Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00032

 

Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0135/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүгдэгч: Н.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Ц,

Хохирогч: Ч.Т,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Б,

Нарийн бичгийн дарга: П.У нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 04-ний  өдрийн 235  дугаар шийтгэх тогтоолтой Н.Д-д холбогдох 201722000717 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н-н Д /регистрийн дугаар: -....................../.

Шүүгдэгч Н.Д-нь “........” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ...... сумын .... дугаар хороонд ...... улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 7,170,750 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30,743,810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 04-ний  өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, шүүгдэгч Н.Д-г иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ийн урьдчилан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-ээс 37,914,560 /гучин долоон сая есөн зуун арван дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Т-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц нар давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Н.Д нь иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, зөвхөн нэг талыг барьж шүүгдэгч Н.Д-г гэм буруутай гэж үзэж ял халдаасан нь үндэслэлгүй юм. Учир нь: Хохирогч Ч.Т нь “Д нь манайд ажилд ороод 5 жил болж байна. 2015 оны 09-р сарын 25-ны өдөр хүртэл ямар ч маргаан гарахгүй бүгд тулж байсан. Машин шатсан газар очиход галынхан ирээд машиныг унтраасан. Машины тэвшин дотор жаахан бараа шатаагүй байсан.” гэж хавтаст хэрэгт мэдүүлсэн болон шүүх хуралдааны шатанд “Н.Д бид 2 ямар нэгэн гэрээ огт байгуулж ажиллаж байгаагүй, зөвхөн итгэлцлийн үндсэн дээр бараагаа өгч тараалган ажиллаж байсан” гэж мэдүүлсэн бөгөөд иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн халдлагын зүйл нь хохирогчоос Н.Д-д итгэмжлэн өгсөн эд хөрөнгө байх ёстой атал хэрэгт энэ тухай баримт авагдаагүй, итгэмжлэл олгогдсон эсэх нь тодорхойгүй, итгэмжлэн өгсөн эд хөрөнгө мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, итгэмжлэл огт хийгдээгүй гэж мэдүүлдэг. Уг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үүнийг тодорхой баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл эд зүйлийг тухай бүр зохих байгууллагаар үнэлүүлээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг эх сурвалжаа болгосон байдаг.

Мөн Г.Т-н эд хөрөнгийг Н.Д нь завшиж үрэгдүүлж, хувьдаа авч ашигласан талаар хавтаст хэрэгт давхар нотлох баримт байхгүй.

... Н.Д-д уг гэмт хэргийг үйлдэх гэм буруугийн болгоомжгүй болон хүсч санаатайгаар үйлдсэн тодорхой үйлдэл байхгүй байхад энэ зүйл ангид гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Хэрэв Г.Т- нь хохирол учирсан гэж үзэж байгаа бол уг асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм. Гэрчүүдийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн үед гал нь машины бүхээг дотроос буюу шүүгдэгч Н.Д-н жолоодож явсан машины рульен дор масс гарч гал гарсан байх магадлалтай байна. Субъектив талын хувьд гэм буруугийн шууд санаатай, Г.Т-н эд хөрөнгийг устгах гэмтээхэд чиглэгдсэн санаатай хууль бус үйлдэл байх ёстой. Гэтэл тухайн хэрэг гарах үед автомашины хаалга дотроосоо онгойхгүй Н.Д-н амь насанд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас эрсдэл учрах боломжтой байсан зэргийг шүүх харгалзан үзэлгүй хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

... Иймд Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 04-ны өдрийн 235 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо:  Н.Д-г МУ-ын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 17.8.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар заалтыг зөрчсөн буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Өөрөөр хэлбэл шүүх тодорхойлох хэсэгтээ ... хохирогч Ч.Т-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтад үнэлж бичсэн нь хэт ойлгомжгүй, хохирогчид учруулсан гэх хохирлыг тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 30,743,810 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит нөхцөлтэй нийцээгүй байна. Мөн нотлох баримтад үнэлсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн актын хуулбар, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн актууд нь Н.Д-г түгээгч жолоочоор ажиллаж байсанг нотолж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон баримт биш болно. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.1-д заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх бөгөөд тухайн үед Н.Д- нь түгээгчээр ажиллахдаа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй мөн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулаагүй байхад бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө эрхийг завшсан гэх гэмт хэргийн шинжгүй иргэний маргаан байгаа болно. Н.Д-г Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 17.8.1-д заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч, уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2.6.2-д заасан хөнгөн гэмт хэрэг тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн  10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоор заажээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шүүхийн зөвшөөрлөөр  буюу шүүгч авдаг. Дээрх асуудлыг шийдвэрлэсэн шүүгч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 4-т  заасан байхад шүүгдэгч Н.Д-д сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгч Н.Ариунжаргал хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                      С.УРАНЧИМЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ