Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 009

 

Х.Келдимуратын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Көбеген ахтай овогт Хабалханы Келдимуратын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Х.Келдимурат, түүний өмгөөлөгч К.Ержан, хариуцагч Р.Ермек, түүний өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Х.Келдимурат миний бие 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт галчаар томилогдсон. Галчийн ажил улирлын чанартай ажил бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор очтол ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас гардуулан өгч, өчигдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар бүхий тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг гардуулан өгсөн. Иймд намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байх тул Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай, 2 бүлэгтэй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016 онд батлагдсан төсөв болон Шинжлэх ухаан боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны "Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив" батлах тухай 227/199 тоот хамтарсан тушаалыг баримталж 12 үндсэн ажилтан, гэрээгээр гүйцэтгүүлэх 3 ажилтан нийт 15 ажилчдыг тухайн цэцэрлэгт ажиллуулсан. Тэгж байтал тус аймгийн зарим иргэд төв талбай дээр жагсаал цуглаан хийсэн байдаг ба үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамж /хууль бус/ гарч, манай цэцэрлэгийн ажилчдын орон тоог 20 байхаар баталсан. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга уг хууль бус захирамжаараа дамжуулж төсөв хөрөнгө нь батлагдаагүй орон тоонд зарим нэр бүхий хүмүүсийг ажиллуулахыг надад үүрэг болгож захиргаадсан гэсэн үг. Миний бие төрийн албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 2.1-т заасны дагуу /аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болох хүртэл/ аргагүй эрхэнд түүнийг биелүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "ажилд түр томилох тухай" 18 тоот тушаал гаргаж нэхэмжлэгчийг 1 сарын хугацаагаар /цалингийн сүлжээнээс гадуур 270000 төгрөг өгөхөөр болж/ хугацаатай гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нэг хувийг гардуулснаар тэр яваад өгсөн. Үүнийг манай байгууллагын ажилчид бүгд гэрчилнэ. Ялангуяа тус цэцэрлэгийн ня-бо болон нярав сайн мэдэж байгаа болно. Манай цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчид хандаж ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудас өгч байсан асуудал байхгүй. /Энэ талаар дараа нь жич тайлбар өгөх болно./ Тэгж байтал нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сард гэв гэнэт ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаас дахиад нэг хувь авна гэж ирсэн. Би тэгэхэд дахиад нэг хувь тушаал өгөх боломжгүй гэдгийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл миний бие түүнд хандаж урьд өмнө тушаалын нэг хувийг гардуулж өгсөн талаар хэлэхэд тэр: "тушаалаас дахиад нэг хувь хэрэгтэй байна. Нэг газарт ажилд орох гэсэн чинь тушаал хэрэгтэй гэж байна. Би өөрийн хувийг алга болгочихож" гэсэн утгатай тайлбар хэлэхээр нь би манайд үлдсэн тушаалаас хуулбар хийж өгсөн маань үнэн. Гэтэл нэхэмжлэгч X.Келдимурат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цэцэрлэгийн зүгээс түүнийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал болон хөдөлмөрийн гэрээний хувийг гардуулж өгөөгүй мэтээр худал тайлбарыг бичсэн байна. Дашрамд хэлэхэд, аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан А/206 тоот захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 тоот захирамжаар хүчингүй болгосон. Дараа нь, аймгийн Засаг дарга цэцэрлэгийн норматив болон батлагдсан төсвийн хүрээнд багтааж 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захирамж гаргаж тус цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчилж баталсан болно. Эцэст нь хэлэхэд цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Келдимурат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек тус цэцэрлэгийн гэрээт ажилтан Х.Келдимуратын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Х.Келдимурат нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс улирлын чанартай галчаар түр хугацаагаар гэрээ байгуулан тохиролцсоны үндсэн дээр ажилласан.

Гэрээний дагуу зуны улиралд галч ажиллахгүй. 2016 оны 10 дугаар сараас орон тоо, цалин хөлс, төсөв нь батлагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах талаар дахин хэлэлцэж гэрээ байгуулан ажиллуулах ёстой мөртлөө дахин үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл бүрдээгүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж Х.Келдимуратын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын хооронд хугацаатай гэрээгээр ажиллана гэдгийг Х.Келдимурат танилцаж гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн нь тухайн гэрээгээр нотлогдож байна.

Х.Келдимуратыг би 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны хооронд түр томилон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсугай гэж дурдаж гаргасан энэ тушаалыг нэхэмжлэгч Х.Келдимурат нь гардан авсан учир сайн мэдэж байгаа.

Үүнийг Х.Келдимурат нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр анх ажилд орохдоо байгууллагатай байгуулсан түр хугацаатай гэрээнд гарын үсэг зурсныг өөрөө баталгаажуулан шүүхэд нотлох баримт болгон өгсөн нь давхар нотлогдож байна.

Тэр үед Х.Келдимуратад гэрээт галчаар, түр тушаал гаргахдаа хөдөлмөрийн хугацаатай гэрээ болон тушаалд хугацааг тодорхой зааж өгсөн. Би 2016 оны 9 дүгээр сард ямар нэг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гаргаагүй, шинээр гэрээ байгуулаагүй, тухайн үед хэвийн ажиллаагүй учир ажлаас чөлөөлсөн гэдэг нь огт үндэслэлгүй. Х.Келдимурат нь 2016 оны 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад ажил хийж байгаад 9 дүгээр сард гэнэт чөлөөлөгдсөн мэтээр худлаа гүтгэсэнд гомдолтой байна. Улирлын чанартай гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Х.Келдимурат нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Мэдэгдэх хуудас" зэрэг зарим нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн байна.

Тус цэцэрлэгийн захиргаа үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн нормативд цалин хөлс, төсөв нь 2016 оны 6 дугаар сараас хойш хүрэлцэхгүй гэрээт ажилтны цалин хөлс, орон тоо батлагдаагүй хасагдсан учир гэрээг шинээр байгуулж ажиллуулах боломжгүй байсан. Энэ талаар нотлох баримтууд нь хавсаргагдсан байна. Үүнийг шүүгч нарийн судалж үзэлгүй, хэт нэг талыг баримталж, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг тунгаан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж давж заалдаж байна. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

1. Нэхэмжлэгч Х.Келдимурат нь ажил олгогчийн гэрээт галчийн орон тоонд түр ажилд томилсон тухай тушаалын талаар огт мэдээгүй гэх боловч ажил олгогчтой гэрээт галчийн ажил гүйцэтгүүлэх тухай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан байна. Хариуцагч: "...энэ талаар түүнд анх ажилд түр томилогдож байхад анхааруулж хэлж байсан, үүнийг байгууллагын бүх ажилчид мэдэж байгаа" гэсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс гэрч Д.Раягаас "2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Х.Келдимурат ажилд байсан уу? ажиллаж байсан уу?" гэсэн асуултад: "Үгүй, байгаагүй." гэж хариулж байсан. Түүнчлэн, гэрч В.Алтанцэцэг шүүхэд өгсөн "...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Х.Келдимураттай нийлээд 3 галч ажилд орсон. 1 сарын дараа бүгд чөлөөлөгдсөн. Үүнээс зөвхөн Х.Келдимурат л шүүхээр явж байгаа" гэсэн тайлбараас үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Х.Келдимурат нь ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг мэдсэн байдаг. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт болох "БӨА-ийн 18 дугаар цэцэрлэгийн галын өрөөний материалын бүрэн бүтэн байдал" гэсэн гарчигтай баримтад нэхэмжлэгч Х.Келдимурат 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурж байгаагүй гэх боловч гэрч В.Алтанцэцэг нэхэмжлэгчийн гарын үсэг зурж байсныг болон галын өрөөний эд хогшлыг байгууллагын няравт хүлээлгэж өгсөн талаар гэрчилсэн. Ингэсний дараа нэхэмжлэгч тухайн баримтад гарын үсэг зурж байсан талаар үгүйсгээгүй.

Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Келдимуратийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээт галчийн ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож, нотлогдож байх тул Х.Келдимурат нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж мэдсэнээс хойш шүүхэд хандах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 сар хэтрүүлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч анх ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний 1 хувь мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хувийг ажил олгогчоос 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Д.Рая болон В.Алтанцэцэгтэй цуг очиж авсан гэж тайлбарладаг боловч үүнийг дээрх гэрчүүд үгүйсгэсэн юм. Тухайлбал, гэрч В.Алтанцэцэг тайлбарлахдаа: "...ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний 1 хувь мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хувийг ажил олгогчоос 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр авсан, ингэхдээ Х.Келдимурат байгаагүй" гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.Келдимуратын анх ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний 1 хувь мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хувийг ажил олгогчоос 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр авсан гэсэн тайлбар нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх үүнийг анхаараагүй.

Шинжлэх ухаан боловсролын сайд, Сангийн сайд нарын 1995 оны 227/199 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив"-ийн 2 дугаар хавсралтаас үзэхэд 50 хүртэлх хүүхэдтэй, 2 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг нь 13 орон тоотой байхаар зохицуулагджээ. Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг анх 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй. 13 орон тоотой байхаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тухайн цэцэрлэгийн төсөвтэй холбоотой баримт материалуудыг холбогдох газраас нь гаргуулж хэрэгт хавсаргасан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа гарсан эрхийн актууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн байна. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь, тухайн байгууллагын төсөв санхүүтэй холбоотой баримт материалууд нь анхнаасаа байсан материалууд бөгөөд үүнийг холбогдох газраас гаргуулж авахдаа тухайн олгосон өдрийн огноо бичигдсэн юм. Үүнийг шүүх буруу дүгнэсэн. Уг хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн төсвөөс үзэхэд маргаан бүхий галчийн орон тоо анхнаасаа байхгүй байсан болох нь харагддаг. Энэ талаар хариуцагч шүүхэд нэг бүрчлэн тайлбарлаж хэлж өгсөн.Гэтэл анхан шатны шүүх тус иргэний хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хзргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шударга шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь:

Р.Ермек нь давж заалдах гомдолдоо зуны улиралд галч ажилладаггүй, тиймээс ажлаас чөлөөлөгдөх учиртай гэсэнтайлбар ирүүлсэн байна. Зуны улиралд гал галладаггүй үнэн хэдий ч бид зуны улиралд сул зогсолтын байдалтай байдаг бөгөөд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бидний ажил эхлэх бөгөөд галлагаа хийх бэлтгэл ажлаа хийн 10 сараас галлаж зхлэх ёстой. Зуны улиралд зөвхөн галч гэлтгүй цэцэрлэгийн бүх ажилчид амраад явдаг бөгөөд 9 сард хүүхэд ирэхэд бид эргэн ордог. Гэтэл би 9 дүгээр сард ажлаа хийхээр очиход намайг ажлаас чөлөөлсөн тушаалын канондсан хуулбарыг гардуулж өгсөн бөгөөд надад 5 дугаар сард гардуулж өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: Р.Ермек нь тухайн үед надаас гадна 5 хүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнээс Какеш, Рая бид гурав л эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Миний бие надтай ижил нөхцөлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн Какеш, Рая нарын шүүх хуралдаанд шүүхийн дуудсанаар гэрчээр оролцож, 9 дүгээр сард тушаалыг хамт гардаж авсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн ба шүүх шударгаар шүүж, Какеш, Рая нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. Энэхүү байдлаас харахад бидний тушаалыг нөхөн гаргаж, 9 дүгээр сард гардуулж өгсөн нь хангалттай нотлогдож байгаа ба Р.Ермек нь энэ талаар няцаасан баримт гаргаж өгч чадахгүй байгаа нь бидний тушаалыг 9 дүгээр сард гардуулсныг хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 696 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, Р.Ермек, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Келдимурат нь Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухайнэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Келдимурат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Келдимуратыг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар гэрээт галчийн ажилд түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч Х.Келдимураттай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар. ... байгуулахаар заажээ.

Ажил олгогч Х.Келдимураттай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Х.Келдимуратыг ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Келдимуратын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ