Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 693

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Көбеген ахтай овогт Хавылханы Келдимуратын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Келдимурат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, гэрчид Д.Рая, В.Алтанцэцэг нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Келдимурат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Келдимурат миний бие 2016 оны 04-р сарын 10-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан Өлгий сумын хүүхдийн 18-р цэцэрлэгт галчаар томилогдсон билээ. Галчийн ажил улирлын чанартай ажил бөгөөд 2016 оны 09-р сарын 01-ний өдөр ажилд орохоор очтол ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас гардуулан өгч, өчигдөр буюу 2016 оны 09-р сарын 18-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 05-р сарын 18-ний өдрийн 25 дугаар бүхий тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг гардуулан өгсөн. Иймд намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байх тул Өлгий сумын 18-р цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Келдимурат тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, 2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016 онд батлагдсан төсөв болон Шинжлэх ухаан боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны "Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив" батлах тухай 227/199 тоот хамтарсан тушаалыг баримталж 12 үндсэн ажилтан, гэрээгээр гүйцэтгүүлэх 3 ажилтан нийт 15 ажилчдыг тухайн цэцэрлэгт ажиллуулсан. Тэгж байтал тус аймгийн зарим иргэд төв талбай дээр жагсаал цуглаан хийсэн байдаг ба үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамж /хууль бус/ гарч манай цэцэрлэгийн ажилчдын орон тоог 20 байхаар баталсан. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга уг хууль бус захирамжаараа дамжуулж төсөв хөрөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулахыг надад үүрэг болгож захиргаадсан гэсэн үг. Миний бие төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 2.1,-т заасны дагуу /аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл/ аргагүй эрхэнд түүнийг биелүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "ажилд түр томилох тухай" 18 тоот тушаал гаргаж нэхэмжлэгчийг 1 сарын хугацаагаар /цалингийн сүлжээнээс гадуур 270000 төгрөг өгөхөөр болж/ хугацаатай гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нэг хувийг гардуулснаар тэр яваад өгсөн. Үүнийг манай байгууллагын ажилчид бүгд гэрчилнэ. Ялангуяа тус цэцэрлэгийн ня-бо болон нярав сайн мэдэж байгаа болно. Манай цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчид хандаж ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудас өгч байсан асуудал байхгүй. Энэ талаар дараа нь жич тайлбар өгөх болно. Тэгж байтал нэхэмжлэгч 2016 оны 9-р сард гэв гэнэт ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаас дахиад нэг хувь авна гэж ирсэн. Би тэгэхэд дахиад нэг хувь тушаал өгөх боломжгүй гэдгийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл миний бие түүнд хандаж урьд өмнө тушаалын нэг хувийг гардуулж өгсөн талаар хэлэхэд тэр: "тушаалаас дахиад нэг хувь хэрэгтэй байна. Нэг газарт ажилд орох гэсэн чинь тушаал хэрэгтэй гэж байна. Би өөрийн хувийг алга болгочихож" гэсэн утгатай тайлбар хэлэхээр нь би манайд үлдсэн тушаалаас хуулбар хийж өгсөн маань үнэн. Гэтэл нэхэмжлэгч X Келдимурат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цэцэрлэгийн зүгээс түүнийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал болон хөдөлмөрийн гэрээний хувийг гардуулж өгөөгүй мэтээр худал тайлбарыг бичсэн байна. Дашрамд хэлэхэд, аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан А/206 тоот захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 тоот захирамжаар хүчингүй болгосон. Дараа нь, аймгийн Засаг дарга цэцэрлэгийн норматив болон батлагдсан төсвийн хүрээнд багтааж 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/ тоот захирамж гаргаж тус цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчилж баталсан болно. Эцэст нь хэлэхэд цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Келдимурат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр галчаар ажилд  орсон. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр галчийн ажил   05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд зогсож, 09 дүгээр сарын 01-ны өдөр эхэлнэ гээд биднийг явуулсан. 09 дүгээр сарын 01-ний өдөр ирнэ гэж хэлээд бид нарыг явуулсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр очиход та нар ажлаас чөлөөлөгдсөн гэж ажилд орсон, гарсан тушаал, мэдэгдэх хуудас зэргийг гардуулж өгөөд явуулсан. Би эрхлэгчээс тушаал, мэдэгдэх хуудас зэргийн эх хувийг авах гэж очиход  цэцэрлэгийн манаач намайг зодоод цагдаад өгөөд бид нар хоорондоо эвлэрсэн. Өмгөөлөгч маань тушаалын эх хувийг аваад шүүхэд хандсан. Одоогоор миний орон тоо хэвээр байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Келдимураттай 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 13-ны  өдөр хүртэл түр тушаал гаргаж, хугацаатай гэрээ байгуулж, хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Хүүхдийн 18 дугаар цэцэрлэг нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаж, 4 дүгээр сарын эхээр талбайд жагсаал цуглаан болсон. Тухайн үеийн аймгийн Засаг дарга Х.Дармен 4 цэцэрлэгийн эрхлэгч нарыг албан өрөөндөө дуудаж, бид нартай уулзаж манай цэцэрлэгт галчаар Алтанцэцэг, Келдимурат, Хуандых гэх 3 хүний орон тоог нэмж нийт 21 хүний орон тоогоор бүтэц орон тоог баталж өгсөн. Засаг дарга Х.Дармен энэ 3 хүнийг түр тушаал гаргаж, түр хөдөлмөрийн гэрээ байгуулж 1 сарын хугацаатай ажиллуулаарай гэж зааварчилга өгсөн. Тийм учраас би эдгээр хүмүүстэй түр тушаал гаргаж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр тушаал, мэдэгдэх хуудас гардаж авсан гэдэг нь худлаа. Би тухайн үед тушаал гаргаж, гэрээгээ байгуулж гарын үсэг зурж, нэг хувийг нэхэмжлэгчид өгсөн. Дараа нь дахиж эх хувийг асуухад би урьд эх хувийг танд гардуулж өгсөн, үлдсэн эх хувь нь байгууллагын архивт хадгалагдах ёстой тул дахиж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр надаас бүх юмыг авсан гэж худлаа гомдол гаргаж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна. Би ямар ч мэдэгдэх хуудас өгөөгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч Х.Келдимурат нь хөдөлмөрийн түр гэрээгээр 1 сар ажилласан. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусч галчийн өрөөний эд зүйлийг хүлээлгэж өгөөд, ажлаас чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч материалаа аваад явсан. Гэрээт 3 хүний төсвийг  2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр баталж өгсөн. Энэ хүмүүсийг үргэлжлүүлээд ажиллуулъя гэсэн боловч манай цэцэрлэгт нэг  ч төгрөгийн  илүү төсөв байхгүй. 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн хувьд 12-13 ажилтан байх ёстой.  Байгууллагад нэг ч илүү орон тоо байхгүй тул  илүү хүн авч ажиллуулах боломжгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, СӨБ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Х.Келдимуратыг 2016 оны 04 сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэрээт галчаар түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээт галчаар 270000 төгрөгөөр цалинжуулахыг ня-бо-д зөвшөөрсүгэй гэх Ажилд түр томилох тухай тушаал гаргасан байна.

Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай Х.Келдимуратыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй тул орон тоог цөөрүүлж байгаа учраас гэрээтээр, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр галчийн албан тушаалыг гүйцэтгэж ирсэн Хабылхан овогтой Келдимуратыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь ...ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажил олгогчоос гардаж авч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек нь ...ажлаас чөлөөлөх тушаал гаргаж нэг хувийг гардуулснаар тэр яваад өгсөн,тушаалын тухайн үед гардуулж өгсөн гэж маргасан боловч хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажлаас чөлөөлсөн тушаалаа ажилтан /галч/ Х.Келдимуратад хэдэн сарын хэдний өдөр гардуулсан талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгч, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулинд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Харин шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Рая, В.Алтанцэцэг нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Х.Келдимурат ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардаж авсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээт галч-ын ажилд томилогдож, ажил олгогчтой 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.10-д 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туршин ажиллуулах гэж заасны дагуу хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 04 дүгээрсарын 11-ний өдрийн 18  дугаартай Ажилд түр томилох тухай тушаал болон ажилтан ажил олгогч нарын хооронд 2016 оны 04дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох-оор тусгажээ. Энэ зохицуулалтаас үзэхэд ажил олгогч ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Гэхдээ энэ талаар ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой юм.

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай Х.Келдимуратыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй тул орон тоог цөөрүүлж байгаа учраас гэрээтээр,хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр галчийн албан тушаалыг гүйцэтгэж ирсэн Хабылхан овогтой Келдимуратыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2016 оны 05 сарын 13-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Х.Келдимуратыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталж ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Уг үндэслэлээр тухайн ажилтанд урьдчилан нэг сарын өмнө мэдэгдэхгүйгээр шууд ажлаас гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг баримталсан байх ба ямар үндэслэлээр энэ хуулийн заалтыг баримталсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгч Х.Келдимурат нь 2016 оны 05 дугаар 13-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх БӨа -18-р цэцэрлэгийн галын өрөөний материалын бүрэн бүтэн байдал гэсэн гарчигтай, толгой хэсэгт Батлав: Эхлэгч Р.Ермек гэж тамга дарж, гарын үсэг зурсан бичимэл нотлох баримтыг гаргаж өгсөн боловч он сарын хувьд нөхөж бичсэн хоёр өөр төрлийн үзгэн балаар бичигдсэнээс үзэхэд сүүлд он сар өдрийг нөхөж бичсэн байх ба энэ нь ажил хүлээлцэх эрхийн акт мөн байна гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Ажил олгогч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах /чөлөөлөх/ тухай шийдвэрт заана гэснийг зөрчсөн ба энэ тухай ажлаас чөлөөлсөн тухай тушаалдаа заагаагүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ, 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, 43.4-т ажил олгогч нь ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Ажил олгогч нь энэ хуулийн ... 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байхад ажил олгогч хуулинд заасан энэ үндэслэлийг баримтлаагүй, ажилтны тэтгэмж авах эрхийг ноцтой зөрчсөн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай Бүтэц орон тоог баталсан тухай захирамжийг дахин аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь, мөн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай бүтэц орон тоог батлах тухай тушаал, Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн Ж.Айгүлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тайлбар гаргах тухай гэх /тамга тэмдэг нь зөрүүтэй/, 2016-10-11 өдөр Баян-Өлгий аймгийн Хүүхдийн цэцэрлэгийн 2016 оны төсөв, санхүүжилтийн сар, улирлын хуваарийн өөрчлөлт, 2016 цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаах зуухны галч нарын цалингийн төсөв /чухам хэзээ баталсан он, сар, өдөргүй/, цэцэрлэгийн үндсэн ажилчдын цалингийн судалгаа зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч Х.Келдимуратыг ажлаас чөлөөлсний дараа гарсан эрхийн актууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-д зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай Х.Келдимуратыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн актын хувьд үндэслэлгүй гарсан байх тул нэхэмжлэгч Х.Келдимуратыг урьд эрхэлж байсан Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Келдимурат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН