Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0291

 

 

 

  Ч.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ч.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагч Г.Х нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Ө-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ө-ын Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Ө-г ажлаас чөлөөлөх тухай” Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажилд буюу Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 08 дугаар сарын 31-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ө давж заалдах гомдолдоо: Ч.Ө миний бие тус шүүхэд Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажил болох Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Миний ажлын чиг үүргийг гурав хуваасан байдаг. Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод дэлгэрэнгүй оруулсан байдаг тул энэ орон тоонд мөн орох боломжтой гэж үзэж байна.

Шүүхээс Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас батлаагүй байсан гэх дүгнэлтийг хийжээ. Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар албан бичгээр тус байгууллагын бүтэц орон тоог батлуулах саналыг хүргүүлсэн байдаг. Уг бүтэц орон тоо батлах тухай саналд Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажлын орон тоог батлуулахаар хүргүүлсэн байдаг бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаалыг гаргасан Т.Б нь шүүхэд мэдүүлэхдээ Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар албан бичгийг үндэслэн баталсан, өөрөөр хэлбэл аймгаас бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн баталсан гэсэн тайлбар, мэдүүлгийг өгсөн байна.

Үүнээс үзэхэд миний ажлын гол чиг үүргийг агуулсан ажлын орон тоо болох Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний орон энэ байгууллагад батлагдсан хэвээр байна. Түүнчлэн хариуцагч Г.Х нь шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Тамгын газрын даргын баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь өөрөө тухайн ажлын орон тоо байгааг илтгэж байна гэж үзэхээр байна.

Дээрх байдалтай холбогдуулан нэхэмжлэгч миний зүгээс Дундговь аймгийн Хөдөлмөр, халамийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 254 дүгээр албан бичгүүдийг нотлох баримтаар гаргаж өгчсөн, хүсэлт гаргаж Т.Б, С.Н нарыг гэрчээр асуулгасан боловч шүүхээс энэхүү баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талын гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн хэдий ч шүүхээс эдгээр баримтуудад огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн талуудын гаргаж өгсөн баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж зааснаар тухайн баримтуудыг тодруулах ажиллагааг хийлгүй зөвхөн хариуцагч талын байр суурь, тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүхээс хариуцагч сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн С.Г, Ө.Т нарыг албан тушаалд томилогдоход нэхэмжлэгч нь уг албан тушаалуудтай холбогдуулан маргаан үүсгээгүй гэж дүгнэжээ. Ө.Т, С.Г нарыг томилсон гэх тайлбар, нолох баримтыг хариуцагч ирүүлдэг ч хэрэгт эдгээр хүмүүсийг хэрхэн, ямар зарчмаар шалгаруулж томилсон нь тодорхойгүй, хангалттай баримтыг ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгч миний ажил албан тушаалыг хариуцсан ажилладаг Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Н шалгаруулалт явуулаагүй талаар мэдүүлдэг. Үүнээс гадна хариуцагч нь хэнийг ямар албан тушаалд томилж байгааг нийт албан хаагчдад танилцуулдаггүй. Ө.Т, С.Г нарыг хэзээ, ямар албан тушаалд томилогдсон эсэхийг ч мэдээгүй учир маргаан үүсгэх боломжоор хангагдаагүй. Мөн сум хариуцаж байгаад 2018 оны 10 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт “Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон. Миний хагас ажиллаж байгаад ирсэн Өлзийт сум хариуцсан мэргэжилтний “Үр дүнгийн гэрээний хэрэгжилт”-г энэ гомдолд ямар ч хамаагүй баримтыг ирүүлсэн боловч 2018 оны Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг ирүүлээгүй байдаг.

Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтни урьд эрхэлж байсан чиг үүргийг ажил тусгагдсан гэж үзэх боломжгүй байна гэж үзсэн байна. Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүргийг нь үндсэндээ Халамжийн сан, сангийн олголт хариуцсан мэргэжилтэн болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод хоёр хуваагдсан байна гэж үзжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж хариуцсан мэргэжилтэний албан тушаалын тодорхойлолтод байгаа зорит хоёроос бусад бүх ажил миний ажлын чиг үүргийн дагуу ажлыг товчлон оруулсан байдаг. Хариуцагч тал сонсох ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан гэх худал тайлбар өгсөн.

Иймд шүүхийн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ч.Ө Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажил буюу Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Анх Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаар тушаалаар Ч.Ө-ыг Өлзийт сум хариуцсан мэргэжилтнээр түр томилон ажиллуулж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Өлзийт сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлаас нь чөлөөлж, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. Улмаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/53 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэж Ч.Ө-ыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/40 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар баталж өгсөн. Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний 2018 оны ажлын байрны тодорхойлолт нь “Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолт, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолт, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт зэргийг харьцуулбал, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан зарим чиг үүргийг бусад албан тушаалын чиг үүрэгтэй давхцуулан нэрлэн заажээ. 

Гэтэл анхан шатны шүүхээс Ч.Ө-ын урьд эрхэлж, гүйцэтгэж байсан Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг нь Халамжийн сан, сангийн олголт хариуцсан болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод хоёр хуваасан гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийн эрхэлж байсан “албан тушаал, орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Ч.Ө-с маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...бодит байдал дээр миний чиг үүргийн ажлын орон тоо нь хэвээрээ байгаа, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажлыг, үндсэн ажилтайгаа хавсарган гүйцэтгэдэг буюу халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд багтдаг, миний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий ажлын байр хадгалагдан үлдсэн, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулалгүй ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан албан тушаалд Ч.Ө-ын хийж байсан ямар ч ажил байхгүй, шинэ албан тушаалын зорилго, зорилт хоёрын асуудлууд Ч.Ө-ын өмнөх ажилтай ямар ч хамааралгүй, Ө.Т, С.Г нарын албан тушаалын тодорхойлолтод бүх ажил нь хуваагдаж тусгагдсан...” гэх үндэслэлээр маргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс “...шинээр бий болсон мэргэжилтний албан тушаалуудтай холбогдуулан маргаан үүсгээгүй нь ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэх байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай нотлох баримтыг анхан шатны шүүхээс цуглуулсан атлаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зөрүүтэй байхад энэ талаар дүгнэлт өгөөгүй нь буруу байна. Иймээс Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нэг талаас нэхэмжлэгчийн субъектив эрхийг, нөгөө талаас нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд хэргийн нөхцөл байдлыг бодитой бүрэн дүүрэн, тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, С.Г, Ө.Т нар ямар журмаар, ямар сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан мэргэжилтэн, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус томилогдсон нь тодорхойгүй учир энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа “...урьд эрхэлж байсан чиг үүргийн ажилд буюу Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох...” шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...өмнө эрхэлж байсан ажил үүргийн орон тоо нь хэвээрээ байгаа, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажлыг, үндсэн ажилтайгаа хавсарган гүйцэтгэдэг буюу халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд багтдаг, миний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий ажлын байр хадгалагдан үлдсэн...” гэж маргаж, ажлын байрны шаардлага хангахгүй болсон зэрэг үндэслэлээр төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэгчээс үзсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байж хэргийг шийдвэрлэх нь зүйд нийцэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг...үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулж, холбогдох ажиллагааг хийж, нотлох баримтыг дахин шинэчлэн судалж шийдвэр гаргах боломжтой байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН