Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 258

 

Э.Батхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Н.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолтой Э.Батхүүд холбогдох 20739102 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бичсэн 1 дүгээр дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Уул Монгол овогт Энхбаярын Батхүү нь Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн шүүх Э.Батхүүг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоног баривчлах ял шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 55 хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан, оногдуулсан ялыг биечлэн эдэлсэнд тооцож шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллахаар шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүхэд прокурор Н.Ганбатын бичсэн дүгнэлтэд: “... шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэн шалгахад Энхбаяр овогтой Батхүү нь бусдын эд зүйлийг булаасан гэмт хэргийг үйлдээгүй, харин Ганболд овогтой Хүдэрчулуун нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Э.Батхүү, Н.Нямжав, яллагдагч Г.Хүдэрчулуун нарын мэдүүлгүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т заасан шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй нөхцөл байдал илэрсэн тул Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор бусдын эд зүйлийг булаасан гэм буруутайд тооцогдсон Энхбаяр овогтой Батхүү гэснийг Ганболд овогтой Хүдэрчулуун болгон өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 361 дүгээр зүйлийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Н.Буяннэмэх “... хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах саналтай байна” гэв.

2007 оны 1 дүгээр сарын 30-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Оросын холбооны улсын иргэн Т.Ю.Олеговнагийн гар цүнхийг булааж, 212.378 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн Э.Батхүү гэгч нь Халх овогт Ганболдын Хүдэрчулуун болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан “... гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн” шинээр илэрсэн нөхцөл байдал тул Э.Батхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Батхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

        ДАРГАЛАГЧ,

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

        ШҮҮГЧ                                                                           Б.ЦОГТ