Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 700

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хад гудамжны 47-23тоотод оршин суух, утасны дугаар 94251474, РД:ПВ911002401 Керей овогт Махметийн Ахмаралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга С.Айгүл, утас 94712999/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч М.Ахмарал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 онд ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг хүний их эмч мэргэжлээр, бакалавр зэргээр төгсөж Д201515987 тоот диплом, 2015 оны 8 дугаар сарын 21-нд Эрүүл мэнд, спортын яамны сайдын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 294 тоот тушаалаар Эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл авсан. Мэргэжлийн эмч билээ.2016 оны 2 сараас Өлгий хотын төвд Нурлы хувийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон билээ. Тухайн эрүүл мэндийн төвд эрхлэгч, эмчээр ажиллаж байсан хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс-хөдөлмөрийн сахилгын шимтгэл хүлээж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалаар ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 33.5-р зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2- дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3-р заалт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг тус тус үндэслэн Хотгор Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээ эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/54 тоот тушаал гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглээгүйгээс болж миний хөдөлмөрийн эрх ашиг ноцтой зөрчиж байна. Тухайлбал: Ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг заавал баримтлах ёстой байтал М.Ахмарал намайг албан тушаалаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй байна.

Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг илтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж, зохицуулаагүй тул тухайн заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гарсныг давхар нотлох юм.

2.М.Ахмарал намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдэг хуулийн заалтыг хэрэглэсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл мөн. Учир нь, Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн орон тооны ажил нь байнгын ажлын байр бөгөөд тухайн орон тоо цомхтгогдоогүй байхад гэж үзсэн нь Ахмарал намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн гэж үзэж байна. М.Ахмарал намайг Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөхөд миний оронд А.Байтайлах гэгчийг томилсон нь орон тоо хэвээр байгаа, байнгын ажлын байр болохыг баталж байна.

3.Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нь М.Ахмарал надтай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулахад гэрээний 1.9-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байдаг. Гэтэл тухайн үед С.Айгүл нь Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь гэрээний тухайн 1.9-д заасан заалт хүчин төгөлдөр бус байсныг нотолж байна.

4.М.Ахмарал намайг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалын 1 дүгээр заалтад: хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнээс болж ямар хор уршиг буй болсныг тус тус тогтоож байж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан журмаар сахилгын арга хэмжээ тооцох байсан. Гэтэл сахилгын зөрчлийг тогтоогоогүй байж, тушаалд дурдсан арга хэмжээ тооцсон нь хууль зөрчсөн хэрэг болно.

5.М.Ахмарал миний бие 2015 оны 6 дугаар сарын 17-нд хүү Хасиетийг төрүүлсэн, одоо хүү маань 01 нас 3 сартай, одоо бие жирэмсэн. Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх настай хүүхэдтэй эрхийг ажлаас халахыг хориглосон байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Махметийн Ахмарал намайг Хотгор Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохыг хүсье гэжээ

Нэхэмжлэгч М.Ахмарал шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Анх намайг 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ажилд томилж гэрээ хийхэд анх ажилд орсон хүн угаасаа хугацаатай гэрээ байгуулдаг, 6 сарын дараа гэрээг чинь цаашаагаа шууд сунгагдаад явна гэсэн болохоор зөвшөөрч гэрээ байгуулсан. Дараа нь 9 дүгээр сарын эхээр жирэмсний амралт авах ёстой байсан тул С.Айгүл даргатай очиж уулзсан. Тэр үед надад чиний гэрээг хугацаанд нь сунгаж өгнө гэснээр миний бие жирэмсний амралтаа авалгүйгээр гэрээний хугацаа дуусах хүртэл ажилласан. Тухайн үед буюу 9 дүгээр сарын 30-ны өдөр С.Айгүл даргатай уулзахад чи ажлаа хүлээлгэж өгөөд ирээрэй, би чиний оронд очих хүнтэй 4 сарын хугацаатай гэрээ байгуулаад явуулна. Чамайг амаржаад эргэж ирсний дараа гэрээг чинь сунгаж өгнө гэсэн. Тэгэхээр нь 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөхөд тэр хүнийг 10 дугаар сарын 01-нээс эхэлж хугацаагүй гэрээ байгуулж ажилд томилсон байсан. Хамгийн гол нь миний гомдож байгаа зүйл маань 6 сарын туршилтын хугацаатайгаар явуулсан гэж хэлчхээд адилхан надтай хамт шинээр төгсөж ирсэн хүнийг ямар нэгэн туршилтын хугацаа заахгүйгээр шууд хугацаагүй гэрээ байгуулсанд гомдож байна. Иймд урьдах эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч би 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.Ахмаралтай сайн дурын үндсэн дээр өөртэй харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. М.Ахмаралтай байгуулсан 6 сарын хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон түүнийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1-д гэрээний нөхцөл, 1.9-т хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн 6 сарын хугацаатай гэжээ. Ингэхээр ажил олгогчийн М.Ахмаралыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан явдалтай шууд холбоотой юм. Нэхэмжлэгч М.Ахмарал нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор зохицуулсан тул тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.Ахмаралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлд мэдэгдсэн боловч хариуцагч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр түүний өмгөөлөгч Я.Сьездийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч М.Ахмаралыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/10 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, ажилтан М.Ахмарал нар нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.9-д хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 сарын хугацаатай гэж тогтоосон байна.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, Хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллах хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэдээс удаа дараа гомдол мэдээлэл ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хугацаатай албан бичгүүдийн хариуг заасан хугацаанд ирүүлээгүй, байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр М.Ахмаралыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор байгаа боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаагүй ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байхад ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, ажилтан М.Ахмарал нарын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.9-д хөдөлмөрийн гэрээний хугацааг ямар үндэслэл, шаардлагын үүднээс 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 сарын хугацаатай гэж тогтоосон нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн нэхэмжлэгч М.Ахмаралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулсан талаар нотолж чадаагүй ба энэ талаар гэрээ болон ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалд тусгаагүй байна.

Мөн нэхэмжлэгч М.Ахмаралыг ажлаас чөлөөлөх тушаалд М.Ахмарал нь ажиллах хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэдээс удаа дараа гомдол мэдээлэл ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хугацаатай албан бичгүүдийн хариуг заасан хугацаанд ирүүлээгүй гэж заасан боловч үүнийг нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эдгээр үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан №8301000830 бүртгэлийн дугаартай, БЮ16310231 регистрийн дугаартай Төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч М.Ахмарал нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү С.Өсиетийг төрүүлсэн болох нь нотлогдож байгаа тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг зөрчиж М.Ахмаралыг жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.Ахмаралыг Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан РД:ПВ911002401 Керей овогт Махметийн Ахмаралыг Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ахмарал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК