Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0350

 

 

  “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 178 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар шийдвэрээр: Төмөр зам тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Х” ХХК-иас Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан “Зам тээврийн яамны сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчээс Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан “Зам тээврийн хөгжлийн яамны сайд манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг гуравдагч этгээдэд олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх гэрчилгээнүүдэд хамаарах төмөр зам “Х” ТӨХК-ийн өмчлөл болох тухайд: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төмөр замын Толгойт өртөөний хойно байрлалтай, хүн амыг хүнсний бараагаар, үйлдвэрийн түүхий эдээр хангах, экспорт, импортын үйл ажиллагааг явуулдаг байсан бөгөөд компани өөрийн эзэмшлийн талбай бүхий 12 га газартай, 14,000 ам метр талбай бүхий халаалттай болон ердийн агуулах, 4000 ам метр талбай бүхий бараа хадгалах саравч, 600 тн бүтээгдэхүүн хадгалах аммиакан өргүүртэй зоорь, 5.4 км олон салаа төмөр зам, сэлгээ хийх зүтгүүр, зүтгүүрийн байртай, мөн туслах аж ахуйтай, нийт 52 ажиллагсадтай байсан. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 228 дугаар “Хүнс трейд” төрийн өмчийн хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар худалдах тухай тогтоол гарч “Х” ТӨХК-ийг дуудлага худалдаагаар худалдах ажил эхэлсэн.

“Х” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувь буюу 12,437,771 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, нэгж хувьцааны үнийг 73 төгрөгөөр тооцон хувьцааны доод үнийг тогтоон шийдвэрлэж дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхны дуудлага худалдаанд нэгч этгээд ирээгүй тул дуудлага худалдааг дахин явуулах тухай Төрийн өмчийн хороо 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 552 дугаар тогтоол гаргаж, дуудлага худалдааг дахин зохион байгуулсан. Үүний дагуу Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаар “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоолоор “Х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Ч нь нийтийн дуудлага худалдааны ялагч болж, “Х” ТӨХК-ийн 100 хувийн хувьцааны өмчлөх эрхийг дээр дурдсан өмч хөрөнгийн хамтаар шилжүүлэн авсан байдаг. Ингэж шилжүүлж авахад “Х” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувь буюу 12,437,771 ширхэг хувьцаа, түүнтэй хамт дагалдаж ирсэн хөрөнүүд, түүний нэг хэсэг хөрөнгө болох 5.4 км олон салаа төмөр замын өмчлөх эрх мөн адил дагалдан ирж, “Х” ХХК нь өмчлөлд шилжиж ирсэн. Нэхэмжлэгчийг дуудлага худалдаагаар худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл 5.4 км толгойт өртөөнөөс салбарласан дагнасан хэрэглээний төмөр замыг өмчилж ирсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий төмөр замууд нь “Х” ХХК-ийн өмч, тухайн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг нэхэмжлэгч хариуцдаг, төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектийн гэрчилгээг эзэмших эрхтэй этгээд нь “Х” ХХК болох нотлогддог. Дээр дурдсаны дагуу манай компани өмч хувьчлалаар авсан төмөр замаас маргаан бүхий 6 дугаар зам нь 18/22/02 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээг”-тэй, төмөр замын бүрэн урт нь 794 метр, маргаан бүхий 7 дугаар зам буюу 18/22/03 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ”-тэй төмөр замын бүрэн урт нь 742 метр байдаг. Гэтэл Төмөр замын тээврийн тухай хуулийн шаардлагыг хангаж авсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээг дагнасан хэрэглээний салбар замын талбайгүй, эзэмшил газаргүй, төмөр замгүй этгээд буюу гуравдагч этгээдэд давхцуулан олгох нь хуульд нийцэхээргүй байна.

Үндсэндээ бол манай компанийн өмчлөлийн 5.4 метр төмөр замын 6 дугаар зам болон 7 дугаар замын хэсгийг гуравдагч этгээдэд гэрчилгээжүүлэн Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас олгох шийдвэрлэсэн нь компанийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан шийдвэрийг гаргасан байна. Үүнээс бол манай компани өмч хувьчлалаар мөнгийг нь төлж шилжүүлэн авсан төмөр замаа эзэмших, ашиглах эрхгүй болж, үйл ажиллагаа явуулах үндсэндээ боломжгүй нөхцөл байдалд хүрч, байнгын маргаантай нөхцөл байдлыг үүсгэж байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “төмөр замын объект” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг” гэж, 3.1.8-д “дагнасан хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах буюу гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан салбар замыг” гэж, 3.1.9-д “дагнасан хэрэглээний талбай” гэж үйлчлүүлэгчийн ачаа, тээш, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах зориулалтаар тусгайлан гаргасан агуулах, талбайг” гэж, 3.1.20-д“дагнасан хэрэглээний зам эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний замтай хуулийн этгээдийг” гэж, 3.1.21-д “дагнасан хэрэглээний талбай эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний талбай бүхий хуулийн этгээдийг” гэж тус тус зааснаас үзвэл, дагнасан хэрэглээний салбар замын эзэмшигч нь тухайн төмөр зам бүхий хэсэгт өөрийн гэсэн эзэмшлийн газартай талбайтай, төмөр замтай этгээд байхыг хуулиар тогтоосон байна.

Гэтэл бодит нөхцөл байдал дээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төмөр замын Толгойт өртөөний хойно байрлалтай “Х” ХХК-ийн эзэмшлийн 21 га газарт байрлах маргаан бүхий 6, 7 дугаар төмөр зам бүхийн газарт гуравдагч этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, өөрийн дагнасан хэрэглээний төмөр замгүй болно. Хариуцагчаас хууль зөрчиж дагнасан хэрэглээний салбар төмөр замгүй этгээдэд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектийн гэрчилгээг олгосон нь хуулиа зөрчсөн үйлдэл болсон байх тул тухайн үед олгосон 17/265/44, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэтэл анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны сайд Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д “...төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох...” эрхийнхээ хүрээнд эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэж, хууль зөрчсөн шийдвэрийг гаргаагүй үндэслэлтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Зам, тээврийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох” журмын 1.3-т “иргэн хуулийн этгээд нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэлтэд хамруулах, тэдгээрт хууль тогтоомж, дүрэм, стандарт, журам, норм, нормативын баримт бичгээр тавигдах нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй” гэж заасныг зөрчиж гэрчилгээг гуравдагч этгээдэд олгосон. Журмын 1.4.1, 1.4.2, 1.4.3, 1.4.4-т зааснаас үзвэл төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд тухайн төмөр замыг эзэмшигч нь тодорхой ажиллагаа явуулж бодит зардал гаргаж, арчлалт хамгаалалтыг хийх ёстой болохыг журмаар шаардсан байхад огт ийм ажиллагааг 3 жилийн хугацаанд явуулаагүй гуравдагч этгээдэд гэрчилгээ олгож шийдвэрлэсэн нь хууль, журмаа зөрчиж Журмын 3.1.8, 3.1.10-д заасан үүргээ Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Үүнээс болж энэхүү маргаан үүсч, жинхэнэ төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангагчийн эрхийг зөрчсөн үйлдлийг хариуцагч гуравдагч этгээдэд гэрчилгээг олгосноороо үүсгэсэн байна.

Анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны сайд манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг гуравдагч этгээдэд олгосон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгж шийдвэрлэхдээ гэрчилгээнүүдийг хүчинтэй байх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сард гаргасан боловч цаг үеийн нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удааширлаас болж шүүх хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан 60 хоног, сунгах боломжтой 45 хоногийн хугацаанд хянан шийдвэрлээгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шалтгаан болсон болохыг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэсэн байна.

Хэрэв хэргийг 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө шийдвэрлэвэл нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй байсан гэж шүүх шийдвэрлэх байжээ. Үүнээс үзвэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан үндсэн зорилгын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хэргийг шийдвэрлэх хугацаанд шийдвэрлээгүйгээс болж нэхэмжлэлийг хангахгүй орхих шалтгааныг бий болгосон байгаа нь шүүх нотлох зарчмыг баримталж ажиллаагүй, хууль хэрэглэх зарчмыг мөрдөөгүй зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан “Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл, Төрийн өмчийн хорооны 2003 оны 552 дугаар тогтоолоор “Х” улсын үйлдвэрийнг газрыг дуудлага худалдаагаар худалдан 2003 оны “Өмчлөгийн эрх олгох тухай” 627 дугаар тогтоолоор иргэн Л.Чинбатад “Х” төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувь хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн олгож, улмаар Онгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбар хариуцагч Зам тээврийн хөгжлийн яаманд хандан Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ кодО-1-2, 14/35-ын хүчинтэй хугацаа дуусгавар болсон үндэслэлээр маргаан бүхий 17/265/43, 17/265/44 дугаар бүхий дагнасан хэрэглээний салбар замын “Төмсөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ”-г гуравдагч этгээдэд олгосон үйл баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...анхнаасаа 5.4 км салаа төмөр замыг шилжүүлэн авсан, Зам тээврийн хөгжлийн сайдаас нэхэмжлэгчийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг гуравдагч этгээдэд олгосон нь үндэслэлгүй, хууль бусаар олгосон тул хүчингүй болгуулахаар...” маргасан байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, 10.1.6 дахь хэсэгт “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж зааснаас үзвэл, маргаан бүхий Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44, 17/265/43 тоот гэрчилгээг хариуцагчаас олгох, хүчингүй болгох бүрэн эрхтэй бөгөөд тус гэрчилгээнүүдээр нэхэмжлэгчийн өмчийн эрх зүйн харилцааг зохицуулаагүй байна.

Учир нь Зам тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.11.1-д “Обьект, үйл ажиллагааны гэрчилгээний хугацаа 3 жил байна” гэж, 4.11.2-т “гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаа нь дууссанаар хүчингүйд тооцох”-оор заасан бөгөөд маргаан бүхий гэрчилгээний хугацаа 2020 оны 12 дугаар сард хүчингүй болсон болохоор байна.

Нөгөөтэйгүүр Зам тээврийн хөгжлийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээг олгох журам”-ын 1.4.1-т “Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах” гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, иргэн хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулах, осол сүйрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр замын хөдөлгөөнийг зохион байгуулж буй үйл ажиллагааны цогц” гэж тодорхойлсоноос үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...иргэн, хуулийн этгээд гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж биелэлтийг хангуулах үүргээ хариуцагчаас хэрэгжүүлээгүй..” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд хариуцагчийн зүгээс төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан гэрчилгээ олгосон нь Төмөр замын тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сүйрэл, осол гологдол гаргахгүй байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгчдийг аюулгүй, чанартай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлийг хангах зорилгоор гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна.

Зам тээврийн хөгжлийн яамнаас олгосон 2017 оны 17/265/44, 17/265/43 дугаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ нь төмөр замын ашиглалтын аюулгүй байдалтай холбоотойгоор олгосон гэрчилгээ байх тул “Х” ХХК-ийн өмчийн харилцааг зохицуулаагүй, тухайн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан эсэх нөхцөл байдлыг тодорхойлох үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв дүгнэн, хэрэглэвэл зохих Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН