Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00507

 

Ж, А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэр

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар магадлалтай,       

            Ж, А нарын нэхэмжлэлтэй,

            Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

      Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, гадаад улсад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Ариг банкны нэхэмжлэлтэй, Ж , А нарт холбогдох 17,100,384 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 144 дугаартай шийдвэрийн 2 дугаар заалтад “...төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 10 тоотод орших 000130153, Ү-2003008837 дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар” заасан. Гэтэл 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/3419 Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл Статистикийн газарт ирүүлсэн баримт байна. Дээрх үндэслэлүүдээр хууль зөрчсөн байна. Мөн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдсэн бөгөөд, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт болох үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж, уг тогтоолыг төлбөр төлөгчид гардуулаагүй гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 тоот магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 434 дугаар тогтоолтой хэрэгт анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан байна. Үнийн санал дээр зах зээлийн үнэ 80,000,000 төгрөгийн 70 хувь 56,000,000 төгрөгөөр тооцсон. Энэ үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, мөн албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй гэж үзэж байна. Гадаад улсад зорчих эрхийг сэргээх ШШГА нь иргэн Ж, А нарын  гадаад улсад явах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан байна. Монгол Улсын иргэн гадаад улсад зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд 4 үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, гадаад улсад зорчих эрхийг үндэслэлгүй хориглосныг сэргээж өгнө үү гэжээ.

         Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай магадлалаар Ж , А нараас 17,100,384 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн барьцааны орон сууцыг 2015.10.02-ны өдрийн №14, 2015.11.11-ний өдрийн №19 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгө битүүмжлэн, хураан авч төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй. Улмаар банкны барьцаа хөрөнгийн үнийн санал авахад 80 сая төгрөгөөр үнийн саналаа өгсөн ба төлбөр авагч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт ирүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаа 2015.11.27-ны өдөр Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу тохиролцсон үнийн дүнгийн 70 хувиар бууруулан 56 сая төгрөгөөр зарлагдсан боловч дуудлага худалдаанд оролцогч ирээгүй болно. Иргэний хуулийн 177.2-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааг 2015.12.16-ны өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу үнийн дүнг 50 хувиар бууруулан 40 сая төгрөгөөр зарлагдсан боловч оролцогч ирээгүй худалдан борлогдоогүй тул дээрх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 48.7-д заасны дагуу шийдвэрлэх албадан дуудлага худалдааны комиссын хуралдааныг 2015.12.21-ний өдөр товлон мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Ж , А нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. 2016.08.31-ний өдрийн 03/3419 албан бичгийн дагуу дээрх орон сууцыг төлбөр авагч Ариг банкны нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгосон. Улсын байцаагчийн 2017.03.13-ны өдрийн 03/943 тоот актаар 2015.11.11-ний өдрийн 8 дугаар тогтоол, 2015.12.01-ний өдрийн 10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон тул 2017.03.28-ны өдөр Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу тохиролцсон үнийн дүнгийн 70 хувиар бууруулан 56 сая төгрөгөөр албадан дуудлага худалдааг зарласан. 2 дахь албадан дуудлага худалдааг 2017.04.12-ны өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу үнийн дүнг 50 хувиар бууруулан 40 сая төгрөгөөр зарласан боловч оролцогч ирээгүй учир худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “...Албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан заалт нь 2014.12.05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна. Мөн ШШГТХуулийн 87.3-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэсэн заалт, ШШГТХуулийн 87.4-т Төлбөр төлөгдөөгүй байсан бол шүүх зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтууд нь 2014.12.05-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсонд тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                     

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж, А нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнийн санал дээр зах зээлийн 80,000,000 төгрөгийг 70 хувь гэж тооцон 56,000,000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээгүй гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Ж  / РД:ТЖ46112614/, А /РД:ТЖ76020606/ нарын гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Ж, А нарын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Ж, А нарын  хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 04 өдрийн 175 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэн төлбөр төлөгч, төлбөр төлбөр авагч нар нь тохиролцон орон сууцны үнийн дүнг 80,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож” гэж дүгнэжээ. Бид орон сууцаа 80,000,000 төгрөгөөр тохиролцоогүй, орон сууцны 70 хувь болох 56,000,000 төгрөгөөр дуудлага худалдаа явуулахыг 2017 оны 03 сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Бидэнд энэ тухай мэдэгдээгүй, энэ талаар мэдэгдсэн гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэг нь шүүгч болон миний хууль ёсны өмгөөлөгч асан Ц.Гэнэндулам нараас “миний буруу, та нар үүнийг аргалаач, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шүүхээс буруу гэж гарвал би ажилгүй болох гээд байна” гэж олон удаа гуйж байсан над руу хүртэл залгаж гуйж байсан болохоор би тэр үед нэг ч гэсэн хүнийг ажилгүй болгоод яахав гэж бодсон. Эрэл банкинд 15.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үүнийг авлагаа авч төлөхөө ухамсарлаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэг нь 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 03/743 тоот актаар өмнө явагдсан албадан дуудлага худалдаа явуулах 2 тогтоолыг хүчингүй болгон дахин үйл ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгасан атлаа хүчингүй болгосон 2 тогтоолын дагуу авагдсан үр дүн болох барьцааны зүйл Дархан сумын 16 дугаар баг 1-р хороолол 14-р байр 10 тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 03/3419 албан бичгээр төлбөр авагч Ариг банкны нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг залруулаагүй атлаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтсон байгааг дурьдсан байна. Гэтэл дээрх шүүх дүгнэж байгаа үндэслэлээс харахад ШШГА хууль зөрчсөн байтал зөрчөөгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. 3 өрөө орон сууцыг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/3419 Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл Статистикийн газарт ирүүлсэн баримт байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдсэн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт болох үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж, уг тогтоолыг төлбөр төлөгчид гардуулаагүй гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 тоот магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 434 дүгээр тогтоолтой хэрэгт анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан байна. Үнийн санал дээр зах зээлийн үнэ 80,000,000 төгрөгийн 70 хувийг тооцож 56,000,000 төгрөгөөр тооцсон. Энэ үнийн саналыг хүлээн зөвөөрөхгүй. Мэдэгдлийг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мөн албадан дуудлага худалдааг нийтэд мэдэгдээгүй гэж үзэж байна. Бидний өмчлөлийн Дархан сумын 16-р баг 1-р хороолол 14 байр 10 тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 03/3419 тоот албан бичгээр Ариг банкны өмчлөлд шилжүүлснийг бидэнд мэдэгдээгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээг Ариг банкны өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн атлаа дахин дуудлага худалдаа явуулахаар бидэнд шуудангаар мэдэгдсэн хууль зөрчсөн ажиллагаа хийсэн. Гэтэл энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хуулийн дагуу хянан үзэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг 1-р хороолол 14-р байр 10 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн эрхийг иргэн бидний нэр дээр буцаан өгч шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                           

ХЯНАВАЛ:

       Нэхэмжлэгч Ж , А нар хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан зах зээлийн 80,000,000 төгрөгийг 70 хувь гэж тооцон 56,000,000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоож, гадаадад зорчих эрх түдгэлзүүлснийг сэргээлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Ж, А нарын  гаргасан шаардлагаас “...үнийн санал дээр зах зээлийн үнэ болох 80,000,000 төгрөгийг 70 хувь гэж 56,000,000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

           Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 144 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 434 тоот тогтоолоор Ж , А нараас 17,100,384 төгрөг гаргуулан “Ариг” банкинд төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэгдсэн байна.

           Нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3600 тоот захирамжид үндэслэн олгосон 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 442 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тал мөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/743 тоот актаар өмнө явагдсан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2 тогтоолыг хүчингүй болгон, дахин ажиллагаа явуулахыг тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан атлаа хүчингүй болсон 2 тогтоолын дагуу явагдсан үр дүн болох барьцааны зүйл Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 14 дүгээр байрны 10 тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 03/3419 албан бичгээр төлбөр авагч “Ариг” банкны нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг залруулаагүй байхдаа дахин үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтсон байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтад нийцэхгүй байна.  

           Нэхэмжлэгч Ж, А нарын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 56,000,000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоож, гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэнийг сэргээлгэх агуулга бүхий шаардлага гаргасан байх боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн аль ажиллагааг хүчингүй болгох гэж байгаа нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр маргаж байгаа нь тодорхойгүй, түүнчлэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...3 өрөө орон сууцны өмчлөлийн эрхийг иргэн бидний нэр дээр буцаан өгч шийдвэрлэж өгнө үү” гэснээс үзэхэд зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй.

           Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч А-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН