Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 685

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, Харахас овогт Давудын Оралханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, Санырау рысхул овогт Халелийн Тунгалагт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оралхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Х.Тунгалаг, иргэдийн төлөөлөгч Е.Жанибек, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэнд, нэр төрд санаатай халдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 350000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Оралхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Цэнгэл сумын иргэн Х.Тунгалаг гэгч зодож, биед минь гэмтэл учруулан олон нийтийн газарт танхайрсан хэргийг хэсгийн төлөөлөгч Тилеген шалгаж баримтжуулан, Х.Тунгалагт торгох арга хэмжээ авсан юм.

Х.Тунгалагт зодуулсны улмаас надад одоогоор 350000 төгрөгийн хохирол учирсан юм. Энэ хохирлыг авч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оралхан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгаас Өлгийд ирэхэд манай бэр төрсөн байсан. Тэгээд аймгийн төвд 3 хоног хоносон. 3 хоногийн дараа манай хүү даргаасаа чөлөө аваад Цэнгэл суманд очсон. Тэгэхэд би хүүдээ зардлын мөнгө өгье гэж бодоод Засгийн газраас худалдаж авч байгаа хувьцааны 100000 төгрөгөө авах гээд банканд очиж очерлосон. Тэгэхэд Х.Тунгалаг /хоч нэр Арай/ үдэн дээр байж байсан. Би 1 дүгээр очерт байсан. Тэр үед хүмүүс очир битгий дайраарай гэж орилсон. Харсан чинь Х.Тунгалаг миний ард ирээд зогссон байсан.

 

 

Тэгээд зогсож байснаа шахаж ирэхээр нь Х.Тунгалаг /хоч нэр Арай/ жаахан цааш нь байгаач ээ гэхэд битгий солиороод бай гээд түлхсэн. Тэгснээ чи наад өгч байгаа 100 000 төгрөгийг битгий аваарай гэсэн. Тэгэхээр нь чи ямар карманаас гаргаж байгаа юм уу гэхэд наадах чинь сонгуулийн шоу гээд миний цээжин тус газар нударгаар цохисон. Тэгээд зодолдож эхлэхэд нүд харанхуйлаад сайн таниагүй. Нэг нарийхан хүүхэн ирээд салгаж авсан. Би энэ хүнд огт гар хүрээгүй. Тэгээд Х.Тунгалаг /хоч нэр Арай/ нь би мөнгөтэй юм чинь шүүхийг худалдаж авна. Чам шиг чавганцыг тоохгүй гээд салаавч өгсөн. Тэгэхэд би ч гэсэн шүүхийг худалдаж авна гээд салаавч гаргасан. Одоо энэ хүн өөрөө сууж байгаа болохоор үнэнээ ярих байх. Бид хоёрын дунд илүү дутуу зүйл байхгүй. Би зодуулсан маань үнэн. 100000 төгрөгөөс болж маргасан.

Одоо би зодуулсны мөнгө болон ийш тийшээ явсан зардлаа авна. Мөн нотариатаар батлуулахад гарсан зардлыг бас авна. Энэ хүн эргэж ирээд надаас уучлалт гуйгаагүй. Хүмүүс ирээд Х.Тунгалаг /хоч нэр Арай/ танаас уучлалт гуйж ирсэн үү гэсэн. Гэхдээ энэ хүн тэр чигээрээ ирээгүй. Мөн өмгөөлөгчид төлсөн 200000 төгрөг, эм худалдаж авсан мөнгө гээд бүгд нийлээд 350000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Х.Тунгалаг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Халел овогтой Тунгалаг /хоч нэр Арай/ нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суудаг. 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус сумын ХААН банкинд очерлож зогсож байхад Д.Оралхан гэгч эмэгтэй ирж тэр өөрөө эхэлж хэрүүл маргаан гаргаж, намайг хэл амаар доромжилсон тул би түүнийг нэг удаа түлхсэн, өөр гар хүрээгүй, би түлхсэний дараа тэр намайг гуя руу минь нэг удаа өшиглөсөн ба тэр үед тэнд байсан хүмүүс болиулсан.

Тэрний дараа Гаухар гэдэг Оралхаиы хамаатан эмэгтэй ирж бас надтай зууралдаж, чи намайг очерлож зогсож байхад бөгсөөрөө түлхсэн гэж хэрүүл гаргасан, би бөгсөөрөө түлхээгүй байсан, хүмүүс шахцалдаж байхад хүрсэн байж магадгүй юм. Тэгээд тэр Гаухар, Оралхан нар цагдаад гомдол гаргасан байсан.

Хэсгийн төлөөлөгч Т.Тилеген нь уг асуудлыг дутуу шалгаж, нэг талыг барьж, зөвхөн надад хариуцлага тооцож, намайг өшиглөж, хэл амаар доромжилсон Д.Оралханы хэл амнаас айж түүнд хариуцлага тооцоогүй юм. Би тухайн үед нь заргалдаад яахав гэж хаясан байсан. Би энэ зөрчлийг дутуу шалгасан тул дахин шалгуулж өгөх талаар аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан байгаа ба өнөөдрийн байдлаар шийдвэрлэгдээгүй байна.

Д.Оралхан нь уг зөрчлийн улмаас 350000 төгрөгийн хохирол учирсан гэж ямар ч үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэгдүгээрт Д.Оралхан мөн зөрчил гаргасан байсан, хоёрдугаарт Оралханаас огт 350000 төгрөгийн зардал гарч хохирох юм болоогүй, энэ зөрчлийг газар дээр нь буюу Цэнгэл суманд шалгаж шийдвэрлэсэн, тухайн үед нь Оралхан ямар нэгэн өмгөөлөгч авч хөлс төлөөгүй, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, түүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Оралхан уг зөрчлийн улмаас аймгийн төвд нэг удаа ирж шинжээч эмчид үзүүлээд буцсан, энэ зардлыг нь тооцвол Өлгий-Цэнгэл сум хоорондын таксины зардал нэг талдаа 8000 төгрөг, ирж буцах нь 16000 төгрөг, шинжилгээний төлбөр 3500 төгрөг, нийт 19500 төгрөгийн зардал гаргасан байна. Оралханыг Өлгий суманд ирүүлж байцаалт авсан удаа байхгүй болох нь зөрчил шалгасан 1030 дугаартай материалд тодорхой харагдаж байна.

Ийм байхад тэрээр яагаад үндэслэлгүйгээр тийм их зардал гаргасан гэж шүүхэд худал гомдол гаргаж байгаад би гайхаж байна. Иймд Оралхан өөрөө зөрчил гаргасан тул би түүнд ямар ч мөнгө төгрөг, хохирол төлөх ёсгүй. Хэрэв надаар хохирол төлүүлэхээр болж шийдвэрлэвэл 19500 төгрөг л төлөгдөхөөр байна.

Энэ зөрчил дутуу шалгагдаж, буруу шийдвэрлэгдсэн талаар миний гомдлоор аймгийн Прокурорын газраас уг зөрчил шалгасан материалыг хянаж байгаа тул уг гомдлын шийдвэрлэлтийг хүлээж байж энэ нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 6 дугаар сарын 20-ны үед банканд 1 дүгээр очирт зогсож байсан. Тэр үед миний ард Д.Оралхан зогсож байснаа намайг түлхсэн. Тэгэхэд та жаахан хол зогсооч ээ, та яагаад түлхээд байгаа юм вэ гэхэд шууд намайг мөрөн тус газар барьж авсан. Тэгээд би бас түлхсэн.

Урьд нь Д.Оралхан нь манайхаас 1 сая төгрөг авсан байсан ба 800000 төгрөгийг өгөөд 200000 төгрөг үлдсэн байсныг өгөөгүй. Тэрнээс хойш надад өс санадаг болсон. Тухайн үед банканд камер ажиллаж байсан. Тэнд бүх бичлэг нь байгаа. Дараа нь цагдаад очиж бичиг аваад Өлгийд ирээд шинжээчид үзүүлж акт тогтоолгосон байна. Энэ хүн Өлгийд нэг л удаа шүүхийн шинжилгээний албанд ирсэн. Би энэ хүнийг зодоогүй учраас мөнгө төлөхгүй. Намайг Д.Оралханыг хэл амаар доромжилсон гээд 15000 төгрөгийн торгосон гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Д.Оралхан нь хариуцагч Х.Тунгалагаас эрүүл мэнд нэр төрд санаатай халдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 350000 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ. Хариуцагчаас Д.Оралхан нь мөн зөрчил гаргасан, энэхүү зөрчлийн улмаас Д.Оралханд 350000 төгрөгийн хохирол учрах үндэслэлгүй гэж маргажээ.

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн Х.Тунгалагт холбогдох захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар Халел овогтой Тунгалаг нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Оралханыг хэл амаар доромжлон айлган сүрдүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 0538723 дугаартай шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримтлан 15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтуудаар эмийн сангийн эрхлэгч Нурсаулегийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, таксиний жолооч Х.Даулетханы 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн баримт, жолооч Есай, М.Ерболат, С.Хамыстыкал нарын баримтуудыг ирүүлсэн байх боловч энэхүү нотлох баримтуудыг үндэслэн хохирол гаргуулах боломжгүй байна. Эмийн сангийн эрхлэгч Нурсауле нь Оралхан нь 2016 оны 06 дугаар сарын 27-нд 32000 төгрөгийн эм авсан нь үнэн болно гэж тодорхойлсон боловч ямар эмийг ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй, мөн энэхүү тодорхойлолтод Ахсу эмийн сан гэж бичигдсэн боловч Нур жубак ХХК-ийн тамга дарагдсан, таксиний жолооч Х.Даулетхан нь Д.Оралхан нь Цэнгэл-Өлгий хооронд 5 удаа ирж очсон зардалд 100000 төгрөг төлсөн гэх боловч юуны учир, хэзээ явсан нь тодорхойгүй, мөн жолооч Есай, М.Ерболат, С.Хамыстыкал нарын тодорхойлолтонд Оралханы ирж буцсаныг нотолж байгаа боловч юуны учир ирж буцсан нь тодорхойгүй ба Х.Тунгалагийн буруутай ажиллагааны улмаас ирж буцсаныг нотлохгүй байгаа тул нотлох баримтаар үнэлж хохирол гаргуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс эрүүл мэндийн хохиролд 350000 төгрөг гарсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Оралханы биед цээжний зүүн тал, зүүн талын гарын шууны хэсэгт шаргал туяа орж эдгэрч буй цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. Нэхэмжлэгч Д.Оралхан нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаар нотолж чадаагүй тул Х.Тунгалагаас 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Давудын Оралханы Халелийн Тунгалагаас 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 11150 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 59050 төгрөгийг Д.Оралханд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

 

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

К.БҮЛДИРГЕН