Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 141

 

188/2019/1287/Э

 

 

 

  2020            01            30                                        2020/ДШМ/141    

 

Р.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Р.Г-ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр Р.Г-од холбогдох 1903010280472 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..... /РД:...../;

 

Р.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цамбагарав” төвийн урд талын замд “Toyota Alphard” загварын  УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж, тус бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Р.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903010280472 дугаартай хэргээс шүүгдэгч Р.Г-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Галсан овгийн Рэнцэндоржийн Г-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Р.Г-од тэнссэн хугацаанд “оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулж, хохирогч О.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Г-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 290862 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлуулан зохих байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч
Р.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тээврийн прокурорын газраас Р.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Р.Г-ын жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирсэн бөгөөд уг үнэмлэхийг 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон байх боловч уг үнэмлэхэд хүчинтэй хугацааг огт тусгаагүй байна. Иймд жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацааны талаар үнэмлэхэд тусгаагүй нөхцөл байдлыг харгалзан жолооч үнэмлэхээ сунгуулаагүй зөрчлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй гэж үзлээ. Тодруулбал, иргэний үнэмлэх, гадаад паспорт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд хүчинтэй байх хугацааг заавал тусгадаг бөгөөд эдгээр бичиг баримтыг эзэмшигч нь тухайн хугацааг дуусахаас өмнө хуульд заасан үндэслэл, журмын дагуу сунгуулах үүрэг нь үүсдэг. Түүнчлэн, хууль тогтоогч жолооны үнэмлэхээ сунгуулаагүй, сунгуулах ёстой гэдэг нь мэдэгдэх боломжгүй ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу нийгэмд илүү аюултай үйлдэл гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй буюу зохих мэдлэг эзэмшиж, дадлага хийгээгүй, эсхүл эрхтэй байсан боловч зөрчил гарган холбогдох хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ тодорхой хугацаанд хасуулсан хүнд хамааруулсан юм” гэж дүгнээд, шүүгдэгч Р.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Үүнд: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:

18.1.1.жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.1.3.зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн;

18.1.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэж Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам”-ийн 2 дахь хэсгийн 2.1-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/ зөвшөөрнө” 17.2 дахь хэсэгт “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил ...-ийн хугацаагаар олгоно” гэж тус тус заасан байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар жолооч Р.Г-ын зам тээврийн осол, хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэхийг Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр шалгахад түүний жолоочийн үнэмлэхийн хугацаа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан нь тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ “жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Г-ын өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, тухайн жолоочийн үнэмлэхэд жолоодох эрхийн дуусах хугацааг зааж өгөөгүй, Р.Г- нь жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан байна гэдгийг мэдээгүй, жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан нь тухайн осол гарсантай шалтгаант холбоогүй юм. Харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах асуудал яригдах байх. Анхан шатны шүүхээс Р.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан тул уг хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Р.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Цамбагарав” төвийн урд талын замд “Toyota Alphard” загварын УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж, тус бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган хүний зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, 10 дугаар хавирганы хоёрлосон зөрүүтэй хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн суурь хэсгийн авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, баруун бөөрний няцрал, өөхлөгт цус хуралт, хэвлий, бага аарцгийн хөндий дэх шингэн хуралдалт, баруун шаант, тахилзуур ясны хэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй далд хугаралт, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд няцарсан шарх, зулгаралт, хамар, баруун хацар, тохой, зүүн мөр, бүсэлхийд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Ц-гийн “...2019 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө буюу үүрээр гэртээ харихаар Цамбагаравын зүүн урд буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явган хүний гарцаар гарч явснаа санаж байна. Түүнээс хойш юу болсноо санахгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаан орсон. ...” /хх 32-33/,

гэрч Ц.Алтанхундагын “...Цамбагарав худалдааны төвийн зүүн урд талын гэрэл дохиотой уулзварын явган хүний гарц өнгөрөөд цагаан өнгийн “Toyota Alphard” загварын автомашин зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд ослын гэрэл дохиогоо асаасан зогсож байсан. “Toyota Alphard” загварын автомашины хажууд нь буюу 2 дугаар эгнээнд зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Нэг эрэгтэй хүн автомашинуудыг тойрч гар гэж гараараа хөдөлгөөн зохицуулж байсан. ...” /хх 35-36/,

гэрч Б.Отгонбаатарын “...Эгч бид хоёр зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал Цамбагаравын зүүн урд гэрэл дохио ойртон ирэх үед автомашин зогсох улаан гэрэл дохио асч байсан. Тэр үед 1 дүгээр эгнээ болон 3 дугаар эгнээнд явж байсан автомашинууд гэрэл дохион дээр зогсож байсан. Эгчийг зогсох гээд хурдаа хасаж байтал эгчийн урдуур “Toyota Alphard” загварын автомашины жолооч их хурдтай, яарсан байдалтай 3 дугаар эгнээнээс шууд баруун дарж 2 дугаар эгнээ рүү манай автомашины урд гарч зогсон улаан гэрэл дохио зөрчиж орох үед “Toyota Alphard” загварын автомашин дайвалзаад баруун гар тал руугаа дарж огцом зогссон. Тэр үед би дотроо “Toyota Alphard” загварын автомашины жолоочийг нохой дайрчихлаа гэж бодсон. ...“Toyota Alphard” загварын автомашины зүүн урд талд буюу зорчих хэсгийн 2 дугаар эгнээд эрэгтэй хүн доош харсан байдалтай, толгой хэсгээс нь маш их цус гарсан хэвтэж байсан. ...” /хх 37-38/,

Р.Г-ын яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 97-98/ гэх мэдүүлгүүд,

 

            “...О.Ц-гийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10924 дугаартай дүгнэлт /хх 47-48/,

            “...“Toyota Alphard” загварын 5488 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Р.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх заалт, тус бүлгийн 8.18 дахь заалт, мөн дүрмийн 17.5-д заасныг зөрчсөн байна гэх. ...” Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 440 дугаартай дүгнэлт /хх 87-88/,

 зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-19/, Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт /хх 76-83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин О.Ц-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Г-ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Р.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ “...Р.Г-ын жолоочийн үнэмлэхийн хугацаа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зам тээврийн осол гаргасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. …” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

 Р.Г- нь 2002 оны 12 дугаар сарын 1-ний өдөр жолоодох эрхтэй болж, түүнд 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх олгосон байна. /хх-106/

 

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдаж, мөн оны 9 дүгээр  сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил...”-ийн хугацаагаар олгож, мөн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1.1-д жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болохоор хуульчилж, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журмын 3.1.3-т “Жолоочийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан хүний жолоочийн үнэмлэхний хугацааг сунгасан”-аар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээхээр зохицуулжээ.

 

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийг хамааруулан ойлгоно. Тодруулбал, зөвхөн “В” ангиллын суудлын тэрэг жолоодох эрхтэй этгээд ачааны автомашин жолоодож явсан бол түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд гэж үзэх бөгөөд харин жолоодох эрхийн үнэмлэх авсан боловч тухайн үед биедээ авч яваагүй, эсхүл хүчинтэй хугацаа дууссан, гээж үрэгдүүлсэн боловч нөхөн авч амжаагүй байдал нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй/ гэж үзэн буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Хэрвээ тухайн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмжлэхний хүчинтэй байх хугацаа дууссан байхад тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхэд анхаарвал зохино.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Р.Г-ын жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацааны талаар үнэмлэхэд тусгаагүй нөхцөл байдлыг харгалзан жолооч үнэмлэхээ сунгуулаагүй зөрчлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй. Иргэний үнэмлэх, гадаад паспорт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд хүчинтэй байх хугацааг заавал тусгадаг бөгөөд эдгээр бичиг баримтыг эзэмшигч нь тухайн хугацааг дуусахаас өмнө хуульд заасан үндэслэл, журмын дагуу сунгуулах үүрэг нь үүсдэг. Түүнчлэн, хууль тогтоогч жолооны үнэмлэхээ сунгуулаагүй, сунгуулах ёстой гэдэг нь мэдэгдэх боломжгүй ийм нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу нийгэмд илүү аюултай гэж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй буюу зохих мэдлэг эзэмшиж, дадлага хийгээгүй, эсхүл эрхтэй байсан боловч зөрчил гарган холбогдох хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ тодорхой хугацаанд хасуулсан хүнд хамааруулсан юм.” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хууль нь бүтцийн хувьд зүйл, хэсэг, заалтуудаас бүрдэж байгаа бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад гэх мэтээр бичиж байгаа нь хууль зүйн техникийн хувьд буруу байгааг цаашид анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1289 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН