Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

            улсын яллагч М.Очбадрах,

   шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт А-ын М-д холбогдох эрүүгийн 2002000150000 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шаавай овгийн А-ын М-, регистрийн дугаар;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 00 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 79,1321 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 0,2076 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч А.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 79,1321 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 0,2076 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

1.Шүүгдэгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ган-Эрдэний үлдээсэн бодисыг гэртээ хадгалж байтал хар тамхитай тэмцэх газраас ирж хурааж авсан. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  

2. А.М-биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД-1 /хх-ийн 3-5, 19 тал/,

3. А.М-биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 9-10 тал/,

4. А.М-оршин суух Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, нэгжлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД //хх-ийн 13-19 тал/,

5. Гэрч С.Цэлмэгмөрөнгийн: "...машинаа хашааных нь үүдэнд тавьчхаад гудамжны үзүүрийн дэлгүүр лүү М-тэй хамт орсон. Тэгтэл энгийн хувцастай 2 цагдаа араас дэлгүүр лүү орж ирээд амрыг эрье гээд М- бид хоёрыг Хар тамхитай тэмцэх газар луу аваад явсан. Би тухайн үед М-биед шавар гэх бодис байсныг огт мэдээгүй ээ. Цагдаа дээр ирээд л мэдсэн....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-68 тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 535 дугаартай: “”...Шинжилгээнд ирүүлсэн “М- 2020.01.09” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 36-38 тал /,

7. ШШҮХ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 536 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай цэвэр жин 4,9806г өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан соруултай Вояаж цэвэр усны хуванцар сав, дотор хэсэгтээ бохирлогдсон хуйлсан соруул мэт зүйл, “3” гэж дугаарласан варианы шилтэй 31 г цэвэр жинтэй өвс, “4” гэж дугаарласан Sprite ундааны хуванцар сав доторх 35г цэвэр жинтэй өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан улаан өнгийн алчууранд наалдсан 0,3658г цэвэр жинтэй наалдсан өвс мэт зүйл, “6” гэж дугаарласан 7,7857г цэвэр жин өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан 2 литрийн Соса-Соlа ундааны сав /дотроо өвсний үүрмэгтэй/, гялгар ууттай “9” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон төмөр хямсаа болон хавчаар тус бүрд, гялгар уутанд “10” гэж дугаарласан дугуйлж тогоо мэт болгосон мөнгөлөг цаас 2 ширхэг /дотор тал нь хар үнстэй/, хамгийн сайн асаагуур бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур, хуйлсан байдалтай А00957048 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн асаагуурт наалдсан байсан гэх гялгар ууттай 0,2076г цэвэр жинтэй “шавар” мэт зүйл тус тус дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Олон тооны түлэгдсэн оромтой хуйлсан байдалтай мөнгөлөг цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй,

8. Дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 42-52 тал /,

  1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 67 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,

10. Яллагдагч А.М-ий: “...Цагдаагийн алба хаагчид ирж нэгжлэг хийхэд дээрх эд зүйлсийг би өөрөө сайн дураараа гаргаж өгсөн юм. Тэгээд Ганаагийн нэг хуурай ах нь ирж авна гэсэн боловч ирээгүй ээ. ...Би Ган-Эрдэнэ гэдгээс өөр зүйл мэдэхгүй ээ. Гэрийг нь яг сайн зааж өгч мэдэхгүй ээ. ...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ганаагийн үлдээсэн “шавар” гэх бодисноос хэрэглэсэн юм. ...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганааг хамгаалж түүсэн гэж худал мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 63 тал/, бусад /хх-ийн 64-70 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, хадгалж байсан өвс болон шавар гэх бодисыг түүнийг найзын ах Ган-Эрдэнэ гэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргахгүй гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гэм буруугаа түүний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар  оролцоно гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “С-” конвенцийн жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч А.М-ийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис өвс, шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч А.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч А.М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...Би хорих ял эдэлмээргүй байна. Надад тэнсэн харгалзах ял оноож өгөөч, хүмүүжиж өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...Энэ хүүхдийн ирээдүйг бодож олон жилээр ч хамаагүй тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Энэ өсвөр насны хүүхэд өөрийн хийсэн хэргээс сургамж авч гэм буруугаа ойлгосон тул хүүхдийг 1 удаа хорих ялаар шийтгэхгүй байхыг хүсэж байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн,  шүүхээс шүүгдэгч А.М-д итгэл хүлээлгэн, түүний үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, түүний ар гэрийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэж байна.

 

Шүүгдэгч А.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, хураагдсан 1ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хураагдсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг “Монголбанк”-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

       

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шаавай овогт А-ын М-ийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “С-” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис, шавар мэт зүйлийг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөхний ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч А.М-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг А.М-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан “...“1” гэж дугаарласан гялгар ууттай цэвэр жин 4,9806г өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан соруултай Вояаж цэвэр усны хуванцар сав, дотор хэсэгтээ бохирлогдсон хуйлсан соруул мэт зүйл, “3” гэж дугаарласан варианы шилтэй 31г цэвэр жинтэй өвс, “4” гэж дугаарласан Sprite ундааны хуванцар сав доторх 35г цэвэр жинтэй өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан улаан өнгийн алчууранд наалдсан 0,3658г цэвэр жинтэй наалдсан өвс мэт зүйл, “6” гэж дугаарласан 7,7857г цэвэр жин өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан 2 литрийн Coca-Cola ундааны сав /дотроо өвсний үүрмэгтэй/, гялгар ууттай “9” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон төмөр хямсаа болон хавчаар тус бүрд, гялгар уутанд “10” гэж дугаарласан дугуйлж тогоо мэт болгосон мөнгөлөг цаас 2 ширхэг /дотор тал нь хар үнстэй/, хамгийн сайн асаагуур бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуурт наалдсан байсан гэх гялгар ууттай 0,2076г цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис...”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хураагдсан  АО0957048 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг “Монголбанк”-д хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ