбогдуулж тайлбар өгөхдөө зөрүүтэй мэдүүлдэг. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаар цус гардаг” гэж тайлбарласан бол 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “цус гарахгүй, судас хагарснаар гарч болно” гэх тайлбар өгсөн. Энэ тайлбартай нь холбогдуулж хэргийн газрын үзлэгээр давхралдаж унасан гэх газарт ямар нэгэн цус байгаагүй. Харин тус газраас 4-5 метрийн зайд хоёр дахь удаагаа унасан газарт цусны толбо илэрсэн. Хэргийн материалд авагдсан тэмдэглэлд 2 цаг 04 минут 45 секундэд уг дэлгүүрийн шилэн хаалганаас амь хохирогч И.О- урд нь сэжигтэн Л.Б- араас нь хоёулаа зууралдсан байдалтай гарч ирж чигээрээ үүдний довжоо дээрээс газарт давхраараа унасан, 22 цаг 06 минут 28 секундэд сэжигтэн амь хохирогчийг татан камерийн зүүн доод буланд орж ирэн газар унаган баруун гараар цохиж байгаа үйлдэл хийсэн болохыг тэмдэглэсэн. Мөн “22 цаг 06 минут 31 секундэд сэжигтэн амь хохирогчийг уг газарт хөлөөрөө өшиглөж байгаа үйлдэл хийсэн, амь хохирогч энэ үед баруун талаараа газраас хагас өндийж хойш унаж харагдав”, 22 цаг 07 минут 18 секундэд дэлгүүрийн шилэн хаалганы үүдэнд 2 эмэгтэй гарч ирж амь хохирогч болон сэжигтэн нарын байгаа газар луу харж зогсов, мөн дэлгүүрээс 1 эрэгтэй 1 эмэгтэй гарч ирж 1 эрэгтэй амь хохирогч сэжигтэн нарын байсан чигт явав” гэж тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой дүгнэх ёстой байсан. Мөн хохирогчийн өмгөөлөгч гэрч Л.Б-ээс “таныг түлхсэн нь мэдрэгдсэн үү” гэж асуухад “мэдрэгдээгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл Л.Б-ийг шалгахгүй, Ц.Б ийг буруутгасан. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг үйлдсэн болохыг эргэлзээгүй байдлаар тогтоогүй байхад ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц нотлох баримтууд хэрэгт авагдсан байтал эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн дүгнэлт, тайлбар мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Баруун талаас хүч үйлчилж баруун чамархайн ясны шугаман хугарал үүссэн байхад шүүх дагзаараа унаснаас нас барсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Л.Б- гэх хүнийг яллаж явсан нотлох баримтуудаар Ц.Б ийг буруутгасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганчимэг хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасны дагуу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон. Шинжээч эмч амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гараар цохих үйлчлэлээр үүсэх боломжгүй талаар мэдүүлсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Ц.Б ийн үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Ц.Б т холбогдох хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос И.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамжид байрлах “N” дэлгүүрийн орчим гадны нөлөөтэйгээр тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар уг гэмтлийнхээ улмаас нас барсан  нөхцөл байдлыг мөрдөж шалгаж, Л.Б- гэгчийг холбогдуулан шалгаж, улмаар түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Л.Б-ийн үйлдлийн улмаас уг гэмтэл авсан эсэх нь тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Ийнхүү хэрэг прокурорт буцсанаас хойш дүгнэлт гаргасан шинжээчид хэргийн материал, үйл явдал болсон бичлэг зэргийг үзүүлж байцаалт авч, түүний анагаахын тусгай мэдлэгээс давсан, хувь хүний үзэл, бодлыг агуулсан мэдүүлгийг авч, улмаар түүндээ хөтлөгдөн дэлгүүрээс И.О- Л.Б- нарыг шилэн хаалга хагалах вий гэсэн шалтгаанаар түлхэж гаргасан худалдагч Ц.Б ийг болгоомжгүй хүнийг алсан гэж дүгнэн, түүнийг яллуулахаар шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтэд шууд хөтлөгдөж, уг дүгнэлтийн аль хэсэг  нь тусгай мэдлэгийн хүрээнд, хөндлөнгийн байр суурьтай дүгнэлт болох, аль хэсэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй хувийн үзэл бодол агуулсан, тусгай мэдлэгийн хүрээнээс хальсан болохыг ялгах оролдлого, дүгнэлт огт хийгээгүйгээс зөвхөн шинжээчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг тогтоожээ.

Түүнчлэн И.О- нь дэлгүүрийн хаалгаар гарч ирэхдээ унаж, улмаар босч ирснийхээ дараа Л.Б-д зодуулж буй үйл явдал нь И.О-ын амь нас хохироход яагаад нөлөөлөөгүй гэж үзэж буй талаараа шүүхүүд ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл хоорондоо муудалцаж, зодолдож байсан хүмүүсийн нэг нас барсан бөгөөд нөгөө нь үүнд ямар ч хамааралгүй болсон, харин тэднийг муудалцаж, дэлгүүрийн эд хөрөнгө эвдэх вий гэсэн сэдлээр дэлгүүрээс түлхэн гаргасан хүнийг шинжээчээр эрүүгийн хариуцлага хүлээх этгээд болгон тогтоолгож, хуульд заасан үндсэн үүргээ мөрдөгч, прокурор, шүүх хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Дээрх алдааг анхан болон давж заалдах шатны аль аль шүүх гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй, энэхүү нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үндэслэлээ гаргаж, дүгнэлтээ хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг зөрчсөн, уг зөрчил нь шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болно.

Энэхүү  дүгнэлт хийгдээгүй ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорт хэргийг буцаах шаардлагатай гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авч, өмгөөлөгч Х.Батбаатарын ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдолд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариу өгөх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1257 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргуулах арга хэмжээ авсугай.

           ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН