Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 268

 

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02262 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УБТТС” ХХК-д холбогдох

 

Өмчлөгчөөр тогтоолгож, Хьюндай Элентра эйч ди загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 904 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2011 оны 8 дугаар сард “УБТТС” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 36 000 000 төгрөгөөр KMHD41BAU220299 арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэсэн Хюндай элентра эйч ди /Hyundai Elantra HD/ загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Транскапитал ББСБ” ХХК-д автомашинаа барьцаанд тавьж 5 000 000 төгрөгийг зээлдэн “УБТТС” ХХК-д өгч санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгон 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авсан. Улмаар мөнгөний хэрэгцээ гараад 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 500 000 төгрөгийг “УБТТС” ХХК-иас зээлдэж “УБТТС” ХХК-д барьцаа болгон нэр дээр нь шилжүүлсэн. Ингээд “УБТТС” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлээ төлж дуусгаж машинаа нэр дээрээ буцаан шилжүүлэхийг шаардсан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 182/ШШ2017/00658 тоот шийдвэрээр энэ талаар тусгаагүй учир Хьюндай элентра эйч ди /Hyundai Elantra HD/ загварын 13-09 УНМ улсын дугаартай машин манай компанийн өмч босон гэж тайлбарлаж байна. Иймд Хьюндай элентра эйч ди /Hyundai Elantra HD/ загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, буцаан Ж.Б-ийн нэр дээр шилжүүлэхийг “УБТТС” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч автомашиныг худалдан авчихаад буцаж манайд худалдсан. Дахин 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “УБТТС” ХХК болон иргэн Ж.Б нар харилцан тохиролцож “Аютомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байдаг. Энэ гэрээгээр түрээслүүлэгч “УБТТС” ХХК нь KMHD41BABO220299 арлын дугаартай, 13-09 УНМ улсын дугаартай Элентра маркийн автомашиныг түрээслэгч Ж.Бат-Эрдэнэд таксийн үйлчилгээний зориулалтаар түүний эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч Ж.Б сар бүр 660 000 төгрөг төлөх ба нийт гэрээний хугацаанд 13 168 125 төгрөгийг бүрэн төлж дууссан тохиолдолд автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авах эрх, үүргийг талууд тохирсон. Түрээслэгч Ж.Б 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буюу Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусахаас 9 сар 30 хоногийн өмнө түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 4 919 514 төгрөг дээр 1 500 000 төгрөг нэмж зээлэн, зээлийн гэрээ байгуулах санал гаргаж талууд харилцан тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж зээлийн гэрээ 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ба зээлдүүлэгч гэрээний дагуу төлөх ёстой нийт 13 168 125 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 620 000 төлбөрийг төлсөн байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 182/ШШ2017/00658 тоот шийдвэрт “зохигчид түрээсийн төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл төлбөрийг жич нэхэмжлэх нь зүйтэй..., зээлдэгч Ж.Б-н зээлийн гэрээний үүрэгт төлөх 1 500 000 төгрөгөөс “УБТТС” ХХК-иас дутуу шилжүүлсэн 590 000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 910 000 төгрөгийг Ж.Б-ээс гаргуулж “УБТТС” ХХК-д олгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Б 13-09 УНМ улсын дугаартай автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа автомашины санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой нийт 13 168 125 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 620 000 төлбөрийг төлсөн. Үүнээс хойш 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл огт түрээсийн төлбөр төлөөгүй учир автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 14.2.1-д заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцлалаар дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч Ж.Б-ээс санхүүгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 2 400 000 төгрөг, алданги 504 300 төгрөг, нийт 2 904 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2010 онд үйлдвэрлэсэн Хьюндай элентра эйч ди маркийн 13-09 улсын дугаартай автомашиныг 36 000 000 төгрөгийг төлж, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан худалдаж авсан. 3 жилийн хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ажлын 5 хоногт өдрийн 30 000 төгрөгийг төлж, нийт 36 000 000 төгрөгийг төлөөд уг автомашиныг авсан. Уг автомашины мөнгийг бүрэн төлж дуусгасан, автомашиныг буцааж компанид худалдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 312 дугаар зүйлийн 312.1, 312 дугаар зүйлийн 312.4-ийг баримтлан Ж.Б-ийг Хьюндай Элентра эйч ди загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг Ж.Б-ний нэр дээр шилжүүлэхийг “УБТТС” ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-ийг баримтлан Ж.Б-ээс 1.404.858 төгрөгийг гаргуулж “УБТТС” ХХК-д олгож, хариуцагчийн 1 499 442 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 2 015 214 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд 37 428 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93 663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх буюу нотлох баримтад тулгуурлан гарах ёстойг тус тус зөрчсөн. Шүүх "гэрээний үнийн дүн болох 13 168 125 төгрөг нь автомашины бодитой үнийн дүн биш ..., 7 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй гэж үзэхэд хэдий хугацаанд төлж дуусахаар байна гэж тооцож, автомашины үнийг тооцож гаргах нь зохистой байжээ. Шүүх дээрх байдлаар тооцов"- гэж тайлбарлан талуудын гэрээ байгуулахдаа харилцан тохирсон гэрээний үнийн дүнг өөрчлөн тогтоож байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу гэрээний чөлөөт байдалд халдсан байна.

Шүүх гэрээ дуусгавар болсон үйл баримтад дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч маргаантайгаас болж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд анх автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд автомашины үнийн дүнтэй холбоотой ямар ч маргаан үүсч байгаагүй ба маргаан гарч байсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дан ганц нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн нь хэт нэг талыг барьсан эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан. Иймд дээрх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч “УБТТС” ХХК-д холбогдуулан Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, нэр шилжүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөр 2 400 000 төгрөг, алданги 504 300 төгрөг, нийт 2 904 300 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “УБТТС” ХХК-тай 2011 оны 8 дугаар сард Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаартай автомашиныг түрээслэн 36 000 000 төгрөг төлснөөр өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон бөгөөд төлбөрийн үлдэгдлийг Ж.Б 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Транскапитал” ББСБ-тай зээл болон фидуцийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөг зээлж төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Дээрх зээлийг төлөхөөр нэхэмжлэгч хариуцагчаас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3 500 000 төгрөг зээлж, уг мөнгийг “Транскапитал” ББСБ-д төлж автомашиныг буцаан авсан бөгөөд тэрээр уг автомашиныг “УБТТС” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 7 800 000 төгрөгөөр худалдсан бөгөөд мөн өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээр Хьюндай Элентра эйч ди маркийн 13-09 УНМ дугаартай автомашиныг түрээслэн 13 168 125 төгрөг төлснөөр гэрээг дуусгавар болгож өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэргийн 100 дугаар талд нэхэмжлэгч Ж.Б нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “УБТТС” ХХК-д түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 919 514 төгрөгийг зээлийн гэрээнд шилжүүлэх замаар автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар зээлийн фидуцийн үүрэгт автомашинаа тавина гэх агуулгатай хүсэлт гаргасан байна.

 

Дээрх хүсэлтийг үндэслэж зохигчид 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний маргааныг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ/2017/00658 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Иймд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэх хариуцагчийн тайлбар болон татгалзал үндэслэлгүй болно.

 

Гэрч Б.У “2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн баримтын дагуу мөнгийг бодитоор хүлээж аваагүй. Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгож зээл авах хүсэлт гаргасан тул үлдэгдэл 4 919 514 төгрөг дээр хүсч байгаа мөнгөн дүнг нэмж зээлийн гэрээний баримт үйлдсэн” гэж шүүхэд мэдүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бэлэн мөнгө төлсөн баримт, уг баримтыг үйлдэх болсон талаарх гэрч Б.У-ийн мэдүүлэг, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг хооронд нь харьцуулан судлавал талууд санхүүгийн гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч хариуцагчид санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 4 919 514 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардалагыг хангасан нь зөв боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах шаардлагатай. Тухайлбал, талууд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул Иргэний хуулийн 312 дугаар дугаар зүйлийн 312.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины өмчлөлийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 404 858 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл болон тооцоолол нь тодорхойгүй байна.

 

Хэрэгт авагдасан баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч хариуцагчид түрээсийн гэрээгээр 4 919 514 төгрөг төлөх үүрэгтэй энэ үүргээс нэхэмжлэгч хариуцагчид мөнгө төлсөн баримтгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 400 000 төгрөг нэхэмжилснийг хангаж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл дээр алданги тооцож 504 300 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-ийг Хьюндай Элентра эйч ди загварын 13-09 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг Ж.Б-ний нэр дээр шилжүүлэхийг “УБТТС” ХХК-д даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Б-ээс 2 400 000 төгрөг гаргуулж “УБТТС” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 504 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “37 428” гэснийг “53 350” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “УБТТС” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ