| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2020/0691/З |
| Дугаар | 221/МА2021/0238 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0238
“ИМК” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 138 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ИМК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 138 дугаар шийдвэрээр:
“...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ИМК” ХХК-иас Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.Од нарын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актын 1.1 дэх заалтаар тогтоосон төлбөрийн үлдэх хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0138 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, маргаан бүхий татварын актын 1.1-д дэх хэсгээс үлдсэн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргасан. Актын 1.1-д зааснаар “ИМФ” ХХК-д зээлийн гэрээгээ олгосон зээлээс хүүгийн орлогыг санхүү, татварын тайланд тусгаагүй, албан татвар төлөөгүй гэж үзээд 18,717,258.02 төгрөгийн нөхөн татвар, 5,615,177.41 төгрөгийн торгууль, 3,157,054.26 төгрөгийн алданги ногдуулсан.
Нэг. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадсангүй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон ... орлогод албан татвар ногдоно”; 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”; 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно”, 9.1.4-д “хүүгийн орлого” гэж тус тус заасны дагуу зээлдэгч “ИМФ” ХХК-аас хүү төлөгдсөн, орлого бодитоор орж ирсэн тохиолдолд “ИМК” ХХК ААНОАТ төлөх үүрэг хүлээнэ. “ИМФ” ХХК нь зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөр огт төлөөгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд Татварын маргаан таслах зөвлөл, анхан шатны шүүх ч мөн адил дүгнэлт хийдэг.
Хоёр. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоол (6 дугаар тал)-доо “зээлийн хүүгийн орлогыг хуримтлуулж бүртгэж борлуулалтын орлогыг бүртгээгүй зөрчил нь ...” гэж дүгнэсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.2-д “Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана ...” гэж заасан бөгөөд “ИМФ” ХХК нь 90 хоногоос дээш хугацаанд хүүгээ төлөөгүй тул хуримтлуулж бүртгэхийг зогсоосон.
Хэрэв “ИМК” ХХК нь авбал зохих хүүгээ хуримтлуулж бүртгэсэн бол тухайн эрсдэлд орсон дүнгээр зээлийн эрсдэлийн сан заавал байгуулах ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.16-д “банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах төвлөрүүлсэн хөрөнгө” гэж заасны дагуу компанийн орлогод бүртгэсэн зээлийн хуримтлуулсан хүү, хасагдах зардалд тооцогдох зээлийн эрсдэлийн сан харилцан тэнцэж, “0” баланстай гарснаар компанийн татвар ногдох орлогод нөлөөлөхгүй. Энэ талаарх тайлбарыг шүүх хуралдаанд хангалттай дурдсан боловч шүүх анхаарсангүй, шийдвэртээ огт дүгнэсэнгүй.
Мөн дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах болон хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна” гэж зааснаас дүгнэхэд зээл болон хүү төлөгдсөний дараа албан татвар ногдуулах журамтай.
Гурав. Шүүх нэхэмжлэгчийг зээлийн хүүгээ авахаас өмнө татварыг нь төлөх ёстой гэж дүгнэсэн нь энэхүү гомдлын нэг дэх хэсэгт дурдсан хуулиудаас гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэх мэтчилэн хуулийн тодорхой заалтуудтай зөрчилдөнө. Учир нь зээлийн графикийн дагуу төлөгдөөгүй хүүнд ногдох татварыг зээлдүүлэгч урьдчилж төлсний дараа талууд зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж зээлийн хүүг багасгах, эсхүл огт хүүгүй болгох, зээлийн графикийг өөрчилж хүүг төлөх хугацаа хойшлуулах тохиолдлуудад өмнө нь нэгэнт төлчихсөн ААНОАТ-ыг хэрхэх ёстой вэ ? Энэ мэтчилэн хуулийг буруу тайлбарлаж, амьдралд хэрэглэгдэх боломжгүй практик тогтоож, татвар төлөгчдийг хохироосон шийдвэрт гомдол гаргаж байна.
Хугацаандаа төлөгдөөгүй зээлийн хүүгийн төлөө ААНОАТ төлсөөр байвал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, бусад эрх бүхий хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн эрсдэл үүснэ. Хүүгээ төлөөгүй этгээдийн өмнөөс татварыг нь урьдчилж төлөх шударга бус явдал тул энэхүү хууль зөрчсөн шийдвэрээс татвар төлөгчийг хамгаалж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсье.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.О нар “ИМК” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 350017798 дугаар актаар нийт 200,740,287.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт үйлдэж, 1.1 дэх заалтаар “... “ИМФ” ХХК-д зээлийн гэрээгээр олгосон зээлээс 2014 онд 10,294,764.73 төгрөг, 2015 онд 176,877,815.41 төгрөг, нийт 187,586,290.11 төгрөгийн зээлийн хүүгийн орлогыг санхүү татварын тайланд тусгаагүй, албан татвар төлөөгүй зөрчилд 18,717,258.02 төгрөгийн нөхөн татвар, 5,615,177.41 төгрөгийн торгууль, 3,157,054.26 төгрөгийн алданги ногдуулах...”-аар тогтоосон байна.
Харин Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 2,962,010.14 төгрөгийн торгууль, 1,754,413.20 төгрөгийн алданги нийт 4,716,423.34 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрх 350017798 дугаар актын 1.1 дэх заалтыг “... “ИМФ” ХХК-д зээл олгосон боловч зээлдэгч манай банк бус санхүүгийн байгууллагад хүүгийн төлбөр төлөөгүй...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар тайлбарлаж байх ба хариуцагчаас “...зээлийн хүүгийн орлогыг санхүү, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй ... хүүгийн тооцооллыг хүссэн үедээ гараар хийдгээс татвар ногдох орлогыг дутуу тооцоолж, төсөвт төлөх орлогыг бууруулах боломжтой ...” хэмээн маргаж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.”, 7.3-д “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно:”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого;” 7.3.2-д “хөрөнгийн орлого ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно:” 9.1.4-д “хүүгийн орлого”, Татварын ерөнхий хууль (2008 он)ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна;”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74,2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж тус тус зааснаар татвар төлөгч аж ахуй нэгж албан татвар ногдох орлого хүлээн авсан, орлого тооцогдох болсон бүхий л нөхцөлд нягтлан бодох бүртгэлд сайн дураар бүртгэн тайлагнах үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “ИМК” ХХК нь “ИМФ” ХХК-тай 2014 оын 11 дугаар сарын 05-ны өдөр 2,213,223 /хоёр сая, хоёр зуун арван гурван мянга хоёр зуун хорин гурав/ ам.долларыг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 78/01 дугаартай гэрээгээр 1,006,759,541 /нэг тэрбум зургаан сая долоон зуун тавин есөн мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 78/02 дугаартай гэрээгээр 874,447,346 /найман зуун далан дөрвөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 78/03 дугаартай гэрээгээр 831,406,314 /найман зуун гучин нэг сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг 2 жилийн хугацаатай, хүү сарын 0,5 хувь байхаар, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 79 дугаар гэрээгээр 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг 2 жилийн хугацаатай, хүү сарын 2 хувь байхаар тус тус тохиролцон зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь зээл олгох /хүүтэй/ үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс гэрээний талууд зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөр огт төлөөгүй хэмээн тайлбарлаж байх боловч нэгэнт талууд зээлийн гэрээний харилцаанд орсон тохиолдолд хожим зээлийн хүүгийн орлогыг хуримтлуулж бүртгэх боломжгүй учир борлуулалтын орлогоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль заасны дагуу бүртгээгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.2-д “Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана ...” гэж зааснаар зөрчил гаргаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол нь зээлдэгч зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйлчлэх, уг маргаанд хамааралгүй тайлбар байх тул хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Бас хариуцагч нарын илрүүлсэн уг зөрчил нь 2014 оноос 2015 оны хугацаанд хамаарах бөгөөд зээлийн гэрээний хүүгийн орлогыг урьдчилж бүртгүүлэх, татвар ногдуулах тухай ойлголт бус гэрээний үйлчлэл дуусгавар болж, холбогдох санхүүгийн тайлан, татвар тооцооллын баримтуудад үндэслэн ногдуулсан шийтгэл байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Харин хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдэд зээлийн хүүний хэмжээг 0,5% тогтоосон боловч маргаан бүхий актаар зээлийн хүүг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно” гэсний дагуу зээл олгогч, эээлдэгч нар харилцан хамаарал бүхий этгээд болох нь захирал Ж.Бямбабаатарын тайлбараас өөр хуулийн этгээдийн лавлагаа, тодорхойололт бусад бичиг баримтаар нотлогдоогүй учир хариуцагчийн тухайн үеийн зах зээлийн ханшаар зээлийн хүүг тооцсон гэх тайлбарыг хүлээж авах нь зүйтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1...” гэж шаардлагагүй хуулийн заалт хэрэглэснийг хасч, “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1” гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 138 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 ” гэснийг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА