Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 03

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.M-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн XXXX хэлтэст холбогдох “XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0033/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.M, түүний өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, гэрч Б.Д, Д.Э, М.Д, Д.Н, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.M шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь улсад 12 жил ажилласан. Нийгмийн даатгалын байцаагчаар 9 жил ажилласан. Орхон аймгийн XXXX хэлтсийн тэтгэврийн Улсын байцаагчаар 2014 оны 07 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаа хүлээлгэж өгсөн. Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар намайг төрийн албанаас халсан юм. Намайг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 26.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26.3, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7, дотоод журмын 12.1в, Ёс зүйн дүрмийг тус тус үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Би өмнө ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Үр дүнтэй сайн ажиллаж байсан. Би 2 сартай жирэмсэн байхдаа ажлаасаа халагдсан. 2016 оны 5 сараас хэлтсийн байранд их засвар орсонтой холбоотойгоор архивын өрөөнд байсан тэтгэврийн хувийн хэргийг өөр өрөөнд шилжүүлэн зөөсөн. Тухайн өрөөнд ямар нэгэн камер байгаагүй. Тэр өрөөндөө архивын хувийн хэргийг 4 хана дагуулан газраар байрлуулж гадна хаалгаар иргэдэд үйлчилсэн. Нэг дор эмх замбараагүй үйлчилсэнээс болоод хувийн хэрэг алга болсон юм болов уу гэж таамаглаж байгаа. Хэлтсийн байранд 5 сард засвар хийгдэж, 7 сард наадмын баярын амралт гэж олон хоног таараад үргэлжлүүлээд би ээлжийн амралтаа авсан. Энэ хооронд тооллого хийгээгүй. Манайх улиралд нэг удаа тэтгэврийн хувийн хэргээ тоолдог. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд Б.Д байцаагч миний ажлыг хийж байсан. Ажилдаа 09 дүгээр сарын 12-нд орж ирэхэд Д.Э байцаагч “Сувд-Эрдэнэ гэдэг хүн өргөдөл өгсөн. Миний таньдаг эгч юм. Би өргөдлийг нь хүлээж аваад цалинг нь бодож үзэх гэсэн хувийн хэрэг нь олдохгүй байна” гэж хэлсэн. Ингээд тэр үеэс эхлээд хайж эхэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 06-нд тооллого хийсэн. Тэгээд хувийн хэрэг байхгүй байгааг анх мэдсэн. Энэ талаараа “хувийн хэрэг дутаад байна” гэж тасгийнхаа хамт суудаг өрөөний байцаагч нартаа хэлж байсан. Дахин дахин хайгаад гарч ирээгүй. Энэ талаар бүгд мэдэж байсан. 2017 оны 04 сард анх төлөвлөгөөт тооллого болоход Д.Н байцаагч анх мэдсэн юм шиг тайлбар өгсөн байсан. Манай өрөөний хүмүүс бүгд энэ талаар мэдэж байсан. 10 сард тооллого хийж мэдээд 12 сард тэтгэвэр шалгах аян зарлагдаад энэ хооронд хайж байгаад тэтгэвэр шалгах аяны хугацаа богино учраас эрэл хайгуулын ажлаа зогсоогоод тэтгэвэр шалгах аяны ажилдаа орсон. Үүнийг дуусгаад хэлтсийн байцаагч, тасгийн дарга нартай тэр сард хувийн хэргийг дахин тоолсон. Түүнийгээ илрүүлсэн гэж бичсэн байсан. Үүн дээр санал нийлэхгүй байгаа юм. Түүнээс өмнө мэдээд хайгаад олоогүй. Би нуун дарагдуулсан зүйл байхгүй. Энэ тэнд орсон юм болов уу гэж бодоод хайгаад хайгаад олоогүй. Ер нь олчих санаатай хугацаа алдсан. Би яаж алга болсоныг мэдэхгүй байна. Энэ хувийн хэрэг  эзэмшигчээс нь өөр хүнд хэрэггүй. Нийт 4 хавтас баримт алга болсон. Энэ баримтууд өндөр насны тэтгэвэр авагч хүмүүсийн баримт байсан. Өөр хүн ашиглах боломж байхгүй. Би 9 сард орж ирээд хайж эхэлсэн. Бүх хүний хувийн хэрэгт үзсэн. Мөн тасгийн даргад мэдэгдсэн. Бүгд мэдэж байгаа. Хамгийн гол нь намайг тэтгэврийн баримт бичиг алга болгосон талаар мэдээд даргад хэлэлгүй түр байж байя. Чи ямар ч байсан өөрийн юмандаа сайн үз гараад ирж магадгүй гэж хэлээд хүлээлгэж байсан. Ингээд сүүлдээ намайг ажлаас халахаар болоод хэлтсийн дарга дуудаж уузахдаа “Улсад байхгүй хэрэг байна. 65 хувийн хэрэг гэдэг чинь маш олон хувийн хэрэг алга болсон байна” гэсэн. Үүнийг 2 тасгийн дарга мэдэж байсан. Хяналтын байцаагч нар мэдэж байсан. Тэтгэвэр шалгах аянаар бүгдээрээ нийлээд Ерөнхий газарт буруу мэдээ явуулсан. “Одоо танай өрөөнийхөн бүгд мэднэ. Таны араас 10-аад хүн ажлаасаа халагдах болж байна. Та тэгэхээр ажлаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Өөр арга байхгүй байна” гэж хэлж байсан. Би тэр үед шүүхэд гомдол гаргана гэж бодоогүй. Сүүлд нь шүүхэд хандахаар болоод “Би олон жил төрийн албанд ажиллаж байгаад төрийн албанд эргэж орохгүйгээр халагдана гэхээр хэцүү байна. Дахин төрийн албаны шалгалт өгнө гэж хэцүү тийм болохоор шүүхэд хандлаа” гэж хэлээд шүүхэд хандсан байгаа. “Энэ олон хүмүүсийг чирэх гээд байна. Та өөрөө л хариуцсан нь дээр байх” гэсэн. Би тэгж бодоод яваад байсан юм. Уг нь бүгд алга болсон тухай мэдэж байсан. Иймд Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж өгнө үү”[1] гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар М.Mг төрийн албанаас нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. Тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 26.3, Нийгмийн даатгалийн тухай хуулийн 26.3, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7, журмын 12.1, ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гаргаж байгаа боловч тушаалын ерөнхий агуулга нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар ёс зүй зөрчсөн, зөрчлөө нуун дарагдуулсан гэсэн агуулгатай тушаал гаргасан гэж байна. Гэтэл энэ тушаал дахь нуун дарагдуулсан, ажлын хариуцлага алдсан гэх зөрчил үү?, алдаа юу? гэдэг асуудал дээр тушаал үндэслэлтэй байна уу? гэдэг дээр анхаарч үзэх байх. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн үед ажиллаж байхдаа ийм алдаанаас болоод зөрчил гаргасан гэдгийг хэлдэггүй. Нуун дарагдуулсан ёс зүйн зөрчил гаргасан гэсэн тайлбар хэлдэг. Хариу тайлбарыг нэхэмжлэгч гаргахдаа тодорхой тайлбарлаж хэлсэн байгаа юм. “2016 оны 05 дугаар сарын 03-наас 20-ны өдөр хүртэл хэлтсийн байранд  их засварын ажил хийсэн. Энэ засвар хийх явцад хувийн хэргүүдийг зааланд өрж тавиад олон байцаагч нар сууж байсан. Энэ үед гадна дотроос олон хүмүүс орж гарч, замбараагүй байдал үүссэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ байдалд Нийгмийн даатгалын хэлтсээс ямар хяналт тавьж байсан нь тодорхойгүй. Сая хэлж байна. Камер байхгүй байсан гэж. Олон хүний хувийн хэргийг ганцхан тэтгэврийн байцаагч хянаж, хамгаалах үүрэгтэй гэж үзэж болохгүй. Энэ хүн байнга тэр газраа суугаад байхгүй шүү дээ. Нийгмийн даатгалын хэлтэс энэ байдал дээр ажиллах нөхцөл байдал дээр яаж хяналт тавьсан юм бэ? Ийм замбараагүй байдлаас болоод 65 хүний хувийн хэрэг алга болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн өгсөн тайлбаруудаас харагдаж байна. Мөн нуун дарагдуулсан гэсэн үндэслэл гаргаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 14-нд Д.Э гэдэг байцаагч Сувд-Эрдэнэ гэдэг хүний хувийн хэрэг байхгүй байна гэдэг. Үүнийг яаж мэдэж байна гэхээр Д.Э тэр хувийн хэргийг хайсан байгаа юм. Ингээд хайгаад олоогүй учраас үүнийг олж өг гэдэг бичвэр хүртэл бичиж үлдээсэн байдаг. Ингээд М.M өөрөө ирээд хайгаад байхгүй байна гэдгийг М.Д-д хэлсэн байдаг. Хамт сууж байсан хүмүүсээсээ асуугаад хайсан байхад хамт хайлцаж байсан хүмүүс одоо мэдүүлэг өгөхдөө мэдэхгүй, тийм зүйл сонсоогүй гэж байна. Гэрчүүд өнөөдөр худал мэдүүлэг өгч байна. Бүгд адилхан хувилсан юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнээс харахад гэрчүүд худал мэдүүлэг өгч байна гэдэг нь тодорхой байна. 2016 оны 10 дугаар сарын 06-нд М.M өөрийн хариуцсан хувийн хэрэгт тооллого хийгээд 65 хувийн хэрэг алга болсон байна гэдгийг яг мэдэж байгаа. Энэ талаар ёс зүйн хорооны тэмдэглэл дээр М.Д өөрөө хэлсэн. Гэтэл гэрчийн мэдүүлгээр мэдээгүй. Би тэгж хэлээгүй гэж байна. Тасгийн дарга хариуцаж байгаа тэтгэврийн байцаагч нарын ажилд хяналт тавих үүрэгтэй. Ямар зөрчил алдаа дутагдал гаргасан байна тэр даруйд нь засаж залруулах үүрэгтэй юм. Мөн хэрэгт нотлох баримт судалж байхад 2016 оны 09 дүгээр сарын 14-нд тэтгэвэр авагч Сувд-Эрдэнийн өргөдлөөр тогтоогдож байна. Энэ хүн өргөдөл өгөөд хувийн хэргээ шалгуулаагүй бол энэ хүнийг нуусан байна гэдэг асуудал ярина. М.M өөрөө гуйгаад битгий хэлээч гэж хэлүүлээгүй байсан бол жинхэнэ нуун дарагдуулсан байна гэж үзэж болно. Харин М.Д тасгийн даргадаа хэлээд яах вэ? гэдэг асуудал ярихад чи хайгаад үз гэдэг даалгавар өгсөн байгаа. Бүгд хамт олноороо хайлцаж байсан. Гэтэл одоо сонсоогүй юм шиг мэдэхгүй, хараагүй, сонсоогүй гэж байна. М.M өөрөө хэлэхгүй бол тасгийн дарга дээд шатны албан тушаалтанд хэлэх эрх нь байгаа шүү дээ. Өөрөө очоод дээд шатныхаа даргад хэлж болох байсан. Гэтэл М.M энэ тухайгаа хэлсэн байна. Хэрвээ хэлээгүй бол нуун дарагдуулсан хэрэг болно. Гэтэл тасгийн дарга нь хүртэл 2017 оны 03 дугаар сарын 09 гэхэд аяны тайлангаа урьдчилаад явуулъя гэдэг. Яагаад тэгж байгаа юм бэ? Өөрөө хяналт тавьж байгаа хүн байж дээшээ худлаа мэдээлэл өгч болдог юм уу? Хэрвээ нуун дарагдуулсан гэвэл тасгийн дарга нь өөрөө нуусан юм биш үү. Гэтэл бүгд мэдсээр байж нэг хүнлүү мэдээгүй юм шиг буруугаа дохож байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тэтгэврийн хувийн хэргийн жагсаалтаар “хасах”, “зөв” гэсэн тэмдэглэгээнээс харж, ярих боломжтой санагдаж байна. Гэтэл хариуцагч талаас тайлбар гаргахдаа 2017 оны 04 дүгээр сарын 15-ны үед төлөвлөгөөт тооллогын үеэр дээрх зөрчлийг анх удаа мэдсэн гэж ярьдаг. Энэ тайлбар нь үндэслэлгүй байна. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хяналтын байцаагч нар мэдсэн. Гэх мэтчилэн 2017 оноос хойш он сараа бичиж байгаа нь үндэслэлгүй. Хамгийн гол нь хэзээ мэдсэн, зөрчил хэзээ гарсан, зөрчлийг хэзээ илрүүлсэн гэдэг нь энэ хэрэгт ач холбогдолтой. Төрийн албаны тухай хуулийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй гэдэг. Харин миний бодлоор 2016 оны 09 сард зөрчил анх илэрсэн. Үүнийг тасгийн дарга М.Д өөрөө мэдээд цааш нь хэлээгүй. Эдгээр хүмүүсийн ярьж байгаагаар зөрчлийг 4 дүгээр сарын 15-нд мэдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэн хэрэгтээ зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн байгаа юм биш үү. Энэ нөхцөлд сахилгын зөрчлийн арга хэмжээ авч болж байгаа юм уу? Өнөөдөр гэрчүүд яагаад бүгд 2017 оны 04 дүгээр сарын 15 гээд байна бэ гэхээр хариуцагчийн тайлбарт дурьдсан он сар өдрүүдийг хэлсэн байх. Хэдий тийм байлаа ч энэ өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн XXXX хэлтсийн дарга Б.Анар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн XXXX хэлтэс нь архивтаа 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн их засварын ажил эхлүүлж, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгасан. Энэ хугацаанд архивын баримтууд, тэтгэвэр авагчдын хувийн хэргүүдийг хурлын танхимд байрлуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан. Энэ үед хурлын танхимын хаалганы 2 талаар хураалттай байсан тэтгэврийн Улсын байцаагч М.M-ийн хариуцдаг 3841 тэтгэвэр авагчдын хувийн хэргүүдээс 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг бүхий 4 хавтас архивын баримт алдагдсан зөрчил гарсан. Нийгмийн даатгалын Улсын байцаагч М.M-ийн тайлбарлаж байгаагаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авч амран ажилдаа ороод 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тооллого хийж үзээд алдагдсан талаар анх мэдсэн гэх боловч Үйлчилгээний тасгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн төлөвлөгөөт тооллогоор дээрх хувийн хэргийн баримтууд дутсан талаар харъяалах тасгийн дарга анх мэдэж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хяналтын байцаагч нарт хяналт, шалгалтын тооллого хийлгэх тухай хүсэлтээ гаргаж, нэр бүхий хяналтын байцаагч нар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тэтгэврийн хувийн хэрэгт, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хэлтсийн архив, бүх өрөө тасалгаанд тооллого, шалгалт хийж зөрчлийг илрүүлсэн байна. Энэ тухай тэтгэврийн байцаагч М.M 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэлтсийн даргад мэдэгдэн, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хяналтын байцаагч нар, тасгийн даргаас албан ёсоор мэдэгдсэн тул хэлтсийн даргын зүгээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/13 тоот тушаалаар тус хэлтсээс тэтгэвэр авагч 65 нэр бүхий иргэдийн үрэгдсэн хувийн хэргийг бүрдүүлэх, холбогдох баримтыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх, зөрчил арилгах, дотоод хяналтын ажлын хэсэг байгуулж, ажиллах чиглэл бүхий “Үрэгдүүлсэн тэтгэврийн хувийн хэргийг бүрдүүлэх, зөрчил арилгах ажлын хэсгийн ажиллах удирдамж”, холбогдох зөвлөмжийг гарган шат дараалсан арга хэмжээ авсан. Хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороо, хэлтсийн даргын зөвлөл 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, ажлын хэсгийн дүгнэлт, хяналт шалгалтын байцаагч нарын хяналт, шалгалтын тухай тайлан, Ёс зүйн хорооны дүгнэлт, холбогдох хууль, тогтоомжуудыг үндэслэн М.Mд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. М.M нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажлаас шууд халсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. Гэтэл М.M нь ажлын хариуцлага алдаж, өөрийн хариуцан авсан тэтгэврийн хувийн хэргүүдээ үрэгдүүлсэн, мөн тухайн зөрчлөө удаан хугацаагаар нуун дарагдуулсан, удирдах дээд шатны байгууллагаас ирүүлсэн “Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах” аяны тайлан мэдээг хуурамчаар бүрдүүлж ажилласан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул нэр бүхий 65 тэтгэвэр авагчдын эрх ашиг, тэтгэврээ үргэлжлүүлэн авах эрх нь зөрчигдөж, мөн хэлтсийн хэвийн үйл ажиллагаа доголдож байсан тул зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд заасан зохих ёсны хариуцлага тооцсон гэж үзэж байна. Тэтгэвэр авагчдын хувийн хэрэг байхгүй бол тэтгэвэр олгох үндэслэлгүй бөгөөд 65 тэтгэвэр авагчийн тэтгэвэр олголтыг зогсоож, удирдах дээд байгууллагад албан ёсоор мэдэгдэн чиглэл авсаны дагуу дээрх зөрчилд хувийн ямар нэгэн сэдэл байгаа эсэхийг тогтоолгохоор Орхон аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргаж, хуулийн дагуу шалгуулж ажилласан. Уг тушаалыг гардан авснаас хойш тодорхой хугацааны дараа М.M нь жирэмсэн болохоо мэдэгдэж, тушаалд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан боловч зөрчлийн шинж байдал, удирдах дээд байгууллагаас өгсөн чиглэл зэргийг үндэслэн тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй байсан тул зохих ёсоор хариултыг өгсөн. Иймд тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Анарын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул М.M-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.[2]

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч өөрөө нуун дарагдуулаагүй гэдэг дээр түлхүү ярьж байна. Гол нь тэтгэврийн хувийн хэрэг алга болгосон нь ноцтой зөрчил байгаа юм. Тэтгэврийн хувийн хэрэг гэдэг нь өөрөө санхүүгийн чухал баримт. Тэр хүнд тэтгэвэр олгох үндэслэл баримт юм. Хэрвээ тэтгэврийн хувийн хэрэг байхгүй бол тэр хүнд тэтгэвэр олгох үндэслэлгүй болж байгаа юм. 2016 оны хавар хэлтсийн байранд бүхэлд нь засвар орсон. Энэ үед бүх тэтгэврийн байцаагч нар өөрсдөө хувийн хэргээ хариуцан авч түүнийгээ хурлын танхимд тоолж оруулаад буцаагаад засвар хийж дууссаны дараа хувийн хэргийн бүртгэлийг шалгаад архивт байрлуулсан байдаг. М.M байцаагчийн хувьд 08 дугаар сарын 15-наас ээлжийн амралтаа аваад 9 сард орж ирсэн. Энэ үед Б.Д байцаагч ажил үүргийн хувьд хариуцаж ажиллаж байсан. Ирсэн хүмүүсийг хүлээн авч уулзаж байсан. Гэхдээ ээлжийн амралтаа авсан хүнийг орлохдоо хувийн хэргийг хариуцна гэсэн заалт байхгүй. Тэтгэврийн байцаагч нар хоорондоо мөн тохирсон зүйл байхгүй. Зөвхөн өөрийнх нь хариуцаж байсан тэтгэвэр авагч ирэхээр нь хүлээн авч уулздаг. Өргөдлийг нь хүлээн авдаг, цалин өөрчлүүлнэ гэх юм бол түүний бодолтыг хийж өгдөг байдлаар ажилладаг. Түүнээс биш ээлжийн амралтаа аваад явсан байх хооронд хувийн хэрэг хариуцна гэсэн зүйл байхгүй. М.M байцаагч өөрөө 10 дугаар сарын 05-нд 65 хүний хувийн хэрэг алга болсоныг мэдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 2017 оны 4 сард Үйлчилгээний тасгийн дарга солигдоод Д.Н тэтгэвэр дээр очоод төлөвлөгөөт тооллогоо хийе, тэтгэвэр шалгах аяны хүрээнд битүүн хүртэл ганц нэгээрээ тоолж байсан гэдэг. Хүн болгоны хувийн хэрэг дутуу байсан. Ингээд тоолж дуусаагүй учраас тэртэй тэргүй бүгд байх ёстой юм чинь гээд мэдээгээ бүрэн гэж явуулсан байдаг. 3 сарын сүүлээр тэтгэврийн мэдээ явсаны дараа 4 сард бүгдээрээ төлөвлөгөөт тооллогоо хийе гээд Үйлчилгээний тасгийн даргаас төлөвлөгөөт тооллого хийхээр М.M байцаагчийн хэрэг дутуу байгаа гэдгийг нь Үйлчилгээний тасгийн дарга нь дутуу байгаагаа ол гээд үүрэг болгодог. Ингээд олдохгүй болохоор нь Үйлчилгээний тасгийн даргаас хяналтын байцаагч нарт хүсэлт явуулдаг. Манай тэтгэврийн хувийн хэргийг тоолоод өгөөч, дутуу баримтууд их байна гэж санал тавьсан байдаг. 2017 оны 6 сард хяналтын байцаагч нар тооллого хийгээд М.M байцаагчийн хариуцдаг хувийн хэргээс 67 тэтгэврийн хувийн хэрэг дутуу байна гэсэн тоо гаргасан байдаг. Ингээд 67 байна гээд тоолж шалгах явцад 2 хувийн хэрэг нь Хөвсгөл аймаг шилжсэн хувийн хэрэг байсан. Ингээд нийтдээ 65 хувийн хэрэг алга болсон байна гэж дүгнэсэн. Энэ өдрөөс хойш үнэхээр алга болсон юм байна гээд хэлтсийн даргад мэдэгдээд шат дараалсан арга хэмжээг авъя. Хувийн хэрэг нь байхгүй байхад энэ 65 хүнд тэтгэвэр олгоод байна. М.M байцаагчийг даргад орж хэл гэж өрөөнд хамт суудаг хүмүүс нь байнга хэлдэг гэсэн. Ингээд 7 дугаар сарын 17-нд хяналтын байцаагч нартай хамт даргад орж мэдэгдээд наадмын амралтын дараа хэлтсийн дарга анх удаа 65 хүний хувийн хэрэг алга болсон байна гэж мэдсэн. Үүнээс өмнө хяналтын байцаагч нар мэдэж илрүүлсэн. Өөрт нь үүрэг өгсөн. Хамт граш саваар хайсан боловч олдоогүй. Ингээд ерөнхий газартаа мэдэгдэж чиглэл авч ажилласан байгаа юм. Мөн Цагдаагийн газраас ажиллагаа хийгдэж байцаалт авч дүгнэлт гарсан. Хэлтсийн даргын тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл өөрийн хариуцаж авсан тэтгэврийн хувийн хэргийг алга болгож, үрэгдүүлнэ гэдэг нь өөрөө маш ноцтой зөрчил юм. Мөн түүнийгээ тодорхой хугацаанд нуун дарагдуулж байна. Энэ нь мөн нэг зөрчил гэж үзээд 2017 оны Б/22 дугаартай тушаал гаргасан юм. М.Д Үйлчилгээний хэлтсийн дарга байсан. Энэ хүн шууд харъяалах дээд албан тушаалтан байсан учраас арга хэмжээ аваагүй, нэн даруй мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр  арга хэмжээ авч сахилгын арга хэмжээ авсан юм” гэв.

            Гэрч Д.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд тэтгэврийн хувийн хэрэг алга болсон гэдгийг нилээн хожуу мэдсэн. 2017 оны 04 дүгээр сард Нийгмийн даатгалын ажилчдын баяр тэмдэглээд байж байх үед тэтгэврийн хувийн хэрэг алга болсон талаар манайхан ярьж хамтдаа хайя гэж байсан. Ажилчдын баяраас өмнө хайж байсан гэдгийг мэдэхгүй байсан. Ер нь бол хайгаад байж байсан гэдгийг мэдэж байна. Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ажилчдын баяраар М.Д хэлж байсныг сайн мэдэж байна. 65 хувийн хэрэг алга болсон гэж ярьж байсан.” гэжээ.        Гэрч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 09 сард Сувд-Эрдэнэ гэдэг хүний өргөдөл ирсэн. Ингээд үзэхэд тэр хүний хувийн хэрэг байхгүй байсан гэсэн. Хэдэн хувийн хэрэг алга болсон гэдгийг мэдэхгүй. Тэтгэвэр шалгах аянаар М.Mгийн хувийн хэргийг шалгахад миний шалгасан хувийн хэргүүдээс 7-8 тэтгэврийн хувийн хэрэг байхгүй байсан. Хувийн хэрэг алга болсон гэдэг асуудлыг 4 сард мэдсэн. Гэхдээ яг тэд гэсэн тоо байхгүй. 6 сарын хяналтын тооллогоор 67 тэтгэврийн хувийн хэрэг байхгүй байна гэдэг тоо гарч ирсэн. Аянаас хойш л хувийн хэрэг байхгүй гэсэн асуудлыг ярьж эхэлсэн. Өмнө энэ талаар ярьж байгаагүй” гэв.

            Гэрч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэтгэврийн хувийн хэрэг алга болсон гэдгийг 2017 оны 4 сард мэдсэн. Тэтгэврийн аянаас хойш мэдсэн.  2016 оны 09 сард Сувд-Эрдэнэ гэдэг хүн өргөдөл өгсөн. Тэр үед нь М.M байхгүй байж таараад би өргөдлийг нь аваад хувийн хэргийг нь хайгаад олоогүй юм. Тэгээд “Хувийн хэрэг байхгүй байна” гэж захиа бичээд үлдээсэн.  Ямар ч байсан Сувд-Эрдэнийн хувийн хэрэг дотроосоо гарч ирэх байх гэж байсан. Түүнээс биш өөр хүний тэтгэврийн хувийн хэрэг дутуу гэдгийг мэдээгүй” гэв.

Гэрч М.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Намайг Үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байхад М.M тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан. 2017 оны 4 сард хувийн хэрэг нь байхгүй гэдэг асуудал яригдаж эхлээд 40 гаруй байхгүй алга болсон гээд явж байсан. Мөн тэтгэвэр авагчдын хувийн хэргийг бид бүгд тоолж дуусаагүй байсан. Бид 3 сард тайлан явуулахад хувийн хэрэг алга болсон талаар юу ч мэдээгүй. Тооллогоо хийж дуусаагүй байсан болохоор 3 сарын тайлангаа урьдчилаад бүрэн гэж явуулсан. Үүнээс хойш “хувийн хэргүүдээ тоолж дуусгаад цэгцэлнэ шүү” гэхэд “Болортуяа байцаагч миний хувийн хэргийг гаргаж өгөхгүй байна” гэж байсан. Би бүх хувийн хэргээ тоолоод явж байгаа гэж бодож байсан. Оноос өмнө хувийн хэргүүд байхгүй гэж юм яриагүй. Нэг өргөдлийн талаар ярьж байсан. “Сувд-Эрдэнэ гэдэг хүн миний өргөдлийн хариуг шийдэж өгөхгүй байна” гэж надад хандаагүй, гомдол гаргаагүй. Би 2017 оны 03 сард Үйлчилгээний тасгийн даргын албан тушаалыг өгөөд хяналтын Улсын байцаагч болсон. Би ингэж олноороо хувийн хэрэг алга болсон гэдгийг мэдээгүй. 2017 оны 4 сард анх мэдсэн” гэв.

Гэрч Д.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 9 сард “Сувд-Эрдэнэ гэдэг хүний хувийн хэргийг олохгүй байна” гэж Д.Э байцаагчтай ярьж байхыг сонссон. Тэтгэврийн хувийн хэрэг олноороо алга болсон гэдгийн 2017 оны 04 дүгээр сарын 15, 16-нд хувийн хэрэгт тооллого хийж байгаад 40 гаран байхгүй, дутуу байна гэдгийг мэдсэн. Яг баталгаатай тоо нь хэд гэдэг нь мэдэгдээгүй. Аяны хүрээнд бид өөр өөр байцаагчийн хувийн хэргийг зөрүүлж тоолох хуваарь гаргасан. М.Mг Болортуяа байцаагч хувийн хэргээ хурдан гаргаж өгөөч гэж хэлж байсан. Би мэдээгээ бэлдээд явуулмаар байна гэж М.M байцаагчийг шаардаж байгаа нь ажиглагдаж байсан. Эхний удаа 40 хувийн хэрэг дутуу гэхээр нь ямар ч байсан эдгээр хувийн хэргээ бие дааж ол гэдэг шаардлагыг байнга тавьж байсан. 2017 оны 05 сар гарахад мөн олохгүй байсан. Ингээд нэг цонхны мэргэжилтэн Нямсүрэнг ажил дээрээс нь дуудаж авч ирээд М.M байцаагчтай хамт хэлтсийн бүх архив, байж болох бүх газар хайлгуулсан. Бусад тэтгэврийн байцаагч нарыг хариуцаж байгаа хувийн хэрэг, шүүгээндээ үз гэж үүрэг болгосон. Ингээд олдохгүй болохоор нь хяналтын тасагт хүсэлт гаргасан. Ингээд 6 дугаар сарын 7, 8-нд хяналтын байцаагч нар хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогоор 67 хувийн хэрэг дутсан. 2 хувийн хэрэг Хөвсгөл аймаг руу шилжээд явсан болох нь тогтоогдсон” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч М.M нь Орхон аймгийн XXXX хэлтэст холбогдуулан “Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дугаартай “Аян зохион байгуулах тухай” тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс цахим хэлбэрээр гаргах боломжтой гэсэн тул шүүх хуралдааны явцад нотлох баримтыг цахим хэлбэрээр авч судлах боломжтой гэж үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус хэлтсийн тэтгэврийн Улсын байцаагч М.M-г “нэр бүхий 65 иргэний тэтгэврийн хувийн хэргүүдийг үрэгдүүлж ноцтой зөрчил гарган, уг зөрчлөө нуун дарагдуулж, ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3, Засгийн газрын 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагч”-ийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.7 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 “в”, тус хэлтсийн Ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр төрийн албанаас халсан байна.

Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар тэтгэврийн Улсын байцаагч М.Mд “тэтгэврийн хувийн хэрэг үрэгдүүлсэн, уг зөрчлөө нуун дарагдуулсан” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахдаа тус хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын 2017 оны оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан санал[3], хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн  дүгнэлт, зөвлөмж[4], тус хэлтсийн хуулийн зөвлөхийн дүгнэлт[5] зэргийг үндэслэн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны хуралдаанаар[6] хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/-д зааснаар М.M нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин тэтгэврийн Улсын байцаагч М.M нь тэтгэвэр авагч 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг, материалыг үрэгдүүлсэн гэх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлд хамаарахаар байна. Тэтгэврийн Улсын байцаагч М.Mгийн ажлын байрны тодорхойлолтын 1.7-д “Тэтгэвэр авагчдын хувийн хэргийн бүрдэлт, хадгалалт хамгаалалтыг зохих журмын дагуу гүйцэтгэх, хувийн хэргийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах, тооллого хийх”[7] чиг үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

Тэтгэврийн Улсын байцаагч М.M-ийн хариуцдаг тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэргээс 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг, материал хэзээ, ямар учир шалтгаанаар, хэний буруутай үйл ажиллагааны улмаас байхгүй болсон гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй, хэлтсийн байранд их засвар хийх үед байхгүй болсон гэх хэргийн оролцогчдын тайлбараас өөр нотлогдох зүйл байхгүй байгаа боловч тухайн Улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод тэтгэвэр авагчдын хувийн хэрэг материалын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чиг үүргийг хариуцуулсан байгаа учраас  65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг, материал үрэгдүүлсэнийг ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргээ /тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэргийг хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангах/  гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн зөрчил гарсан гэж дүгнэхээр байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ/-т зааснаар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тэтгэвэр авагчдын хувийн хэрэг материал үрэгдсэн гэж үзсэн XXXX хэлтсийн даргын шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй болно.

М.Mгийн гаргасан зөрчлийг илрүүлж, түүнд сахилгын шийтгэл оногдуулсаныг буруутгах үндэслэл байхгүй ч XXXX хэлтсийн даргын 2017 оны  08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар ийнхүү сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 /Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарсанаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй/-т заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй байна.

Тэтгэврийн Улсын байцаагч М.Mгийн хариуцдаг тэтгэвэр авагч 65 иргэний тэтгэврийн хувийн хэргийн материал байхгүй болсон зөрчил хэзээ гарсан хугацааг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь нотолж чадахгүй байгаа бөгөөд шүүхээс шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан боловч хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөрчил гарсан хугацааг он, сар, өдрөөр нь нарийвчлан тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч М.M нь “2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 17 хоног их засварын ажил хийгдэх явцад архивын өрөөнөөс тэтгэврийн бүх хувийн хэргүүдийг хурлын зааланд зөөж оруулан...хурлын заалны ханаар хувийн хэргүүдийг тараан байрлуулж, замбараагүй байдал үүссэн...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тооллого явуулж, 65 хүний хувийн хэрэг алга болсоныг албан ёсоор мэдсэн”[8] гэж, хариуцагч Орхон аймгийн XXXX хэлтсийн дарга Б.Анар нь “Орхон аймгийн XXXX хэлтэс нь архивтаа 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн их засварын ажил эхлүүлж, 2016 оны  05 дугаар сарын 20-ны өдөр дуусгасан. Энэ хугацаанд архивын баримтууд, тэтгэвэр авагчдын хувийн хэргүүдийг хурлын танхимд байрлуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан. Энэ үед хурлын танхимын хаалганы 2 талаар хураалттай байсан тэтгэврийн Улсын байцаагч М.Mгийн хариуцдаг 3841 тэтгэвэр авагчдын хувийн хэргүүдээс 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг бүхий 4 хавтас архивын баримт алдагдсан зөрчил гарсан”[9] гэж тус тус тайлбарлажээ.

Үүнээс үзвэл уг зөрчил гарсан хугацааг он, сар, өдрөөр нарийвчлан тогтоох боломжгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “зөрчил гарсанаас хойш 6 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн” гэдгийг тогтоох боломжгүй байна. “Зөрчил гарсанаас хойш 6 сараас илүүгүй хугацаа өнгөрсөн” гэдгийг зөрчил гарсан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй байхыг ойлгох нь зүйтэй.

Харин тэтгэврийн Улсын байцаагч М.Mгийн хариуцдаг тэтгэвэр авагч 65 иргэний тэтгэврийн хувийн хэргийн материал байхгүй болсон зөрчлийг Орхон аймгийн XXXX хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд болох Үйлчилгээний тасгийн дарга, хяналт шалгалтын Улсын байцаагч нарын шалгалтаар илрүүлж тогтоосон байх тул зөрчил гарсанаас хойш уг зөрчлийг илрүүлээгүй 6 сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэл байхгүй, харин зөрчил хэзээ илэрсэн, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дугаар “Аян зохион байгуулах тухай” тушаалаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах  аян”-ны ажлын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэрэг материалыг шалгасан гэх бөгөөд энэ шалгалтын үеэр тэтгэвэр авагчдын хувийн хэргийг бүрэн тоолж дуусаагүй, тэтгэврийн хувийн хэрэг байхгүй болсон талаар албан ёсны тоо гараагүй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч М.Дын “Бид 3 сард тайлан явуулахад хувийн хэргийн тооллогоо хийж дуусаагүй байсан болохоор 3 сарын тайлангаа урьдчилаад бүгд бүрэн гэж явуулсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.  

Энэхүү аянаас хойш Орхон аймгийн XXXX хэлтсийн Үйлчилгээний тасгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлөвлөгөөт тооллого хийхэд М.Mгийн хариуцдаг тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэрэг, материал дутсан учраас тасгийн даргын зүгээс хяналт шалгалтын байцаагч нараар тооллого, шалгалт хийлгэх хүсэлт гаргасны дагуу Хяналт шалгалтын Улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй тооллого, шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийж гүйцэтгэхэд М.Mгийн хариуцдаг тэтгэврийн хувийн хэргээс 64 хувийн хэрэг тоологдоогүй болох нь Үйлчилгээний тасгийн дарга Д.Нын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Тэтгэврийн хувийн хэргийн тооллогын талаарх тайлбар”, Хяналт, шалгалтын Улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  “Хяналт шалгалтын байцаагч нарын тэтгэврийн хувийн хэрэг тоолсон тухай тайлан”[10] зэргээр тогтоогдож байна.

Мөн гэрчүүдийн “тэтгэврийн хувийн хэрэг байхгүй болсон гэдгийг 2017 оны 4 сард мэдсэн” гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд тэтгэврийн Улсын байцаагч М.Mгийн хариуцдаг тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэргийн материал алга болсон зөрчлийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх илрүүлсэн байх бөгөөд үүнээс хойш 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хяналтын байцаагч нарын тооллогын тайлангаар 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг байхгүй байгааг бүрэн тогтоож, нотолсон гэж дүгнэлээ.

Иймд тэтгэврийн Улсын байцаагч М.Mгийн тэтгэвэр авагчдын хувийн хэрэг материал үрэгдүүлсэн зөрчлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн илрүүлсэн гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар...өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар Орхон аймгийн XXXX хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга, хяналт, шалгалтын Улсын байцаагч нар нь уг зөрчлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн илрүүлсэн байх тул 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр буюу илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн хойно түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчжээ.

XXXX хэлтсийн даргын тайлбарт “...М.M 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэлтсийн даргад мэдэгдсэн, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хяналтын байцаагч, тасгийн даргаас албан ёсоор мэдэгдсэн” гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг зөрчлийг түүнийг шууд харъяалах дээд шатны албан тушаалтан болох Үйлчилгээний тасгийн дарга, хяналт шалгалтын байцаагч нар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө илрүүлсэн байна. Иймд зөрчил илрүүлсэн хугацааг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буюу хэлтсийн даргад мэдэгдсэн хугацаагаар тооцох үндэслэлгүй байна.

Хоёр. Өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөрчиж гарсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 11.6 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна/, Хөдөлмөрийн хуулийн 36.1.2 /ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох.../-т зааснаар М.Mг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус хэлтсийн тэтгэврийн Улсын байцаагчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: М.M нь Орхон аймгийн XXXX хэлтсийн тэтгэврийн Улсын байцаагчийн албан тушаалд сарын 677436 төгрөгийн үндсэн, 233959 төгрөгийн нэмэгдэл, нийт 912000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тус хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр ирүүлсэн цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11.6 /Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна/, 28 дугаар зүйлийн 28.2.2 /төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс/, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1/ Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...-ыг олгоно/-д зааснаар М.Mгийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4257973 /2017 оны 9 дүгээр сард ажлын 15 хоног-651428 төгрөг, 10, 11, 12 дугаар сард-912000х3=2736000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард ажлын 21 хоног-870545 төгрөг/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн XXXX хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 106.4, 106.5 дахь заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтуудыг  баримтлан Орхон аймгийн XXXX хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, М.M-г тус хэлтсийн тэтгэврийн Улсын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг баримтлан М.Mгийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4257973 /дөрвөн сая, хоёр зуун тавин долоон мянга, есөн зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн XXXX хэлтэс /Б.А/-т даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.M-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн XXXX хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ