Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00743

 

“Э-И”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 96 дугаар магадлалтай,

“Э-И” ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Ахолбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 74 527 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Аын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Алдармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Б.Атой 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 21 тоот машин борлуулалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу цагаан өнгөтэй, WDCYR71EX8X172027 арлын дугаартай Мерседес бенз класс автомашиныг худалдаж, хариуцагч Б.Ань үнийг тодорхой хуваарийн дагуу манай компанид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу манай компани хариуцагчид автомашиныг шилжүүлсэн. Харин хариуцагч гэрээний урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлж, уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Мөн тэрээр уг автомашинтай холбоотой ямар нэгэн эвдрэл, гэмтэл болон аливаа эрсдлийг өөрт нь хамаарах болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн хариуцагч Б.Анэмж 8 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 57 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд төлбөрөө барагдуулаагүй. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчаас манай компанид мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус мэдэгдлээрээ гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс Б.Агэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан. Гэрээний 9.2.1-д худалдан авагч нь төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй бол төлөх ёстой үнийн дүнгээс хоног тутам 0.06 хувийн алданги төлөхөөр заасны дагуу хариуцагч Б.Аын алдангийн хэмжээг тооцоход 416 хоногийн алданги 14 227 200 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 000 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 9.2.1-т заасны дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги болох 14 227 200 төгрөг, бусад үйл ажиллагааны төлбөрт 3 300 000 төгрөг, нийт 74 527 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02132 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Аоос 68 457 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э-И”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 070 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 500 235 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Энэрэл-Интернэшнэл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 96 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А хяналтын гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.10-ны өдрийн 02132 дугаартай шийдвэр,2018.01.05-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 96 дугаартай магадлалыг хариуцагч Б.Аби эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Шүүхийн шийдвэр дээр хариуцагч Б.Аын хаягыг Хан-уул дүүргийн 15-р хороо Гэгээнтэн хотхон, 104-р байрны 28 тоотод оршин суудаг гэжээ. 2017.06.28-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны засаг даргын тодорхойлолтоор Б.Ань Хан-Уул дүүргийн 11-дугаар хороо, Будда виста хотхон, 401-р байр 803 тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон тодорхойлолт авагдсан байна. /хх16/ 2. Нэхэмжлэлийг хүлээн авсан баримт дээр БЗД, 25 дугаар хороо, 103 байрны 3-48 тоот хаягт оршин суудаг хэмээн бичсэн байна./хх17/ Түүнчлэн албан ёсны иргэний бичиг баримт болон амьдарч буй хаяг нь мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103-р байрны 3-48 тоот хаягт оршин суудаг болохыг нотолж байна. МУИХ-ийн 22.1-т зааснаар Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасан байна. ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.2 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 20.1-т зааснаар харьяалалын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараахь шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно. ИХ-ийн 20.1.2-т нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалалыг зөрчсөн нь илэрвэл гэж заасан байх тул нэхэмжлэлийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх ёстой байсан гэж үзэж байна. 3. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэт зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1 д төлөгдөөгүй үнийн дүнгийн дагуу төлөх ёстой өдрөөс бодит төлсөн өдөр хүртэл өдөр бүрийн 0.06 хувийн торгууль төлнө гэж заасан байхад шүүх алданги тооцохоор тохиролцсон байх тул хэмээн өөрөө дураар илт хариуцагч талд хохиролтойгоор, харин нэхэмжлэгч талд ашигтайгаар, хариуцагч тал оролцож мэтгэлцээгүй байхад гэрээг тайлбарлаж 11 457 000 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч шүүх хүү, алданги, торгууль илт их байвал хасч тооцох эрхтэй байдаг гэж сонсож байсан. Гэрээний талууд бид ер нь гэрээгээр хэрхэн яаж тохиролцсон эсэхийг шүүх хэн альнаас нь тодруулж мэтгэлцүүлж байж хэргийг бодитой үнэн зөв шийдвэрлэх байсан гэж үзэж гомдолтой байна. Иймд хуулийг буруу хэрэглэн гаргасан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э-И”ХХК нь хариуцагч Б.Аоос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 74 527 200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 68 457 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу “Э-И”ХХК нь Мерседес бенз Жи-55 И Эм жи автомашиныг Б.Аын өмчлөлд шилжүүлэх, Б.Ань автомашины үнэд 85 000 000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байх ба талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.

“Э-И”ХХК нь гэрээгээр тохирсон автомашиныг шилжүүлсэн, хариуцагч нь урьдчилгаанд 20 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 65 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон байна.

Талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул худалдан авагч буюу хариуцагч Б.Ань эд хөрөнгийн үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байна.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний агуулга, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч Б.Ань 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Э-И”ХХК-д мэдэгдэл хүргүүлж, ...автомашины үндсэн төлбөрт 57 000 000 төгрөг, гэрээний дагуу алданги 11 449 200 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор барагдуулахыг хүлээн зөвшөөрч байжээ. /хх-8/

Иймд хариуцагчийн хяналтын гомдолд дурдсан ...шүүхийн харьяалал зөрчсөн, ...гэрээнд торгууль гэж заасан байхад зөв тайлбарлаж чадаагүй, ...анзын хэмжээ илт их байхад багасгаагүй...,” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 198 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА