Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0347

 

 

 

  Д.Оын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.О-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон “Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явагдсан сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...мөн өөр ажилд томилж байгаа бол чухам ямар ажил, албан тушаалд томилж байгаагаа уг захиргааны актад тусгаагүй орхигдуулснаар тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангахгүй...” гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Учир нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлөх”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т Засгийн газрын гишүүн нь хууль тогтоомжид өөрөөр заагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч Д.Оыг Улсын нэгдүгээр төвийн эмнэлэгийн ерөнхий захирлаар томилох нь Эрүүл мэндийн сайдын эрх хэмжээний асуудал тул Засгийн газраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргээс чөлөөлөхдөө ямар ажил, албан тушаалд томилж байгааг тогтоолдоо тусгах шаардлагагүй.

Мөн шүүх “...Д.О-ыг ажлаас чөлөөлөх талаар байгууллагын цахим мэдээллийн сайтад мэдээлсэн...” гэж тайлбарласан боловч төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэрийн талаар өөрт нь мэдэгдэж тайлбар аваагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй....” гэж үндэслэлгүй дүгнэжээ. Учир нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь цахим мэдээллийн сайтад мэдээлсэн” гэдэг тайлбарыг гаргаагүй, харин нэхэмжлэгч өөрөө дээрх тайлбарыг гаргасан. Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн болох нь Засгийн газрын хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Д.С-лийн гаргасан тайлбар, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Сонсох ажиллагаа явуулах, тайлбар авахыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.5-д зохицуулж өгсөн байх бөгөөд сонсох ажиллагаа явуулсан, тайлбар авсан эсэхийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах шаардлагагүй. “...2 иргэний мэс засал амжилтгүй болж нас барсан асуудал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан гэж үзэхэд учир дутагдалтай...” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Нэхэмжлэгч Д.О-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч Эрүүл мэндийн сайдын тушаалаар тухайн ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гээд хариуцлага хүлээхгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх нь ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм. Нэхэмжлэгч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/91 дугаар тушаалыг гаргах шаардлага, нөхцөл байдал бүрдсэн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүйгээс хоёрын хоёр эрдэнэт хүний амь нас эрсдсэн. Зүрхний нээлттэй мэс засал хийх орчин, нөхцөл, боловсон хүчнийг бүрдүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог.

Тухайн үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн хариуцлагыг ерөнхий захирал, багийн ахлагч хүлээх нь зүйд нийцнэ. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэхэмжлэгчид хариуцлага тооцож, ажлаас халсан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Шүүх “...шаардлагыг хангасан гэж үзэж сонгон шалгаруулалтад оруулснаар уг сонгон шалгаруулалтад тэнцсэн учир нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан Тэргүүн түшмэлийн албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан тусгай шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа удаа дараа шаардлага, тайлбар, хүсэлтийг гаргаж байсан. Төрийн байгууллагын шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэлтэй байх ёстой. Гэтэл хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй хүнийг томилохыг даалгасан шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй болжээ.

Авлигатай тэмцэх газар Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга М.Г-гийн гомдлын дагуу нэхэмжлэгч Д.О-д Эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийг гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байдаг. Хариуцагчийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шүүхийн журмар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангаагүй, хэрэгт хамааралтай нотлох баримт байхгүйгээс шүүхийн шийдвэр нь үнэн зөв, бодитой байх зарчимд нийцээгүй байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүх хэргийн материалтай танилцах, хариу тайлбар, нотлох баримт гаргах боломжийг эдлүүлээгүйгээс Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн, мэтгэлцэх зарчим алдагдсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.О-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”, Эрүүл мэндийн сайдад холбогдуулан “Сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сул орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг тус тус гаргажээ.

Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албан тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.О-ыг “өөр ажилд томилогдох болсон” гэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Д.О анх Монгол Улсын засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад маргаан бүхий Засгийн газрын 15 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд Монгол Улсын яамны эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн бөгөөд “Төрийн нарийн бичгийн дарга” нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй, Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлэхээр зааж, Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр, хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор зааж, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачилгаар албан тушаалаас нь буруулахыг хориглоно” гэж нарийвчлан зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Оын өөрийн санаачилгаар бус зөвхөн Эрүүл мэндийн сайдын саналаар нэхэмжлэгчийг “...өөр ажилд шилжүүлэхээр түүнтэй тохиролцсон...” мэтээр тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн байх бөгөөд өөр ажил албан тушаалд томилох талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх нөхцөл байдал анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоол нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоолд “...өөр ажилд томилогдох болсон...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд өөр ажилд томилж байгаа бол хаана, ямар ажил, албан тушаалд томилж байгаагаа уг тогтоолд тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхээргүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна.

Учир нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О”-ыг ажлаас халсан. Тус Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгосноор Д.Оыг тухайн албан тушаалд анх ажилд томилсон тушаал хүчинтэй үлдэх үр дагавар үүсэхээр байгааг шүүх анхаараагүй, нэгэнт нэхэмжлэгч “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан энэ тохиолдолд маргаан бүхий Эрүүл мэндийн сайдын 2018 Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэж үзэхээр байна.

Төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс зөвхөн Засгийн газрын 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх үр дагавар үүснэ. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий Эрүүл мэндийн сайдын Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан ч Д.О-ын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга”-ын ажил албан тушаалыг эрхлэх эрх сэргэх боломжгүй юм. Иймээс давж заалдах шатны шүүхээс Эрүүл мэндийн сайдын Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.О өөр албан тушаалд очих санал хүргүүлээгүй байхад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь тогтоогдсон байх бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ХЭГ/2538 тоот албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт явуулах захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасантай нийцсэн бөгөөд сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулахаас татгалзах эрх байхгүй тул сонгон шалгаруулалтын дүнд гуравдагч этгээд Б.Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын нөөцөд бүртгэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар, нотлох баримт гаргах, эс зөвшөөрвөл талуудын гаргасан нотолгоог үгүйсгэх, тайлбартаа дурдсан үндэслэлүүдийг нь няцаах замаар мэтгэлцэх, хэргийн материалтай танилцах гэх зэрэг эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох юм. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүх хэргийн материалтай танилцах, хариу тайлбар, нотлох баримт гаргах боломжийг эдлүүлээгүй, зөвхөн Пүрэв гаригт хэргийн материалтай танилцуулах боломжтой гэсэн шаардлага тавьснаас Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн, мэтгэлцэх зарчим алдагдсан...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал, шүүх нэхэмжлэлд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1024 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийн оролцогч нарт эрх, үүргийг нь тайлбарлаж өгснөөс гадна хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх гомдолд дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар хариу тайлбар гаргах ёстой, ямар хүсэлт, гомдол гаргах, хэзээ хэргийн материалтай танилцах эсэх, өөрийн эрхийг хэрхэн хэрэгжүүлэхийг шүүх зааж, зөвлөх хууль зүйн боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүл мэндийн сайдын 2018 оны Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг ... хүчингүй болгож...” гэснийг “Д.О-ын Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэж, тогтоох хэсгийн “2” гэснийг “3 дахь заалт” болгож “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж .... хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН