Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

 

 

 

 

     О.Бт холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                              

            прокурор А.Нямсүрэн,

            шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Бт холбогдох 201725030162 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Боржигон овгийн Оюунгэрэлийн О.Б, Хэнтий аймгийн Норовлин суманд 1986 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Жаргалант, Улзын 11-3 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-545 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: СП86040511/

О.Б нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчиж 2017 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал орчимд Г.Быг шалтаг, шалтгаангүйгээр нүүрэн /баруун нүд, хөмсөг, дух/ тус газарт пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл, Б.Бийн зүүн мөр хэсэгт пивоны шилээр зүсэж зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжээр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бын цагдан хоригдсон 39 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасч, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “CD”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Б нь хохирогч Г.Бын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ уучлал хүсч, шүүх хуралдаанаас өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.Б түүний уучлал хүссэнийг хүлээн авсан болно.

            О.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн гэж дүгнэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ” гэж заасан. Шүүхээс О.Бт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэж байгаа байдал түүнийг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн зүйлчлэл өөрчилж, ял оногдуулахдаа гэмт хэрэг гарснаас хойшхи хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Быг ялаас чөлөөлж өгнө үү...

Мөн О.Б нь нийт 43 хоног цагдан хоригдсон байдаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний торгох ялаас цагдан хоригдсон хоногийг зөв хасаагүй тул зөвтгөн тооцож, хасаж өгнө үү.” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харгалзан үзэлгүйгээр О.Бт ял шийтгэл оногдуулсан асуудал байхгүй. Анхан шатны шүүх О.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр тоологдохоор байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссах болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн О.Бын цагдан хоригдсон хоногийг зөвтгөж өгнө үү гэж байна. Хавтаст хэрэгт цагдан хоригдсон хоног хэзээнээс, хэдий хугацаанд байгаа нь ямар байдлаар нотлогдож байгааг өмгөөлөгч тайлбарласангүй. Шийтгэх тогтоолд О.Бын цагдан хоригдсон хоног 39 гэж байгаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар тооцож үзээд ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх О.Бт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Бын гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс гадна тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд О.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал орчимд Г.Бын нүүрэн тус газарт пивоны шилээр цохин хөнгөн хохирол учруулсны зэрэгцээ энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Бийн зүүн мөрийг пивоны шилний хагархайгаар зүсч гэмтээжээ.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад Б.Бт учирсан гэмтлийн зэргийг тогтоохгүй орхисон байх ба энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлөхөөр байна. Өөрөөр хэлбэл О.Батбаяр нь хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан тохиолдолд  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх учир Б.Бийн эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоох зайлшгүй шаардлагатай.  

Мөн анхан шатны шүүх, шийтгэх тогтоолдоо О.Бт торгох ялыг сонгож хэрэглэсэн үндэслэл, ялын хэмжээний талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөлгүйгээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн, цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн хассан мэт боловч хэдэн төрөг хасагдаж, ямар хэмжээний ял үлдэж байгаа нь тодорхой бус зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН