Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1289

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч О.Ц, түүний өмгөөлөгч Г.Тамир /ҮД:2571/, шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ /ҮД:1206/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овгийн Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01028 0472 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овгийн Р.Г, Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, Барс-2 захад хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 45 дугаар байр * тоотод оршин суудаг, регистрийн дугаар *, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав төвийн урд талын замд Тоёота Альфарьд маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, тус бүлгийн 8.18. дэх заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.Ц-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Г овгийн Р.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав төвийн урд талын замд Toyota Alphard маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж, тус бүлгийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр, мөн явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Ц-ыг мөргөж, түүний бие махбодод “баруун 8, 9-р хавирга зөрүүтэй хугарал, 10-р хавирганы хоёрлосон зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн суурь хэсгийн авчилт, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун бөөрний няцрал, өөхлөгт цус хуралт, хэвлий, бага аарцгийн хөндий дэх шингэн хуралдалт, баруун шаант, тахилзуур ясны хэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд няцарсан шарх, зулгаралт, хамар, баруун хацар, тохой, зүүн мөр, бүсэлхийд зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Р.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд (хх-ийн 4-12 дугаар хуудас), хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургууд (хх-ийн 14-19 дүгээр хуудас);

3. Хохирогч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 5-ны өглөө буюу үүрээр гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн ...Цамбагаравын зүүн урд буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойш явган хүний гарцаар гарч явснаа санаж байна, түүнээс хойш юу болсноо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);

4. Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 05 цаг 05 минутын орчим гэртээ харихаар өөрийн эзэмшлийн Хьюндай Маяти маркийн * улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй Саппорогийн автобусны буудал өнгөрөөд Цамбагарав худалдааны төвийн зүүн урд талын гэрэл дохиотой уулзвар гарц ойртон ирэх үед зам дээр явган хүний гарц өнгөрөөд цагаан өнгийн Альфард маркийн автомашин зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд ослын гэрэл дохиогоо асаасан зогсож байсан. Мөн Альфард маркийн автомашины хажууд нь буюу 2 дугаар эгнээнд зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. ...би түргэн болон цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);

5. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 5-ны шөнө 03 цагийн орчим өөрийн эзэмшлийн хар өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашинд сууж, миний төрсөн эгч Б.О автомашиныг жолоодон бид 2 нисэх онгоцны буудал орохоор, ...Алтай хотхоноос Нарны гүүрээр давж 4 замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 10 дугаар хороолол өнгөрөөд явж байтал 3 дугаар эгнээд явж байсан Альфард маркийн автомашины жолооч их хурдтай миний сууж явсан автомашиныг шахаж эгчийн урдуур орж гүйцэж түрүүлсэн. Тэр үед би дотроо болон эгчдээ “энэ нэг юм юун өвчтэй явдаг дурак вэ” гэж хэлээд юм яриад явж байтал, 3 дугаар эмнэлгийн зохицуулдаг гэрэл дохион дээр автомашин зогсох улаан гэрэл ассан. Тэр үед миний сууж явсан автомашиныг шахаж урдуур орсон Альфард маркийн машины жолооч зогсолгүй гэрэл дохио зөрчиж Саппоро чиглэлтэй явсан. Тэр үед эгч гэрэл дохион дээр зогсож байгаад автомашин явах зөвшөөрсөн ногоон гэрэл дохио асах үед хөдлөөд Саппорогийн гэрэл дохион дээр ирэх үед улаан гэрэл дохио мөн ассан. Тэр үед эгчийн урдуур шахаж орж гүйцэж түрүүлсэн Альфард автомашины жолооч зогсож байсан. Тэгээд Саппорогийн гэрэл дохио асаж автомашин явах зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед эгчийн хажууд зогсож байсан Альфард автомашины жолооч их яарсан шинжтэй хурдтай яваад өгсөн. Эгч бид 2 зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал Цамбагаравын зүүн гэрэл дохио ойртон ирэх үед автомашин зогсох улаан гэрэл дохио асаж байсан. Тэр үед 1 дүгээр эгнээ болон 3 дугаар эгнээнд явж байсан автомашинууд улаан гэрэл дохион дээр зогсож байсан. Манай эгч тэр үед зогсох гээд хурдаа хасаж байтал эгчийн урдуур нөгөө Альфард автомашины жолооч их хурдтай яарсан байдалтай 3 дугаар эгнээнээс шууд баруун дарж 2 дугаар эгнээ рүү манай машины урд гарч зогсон улаан гэрэл дохио зөрчиж орох үед Альфард автомашин дайвалзаад баруун гар тал руугаа дарж огцом зогссон. Тэр үед би дотроо Альфард автомашины жолоочийг нохой дайрчихлаа гэж бодсон. Тэгээд автомашин явах зөвшөөрсөн ногоон гэрэл дохио асах үед эгч бид хоёр хөдөлгөөнөө эхлээд явган хүний гарц өнгөрөх үед миний бодлоор 4-5 метр орчимд зайд Альфард автомашины зүүн урд талд буюу зорчих хэсгийн 2 дугаар эгнээд эрэгтэй хун доош харсан байдалтай толгой хэсгээс нь маш их цус гарсан хэвтэж байсан. Би Альфард автомашиныг хартал зүүн урд талын гэрэл дохио буфер их эвдэрсэн байсан. ...автомашинууд зогсох гэрэл дохио ассан, 1 болон 3 дугаар эгнээнд автомашинууд улаан гэрэл дохион дээр зогсож байсан. Тийм болохоор явган зорчигч явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч явсан. Харин Альфард машины жолооч яарч гэрэл дохио зөрчиж эгч бид хоёрын урдуур 3 дугаар эгнээнээс 2 дугаар эгнээ рүү дарж орох үедээ гарцан дээр хохирогчийг мөргөсөн... “ гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10924 дугаартай: “...О.Ц-ийн биед баруун 8, 9-р хавирга зөрүүтэй хугарал, 10-р хавирганы хоёрлосон зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн суурь хэсгийн авчилт, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун бөөрний няцрал, өөхлөгт цус хуралт, хэвлий, бага аарцгийн хөндий дэх шингэн хуралдалт, баруун шаант, тахилзуур ясны хэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд няцарсан шарх, зулгаралт, хамар, баруун хацар, тохой, зүүн мөр, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 47-48 дугаар хуудас);

7. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн: “...Тоёота Альфард маркийн 54-88 УБЭ улсын дугаартай автомашин -...урд салхины шил зүүн гар талын доод хэсгээр цөмөрч цоорсон, капот зүүн булангаар цохигдон хонхойж баруун тийш гажсан, зүүн гар талын их гэрэл суурилдаг хөндлөвч багана дотогш гулзайж их гэрэл нь хагарсан, зүүн гар талын крыло их гэрэл суурилдаг үзүүрээр нугарч будаг нь халцарсан ба хаалгатай нийлэх хэсгээр хонхойсон. Зүүн гар талын ойрын дохионы гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэлүүд ослын улмаас үүссэн...” гэсэн дүгнэлт (хх-ийн 76-83 дугаар хуудас);

8. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 дугаартай: “...Хавтаст хэрэгт авагдсан материал, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж эвдрэл, гэмтэлгүй байна. ...312 дугаартай дүгнэлтэд хүн мөргөснөөс үүдсэн эвдрэл, гэмтлийг дурдсан байх ба уг дүгнэлтэд уг эвдрэл гэмтлүүд нь ослын дараах гэмтлүүд гэсэн байх тул осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 87-88 дугаар хуудас

9. Шүүгдэгч Р.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 103 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 106 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 110 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч болон явган зорчигч нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх гэж асуусан, шинжээч уг асуултын дагуу хэрэглэх хууль тогтоомжийн заалтыг шууд зааж хариулсан байх тул Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 дугаартай дүгнэлтийн 1, 2 дахь хариултыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Р.Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж, тус бүлгийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Ц биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Р.Г-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Р.Г-ын жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирсэн бөгөөд уг үнэмлэхийг 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон байх боловч уг үнэмлэхэд хүчинтэй хугацааг огт тусгаагүй байна. Иймд жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацааны талаар үнэмлэхэд тусгаагүй нөхцөл байдлыг харгалзан жолооч үнэмлэхээ сунгуулаагүй зөрчлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, иргэний үнэмлэх, гадаад паспорт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд хүчинтэй байх хугацааг заавал тусгадаг бөгөөд эдгээр бичиг баримтыг эзэмшигч нь тухайн хугацааг дуусахаас өмнө хуульд заасан үндэслэл, журмын дагуу сунгуулах үүрэг нь үүсдэг.

Түүнчлэн, хууль тогтоогч жолооны үнэмлэхээ сунгуулаагүй, сунгуулах ёстой гэдэг нь мэдэгдэх боломжгүй ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу нийгэмд илүү аюултай үйлдэл гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй буюу зохих мэдлэг эзэмшиж, дадлага хийгээгүй, эсхүл эрхтэй байсан боловч зөрчил гарган холбогдох хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ тодорхой хугацаанд хасуулсан хүнд хамааруулсан юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг бүрэн хангаж байх тул Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01028 0472 дугаартай хэргээс шүүгдэгч Р.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Р.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.Г-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Ц нь хохиролд нийт 4,484,550 төгрөгийг хүлээн авсан талаарх хүсэлтээ шүүхийн шатанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Р.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч О.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, харин түүний В ангиллын 125302 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх, хохирогч гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч учирсан хохирол нь тодорхой хугацаанд эдгэрэх тул цаашид гарах хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн зүгээс 1 жил 10 сарын хугацаагаар хорих саналыг гаргаж байна. Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс шүүгдэгчид хорих ял оногдуулахад хүнддэж байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн байгаа тул заавал хорих ял оноохгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирогч биеэ авч явах чадваргүй байсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон асуудал нь хэрэг гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогчийг гомдол саналгүй гэж хэлж байгаад баярлаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 4, 55 настай, бусдын адил ажил эрхэлж явсан хүн. Авто тээврийн хэрэг бол санаатай үйлдэгддэггүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид оноох ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар улсын яллагчийн гаргасан бүх ялаас чөлөөлж өгөөч гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч нь жолооны үнэмлэх 10 жилийн хугацаатай гэдгийг мэдэхгүй явж байсан. Тиймээс шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Р.Г нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ... ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.

Шүүх хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь цаашид эмчилгээ хийлгэх хэрэгцээ шаардлагатай байгаа хохирогчийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо тухай бүр нь нэхэмжлэх боломж олгох зорилготой болохыг дурдах нь зүйн хэрэг.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Г-д тэнссэн хугацаанд “оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэлээ.

Шүүгдэгч Р.Г-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь хуульд заасан үндсэн ял оногдуулах хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Г-ын 290862 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01028 0472 дугаартай хэргээс шүүгдэгч Р.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Г овгийн Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Г-д тэнссэн хугацаанд “оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

5.Шүүгдэгч Р.Г-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.

6.Хохирогч О.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 290862 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА