Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 117/ШШ2021/0050

 

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 117/ШШ2021/0050

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн С сумын -р баг -р байр  тоотод оршин суух Ч овгийн Чийн Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Хий газрын дарга Г.Хд хариуцагдах ,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Хий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажил буюу Н ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч Т.Д хариуцагч Г.Х, нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дундговь аймгийн Хий хэлтсийн даргын 2012 оны 8 сарын 30-ны өдрийн 95 тоот тушаалаар тус хэлтсийн Өлзийт сум хариуцсан мэргэжилтнээр томилогдсон билээ. Түүнээс хойш тус сумандаа тасралтгүй ажиллаж байгаад Хын даргын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн б/54 тоот тушаалаар тус газарт халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч билээ. Гэтэл тус газрын дарга Г.Х нь 2020 оны 8 сарын 31-ний өдөр Б/53 тоот тушаал гаргаж, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр намайг тус газрын даргын 2020 оны 8 сарын 31-ний өдрийн Б/53 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд байна. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 06/1839 тоот албан бичгээр 347 дугаартай тогтоол болон гомдлын хариуг ирүүлсэн.

Бодит байдал дээр миний чиг үүргийн ажлын орон тоо нь хэвээрээ байгаа бөгөөд газрын дарга 2020 оны 2 сарын 20-ны өдөр ерөнхий газар руу бүтэц орон тооны саналыг хүргүүлэхдээ Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоог Халамжийн сангийн орон тоотой нэгтгэн, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөн явуулсныг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40 тоот албан бичгээр уг саналыг баталж ирүүлэхдээ Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн болгон өөрчлөн баталж ирүүлсэн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40 тоот албан бичгээр байгууллагын бүтэц, орон тоог баталж ирүүлснээс хойш миний бие Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээ хийж байсан бөгөөд 2020 оны 7 сарын 2-ны өдөр газрын дарга Г.Х өрөөндөө дуудаж таны ажлын орон тоо байхгүй болсон, та өрөөнөөс гарч бай гээд нийгмийн халамжийн хэлтсийн мэргэжилтнүүдээ авч үлдээд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталсан. 2020 оны 7 сарын 9-ний өдөр сумдад явж ажиллах, эсвэл 3 сарын тэтгэмж аваад ажлаасаа чөлөөлөгд гэсэн мэдэгдлийг өгсөн. Би даргын зүгээс өгсөн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хариу өгөөгүй. Түүнээс хойш ажлаа хийж байтал 2020 оны 8 сарын 31-ний өдөр тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 сарын 31-ний өдөр Б/53 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40 тоот албан бичгийн хавсралтанд Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний орон тоог баталж ирүүлснийг Дундговь аймгийн Х газраас авсан. Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уг А/40 тоот тушаалыг авахад дээрх Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний орон тоог хассан хавсралттай тушаалыг өгсөн. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажлыг миний бие үндсэн ажилтайгаа хавсран гүйцэтгэдэг буюу Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд багтдаг ажил юм. Ингэж тушаалын хавсралтыг өөрчлөн санаатайгаар намайг ямар нэгэн аргаар ажлын байргүй үлдээж, ажлаас чөлөөлөх арга хэрэглэсэн байдал харагдаж байна. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 3 сарын 3-ны өдрийн А/40 дүгээр тушаалын 7 дугаар хавсралт /Дундговь аймгийн Х газрын бүтэц орон тоо/-аар Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог баталж өгсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасанчлан миний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий ажлын байр хадгалагдаж үлдсэн байх атал тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалгүй, тухайн албан тушаалд шалгаруулалт явуулалгүй ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймээс Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өчигдөр хийсэн үзлэгтэй холбогдуулаад ажлын байрны тодорхойлолтын хугацааны хувьд маргалдах зүйл байхгүй. Өмнөх хурал дээрх тайлбараа дэмжиж байна. Би 2018 оноос 2020 оны 8 дугаар сарын сүүл хүртэл Халамжийн сангийн олголтыг хийж хэрэгжүүлэх хугацаандаа Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн ажлыг аймгийн хэмжээнд бүрэн хариуцан ажилладаг байсан. Үүнийг Х дарга өөрөө бүрэн мэднэ. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны миний ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтод энэ нийгмийн халамжтай холбоотой тэтгэвэр, тэтгэмжийг зааж өгсөн. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн албан тушаалын тодорхойлолтод миний өмнө нь хийж байсан ажлын чиг үүрэг бүгд багтсан байна. Энэ тодорхойлолтод албан тушаалын 3 үндсэн зорилтыг тусгаж өгчээ. Өмнөх тодорхойлолтод тусгагдаагүй нэг зорилт буюу 1072 хувьцааны хишиг байна. Энэ нь 2012 оноос эхлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллагаар дамжин олгогдсон. 2016 онд 300000, 2020 онд 60000 төгрөгийн хишиг иргэдийн дансанд халамжийн байгууллагаар дамжаагүй орсон. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан албан тушаалын зорилт нэгийн хүрээнд: Тэтгэвэр, тэтгэмжийг олгох ажлыг хууль тогтоомжийн дагуу ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж байсан. Хоёрдугаарт: Миний бие сумдуудаас ирүүлсэн материалыг хянаж чиглэл өгч, хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг олгож байсан. Гуравдугаарт: Сумдууд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээж аваад хувийн хэрэг нээн манайд хүргүүлэхэд би хянаж даргаар батлуулж олгодог байсан. Дөрөвдүгээрт: Тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдуулж холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг байсан. Тавдугаарт: Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар сумдад чиглэл хүргүүлж байсан. Зургаадугаарт: Жишээ нь ахмад настанд шүдний үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйлчилгээний тариф нэмэгдсэнтэй холбогдуулж Ерөнхий газарт саналаа хүргүүлж байсан.

Миний хувьд 9 жил энэ байгууллагад хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд энэ байгууллагын нэр хүндийг унагах сөрөг зүйл хийгээгүй. Өглөө ажилдаа ирээд шөнө хүртэл суудаг байсан. Одоо миний бие өрх толгойлон ямар ч орлогогүй оюутан хүүхдийн хамт амьдардаг. 45 настай цаашид 10 жил ажиллах шаардлагатай, ажлаас чөлөөлөгдсөн хүнийг өөр байгууллага хэрхэн хүлээж авах вэ. Х даргатай үл ойлголцол үүсдэг ч өгсөн үүрэг, даалгаврыг цаг алдалгүй гүйцэтгэж ирсэн. Иймд шүүгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, үнэн зөвийг тогтоож өгнө үү. Санал болгосон Дундговь аймгийн төвийн Сайнцагаан суманд ажиллах боломжгүй. Миний ажлын чиг үүрэг Ө.Т, С.Г болон Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан ажлын чиг үүрэгт 3 хуваагдсан. Иймээс С.Г, Ө.Т хоёрын албан тушаалтай маргаан үүсгээгүй. 2020 оны 4 сард амраад ажилдаа ороход Х дарга Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн ажлыг чи хийж байгаа шүү, ажил чинь хөнгөрсөн гэж байсан. Ямар нэгэн тушаал шийдвэр бол гараагүй. Ажлын орон тоо хасагдсантай холбогдуулж шийдвэр гаргасан хүмүүстэй маргаан үүсгээгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өчигдрийн хийсэн үзлэг болон албан тушаалын тодорхойлолттой холбогдуулж тайлбараа хэлье. 2018 оны ажлын байрны тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан албан тушаалын чиг үүргийг Ч.Ө өмнө нь гүйцэтгэж байсан нь тогтоогддог. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн албан тушаалын тодорхойлолт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр батлагдаад сүүлд Дундговь аймгийн Х газарт ирсэн байгаагаас үзвэл энэ орон тоо байна. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ажлын чиг үүрэгт хамаарал бүхий ажилдаа эргэж орох үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар Төрийн албаны зөвлөл рүү албан тушаалын тодорхойлолтыг явуулаад буцаж ирсэн тухай байгаа болохоос орон тоог хасч баталсан баримт алга. Хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 3-ны А/40 тоот тушаалыг авсан гэх боловч нотлогдохгүй байна. 5 сарын 22-ны өдөр саналаа хүргүүлээд 6 дугаар сарын 3-ны өдөр хариуг авсан гэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгчид ажил олгохгүй талаас нь буруугаар тайлбарлаад байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо тус байгууллагаас өмнө нь явуулсан бүтэц, орон тооны хавсралтад байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллагын бүтэц орон тоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаар тушаалаар шинэчлэн батлагдаж, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар тогтоолоор ажлын байрны тодорхойлолт батлагдан зөвшөөрөгдсөн. Тус бүтэц, ажлын байрны тодорхойлолтоор Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байр нэгтгэгдэж Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн болж нэмэгдэн өөрчлөгдөж тус тус батлагдсан. Хуучин албан тушаал болох Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн үндсэн ажил дээр Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг, ажил нь хоёр хуваагдан батлагдсан. Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Ч.Өыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа сүүлийн 2 жилийн үр дүнгийн гэрээний гүйцэтгэлээр Ө.Т 2018 онд 88.5 хувь, 2019 онд 77.4 хувь, С.Г 2018 онд 94.3 хувь, 2019 онд 92.3 хувь, Ч.Ө 2018 онд 76.2 хувь, 2019 онд 67.1 хувьтай үнэлэгдсэн үнэлгээ, Ө.Т, С.Г нар 2019 онд сахилгын шийтгэлгүй, Ч.Ө 2019, 2020 онд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг тус тус харгалзан үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл заалтуудын дагуу сонсох ажиллагааг 2 удаа зохион байгуулж, мэдэгдэх хуудсыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу албан тушаалын шатлал, зэрэг дэв, цалин хөлс буурахгүй байхаар аймгийн төвийн сум болох Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-5/, бусад Дэлгэрцогт, Луус, Адаацаг сумдын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний /ТЗ-5/ ажлын байрыг санал болгосон боловч Ч.Ө Сайнцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг ажил ачаалал их гэж, Дэлгэрцогт, Луус, Адаацаг сумдуудад ажиллах боломжгүй гэдэг хариуг сонсох ажиллагаа зохион байгуулахад тус тус мэдэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, үйл ажиллагааны үр дүн, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага, тусгай шаардлагыг харгалзан Ч.Өаас хамгийн илүү хангаж байгаа албан хаагч Ө.Тыг Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн, С.Гыг Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шалгаруулж томилсон.

Манай байгууллагын Халамжийн сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд 2 дугаар гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаал учраас Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалтыг тус тус харгалзан үзэж Ө.Т нь 2013 оноос эхлэн дээрх шаардлагын дагуу ажиллаж байгаа гэдэг үндэслэлээр, Ч.Ө нь дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул 3.1.8 дахь заалт буюу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөх боломжгүйг тус тус харгалзан үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн санхүүжилтийн хуваарийг 10 дугаар сард суулгахаар ХХҮЕГ-т хүргүүлсэн боловч Ковид-19-тэй уялдуулан 12 сар хүртэл хойшлогдсон тул 12 дугаар сард олгоно. Ч.Өд бүтэц орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл авсан өдрөөс хойших хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс гүйцэтгэх албан тушаалтны сонгон шалгаруулалт зарласан төрийн албаны шатлал, мэргэжил тохирсон ажлын байруудад шалгалт өгөхийг удаа дараа зөвлөн Сайнцагаан сумын сул орон тоог дахин санал болгон ажиллах боломжгүй гэдэг тайлбар сонссоны дараа тусгай шалгалтын захиалгыг аймгийн Төрийн албаны салбарт өгсөн. Гэвч 8 дугаар сарын 18-ны өдөр зарласан ажлын байруудад Ч.Ө нь тусгай шалгалт огт өгөөгүй нь өөрийнхөө төлөө сэтгэл зүтгэл гаргаагүй гэж үзэж байна. Миний бие хууль, журмын хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдөр сонсох ажиллагаа зохион байгуулж дахин Ч.Өд ажлын байраар хангах саналыг тавьж ажилласан боловч хүлээн зөвшөөрөөгүй, ажлаас чөлөөлөгдөх шийдвэрийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсныг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг гаргасан байгаа. Мөн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын -ний өдрийн тогтоолоор ХХҮГ-ын даргын 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/53 дугаар тушаал нь хууль, дүрэм журам зөрчөөгүй гэсэн шийдвэрийг ирүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн талаар өчигдрийн хурал дээр хэлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаал шинэ орон тоо. 2018, 2019 оны бүтэц, орон тоонд байгаагүй. Хавтаст хэрэгт өмнөх орон тооны бүтэц бий. Үүн дээрээс байхгүй нь харагддаг. Мөн шүүхээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас А/40 тушаал, хавсралтыг шаардахад энэ баримтад Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан орон тоо байдаггүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар 6 сараас эхлэн хөдөө орон нутагт ажиллахгүйгээр Дундговь аймгийн Сайнцагаан суманд ямар нэг зэрэг дэв, шатлал буруулахгүйгээр ажиллах ажлын саналыг Ч.Өд тавьсан. Төрийн албаны зөвлөлийн шатлан дэвших журмын 2.3, 2.5-д заасны дагуу Ө.Т, С.Г нарыг томилсон. Нэхэмжлэгч Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн орон тоо байгаа гэж байна. Хэрвээ байсан бол Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 2-ын 5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргах ёстой. Орон тоо нь байхгүй албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлуулах эрх байхгүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 5.3-т албан тушаалын тодорхойлолт батлах тухай бий. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан саналын дагуу тухайн байгууллага батлах ёстой юм. Үүний дагуу миний бие 6 дугаар сарын 2-ны өдөр баталгаажуулж хүргүүлсэн. Ингэхдээ бүх албан тушаалтан, мэргэжилтнээр гарын үсэг зуруулсан. Энэ өдрөөс эхлэн албан тушаалын тодорхойлолт хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Манай байгууллагын Халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан тушаалын тодорхойлолтын саналаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны зөвлөл буцааж тус байгууллагад хүргүүлээд дараа нь бидэнд ирсэн. Энэ хооронд Ч.Өд 2018 оны ажлын байрны тодорхойлолт үйлчилж, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл энэ тодорхойлолтоор ажилласан. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 254 дугаартай албан бичигт ямар нэгэн хариу албан бичгээр ирээгүй. Миний бие сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, мэдэгдлийг Ч.Өд өгсөн. Ингэхдээ Төрийн албаны тухай хуульд зааснаар энэ хүнд хэд хэдэн ажлын байрны саналыг тавьсан. Хамгийн түрүүнд Өлзийт суманд болон аймгийн төвд ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэж байсан ажлуудтай нь хамгийн ойр болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын халамжийн мэргэжилтний ажлын саналыг тавьсан боловч татгалзаж ажлаас чөлөөлөгдөхийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учир би энэ шийдвэрийг гаргасан. Хууль дүрэм, журам зөрчөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэтгэмжийн асуудлыг Ерөнхий газартаа уламжилсан. Шүүх тэтгэмжийг өгөх талаар шийдвэл өгөх боломжтой. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан орон тоо байхгүй. Байхгүй орон тоон дээр очихыг хүсээд байгааг гайхаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Ө нь Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажил буюу Н ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дундговь аймгийн Х газрын даргад холбогдуулан гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Ч.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Дундговь аймгийн Х газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Ч.Өыг Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд томилж[1], улмаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн ... Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын орон хасагдсан... гэх үндэслэлээр түүнийг уг ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ.[2]

2.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/40 дугаар тушаалын долоодугаар хавсралтаар Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог нийт 44 орон тоотойгоор[3] баталж хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчээс ... Миний өмнөх ажлын байрны чиг, үүрэг 3 хуваагдаж би ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан ажлыг хийж байсан. Бодит байдал дээр миний чиг үүргийн ажлын орон тоо хэвээрээ байгаа ..., түүний өмгөөлөгчөөс ... 2018 оны ажлын байрны тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн ажлын чиг үүргийг Л.Ө өмнө нь гүйцэтгэж байсан. Ч.Өын орон тоо хасагдаагүй гэдэг нь тогтоогддог ..., хариуцагчаас ... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан албан тушаалд Ч.Өын хийж байсан ямар ч ажил байхгүй. Энэ албан тушаалын зорилго, зорилт хоёрын 1,2 асуудлууд Өын өмнөх ажилтай ямар ч хамааралгүй, Т, С.Г нарын албан тушаалын тодорхойлолтод бүх ажил нь хуваагдаж тусгагдсан... гэж тус тус тайлбар, татгалзлаа гаргаж маргана.

4.Нэхэмжлэгч Ч.Өын өмнө нь гүйцэтгэж байсан Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний 2018 оны ажлын байрны зорилго, зорилтод тусгагдсан Иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй шуурхай хүргэх, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хангах, Нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан хууль, журам, дүрэм тогтоол, төрөөс баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сум хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хариуцсан сумдад нийгмийн халамжийн үйлчилгээг хуулийн дагуу чанартай үр дүнтэй, шуурхай хүргэх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах, амьжиргааг дэмжих зөвлөлийг мэргэжил арга зүй удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, тайланг улирлаар авч урамшуулал олгох, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хууль, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт, тусламжийн хувийн хэргийг хянах, хууль журамд нийцдэггүй, хоёрдмол утгатай хуулийн тайлбарыг дээд газраас авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, урд саруудын өглөгүүдийг сумдаас хүлээн авч программд шивэх файл үүсгэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 5 жилийн судалгааг гаргаж мэдээллийн сан бүрдүүлэх, тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах, мэдээллээр хангах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих гэрээг дүгнэх, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт тэтгэмжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн хувийн хэргийг хянах, гэх чиг үүргийн ажлууд нь[4]

А.Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын зорилго, зорилтод: ... Нийгмийн халамжийн сангийн олголт үүсгэх, хаалт хийх, судалгаа гаргах, сангийн мэдээллийн найдвартай ажиллагааг хангах, харилцагч банкуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох тооцоо нийлэх, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн урамшууллыг улирал бүр тооцож олгох, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт, тусламжид хамрагдах иргэдийн хувийн хэргийг мэргэжилтнүүдээс хүлээн авч, баримтын бүрдэл, олгох хугацаа болон хуулийн дагуу эрх үүссэн эсэхэд баталгаажуулалт хийх, Нийгмийн халамжийн тухай багц хуулиудын дагуу тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн олголтыг тухай бүр хийх, сар бүрийн эхэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн мэдээлэл болон файлын жагсаалтад хяналт хийж, олголтын файлыг нийгмийн халамжийн програмд уншуулах, сумын мэргэжилтнүүдээс олгогдоогүй тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мэдээг мөнгөн дүн, хугацаа, хүний тоогоор гаргаж, хугацаанд нь олгуулах арга хэмжээ авах[5] ,

Б. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын зорилго, зорилтод: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт, нэмэгдэл олгох ажлыг зохион байгуулах, мэргэшил, арга зүйгээр хангах, тайлагнах, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын судалгаа авч, мэдээллийн сан бүрдүүлэх, үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх, хяналт тавих, амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг гүйцэтгэлийн удирдлага, мэргэшил, арга зүйгээр хангах, хамтран ажиллах, ахмад настанд хөнгөлөлт, тусламж олгох, алдар цолтон ахмад настангуудад нэмэгдэл хөнгөлөлт олгох ажлыг хариуцах, магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудтай гэрээ байгуулж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, асрамж, халамжийн үйлчилгээ, амралт, сувиллын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, ортопед, тусгай хэрэгсэл нийлүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт хяналт тавих, нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох санал боловсруулж удирдлагад танилцуулах[6] гэж тус тус тодорхой тусгагдсан байна.

5.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Дундговь аймгийн Х газрын даргаас батлаагүй байсан ба уг албан тушаалын зорилго, зорилтод: Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, дүрэм журмын хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох чиг үүргийг хэрэгжүүлж ... хариуцах, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох ажлыг хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журмын дагуу зохион байгуулах, хишиг, хувь 1072 хувьцаатай холбоотой иргэд, холбогдох байгууллагуудаас ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, нийгмийн халамжийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах, хяналт тавих, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх, тайлан мэдээг цаг тухайд нь гаргах, удирдлагуудыг мэдээллээр хангах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгуулах, үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, тэтгэвэр, тэтгэмж олгох асуудлаар холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох санал өгөх, төсөл боловсруулж уламжлах, хишиг, хувь 1072 хувьцаатай холбоотой иргэд, холбогдох байгууллагуудаас ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэж тухайн албан тушаалын зарим чиг үүргийг бусад албан тушаалын чиг үүрэгтэй давхцуулан ерөнхий байдлаар нэрлэн заасан байх бөгөөд түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн[7] ... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний ажлыг миний бие үндсэн ажилтайгаа хавсран гүйцэтгэдэг ... гэх тайлбар болон халамжийн сангийн олголт хариуцсан 2018 оны ажлын байрны тодорхойлолтын 3.1-д нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хувийн хэргийг хянах[8] гэж зааснаас дүгнэвэл Ч.Өын урьд эрхэлж байсан чиг үүргийн ажлын дийлэнхи хувь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр ... Тэтгэвэр, тэтгэмж олгох ажлыг хууль тогтоомжийн дагуу ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж байсан. Хоёрдугаарт: Миний бие сумдаас ирүүлсэн материалыг хянаж чиглэл өгч, хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг олгож байсан. Гуравдугаарт: Сумдууд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээж аваад хувийн хэрэг нээн манайд хүргүүлэхэд би хянаж даргаар батлуулж олгодог байсан. Дөрөвдүгээрт: Тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдуулж холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг байсан. Тавдугаарт: Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар сумдад чиглэл хүргүүлж байсан. Зургаадугаарт: Жишээ нь ахмад настанд шүдний үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйлчилгээний тариф нэмэгдсэнтэй холбогдуулж Ерөнхий газарт саналаа хүргүүлсэн ... гэх тайлбарыг гаргадаг боловч эдгээр ажлууд нь Халамжийн сан, сангийн олголт болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан албан тушаалын тодорхойлолтод илүү нарийвчлан нэг бүрчлэн заагдсан байх тул дээрх тайлбараар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод Ч.Өын урьд хийж байсан ажлын чиг үүргийн дийлэнхи хувь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Өын өмнө нь гүйцэтгэж байсан Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг нь үндсэндээ Халамжийн сан, сангийн олголт хариуцсан болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод хоёр хуваагдсан байх тул дээрх орон тоог хасагдсан гэж үзэхээр байна.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтаар сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар яаж явуулсан нь баримтаар нотлогдохгүй байна. Мөн гэрч Н сонгон шалгаруулалт явуулаагүй талаар тодорхой мэдүүлэг өгдөг. ... Ерөнхий газраас 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр баталж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн орон тоотой санал ирүүлсэн. Гэтэл хариуцагч тал 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр тухайн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэнг цомхотгох гэсэн албан бичгийг явуулсан. Энэ байдлууд хоорондоо ямар байдлаар уялдаад байна гэдэгт шүүх нухацтай дүгнэлт хийх байх. ... Энэ орон тоо байна ... , нэхэмжлэгчээс ... С.Г, Ө.Т хоёрын албан тушаалд маргаан үүсгээгүй, хариуцагчаас ... Ч.Ө, Т, С.Г нарын дунд сонгон шалгаруулалтыг ажлын хэсэг томилохгүйгээр байгаа материалд үндэслэн ажилласан жил, чадвар зэргийг харгалзан сонгон шалгаруулалт явуулсан. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан орон тоо байхгүй... гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр тус тус гаргажээ.

Хариуцагч сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн С.Г, Ө.Т нарыг Халамжийн сан, сангийн олголт хариуцсан, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус томилсноо тайлбарладаг ч нэхэмжлэгч уг албан тушаалуудтай холбогдуулан маргаан үүсгээгүй нь энэ сонгон шалгаруулалт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болох төдийгүй нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн албан тушаал нь сонгон шалгаруулалттай хамааралгүй, мөн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаал Ч.Өын урьд гүйцэтгэж байсан чиг үүргийн албан тушаал болох нь тогтоогдоогүй тул шүүх сонгон шалгаруулалтыг явуулсан, явуулаагүй, албан тушаалын орон тоо байгаа, байхгүй гэх маргааны үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

7. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгоно гэж заажээ.

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас, Дундговь аймгийн Хий газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 16[9], 8 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл[10], 2021 оны 1 дүгээр сарын 27, 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчаас Дундговь аймгийн төвийн Сайнцагаан, Луус, Адаацаг, Дэлгэрцогт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг Ч.Өд санал болгоход нэхэмжлэгчээс Ажиллахгүй гэж татгалзлаа илэрхийлсэн байна.

Хариуцагч Г.Х нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг үндэслэн Ч.Өыг ажлаас чөлөөлөхөөс өмнө төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрэгжүүлж цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллахыг санал болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг зөрчөөгүй байх ба энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... Төрийн албаны тухай хуулийн 49.2 дахь заалтыг зөрчсөн байна. Нэмэгдэл баталгааг зөрчиж чөлөөлөхийг хориглоно гэдэгтэй нийцэхгүй... гэх тайлбарыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

8. Хариуцагч Г.Х 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг мөн өдөр гардуулан өгч[11], 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан нь хуанлийн хоногоор тоолоход Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэх тайлбар үндэслэлгүй байна.

9. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... Мэдэгдэлд мэдээллийг буюу сонсох ажиллагааг явуулах он, сар, өдөр, цагийг зааж өгөөгүй нь сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг харуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.3.1-т зааснаар мэдээлэл нь заагдсан байх ёстой... гэх тайлбарыг гаргадаг ч энэ нь маргаан бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Өын Дундговь аймгийн Х газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Өлыг ажлаас чөлөөлөх тухай Б/53 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан чиг үүргийн ажилд буюу Н албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 8 дугаар сарын 31-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.Ц

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 8-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 22-24, 133-136, 142-145-р хуудас

 

[4] Хавтаст хэргийн 193-199-р хуудас

[5] Хавтаст хэргийн 25-29-р хуудас

[6] Хавтаст хэргийн 123-126-р хуудас

[7] Хавтаст хэргийн 2-р хуудас

[8] Хавтаст хэргийн 195-р хуудас

[9] Хавтаст хэргийн 110-111-р хуудас

[10] Хавтаст хэргийн 115-р хуудас

[11] Хавтаст хэргийн 110-р хуудас