Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 010

 

Д.Оралханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 685 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, Харахас овогт Давудын Оралханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, Санырау рысхул овогт Халелийн Тунгалагтхолбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Д.Оралхан, түүний өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэнд, нэр төрд санаатай халдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 350000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Намайг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Цэнгэл сумын иргэн Х.Тунгалаг гэгч зодож, биед минь гэмтэл учруулан олон нийтийн газарт танхайрсан хэргийг хэсгийн төлөөлөгч а/х н.Тилеген шалгаж баримтжуулан, Х.Тунгалагт торгох арга хэмжээ авсан.

Х.Тунгалагт зодуулсны улмаас надад одоогоор 350000 төгрөгийн хохирол учирсан юм. Энэ хохирлыг Х.Тунгалагаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие Халел овогтой Тунгалаг /хоч нэр Арай/ нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус сумын ХААН банканд очерлож зогсож байхад Д.Оралхан гэгч эмэгтэй ирж, өөрөө эхэлж хэрүүл маргаан гаргаж, намайг хэл амаар доромжилсон тул би түүнийг нэг удаа түлхсэн, өөр гар хүрээгүй, би түлхсэний дараа тэр миний гуя руу нэг удаа өшиглөсөн ба тэр үед тэнд байсан хүмүүс болиулсан.

Тэрний дараа Гаухар гэдэг Оралханы хамаатан эмэгтэй ирж, бас надтай зууралдаж, чи намайг очерлож зогсож байхад бөгсөөрөө түлхсэн гэж хэрүүл гаргасан. Би бөгсөөрөө түлхээгүй, хүмүүс шахцалдаж байхад хүрсэн байж магадгүй. Тэгээд тэр Гаухар, Оралхан нар цагдаад гомдол гаргасан байсан.

Хэсгийн төлөөлөгч Т.Тилеген нь уг асуудлыг дутуу шалгаж, нэг талыг барьж, зөвхөн надад хариуцлага тооцож, намайг өшиглөж, хэл амаар доромжилсон Д.Оралханы хэл амнаас айж түүнд хариуцлага тооцоогүй. Би тухайн үед нь заргалдаад яахав гэж хаясан. Би энэ зөрчлийг дутуу шалгасан тул дахин шалгуулж өгөх талаар аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан байгаа ба өнөөдрийн байдлаар шийдвэрлэгдээгүй байна.

Д.Оралхан нь уг зөрчлийн улмаас 350000 төгрөгийн хохирол учирсан гэж ямар ч үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Оралхан мөн зөрчил гаргасан бөгөөд Д.Оралханаас огт 350000 төгрөгийн зардал гарч хохирох юм болоогүй. Энэ зөрчлийг газар дээр нь буюу Цэнгэл суманд шалгаж шийдвэрлэсэн. Тухайн үед Д.Оралхан ямар нэгэн өмгөөлөгч авч хөлс төлөөгүй, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй, түүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Д.Оралхан уг зөрчлийн улмаас аймгийн төвд нэг удаа ирж шинжээч эмчид үзүүлээд буцсан, энэ зардлыг нь тооцвол Өлгийн төвөөс Цэнгэл сум хоорондын таксины зардал нэг талдаа 8000 төгрөг, ирж буцах нь 16000 төгрөг, шинжилгээний төлбөр 3500 төгрөг, нийт 19500 төгрөгийн зардал гаргасан байна. Д.Оралханыг Өлгий суманд ирүүлж, байцаалт авсан удаа байхгүй болох нь зөрчлийг шалгасан 1030 дугаартай материалд тодорхой харагдаж байна.

Ийм байхад тэрээр яагаад үндэслэлгүйгээр тийм их зардал гаргасан гэж шүүхэд худал гомдол гаргаж байгааг би гайхаж байна. Иймд Д.Оралхан өөрөө зөрчил гаргасан тул би түүнд ямар ч хохирол төлөх ёсгүй. Хэрэв надаар хохирол төлүүлэхээр болж шийдвэрлэвэл 19500 төгрөг л төлөгдөхөөр байна.

Энэ зөрчил дутуу шалгагдаж, буруу шийдвэрлэгдсэн талаар миний гомдлоор аймгийн Прокурорын газраас уг зөрчил шалгасан материалыг хянаж байгаа тул уг гомдлын шийдвэрлэлтийг хүлээж, энэ нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Давудын Оралханы Халелийн Тунгалагаас 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 11150 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 59050 төгрөгийг Д.Оралханд буцаан олгосугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Х.Тунгалаг нь Цэнгэл сумын ХААН банкны байранд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 30 минутын үед банкны үйлчилгээний дараалалд зогсож байсан Д.Охалхан намайг хэл амаар дайрч доромжлон улмаар намайг зодож танхайрсан. Х.Тунгалагийн энэ үйлдлийг Цагдаа, прокурорын байгууллага шалгаж, Эрүүгийн хуульд заасан тайхайн шинжгүй, Д.Оралхан миний биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж түүнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримтлан торгох захиргааны арга хэмжээ авсан.

Гэхдээ Д.Тунгалаг нь олон нийтийн үйлчилгээний газарт, дараалал дайрч зөрчин, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Д.Оралхан миний хувь хүний эрх, эрх чөлөөнд халдаж танхайрсан нь гэмт хэргийн шинжтэй боловч эрүүгийн хэрэг үүсгэлгүй захиргааны арга хэмжээ авч, шүүх зөрчил гаргасан Х.Тунгалагаас миний нэхэмжилсэн 350000 төгрөгийг тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Х.Тунгалагтай холбоотой асуудлыг 6 сараас шалгаж эхэлж, 9 дүгээр сарын сүүлээр арай гэж дууссан бөгөөд энэ хугацаанд миний бие хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд болон прокурорт ирэх, өмгөөлөгч авч гомдол гаргах зэргээр Цэнгэл сумаас ирэх болгонд нийтийн тээврийн таксинд мөнгө төлж байсан. Энэ мөнгө болон өмгөөлөгчид төлсөн хөлсийг л нэхэмжилсэн. Миний бие хувийн ажлаар аймагт ирсэн зардал болон ямар нэгэн илүү мөнгө нэхэмжлээгүй. 60 настай олон хүүхдийн эх би олон хүмүүсийн дунд охин шигээ эмэгтэйд дарлуулж зодуулсандаа гомдож, надаас уучлалт гүйлгүй элдвээр дарлан доромжилж байсанд нь дургүйцэж, түүнээс 350000 төгрөг нэхэмжилсэн.

Шүүх хохирсон намайг хохирсон дээр нь нэмж хохироож, үнэн шударга байдлаар хэргийг шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна. Нэгэнт зодуулсан хохирсон нь үнэн учраас хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Х.Тунгалаг нь нэхэмжлэгч Д.Оралханы эрүүл мэнд, нэр төрд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан үйл баримт нь захиргааны зөрчлийг хянан шалгаж Х.Тунгалагт торгох арга хэмжээ авсан материал болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгч Д.Оралханы нэхэмжилсэн 350000 төгрөгийн хохирол нь хариуцагч Х.Тунгалагийн буруутай үйлдлээс болж учирсан болохыг нотлоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Д.Оралханы 32000 төгрөгийн эм авсан гэх Ахсу эмийн сангийн тодорхойлолт, Х.Даулетхан, Н.Есей, М.Ерболат, С.Хасымхан нарын баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхээр шүүхэд гаргаж өгсөн цагдаагийн байгууллагын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн захиргааны зөрчлийг хянан шалгах тухай материалд дурдагдсан үйл баримтаар нэхэмжлэгч Д.Оралханы биед гэмтэл учраагүй болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 305 дугаартай Д.Оралханы биед цээжний зүүн тал, зүүн талын гарын шууны хэсэгт шаргал туяа орж эдгэрч буй цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлаагүй орхигдуулсан байх тул уг заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Давудын Оралханы Халелийн Тунгалагаас 350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оралханы хариуцагч Х.Тунгалагт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 350000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ