| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 106/2017/0339/э |
| Дугаар | 786 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 786
Д.Б, Ч.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Алтанцэцэг,
яллагдагч Ч.Б,
яллагдагч Д.Б,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1260 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ч.Б, Д.Б нарт холбогдох 170600942 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Долгорсүрэнгийн Д.Б, Улаанбаатар хотод 1970 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, арматур бетончин мэргэжилтэй, “Цагаан мөрөн” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2; эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-34 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХИ70012517/
2. Боржигин овгийн Чулууны Ч.Б, Улаанбаатар хотод 1977 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Магнай трейд” ХХК-д эрхлэгч ажилтай, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 3-47 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧА77010108/
Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан мөрөн” худалдааны төвийн автомашины зогсоол дээр “зогсоолын төлбөрөө төлсөнгүй” гэх шалтгаанаар Ч.У, Ч.Б нартай маргалдаж, улмаар Ч.Уын цээжнээс хазаж, Ч.Бын гар руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан,
Ч.Б нь Д.Бтой маргалдах явцдаа нүүр, цээж, гаранд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Бын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн бүрдэл хангагдаагүй. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно. 1.2-д заасан яллагдагч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана, 1.3-д заасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэж заасан байхад яллагдагчийн хүсэлт байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана гэж заасан байгааг хийгээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-д заасан прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэсэн заалтууд хийгдээгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулна гэж заасан ажиллагаа хийгдээгүй, хохирогчид танилцуулаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн талаарх ажиллагааг хийгээгүй байна гэсэн үндэслэлүүдийг заан хэргийг прокурорт буцаан, яллагдагч Ч.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж болно. Хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэж заасан байхад яллагдагчийн хүсэлт байхгүй байна гэх заалт нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.
Учир нь яллагдагч Д.Б, Ч.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам”-д зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл, анги бүхий гэмт хэрэг бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй юм.
Яллагдагч Д.Б, Ч.Б нар нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын талаар маргаангүй байгаа болно.
Прокуророос яллагдагч Д.Б, Ч.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд хохирогч хүлээлгэх хариуцлагын талаар хүсэлт гаргаагүй тул танилцуулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хүсэлт гаргасан хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулна” гэж заасан байна. Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол”-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ.
Гэтэл шүүхээс хуульд байхгүй “хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж” гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд “зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байхад мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” хэргийг дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч Ч.Б, Д.Б нар тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэцгээв.
ХЯНАВАЛ:
Д.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1260 дугаар шүүгчийн захирамж үндэслэл муутай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт эрүүгийн хэргийг “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хоёр өөр журмаар хялбаршуулан шийдвэрлэхээр хуульчилсан.
Яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлнэ. /Хуулийн 17.1 дүгээр зүйл/ Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Хуулийн 17.4 дүгээр зүйл/
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байхыг хуулиар шаардаагүй бол нөгөө журам нь зөвхөн яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх онцлогтой байна.
Д.Б, Ч.Б нарын холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан жагсаалтад багтаж байх тул энэ зүйлд заасны дагуу богино хугацаанд хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх “... яллагдагчийн хүсэлт байхгүй, прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана гэснийг биелүүлээгүй, мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна гэснийг хэрэгжүүлээгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлгийн зохицуулалтыг илт буруу тайлбарлан хэрэглэжээ.
Зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлэхийг хүссэн хүсэлтэд үндэслэн явагдахгүй бөгөөд яллагдагч ийм хүсэлт гаргах нь зөвхөн өөрийн хүсэл сонирхол, санаачлага байхад шүүх хэрэгт яллагдагчийн хүсэлт байх шаардлагатай гэсэн агуулгаар хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулгах шаардах, албадахыг хориглоно...” гэж заасныг зөрчсөн болохыг тэмдэглэж байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1260 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
М.ПҮРЭВСҮРЭН