Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2016/01593

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 05 өдөр           Дугаар184/ШШ2016/01593            Улаанбаатар хот

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхон, Фидес цамхаг, 202 тоотод байрлах, “Эм Эй Эф ББСБ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5617375/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 258 дугаар байрны 01 тоотод оршин суух, Абрахан овогт Эрдэнэчулууны Ган-Эрдэнэ /регистрийн дугаар: ЧО77121113/-д холбогдох,

 

“Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 122,652,130 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт, Л.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт, Л.Батсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Э.Ган-Эрдэнэ  нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Эм Эй Эф ББСБ” ХХК-иас №16030227 тоот зээлийн гэрээ байгуулан 97,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралтад заасны агуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Э.Ган-Эрдэний өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамж, 51/7 байр, 2-р давхарт D-1/А тоот хаягт байршилтай 60 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2205061703 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э.Ган-Эрдэний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Чингүнжав гудамж, 27 байр, 2 тоот хаягт байршилтай 60 м.кв үйлчилгээний зориулалгтай Ү-2205036870 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан №16030227-1 тоот барьцааны гэрээг байгуулсан.

Гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн хуулийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газарт барьцааны гэрээг бүртгүүлэн барьцаалбар үйлдэн зээлийн гэрээний дагуу төрийн банкны харилцах дансаараа дамжуулан зээл авсан. Гэвч зээлдэгч Э.Ган-Эрдэнэ нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлгүй, бидний зүгээс удаа дараа сануулан зээлийг графикийн дагуу төлөхийг шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ зөрчин биднийг хохироож байна. Иймд үндсэн зээл 96,920,200 төгрөг, хүү 22,049,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,663,584 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөгийн хамт нийт 122,652,130.00  төгрөгийг Э.Ган-Эрдэнээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 2,770,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,633 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 79,800 төгрөг төлсөн. Өөр төлбөр огт төлөөгүй. Манай банк бус санхүүгийн байгууллага нь зах зээл дэх банк бус санхүүгийн байгууллагуудаас олгодог зээлийн хүүгийн хувьд дундаж хүү юм. Иймээс хүүг хасаж тооцох боломжгүй. Харин нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 3,663,584 төгрөгийг хасахад нэхэмжлэгчийн талын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Эм Эй Эф ББСБ” ХХК-тай 16030227 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 97,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авсан.

Сүүлийн жилүүдэд улс оронд нүүрлээд буй санхүүгийн хямрал Э.Ган-Эрдэнийн бизнесийг тойрсонгүй. Бусдад үзүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөө авч чадахгүй байгаа нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Эм Эй Эф ББСБ” ХХК-тай байгуулсан 16030227 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчихөд нөлөөлсөн. “Эм Эй Эф ББСБ” ХХК-тай байгуулсан 16030227 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4  дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох байсан боловч нэг талын буюу “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн санаачлагаар цуцлагдаж буй тул иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 3,663,584 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Эм Эй Эф ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон хүү нь хэт өндөр байгаа тул банкуудын олгодог дундаж зээлийн хүүгээр тооцож өгөхийг хүсэж байна. Төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 96,920,200 төгрөг болон зээлийн гэрээнд заасны дагуу бодогдсон хүү 22,049,346 төгрөгийн тооцооллын талаар маргаан байхгүй. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар зээлийн гэрээнд заасны дагуу бодсон бөгөөд тооцоллын хувьд маргаан байхгүй. Харин зээлийн хүү банкуудын дундаж хүүгээр тооцож, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ган-Эрдэнэд  холбогдуулан үндсэн зээл 96,920,200 төгрөг, зээлийн хүү 22,049,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,663,584 төгрөг, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 122,652,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

“Эм Эй Эф ББСБ” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Э.Ган-Эрдэнэтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай,  97,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 3,5 хувь байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №0016030227 дугаар “Зээлийн гэрээ”, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарь зэрэг нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

            Зээлдэгч болох хариуцагч Э.Ган-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүргийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээлд 79,800 төгрөг, зээлийн хүү 2,770,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,633 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл эргэн төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэл 96,920,200 төгрөг, зээлийн хүү 22,049,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,663,584 төгрөгийг тус тус шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцсон бөгөөд хариуцагч Э.Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болно.

 

            Хэдийгээр хариуцагч  Э.Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 96,920,200 төгрөг, зээлийн хүү 22,049,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,663,584 төгрөгийн тооцооллын талаар маргаагүй боловч нэмэгдүүлсэн хүүг гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, зээлийн хүүг сарын 3,5 хувиар тооцсоныг өндөр гэж үзэж банкуудын дундаж хүү 3 хувиар тооцож төлөх ёстой гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 3,663,584 төгрөгийг нэхэмжлэхгүй байхад болно гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч Э.Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийг хүүг 3,5 хувь байхаар тохиролцсоныг багасгаж тооцуулах талаар гаргасан татгалзлын үндэслэлээ “... банкуудын дундаж хүүгээс өндөр тогтоогдсон. Иймд хүүг банкуудын дундаж хүүгээр тооцож өгнө үү ...” гэж тайлбарлажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шүүхэд гаргасан татгалзлын үндэслэл, түүнд холбогдох баримтыг гаргаж үүрэгтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн хүүгийн хэмжээ нь хэт өндөр тогтоогдсон, зээлийн хүүгийн хэмжээ банк бус санхүүгийн байгууллагуудын дундаж хэмжээнээс өндөр тогтоогдсон гэх татгалзлыг нотолсон баримт хэрэгт хариуцагч талаас ирүүлээгүй байна.

 

            Иймд зээлийн гэрээнд заасан хүүг багасгуулж тооцуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

            Иймд хариуцагч Э.Ган-Эрдэнээс үндсэн зээлийн төлбөрт 96,920,200 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,049,346 төгрөг, нийт 118,969,546 төгрөгийг гаргуулж, нэмэгдүүлсэн хүүг хасахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ган-Эрдэнэээс нотариатын зардал 19,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ган-Эрдэнээс үндсэн зээлийн төлбөрт 96,920,200 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 22,049,346 төгрөг, нийт 118,969,546 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,682,584 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 752,797 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР