Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 020

 

М.Ахмаралын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 700 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Керей овогт Махметийн Ахмаралын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч М.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн төлөөлөгч С.Айгүл, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2015 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг хүний их эмч мэргэжлээр, бакалавр зэргээр төгсөж, Д201515987 тоот диплом, 2015 оны 8 дугаар сарын 21-нд Эрүүл мэнд, спортын яамны сайдын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 294 тоот тушаалаар Эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн эмч билээ. 2016 оны 2 дугаар сараас Өлгий хотын төвд Нурлы хувийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон. Тухайн эрүүл мэндийн төвд эрхлэгч, эмчээр ажиллаж байсан хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг тус тус үндэслэн Хотгор Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/54 тоот тушаал гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглээгүйгээс болж миний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тухайлбал: Ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг заавал баримтлах ёстой байтал М.Ахмарал намайг албан тушаалаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй байна.

Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг илтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг зааж, зохицуулаагүй тул тухайн заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гарсныг давхар нотлох юм.

2. М.Ахмарал намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдэг хуулийн заалтыг хэрэглэсэн нь мөн хууль зөрчсөн үйлдэл мөн. Учир нь, Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн орон тооны ажил нь байнгын ажлын байр бөгөөд тухайн орон тоо цомхтгогдоогүй байхад гэж үзсэн нь М.Ахмарал намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн гэж үзэж байна. М.Ахмарал намайг Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөхөд миний оронд А.Байтайлах гэгчийг томилсон нь орон тоо хэвээр байгаа, байнгын ажлын байр болохыг баталж байна.

3. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нь М.Ахмарал надтай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулахад гэрээний 1.9-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байдаг. Гэтэл тухайн үед С.Айгүл нь Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь гэрээний тухайн 1.9-д заасан заалт хүчин төгөлдөр бус байсныг нотолж байна.

4. М.Ахмарал намайг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 тоот тушаалын 1 дүгээр заалтад хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнээс болж ямар хор уршиг буй болсныг тус тус тогтоож байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан журмаар сахилгын арга хэмжээ тооцох байсан. Гэтэл сахилгын зөрчлийг тогтоогоогүй байж, тушаалд дурдсан арга хэмжээ тооцсон нь хууль зөрчсөн хэрэг болно.

5. М.Ахмарал миний бие 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Хасиетийг төрүүлсэн, одоо хүү маань 01 нас 3 сартай, одоо миний бие жирэмсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх настай хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Махметийн Ахмарал намайг Хотгор Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохыг хүсье. гэжээ

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч би 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.Ахмаралтай сайн дурын үндсэн дээр өөртэй харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1-д гэрээний нөхцөл, 1.9-т хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн 6 сарын хугацаатай гэжээ. Ингэхээр ажил олгогчийн М.Ахмаралыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан явдалтай шууд холбоотой. Нэхэмжлэгч М.Ахмарал нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор зохицуулсан тул тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.Ахмаралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 700 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан РД:ПВ911002401, Керей овогт Махметийн Ахмаралыг Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ахмарал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 700 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийн хууль зүйн үндсийг дахин хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр М.Ахмаралыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна... гэжээ. Ажил олгогчийн М.Ахмаралтай хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэсэн явдлыг анхан шатны шүүх дурдахгүй байгаа нь асуудалд нэг талыг барьсан гэж үзэж байна. Ажил олгогч би 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.Ахмаралтай сайн дурын үндсэн дээр өөртэй нь харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээг хугацаатай байгуулах болсон шалгаан нь М.Ахмаралын байнга амьдарч буй гэр орон нь Өлгий суманд байсан ба тэрээр Хотгорын төвд амьдрахгүй байсантай холбоотой. М.Ахмаралтай байгуулсан 6 сарын хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1-т гэрээний үндсэн нөхцөл, 1.9-т "...хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн 6 сарын хугацаатай.. гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрлэх хэсэгт "... Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор байгаа боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаагүй ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байхад ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, ажилтан М.Ахмарал нарын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 1.8-д хөдөлмөрийн гэрээний хугацаа ямар үндэслэл, шаардлагын үүднээс 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 сарын хугацаатай гэж тогтоосон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн нэхэмжлэгч М.Ахмаралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулсан талаар нотолж чадаагүй ба энэ талаар гэрээ болон ажилд томилсон ба чөлөөлсөн тушаалд тусгаагүй байна"... гэж дүгнэсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчоос ажилтан М.Ахмаралтай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг хүчин төгөлдөр бус, нэг талын эрх ашгийг дордуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.2, 21.1.3, 21.1.4, 21.3, 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т зааснаар ажил олгогч ба ажилтан М.Ахмарал нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг бүрэн тусгасан, хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байгаа. Иймээс энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй юм.

 

3. Ажил олгогч нь М.Ахмаралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 700 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч М.Ахмаралын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өнгө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Керей овогт Махметийн Ахмарал миний бие хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 742 тоот давж заалдах гомдлынматериалтай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

1. Хариуцагч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэсэн явдлыг анхан шатны шүүх дурдахгүй байгаа нь "нэг талыг баримталсан гэж үзнэ" хэмээн гомдолд дурджээ.

Гэтэл ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн "М.Ахмаралыг ажлаас чөлөөлөх тухай" Б/54 тоот тушаалд хариуцагч өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлаагүй учир шүүх тухайн зүйл ангийг баримтлах, уг зүйл заалтыг шүүхийн шийдвэрт дурдах үүрэггүй юм. Энэ нь "шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэг талыг баримталсан" гэж үзэх үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар "2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай" байгуулсан болохоос бус, ажилтан миний бие "ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулах" санал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тухай М.Ахмарал миний бичгийн хүсэлт, санал байхгүй гэдгийг дурдаж байна.

Мөн М.Ахмарал миний бие хадам ээж, аавын хамт ажлын газар болох Өлгий сумын 7 дугаар багийн төв буюу Хотгорын нүүрсний уурхай-д өрх гэрээр нүүж очоод, суурьшин ажиллаж байсныг давж заалдах гомдолд хариуцагч С.Айгүл үгүйсгэснийгзөвшөөрөх боломжгүй болно.

 

М.Ахмарал миний бие ажлын байр байгаа газар болох "Нүүрст Хотгорын уурхайд" гэр бүлээрээ нүүж очоод амьдарч байсан болно. Энэ асуудал Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас чөлөөлөх, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш юм. /Жич: Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд тийм зохицуулалт үгүй байна/

2. Өлгий сумын 7-р багт харьяалагдах, Нүүрст Хотгорын Уурхай нь аймгийн төв буюу Өлгий сумаас 140 км зайтай, алслагдмал байрласан бөгөөд тэнд Эрүүл мэндийн төв байнгын үйл ажиллагаа явуулдаг.Тухайн Хотгорын Эрүүл мэндийн төвд эрхлэгчийн орон тоо байгаа ба миний бие тухайн сул орон тоонд томилогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д "Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна" гэдгийг ажил олгогч С.Айгүл зөрчиж, надтай байгуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн буруу үйл ажиллагаа юм.

З. М.Ахмарал миний бие байнгын ажлын байранд томилогдон ажиллаж байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан заалт бол бүрэн утгаар үйлчлэх болно.

Хариуцагч С.Айгүлийн давж заалдах гомдол нь үндэслэл муутай учир хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Ахмарал нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл Мэндийн газарт холбогдуулан Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл Мэндийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 6/10 дугаар тушаалаар М.Ахмаралыг Хотгор Эрүүл мэндийн даргаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилж, тушаалд хугацаатай гэрээ байгуулахаар дурджээ.

Ажил олгогч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 1.9-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллах хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэдээс удаа дараа гомдол мэдээлэл ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хугацаатай албан бичгүүдийн хариуг заасан хугацаанд ирүүлээгүй, байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Хотгор эрүүл мэндийн төвийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д талууд харилцан тохиролцсоноор хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох үндэслэлүүдийг заасан боловч ажилтан М.Ахмаралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ямар үндэслэл, шаардлагаар 6 сарын хугацаагаар байгуулсан талаар нотолж чадаагүй, энэ талаар тушаал болон хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ба хариуцагч үндэслэлээ М.Ахмарал нь Баян-Өлгий аймгийн төвд амьдардаг Хотгор эрүүл мэндийн төвд нүүж очих хүртэл гэж тайлбарлах боловч нүүж очиж тэнд ажиллаагүй гэх үндэслэлээ нотолж чадаагүй ба байгууллагын дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалд дурдсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэдээс удаа дараа гомдол мэдээлэл ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хугацаатай албан бичгүүдийн хариуг заасан хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлүүдээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, ажилтан М.Ахмаралыг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдсон байна.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 700 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ