Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00717

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03279 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00024 дүгээр магадлалтай,

С.Сийн нэхэмжлэлтэй

Засгийн газрын нөөц сангаас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, прокурор Х.Батчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Сийг 2015 оны 7 дугаар сард бусдад зодуулж, биедээ хүндэвтэр гэмтэл авсан гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор тогтоогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад уг үйл явдал болсон өдөр түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн хэмээн үзэж, 2015 оны 12 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа 500 000 төгрөгийг хохирогчийнх нь хувьд, 2 000 000 төгрөгийг сэжигтнийх нь хувьд өмгөөллийн үйлчилгээнд авахаар тохирч, төлбөрийг хүлээн авсан. С.Ст холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь 1 жил 8 сарын хугацаанд шалгуулахдаа сэтгэл санаа, эд материалын хувьд хохирол амссан. Иймд хууль зүйн туслалцааны хөлс 2 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсэгт тухайн жилийн тесөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурьдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж заасан. Тус хуульд гэм хорын хохирлыг төлөх талаар тусгайлан хуульчлаагүй. Иймд Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүйн зэрэгцээ Засгийн газрын бүрэн эрхэд халдсан үйлдэл болохыг анхаарна уу гэжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С нь гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдах явцдаа сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчөөр Ш.Сарангэрэлийг оролцуулсан байна. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар заавал өмгөөлөгч авах хэрэг биш юм. Эвдэрч гэмтсэн эд хөрөнгийг 127 000 төгрөгөөр үнэлсэн ба түүний үйлдлийг шалгах явцад эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээгүй, харин гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03279 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д тус тус зааснаар Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар С.Сийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2018/00024 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсгийн агуулга нь “онцгой ажиллагааны журмаар бус ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай байхад эрх зүйн байдал нь тодорхой бус этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу болжээ” гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн эрс зөрүүтэй хууль хэрэглээ, тайлбарын талаар эцэслэн дээд шүүхээр хянан хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:                 

Нэхэмжлэгч С.С нь хууль бусаар яллагдагчаар татагдсан, гадагш явахгүй гэж баталгаа гарган, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсны улмаас учирсан гэм хор 2 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх С.Сийн нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133, 135 дугаар зүйлийг зөрчсөн тул зөвтгөх боломжтой боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх боломжгүй тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.” гэж заасан тул нэхэмжлэгч нь учирсан хохирлыг арилгуулах эрхтэй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь хуульд заасан ажиллагааг явуулсан боловч эцсийн үр дүнд иргэн гэм буруугүй болох нь тогтоогдсон, эсвэл хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан нь тогтоогдсон бол түүнд учирсан хохирлыг төр хариуцахаар хуульд зохицуулжээ.

С.С нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, үүний дараа яллагдагчаар татагдсан, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан, улмаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 79 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан “...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй...гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр эрх зөрчигдсөн байдлыг нь сэргээсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрыг гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 134.3-т заасныг зөрчөөгүй байна.

Дээрх тохиолдолд албан тушаалтны гэм бурууг нотлох шаардлагагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн үйл баримт маргаангүй байдаг учраас мэтгэлцэх зарчим хамаарахгүй, хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдээс гаргасан гэм хор арилгуулах нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, уг шаардлагыг гуравдагч этгээд үгүйсгэх, тайлбар, нотлох баримт гаргах, шүүх нотолгооны хүрээнд дүгнэлт өгөх асуудал онцгой ажиллагааны журмаар байдаг нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үндэслэлийг бий болгохгүй болно.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх тухай заасан байсан нь уг хууль хүчингүй болсноор хуулийн зохицуулалтгүй болсон, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулаагүй нь хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй гэх үр дагаврыг бий болгоогүй юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлээс үүдэн гэм буруутай эсэхээс үл хамаарч, иргэний эрх нь зөрчигдсөн болохыг сэргээсэн учраас хохирлыг арилгуулах үндэс болсон гэм буруугийн талаар маргах, мэтгэлцэх шаардлагагүй тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.

Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй  гэсэн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, нотлогдсон эсэх асуудлаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хууль зүйн дүгнэлт өгч, шийдвэр гаргах юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болох эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд “...хохирогч, сэжигтнээр оролцоход өмгөөлөгч авах, ...өмгөөллийн хөлс 500 000+2 000 000 гэж заасан, өмгөөллийн нийт хөлс 2 500 000 төгрөг болох агуулга байгаа боловч энэ байдлыг нэхэмжлэгч нь тайлбарлахдаа 500 000 төгрөг нь хохирогчийн, 2 000 000 төгрөг нь сэжигтнээр тооцсон эрүүгийн хэрэгт оролцох өмгөөллийн хөлс гэж тодорхойлсон боловч гэрээний агуулгыг шүүх үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна. С.С нь нэг талаас эрүүгийн хэрэгт хохирогчоор, өөр хэрэгт сэжигтнээр татагдсан байх боловч өмгөөллийн хөлсийг тохирох болсон үндэслэл, аль хэрэгт ямар хэмжээг хэрхэн тогтоосон байдал гэрээнд тусгагдаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдол гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 25-ны өдрийн 210/МА2018/00024 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА