Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 310

 

“Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Ган-Эрдэнэд холбогдох        

Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 122 652 130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт, Л.Батсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч "Эм Эй Эф ББСБ" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт, Л.Батсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр "Эм Эй Эф ББСБ" ХХК-тай №16030227 тоот зээлийн гэрээ байгуулан 97 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамжны 51/7 дугаар байр, 2 дугаар давхарт D-1/A тоот хаягт байршилтай, 60 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2205061703 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжав гудамжны 27 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 60 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2205036870 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан №16030227-1 тоот барьцааны гэрээг байгуулсан. Гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн хуулийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газарт барьцааны гэрээг бүртгүүлэн барьцаалбар үйлдэн зээлийн гэрээний дагуу Төрийн банкны харилцах дансаараа дамжуулан зээл авсан. Гэвч зээлдэгч Э.Ган-Эрдэнэ нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлгүй, бидний зүгээс удаа дараа сануулан зээл төлөхийг шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ зөрчин биднийг хохироож байна.

Иймд үндсэн зээл 96 920 200 төгрөг, хүү 22 049 346 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 663 584 төгрөг, нотариатын төлбөр 19 000 төгрөг нийт 122 652 130 төгрөгийг Э.Ган-Эрдэнээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 2 770 967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22 633 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 79 800 төгрөг төлсөн. Өөр төлбөр огт төлөөгүй. Манай байгууллага нь зах зээл дэх банк бус санхүүгийн байгууллагуудаас олгодог зээлийн хүүгийн хувьд дундаж хүү юм. Иймээс хүүг хасаж тооцох боломжгүй. Харин нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 3 663 584 төгрөгийг хасахад нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Эм Эй Эф ББСБ" ХХК-тай 16030227 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 97 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авсан. Сүүлийн жилүүдэд улс оронд нүүрлээд буй санхүүгийн хямрал Э.Ган-Эрдэнийн бизнесийг тойрсонгүй. Бусдад үзүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөө авч чадахгүй байгаа нь "Эм Эй Эф ББСБ" ХХК-тай байгуулсан 16030227 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчихөд нөлөөлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан боловч нэг талын буюу "Эм Эй Эф ББСБ" ХХК-ийн санаачлагаар цуцлагдаж буй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 3 363 534 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. “Эм Эй Эф ББСБ" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон хүү нь хэт өндөр байгаа тул банкуудын олгодог дундаж зээлийн хүүгээр тооцож өгөхийг хүсэж байна. Төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 96 920 200 төгрөг болон зээлийн гэрээнд заасны дагуу бодогдсон хүү 22 049 346 төгрөгийн тооцооллын талаар маргаан байхгүй. Харин зээлийн хүү банкуудын дундаж хүүгээр тооцож, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ган-Эрдэнээс үндсэн зээлийн төлбөрт 96 920 200 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22 049 346 төгрөг нийт 118 969 546 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Эм Эй Эф ББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3 682 584 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Эм Эй Эф ББСБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 752 797 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Эм Эй Эф ББСБ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд "...сарын 3,6 хувийн хүү нь жилээр тооцвол 43,2% болж байгаа бөгөөд хүүгийн хэмжээ нь санхүүгийн хямралтай үед асар өндөр хүү болж байгаа тул арилжааны банкуудын зээлийн жилийн дундаж хүү нь 20,0% байгааг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасныг үндэслэн хүүг сарын 3,0% буюу жилийн 36,0%-иар тогтоож өгөхийг хүссэн...." хүсэлт гаргасан боловч хангаагүй. Зээлийн хүүг сарын 3,0%, жилийн 36,0%-иар тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хүү нь 17 920 147 болох бөгөөд шүүхийн шийдвэрээс 4 129 200 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 114 840 347 төгрөг болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

           Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ган-Эрдэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 122 652 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

       Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн, барьцааны гэрээ /хх-6-14/ байгуулагдаж, 97 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамжны 2 дугаар давхарт D-1/A тоотод байрлалтай 60 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 60 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна /хх-7-9, 11-13/.

           Дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээл 79 800 төгрөг, хүү 2 770 967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22 633 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй талаар талууд маргаангүй.

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан этгээд зээлээ хугацаанд нь төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү төлөх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх журамтай талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

          Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх замаар зээл олгож буй иргэд, хуулийн этгээд хоорондын зээлийн гэрээнд хамааралтай, Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаанд хамаарахгүй. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгайлсан харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхийг хориглодог.

          Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан энгийн зээлийн харилцаанд хамаарах мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн хүүгийн хэмжээг багасгах тухай хэм хэмжээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт өөр зээлийн гэрээний харилцаанд хэрэглэж үл болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Ган-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                           Д.БАЙГАЛМАА