Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00744

 

Ж.Б-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02262 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 268 дугаар магадлалтай,

Ж.Б-ний нэхэмжлэлтэй

УБ Т Т СХХК-д холбогдох

Өмчлөгчөөр тогтоолгож, Хьюндай Элентра эйч ди загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 904 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буд, Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2011 оны 8 дугаар сард УБ Т Т СХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 36 000 000 төгрөгөөр KMHD41BAU220299 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн Хюндай элентра эйч ди /Hyundai Elantra HD/ загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Транскапитал ББСБ ХХК-д автомашинаа барьцаанд тавьж 5 000 000 төгрөгийг зээлдэн УБ Т Т СХХК-д өгч санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгон 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авсан. Улмаар мөнгөний хэрэгцээ гараад 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 500 000 төгрөгийг УБ Т Т СХХК-иас зээлдэж УБ Т Т СХХК-д барьцаа болгон нэр дээр нь шилжүүлсэн. Ингээд УБ Т Т СХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлээ төлж дуусгаж машинаа нэр дээрээ буцаан шилжүүлэхийг шаардсан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 182/ШШ2017/00658 тоот шийдвэрээр энэ талаар тусгаагүй учир Хьюндай элентра эйч ди /Hyundai Elantra HD/ загварын 13-09 УНМ улсын дугаартай машин манай компанийн өмч босон гэж тайлбарлаж байна. Иймд Хьюндай элентра эйч ди /Hyundai Elantra HD/ загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, буцаан Ж.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлэхийг УБ Т Т СХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч автомашиныг худалдан авчихаад буцаж манайд худалдсан. Дахин 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр УБ Т Т СХХК болон иргэн Ж.Б нар харилцан тохиролцож Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ-г 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байдаг. Энэ гэрээгээр түрээслүүлэгч УБ Т Т СХХК нь KMHD41BABO220299 арлын дугаартай, 13-09 УНМ улсын дугаартай Элентра маркийн автомашиныг түрээслэгч Ж.Бд такси үйлчилгээний зориулалтаар түүний эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч Ж.Б сар бүр 660 000 төгрөг төлөх ба нийт гэрээний хугацаанд 13 168 125 төгрөгийг бүрэн төлж дууссан тохиолдолд автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авах эрх, үүргийг талууд тохирсон. Түрээслэгч Ж.Б 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буюу Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусахаас 9 сар 30 хоногийн өмнө түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 4 919 514 төгрөг дээр 1 500 000 төгрөг нэмж зээлэн, зээлийн гэрээ байгуулах санал гаргаж талууд харилцан тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж зээлийн гэрээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ба зээлдүүлэгч гэрээний дагуу төлөх ёстой нийт 13 168 125 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 620 000 төлбөрийг төлсөн байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 182/ШШ2017/00658 тоот шийдвэрт зохигчид түрээсийн төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл төлбөрийг жич нэхэмжлэх нь зүйтэй..., зээлдэгч Ж.Бат-Эрдэнийн зээлийн гэрээний үүрэгт төлөх 1 500 000 төгрөгөөс УБ Т Т СХХК-аас дутуу шилжүүлсэн 590 000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 910 000 төгрөгийг Ж.Бэс гаргуулж УБ Т Т СХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Б 13-09 УНМ улсын дугаартай автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа автомашины санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой нийт 13 168 125 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 620 000 төлбөрийг төлсөн. Үүнээс хойш 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл огт түрээсийн төлбөр төлөөгүй учир автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 14.2.1-д заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцлалаар дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч Ж.Бэс санхүүгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 2 400 000 төгрөг, алданги 504 300 төгрөг, нийт 2 904 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2010 онд үйлдвэрлэсэн Хьюндай элентра эйч ди маркийн 13-09 улсын дугаартай автомашиныг 36 000 000 төгрөгийг төлж, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан худалдаж авсан. 3 жилийн хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ажлын 5 хоногт өдрийн 30 000 төгрөгийг төлж, нийт 36 000 000 төгрөгийг төлөөд уг автомашиныг авсан. Уг автомашины мөнгийг бүрэн төлж дуусгасан, автомашиныг буцааж компанид худалдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02262 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 312 дугаар зүйлийн 312.1, 312 дугаар зүйлийн 312.4-ийг баримтлан Ж.Бат-Эрдэнийг Хьюндай Элентра эйч ди загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг Ж.Бат-Эрдэний нэр дээр шилжүүлэхийг "Улаанбаатар такси транспорт сервис" ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-ийг баримтлан Ж.Бэс 1 404 858 төгрөгийг гаргуулж "Улаанбаатар такси транспорт сервис" ХХК-д олгож, хариуцагчийн 1 499 442 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 2 015 214 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд 37 428 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93 663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 268 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-нийг Хьюндай Элентра эйч ди загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг Ж.Бат-Эрдэний нэр дээр шилжүүлэхийг УБ Т Т СХХК-д даалгасугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бэс 2 400 000 төгрөг гаргуулж УБ Т Т СХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 504 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 37 428 гэснийг 53 350 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч УБ Т Т СХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт хяналтын гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарцогт миний бие 2018 оны 01 сарын 22-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Дугаар 268 шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр еарын21-ний өдрийн Дугаар 182/ШШ2017/02262 шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэдийч энэхүү шийдвэрийг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг бүрэн дүүрэн залруулаагүй байна. Нэг: 1.1 Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “...санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээр Хьюндай Элентра эйч ди маркийн 13 09 УНМ дугаартай автомашиныг түрээслэн 13 168 125 төгрөг төлснөөр гэрээг дуусгавар болгож өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. ...Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. ...Нэхэмжлэгч хариуцагчид санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 4 919 514 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон байна” гэж тус тус дурдсан. Харин шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Ж.Б-ийг Хьюндай Элентра эйч ди загварын 13 09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг Ж.Бат-Эрдэний нэр дээр шилжүүлэхийг УБ Т Т СХХК-д даалгасугай” гэж заасан нь ойлгомжгүй буюу хууль хэрэглээний алдаатай, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4-ийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь гэрээний хугацаа дуусахад түрээсийн зүйлийн нийт өртгийг барагдуулсан байх. Гэтэл шүүх нэхэмжлэгч хариуцагчид санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 4 919 514 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнийг өмчлөгчөөр тогтоосон. 1.2Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, мөн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс нэхэмжилж буй 2 904 300 төгрөг нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2017.01.30-ны өдөр хүртэлх хугацаанд төлөгдөх нийт үлдэгдэл төлбөрийн үнийн дүн биш бөгөөд 2016.05.31-2016.09.20-ныг хүртэлх буюу зөвхөн гэрээ хүчинтөгөлдөр үйлчилж байх үеийн төлөгдөөгүй түрээсийн төлбөр, алдангийн нийлбэр үнэ гэж тайлбарлаж байсан. Харин хариуцагч гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гэрээний үнийн дүн болох 13 168 125 төгрөгнөөс 7 620 000 төгрөгийг төлж үлдэгдэл 5 548 125 төгрөг байгааг дурдсан ба энэхүү үлдэгдэл төлбөрийг шаардаагүй”. Учир нь нэхэмжлэгч санхүүгийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэг талын санаачилгаар буюу хариуцагч УБТТС ХХК-ийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон. Иймд хариуцагч УБТТС ХХК нэгэнт дуусгавар болгосон эрх зүйн үйлчлэлгүй гэрээний дагуу үүрэг хүлээхийг зөвшөөрөөгүй ба харин санхүүгийн түрээсийн гэрээг цуцлахаас өмнөх 2016.05.31-2016.09.20-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алданги нийт 2 904 300 төгрөгийг шаардсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчид автомашиныг өмчлөлд нь шилжүүлэхгүй харин нэхэмжлэгчээс уг автомашиныг ашиглаж байсан хугацааны төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх "...нэхэмжлэгч хариуцагчид түрээсийн гэрээгээр 4 919 514 төгрөг төлөх үурэгтэй энэ үүргээс нэхэмжлэгч хариуцагчид мөнгө төлсөн баримтгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 400 000 төгрөг нэхэмжилснийг хангаж ...” гэж тайлбарласан нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, агуулгыг бүрэн дүүрэн ойлгоогүй нь харагдаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа бол шүүх хуралдааны явцад тогтоогдсон нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бүгдийг нэхэмжлэгчид төлөх шийдвэр гаргах нь шударга бөгөөд үндэслэл бүхий байх байтал хариуцагчийн өөр үндэслэл, агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хольж хутган хариуцагч санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 4 919 514 төгрөгнөөс 2 015 214 төгрөгнийг авахаас татгалзсан мэт тайлбарлаж байгаа нь эрх зүйн алдаатай дүгнэлт бөгөөд хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд “...шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг зөв дүгнэж чадаагүй, ...сөрөг нэхэмжлэлээр 2016.05.31-2016.09.20 хүртэлх хугацааны гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан үеийн түрээсийн төлбөр 2 400 000 төгрөгийг шаардсан байхад гэрээг цуцлах хүртэлх үеийн төлбөртэй хольж дүгнэсэн, ...гэрээг цуцлах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 13 168 125 төгрөг төлөхөөс 7 620 000 төгрөгийг төлж 5 548 125 төгрөг дутуу байсан, ...энэ төлбөрийг шаардаагүй, ...нэхэмжлэгч үүргээ зөрчсний улмаас гэрээг цуцалж дуусгавар болгосон байсан, ...давж заалдах шатны шүүх түрээсийн төлбөрт 4 919 514 төгрөг төлөөгүй байна гэж дүгнэсэн атлаа 2 015 214 төгрөгөөс татгалзсан мэт хасч, алдаатай дүгнэлт хийсэн...” тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. Гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч УБ Т Т СХХК-д холбогдуулан Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч “...түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг, алданги 504 300 төгрөг, нийт 2 904 300 төгрөг гаргуулах...” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Автомашиныг нэр дээрээ шилжүүлэхийг хариуцагчид даалгах нь бие даасан шаардлага бус, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үр дагавар тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гэж үзнэ.

Зохигчийн хооронд Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаарын автомашины талаар худалдах-худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ, фидуцийн гэрээ гэсэн хэд хэдэн гэрээ байгуулагджээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох Ж.Б болон УБ Т Т СХХКомпанийн байгуулсан 2011 оны 8 дугаар сарын гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д нийцсэн байна. Гэрээний талууд Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаартай автомашиныг түрээслэх, сар бүрийн төлөлт хийж түрээс 36 000 000 төгрөгийг төлснөөр автомашиныг Ж.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон, гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ болохыг маргаагүй байв.

Түрээслэгч Ж.Б нь хариуцагч УБ Т Т СХХКомпанитай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ/2017/00658 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Үүнээс гадна зохигч талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ, мөн өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээр Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаартай автомашиныг түрээслэн 13 168 125 төгрөг төлснөөр гэрээг дуусгавар болгож, автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон байх боловч үүнээс хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б нь УБ Т Т СХХК-д хандан, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 919 514 төгрөгийг зээлийн гэрээнд шилжүүлэх замаар автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар зээлийн фидуцийн үүрэгт автомашинаа шилжүүлнэ гэх агуулгатай хүсэлт гаргасан, хүсэлтийг УБ Т Т СХХК хүлээн авч зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан, шүүх уг баримтад тулгуурлан нэхэмжлэгч нь хариуцагчид санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар 4 919 514 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Санхүүгийн түрээсийн гэрээнд түрээслэгч Ж.Б нь түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн бол түрээслүүлэгч УБ Т Т СХХК автомашины өмчлөх эрхийг түүнд шилжүүлэх үүрэг хүлээсэн тул үүргээ биелүүлэх ёстой болно. Өмчлөх эрх шилжүүлэх тохиролцоо санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн үүрэгт хамаарахгүй боловч гэрээнд заасан нь хууль зөрчихгүй юм. Түрээслүүлэгч УБ Т Т СХХК нь түрээсийн төлбөрт 2 400 000 төгрөг дутуу болохыг сөрөг нэхэмжлэлдээ тодорхойлсон ба үүргийн ялимгүй зөрчлийг үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болгох боломжгүйгээс гадна сөрөг нэхэмжлэлийн дагуу түрээсийн төлбөр төлөх үүргийг хангуулж байгаа тул шүүх өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж.Б-ийг Иргэний хуулийн 312 дугаар дугаар зүйлийн 312.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас автомашины өмчлөлийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж дүгнэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2 400 000 төгрөгийг хангаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул алданги  504 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 268 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 86 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА