Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

 

2020          06            09                                           2020/ДШМ/751                           

 

 

А.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

            шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Тэнгис,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох 2002000150034 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн А-ын М, Улаанбаатар хотод 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график, дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн Нарангийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

А.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 79,1321 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг, мөн биедээ уг ургамлыг боловсруулан гаргаж авсан “шавар” гэх нэршилтэй 0,2076 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн /шийтгэх тогтоолд бичигдсэнээр/ 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бодис, эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, АО0957048 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.М-д авсан цагдан хорих /шийтгэх тогтоолд бичигдсэнээр/ таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Насанбат бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “... 1. Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой үнэлж, дүгнэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь ... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус хуульчилсан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын Үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагавар, нийтлэг эрх ашгийг харгалзах учиртай. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, орхигдуулсан, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. А.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад тогтоолын 7 дахь заалтад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ...” гэж тус тус алдаатай бичжээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг баримтлан дараах нөхцөл байдлуудыг тал бүрээс нь судлан үзэж шийдвэрээ гаргасан.

Шүүгдэгч А.М- яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Урьд ял шийтгүүлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болсон. Харин хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч би Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал гаргахад улсын яллагч “Тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй” гэж шүүх хуралдаанд хэлсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-д хадгалсан үйлдэлд нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гаргасан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан үзсэн шийдвэр тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд А.М- нь ургамлыг боловсруулан шавар гэх бодис болгосон байдаг” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргасныг дээд шатны прокурор “... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй ...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаас үзэхэд тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхийг шаардаагүй мэт боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмын үүднээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх асуудал мөн.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Анхан шатны шүүх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуулийн зүйл, хэсэг болон шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг буруу, ташаа бичсэнээс гадна яллах дүгнэлтэд заагаагүй гэмт хэргийн шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зэрэг мэргэжлийн бус хайнга, хариуцлагагүй, бүдүүлэг алдаа гаргасныг цаашид онцгой анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ           

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН