| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/1046/Э |
| Дугаар | 1071 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1071
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,
улсын яллагч Р.Э,
хохирогч Г.С,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0347 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц.Ц, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 8, хүү, бэр, ач, зээ нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УС00000000.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.Ц нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүүгийнхээ хамтран амьдрагч Г.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн бугалга, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр талын бугалга, баруун мөрөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “..2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С-н хамаатны хүн хуримаа хийгээд Б С хоёр хуриманд явсан. Тэгээд С хуримнаас шөнө ирэхдээ маш их ууртай ирсэн. Тэгээд уур нь гараагүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гадна тоглож байсан ой хүрээгүй хүүхдийнхээ суганаас нь татаж босгоод гэр гэрт орж ирээд надтай хэрүүл хийсэн. Тухайн үед би С-н хүүхдийг хардаг байсан. Тухайн үед би гэртээ хоолоо хийх гээд хүүхдийг нь Г-д харуулаад гадаа тоглуулж байсан. Гэтэл С гаднаас орж ирээд хүүхдээ асуухаар нь охин гаднаа байгаа би хоол ундаа хийхгүй болохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл С нь уурлаж гэрээс гарахдаа хаалга саваад гарсан...тэгээд би цонхон дээрээс С-н гаргасан үйлдлийг хараад зогсож байсан. Тэгээд С-г гэрт орж ирэхээр нь би “С-д хандаж чи яагаад жаахан хүүхдийн гар хөлнөөс нь татаад хүчирхийлэл хийгээд байгаа” юм гэж хэлсэн. Тэгсэн чинь С нь надтай учиргүй хэрэлдээд над руу дайраад байсан. ...тухайн үед С нь хутга гаргахаар нь би айгаад цагдаагийн байгууллагад хандсан. С нь мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байна. С-г би гурлын ганжин модоор цохисон зүйл байхгүй. Тухайн өдөр хутга гаргасан талаар ямар нэгэн шалгасан зүйл байна...Миний хувьд С-г зодож цохисон зүйл байхгүй...” гэв.
2. Хохирогч Г.С мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад хамтран амьдрагч Б-ний Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоот гэртээ очсон юм. Тэгэхэд гэрт хадам ээж байсан ба манай ой гарантай хүүхэд гэрт байхгүй болохоор нь би хадам ээжээс асуухад гадаа тоглож байгаа гэсэн. Тэгэхээр нь би санаа зовоод цүнхээ гутлын тавиур дээр тавиад гадаа гарч хүүхдээ хөхүүлчихээд гэртээ ороод ирсэн чинь хадам ээж Ц нь учиргүй гурил элддэг бөөрөнхий модоор цохисон. Мөн миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь ээж яаж байгаа юм бэ гэхэд “хадам ээж чи хүүхэд чирлээ” ааштай авгай, худлаа ярьдаг гичий минь, манай хүүхдээс мөнгө төгрөг авдаг гэж хэлсэн. Манай нөхөр надад мөнгө төгрөг өгөөд байх боломжгүй байдаггүй, манай хадам ээж нь намайг зөндөө олон удаа хэл амаар доромжилж байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад хамтран амьдрагч Б-ний Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоот гэртээ очсон юм. Тэгэхэд гэрт хадам ээж байсан ба манай ой гарантай хүүхэд гэрт байхгүй болохоор нь би хадам ээжээс асуухад гадаа тоглож байгаа гэсэн. Тэгэхээр нь би санаа зовоод цүнхээ гутлын тавиур дээр өлгөөд буцаад гэрээс гараад гадаа тоглоомын талбай дээр тоглож байсан охин дээрээ очоод мөөмөө хөхүүлээд гадаа сууж байгаад буцаад гэртээ ороход хадам ээж Ц “чи наад хүүхдээ газар сууж байхад нь чирээд сандал дээр сууж байгаа харагдлаа, чи хүүхэд зодлоо” гээд намайг загнаад миний толгой руу хуруугаараа хэд хэдэн удаа чичлээд миний зүүн гарын тохойны хэсэг, баруун гарын бугалгын булчин зэрэг газруудад гурил элддэг бөөрөнхий модоор тус бүр нэг удаа цохиод, зүүн мөрний хэсэгт гараараа чимхээд “янхан, гичий зайл” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би хүүхдээ тэврээд нөгөө өрөө рүүгээ орсон. Тэгтэл хадам ээж миний араас орж ирээд надтай хэрүүл хийгээд “гичий минь манай гэрээс зайл, миний хүүхдийн мөнгө төгрөгийг чи авдаг янхан” энэ тэр гээд хамаг муухай үгээр хэлж намайг дарамталж зогсож байгаад утсаа аваад цагдаа дуудлаа гэж хэлээд цагдаад “манай бэр намайг зодлоо, цавь руу өшиглөчихлөө” гээд дуудлага өгсөн. Тэгтэл манай нөхөр ирээд бид хоёр маргалдсан байдалтай байж байхад “юу болоод байгаа юм, яагаад хэрүүл хийгээд байгаа юм, намайг битгий хэрүүлдээ хутгаад байгаарай” гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр үүдний өрөөнд байж байсан ба ээж гал тогооны өрөөнөөс гартаа гурилын мод барьчихсан гарч ирээд миний зүүн талын гарын хэсэг рүү 2-3 удаа цохиод авахад нөхөр дундуур ороод хадам ээжээс намайг холдуулаад бид хоёр жижиг өрөө рүү ороход манай хадам “цагдаа ирэх хүртэл гаргахгүй” гээд хаалга түгжиж байсан. Тэгтэл удалгүй цагдаа ирээд “эрүүл хүмүүсийн асуудлыг шийдэхгүй, хорооны цагдаадаа өргөдөл өг” гэж хэлээд явсан. Цагдаа явсны дараагаар хадам ээж намайг “зайл” гээд хөөгөөд байхаар нь би гэрээс гараад явсан. Хадам ээж намайг зодсны дараагаар миний зүүн тохой хөхөрч хавдсан, баруун мөрний хэсэг хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүл үеэр байсан санагдаж байна. Яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Би ажил дээрээ байж байхад 17 цаг өнгөрч байх үед манай эхнэр Г.С над руу залгаад “ээж чинь намайг зодоод байна, хурдан хүрээд ир” гэхээр нь би С-с “юу болсон юм, яасан юм” гэж асуухад эхнэр урдаас учиргүй уйлаад байхаар нь би утсаа салгаад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоот гэртээ ирэхэд манай эхнэр гэрийн үүдний өрөөнд цүнхтэй хувцсаа бариад, хүүхдээ тэвэрсэн уйлчихсан зогсож байсан. Тэр үед ээж гал тогооны өрөөнд байж байсан бөгөөд ээж маань эхнэр лүү “чи дандаа ингэж хэрүүл гаргадаг” гэхэд урдаас нь эхнэр маань ээж рүү “юу гэж би хэрүүл гаргахав дээ, та л сонин ааш гаргаад байдаг биз дээ” гээд хэрэлдээд байсан. Тэгтэл ээж гал тогооны өрөөнөөс гартаа гурилын мод барьчихсан гарч ирээд эхнэрийн зүүн талын гарынх нь хэсэг рүү гурилын модоор хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод эхнэрийгээ ээжээс холдуулаад жижиг өрөө рүү дагуулж ороод “юу болсон юм бэ” гэж эхнэрээс асуухад эхнэр “ажлаас хүрээд ирсэн чинь охин гэрт байхгүй, гадаа тоглож байхаар нь буцаж гараад охиныгоо дагуулаад ороод ирэхэд ээж намайг хоёр удаа цохиж аваад маргаан эхэлсэн” гэж хэлсэн. Тэгтэл гаднаас цагдаа орж ирээд юу болсон талаар асуугаад “гомдол санал байвал хорооны цагдаад хандаарай, согтуу хүн байхгүй учир би авч явахгүй үлдээлээ” гэж хэлээд явсан. Яг цагдаа манай гэрээс гарах гэж байхад гаднаас манай төрсөн эгчийн охин Гоомарал гаднаас орж ирсэн. Түүний дараагаар эхнэр “би ер нь явлаа, ингэж доромжлуулж байж чадахгүй” гэж хэлээд гараад явсан. Мөн манай эхнэр, ээж 2 урьд өмнө нь хоорондоо зодолдож байсан удаа байхгүй. Харин ээж маань эхнэрийг загнаж байсан удаа бол хэд хэд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .. дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун мөрний гадна хэсэгт 3,5х1,5см, бугалгын гадна дээд хэсэгт 1,5х1,0см, зүүн бугалгын урд дунд хэсэгт 1,5х1,0см, гадна доод хэсэг ба тохойд 5,5х3,5см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн бугалга, тохойн хэсгийн цус хуралт нь хавдсан, эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. Г.С-н биед зүүн бугалга, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр талын бугалга, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61)
4. Шүүгдэгч Ц.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоот гэртээ хүү Б, түүний хамтран амьдрагч Г.С, ач, зээ нарын хамтаар амьдардаг. С, Б хоёрын дундаас 2018 онд нэг хүүхэд гарсан юм. Гэхдээ С, Б хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй боловч 4 жил хамтран амьдарч байна. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед би гэртээ ганцаараа байж байхад гаднаас бэр С орж ирээд шууд “охин хаана байгаа юм” гэж асуухаар нь С-н 1 нас гарантай охин Д-г, манай 12 настай зээ охин Г байрны гадна авч гараад гадаа тоглож байсан болохоор би С-д “охин чинь гадаа байгаа” гэж хэлэхэд С гараад явсан. Тэгэхээр нь би байрныхаа тагтан дээр гараад харж байхад С байрны гадаа элсэн дээр тоглоод сууж байсан хүүхдээ нэг гараас нь татаж босгоод гэртээ аваад ороод ирэхээр нь би С-д уур хүрээд баруун мөрнийх нь хэсэг рүү гараараа нэг удаа түлхээд “чи жаахан хүүхдийг яасан хүчтэй татдаг юм, гар хөлийг нь хугалчихвал яах юм” гэж хэлэхэд С урдаас уур нь хүрсэн байртай “яадаг юм авгай минь, чамд ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь би С-н духных нь хэсэг рүү гараараа нэг удаа түлхэхэд С нөхөр рүүгээ утсаар “ээж чинь намайг алх гээд байна, чи хүрээд ир” гээд бас хамаатныхаа О гээд нэг эгч рүүгээ “манай хадам ээж намайг алх гэж байна” гээд яриад үүдний өрөөнд байж байгаад жижиг өрөө рүү яваад орохоор нь би араас нь өрөө рүү явж ороод “чи арай хэтэрч байгаа юм биш үү, 2, 3 хоногийн өмнө буюу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нөхөртэйгөө найранд явж гэртээ ирчхээд согтуу нөхрийнхөө дээр нь гарчихсан, хоолойг нь боосон байдалтай байж байсан биз дээ, муу ч гэсэн нөхөр чинь юм байгаа биз дээ, нөхрийнхөө толгойд нь хүрнэ гэдэг чинь болохгүй асуудал шүү дээ, чамайг ална шүү” гэж хэлэхэд С уурлаад өрөөнөөсөө гарч яваад гал тогооны өрөө рүү явж ороод, нэг хар иштэй хутга бариад буцаж жижиг өрөө рүүгээ орж ирээд “одоо намайг алаадах” гээд хутгаа надад өгөх гээд над руу дайраад хөлөөрөө миний давсаг руу нэг удаа өшиглөхөөр нь би айгаад утсаараа 102-д “манай бэр намайг зодоод байна” гэж дуудлага өгөөд, С-н гарт нь байсан хутгыг нь аваад гал тогооны өрөөний шүүгээний доод тал руу хийсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд “хэсгийн байцаагчдаа өргөдөл гаргаж өгөөрэй” гэж хэлээд явсан. Удалгүй араас хүү Б-н орж ирээд “та хоёр яагаад маргалдсан юм бэ?, яасан сонин хүмүүс вэ?, хэнийх нь буруу юм бэ?” гэж асуугаад байж байхад С уурлаад “би ах, дүү нараа дагуулж ирнэ, чи байж байгаарай” гэж надад хэлээд гэрээс гараад явсан ба тэр өдөр С буцаж ирээгүй...С миний бие рүү хутгаараа хатгаж, гэмтэл учруулсан зүйл байхгүй ээ. Харин миний давсаг руу нэг удаа өшиглөсөн ба би хувийн эмнэлэгт 35.000 төгрөгөөр үзүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй байна гэсэн. Мөн би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би С-с эмчилгээний зардал болох 43.000 төгрөгийг нэхэмжилнэ. Гэхдээ одоо надад 35,000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсний баримт нь байхгүй байна. Миний үзүүлсэн хувийн эмнэлэг надад баримтыг нь хийгээд өгчих байх...Би С-тай маргалдаж байх явцдаа хоол хийж байсан болохоор гартаа гурилын мод барьсан байсан ба гэхдээ С-г гурилын модоор цохиогүй. Бас би С-г чимхээгүй. Би С-н нэг мөр рүү нь гараараа нэг удаа түлхсэн. Бас духны хэсэг рүү нь гараараа нэг удаа түлхсэн. Өөр ямар нэг үйлдэл байхгүй...С хутга бариад “одоо намайг алаадах” гээд над руу дайрч байхдаа бас намайг нэг заамдаж авсан. Харин би С-г зөрүүлж заамдаагүй. Мөн С хутганыхаа үзүүрийг миний нүүр лүү чиглүүлээд байсан. С миний баруун мөр болон зүүн шуу зэрэг газруудад гараараа цохисон, чимхсэн зүйл байхгүй ээ. Миний баруун мөр, зүүн шуу зэрэг газруудад яагаад цус хуралт гэмтэл учирсан болохыг би сайн мэдэхгүй байна...Би С, Б хоёрыг хоорондоо зодолдож байсныг нь харж байгаагүй ээ. Гэхдээ хааяа хааяа маргалдах асуудал байдаг. Ер нь С байнга манай хүүг баар саваар яваад байна, өөр хүүхэнтэй унтаж хэвтээд яваад байна гэж байнга хүүг маань дарамталдаг. Мөн С бид хоёр 7, 8 удаа хэрэлдэж байсан. Бас С анх төрчхөөд удаагүй 20 гаран хоногийн дараагаар Увс руугаа хүүхдээ аваад яваад өгч байсан. Манай хүү хүүхдээ санаад сэтгэл санаагаар унаад, тэр үед хэцүү байсан ба тухайн үедээ хүү маань араас нь очиж эхнэр хүүхдээ авчирч байсан. Мөн С-н хүүхэд нь төрөлхийн тархины даралттай ба хүүхэд нь жаахан ханиад хүрэхээр л нөхөр лүүгээ “чи хүүхдийг ханиад хүргэчихлээ” гээд уурлаад байдаг. Мөн нөхөртэйгөө хааяа хааяа жижиг асуудлаас болж маргалдахаараа юм л бол хүүхдээ аваад манайхаас яваад өгдөг. Тэгэхээр нь нөхөр нь сэтгэл санаагаар унаад хэцүү байдаг ба араас нь явж өөрөө дагуулж ирдэг. Бас С одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй яваад байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49),
5. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, (хавтаст хэргийн 25-28), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 20-22),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 81), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 80, 82) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Ц нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотод гэртээ, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн хүү Б.Б-н хамтран амьдрагч Г.С-н эрүүл мэндэд халдаж түүний биед “зүүн бугалга, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр талын бугалга, баруун мөрөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад ...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоот гэртээ ирсэн. Тэгэхэд гэрт хадам ээж байсан ба манай ой гарантай хүүхэд гэрт байхгүй болохоор нь би хадам ээжээс асуухад гадаа тоглож байгаа гэсэн. Тэгэхээр нь би санаа зовоод цүнхээ гутлын тавиур дээр өлгөөд буцаад гэрээс гараад гадаа тоглоомын талбай дээр тоглож байсан охин дээрээ очоод мөөмөө хөхүүлээд гадаа сууж байгаад буцаад гэртээ ороход хадам ээж Ц “чи наад хүүхдээ газар сууж байхад нь чирээд сандал дээр сууж байгаа харагдлаа, чи хүүхэд зодлоо” гээд намайг загнаад ...хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. ...манай нөхөр ирээд бид хоёр маргалдсан байдалтай байж байхад “юу болоод байгаа юм, яагаад хэрүүл хийгээд байгаа юм, намайг битгий хэрүүлдээ хутгаад байгаарай” гэж хэлсэн. Тэр үед нөхөр бид хоёр үүдний өрөөнд байж байсан ба ээж гал тогооны өрөөнөөс гартаа гурилын мод барьчихсан гарч ирээд миний зүүн талын гарын хэсэг рүү 2-3 удаа цохиод авахад нөхөр дундуур ороод хадам ээжээс намайг холдуулсан. ...Хадам ээж намайг зодсоны дараагаар миний зүүн тохой хөхөрч хавдсан, баруун мөрний хэсэг хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),
- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Г.С над руу залгаад “ээж чинь намайг зодоод байна, хурдан хүрээд ир” гэхээр нь би С-с “юу болсон юм, яасан юм” гэж асуухад эхнэр урдаас учиргүй уйлаад байсан. ...Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоот гэртээ ирэхэд манай эхнэр гэрийн үүдний өрөөнд цүнхтэй хувцсаа бариад, хүүхдээ тэвэрсэн уйлчихсан зогсож байсан. Тэр үед ээж гал тогооны өрөөнд байж байсан бөгөөд ээж маань ...гал тогооны өрөөнөөс гартаа гурилын мод барьчихсан гарч ирээд эхнэрийн зүүн талын гарынх нь хэсэг рүү гурилын модоор хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод эхнэрийгээ ээжээс холдуулаад жижиг өрөө рүү дагуулж ороод “юу болсон юм бэ” гэж эхнэрээс асуухад эхнэр “ажлаас хүрээд ирсэн чинь охин гэрт байхгүй, гадаа тоглож байхаар нь буцаж гараад охиныгоо дагуулаад ороод ирэхэд ээж намайг хоёр удаа цохиж аваад маргаан эхэлсэн” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт “...1. Г.С-н биед зүүн бугалга, тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр талын бугалга, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Ц нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.С-н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.Ц, хохирогч Г.С нар нь хадам ээж, бэр болох нь тэдний мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох гэр бүлийн гишүүд гэх шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Ц.Ц-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.С нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ц.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Ц нь гэм буруу дээр маргаж цохиогүй гэх агуулга бүхий мэдүүлгийг гаргах боловч түүний мэдүүлэг нь гэрч Б.Б-ний мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч гэрч Б.Б-с мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Ц-н хувийн байдал буюу 62 настайг үндэслэн улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй хэдий боловч Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг...тавин таваас дээш насны эмэгтэй ...хүнд оногдуулахгүй.” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Ц.Ц-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0347 0000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Ц-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ