Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 706

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч К.Бүлдирген, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, РД:БЮ76021529, утас:94099436, Барах-Сүйндик овогт Баймуратын Саулегийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Засгийн газрын нөөц санд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сауле, прокурор Т.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Саулегийн нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрсөн ажиллагааны улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн хилсээр мөрдөн шалгагдсаны улмаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гэм хор сэтгэл санааны хохирол болох 15000000 төгрөг, өмгөөллийн хөлс 7000000 төгрөг, нийт 22000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.Сауле шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 2-60 айлын 48 тоотод оршин суудаг, БЮ76021529 регистрийн дугаартай Барах-сүйндик овогт Баймуратын Сауле би мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төлүүлэх буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт заасан хилс хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгасны улмаас учирсан сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр сэргээлгэх, эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор, сэтгэл санааны хохирлоо төлүүлэхийг хүсэж байна. Б.Сауле миний нэхэмжлэлийн шаардлагыг ИХХШТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой болгон нэмж тодруулж байна. Иргэн Б.Сауле би 2010 оны 01 дүгээр сарын 18-наас 2012 оны 3 дугаар сарын 12-ны хооронд 2 жил 2 сарын хугацаанд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн хилсээр мөрдөгдөн шалгагдсаны улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор, сэтгэл санааны хохирлоо 15 /арван таван/ сая, өмгөөлөгч хөлслөн авсан хөлсөндөө төлсөн 7 /долоон/ сая төгрөг, бүгд 22000000 /хорин хоёр сая/ төгрөгийг төрөөс /аймгийн төрийн сангийн нөхөн сэргээлтийн сан/ гаргуулж өгөхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагыг Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.5, 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2, 391.3, 393 дугаар зүйлийн 393.1, 396 дугаар зүйлийн 396.1, 396.10 дугаар заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус үндэслэн гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Сауле шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1999 оноос одоо хүртэл төрийн албанд тасралтгүй ажиллаж байна.2009 оны 06 дугаар сард аймгийн Эд хөрөнгийн алба болон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх улсын бүртгэлийн мэдээллийн алба нийлж Улсын бүртгэлийн хэлтэс гэж бүтцийн өөрчлөлтөд орж улсын бүртгэлийн ажилтнаар бид нар орж ирсэн. Улмаар 2009 оноос эхэлж Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч гэсэн тушаалтай байсан. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр тушаалын зүйл заалт тодорхой бичээстэй байхад 2010 оноос намайг гэмт хэргийн улмаас албан тушаал нь өөрчлөгдсөн гэсэн мэдээлэл радиогоор явсан. Радиогоор гарсан мэдээллийг үндэслээд 2010 оны 01 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.1, 256.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Тухайн үед би дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг албан тушаалтан болохоос биш гадаад паспортын үнийг тогтоодог, худалдаа наймаа хийдэг бизнесийн байгууллагад ажиллаж байгаагүй. Дээд шатны байгууллага ямар үүрэг даалгавар өгнө тэрийг л биелүүлдэг байсан. Намайг төрийн өмчийг шамшигдуулсан, төрсний гэрчилгээ зарсан гэсэн яриа гарсан. Тухайн үед би боловсролтой, сэхээтэн хүмүүс тэр зэргийн юмыг мэдэх байх, ялгаж мэдэх байх гэж бодож байсан боловч одоо хүртэл янз бүрийн яриа байдаг. Хэрэв би нэг дуугарвал хэл амтай, заргачин хүн мэт хүлээж авдаг. Сая хүртэл шүүх хуралдааны танхимд орж ирж байхад Улаанхус сумын ЗДТГ-ын дарга Хонгат надад бараг заргалдаад шүүхэд ирээд сурсан байна гэж хэлсэн. Үүнийг прокурор Т.Серикжан өөрөө харж байсан, амьд гэрч байсан. Гэтэл Т.Серикжан прокурор ч мөн адил харин тийм ээ гэж дуугарч байсан. Тухайн үед би зүгээр л нэг нягтлан байсан боловч ерөнхийлөгч юм уу ерөнхий сайдын адил, хүмүүст нөлөөтэй том албан тушаалд байсан юм шиг үзсэн нь надад эвгүй санагддаг. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 гэж шалгагдаж байсан ба прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал удаа гарч байсан боловч сэргээгдэж явсаар байгаад 2010 оны 01 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэгдээд 2013 оны 3 дугаар сард буюу 2 жил 2 сарын дараа дууссан. Би угаасаа юм хийгээгүй юм чинь ингэж гарах нь тодорхой байсан. Гэхдээ олон жил залхаан цээрлүүлж, одоо хүртэл үр дагавар нь арилахгүй, дарамтад байдаг. Ядахдаа ээлжийн амралтаа ч бүрэн эдэлж чаддаггүй, хүн амьтантай юм ярихдаа ч хэцүү. Бараг би иргэний бүртгэлийн байгууллагыг эд хөрөнгөтэй нийлүүлсэн юм шиг яриа хүмүүсийн дунд одоо хүртэл гардаг юм байна лээ. Хамгийн гол нь одоо бодоход тухайн үед мөрдөн байцаагч байсан Ардах, Өмиргүл, Ербол нар энэ хэргийг шалгаж байсан. Яагаад ингэж урьдаас гараад байдаг юм бэ, би тийм айхтар юм уу гэж бодоход бас тийм асуудал байж болох талтай юм байна. Нотлох баримт гаргаж өгөх гээд прокурорт очиж хавтаст хэрэгтэй танилцаж байхад тийм бодол төрж байсан. Яагаад гэвэл тухайн үеийн мөрдөн байцаах тасгийн дарга Бауыржан нь энэ хэргийн улмаас ажлаас гарч өөр ажилд шилжсэн гэж сонсож байсан. Мөрдөн байцаагч байсан Ербол, Ардах нар нь бас өөр ажилд шилжсэн. Энэ хэргийн улмаас намайг олон хүний амьдралд нөлөөлсөн юм шиг улбаалаад ярьдаг юм байна лээ. Анх 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би хуулийн этгээдийн улсын бүртгэгч болж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Мөнхбаатар ажилд томилсон тушаал гаргасан. 2009 оны 12 дугаар сард намайг их хэмжээний мөнгө идлээ, ажлаас чөлөөлөгдлөө, гэмт хэрэг үйлдлээ гэсэн мэдээлэл радиогоор гарсан. Цагдаагийн байгууллагаас тухайн үед эрүүгийн хэрэг үүсгээд радиогийн мэдээллийн талаар тайлбар авч байсан. Дараа нь Монсам-ийн сониныг нэг хүн бариад ирсэн. Тус сонинд намайг идэж уусан гэж мэдээлсэн байсан. Олон жил эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байхад Прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах тасаг хүртэл шөнийн 23-24 цагийн үед дуудаж байцаалт авч байсан. Энэ бүгд надад сэтгэл санааны дарамт байсан. Ажлын бус цагаар, үдэш оройн цагаар дуудаж байцаалт авдаг байсан. Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйл, 388.1, 391 дүгээр зүйлийн 391.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар хамт олон болон ард иргэдийн дунд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр буюу 15 сая төгрөгөөр нэхэмжилж, өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгийг давхар нэмж нийт 22 сая төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан гэв.

Төрийг төлөөлж оролцож байгаа прокурор Т.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Сауле мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирол нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлтэй 2 удаа танилцсан. Шүүх Б.Саулегийн гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байна гэсэн саналтай байна. Учир нь Эрүүгийн хэргийн 4 хавтаст хэрэг байгаа. Хавтаст хэрэг дотор авагдсан өмгөөлөгч С.Алтайтай байгуулсан өмгөөллийн гэрээнд харилцсан тохиролцсон гэж байгаа. Хавтаст хэрэг дотор түрүүн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн өмгөөллийн хөлс төлсөн цэнхэр тасалбар явж байдаг байсан. Энэ хэрэг үүсгэснээс хойш 1 сар гаруй хугацаанд шүүхэд байсан. Гэтэл өнөөдөр гэнэт ийм тасалбар гаргаж ирсэнд гайхаж байна. Энэ асуудлыг ингэж орхиж болохгүй. Өмгөөлөгч С.Алтайд 7 сая төгрөгийг хөлс төлсөн бол хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тасалбарыг нөхөж гаргасан болов уу гэсэн эргэлзээ төрч байна. 2. Сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөг нэхэмжилсэн байна. Б.Саулед ямар сэтгэл санааны хохирол учирсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөө намайг радиогоор мэдээлэл, хамт олны дунд нэр хүндгүй болсон гэж хэлж байна. Радиод цагдаагийн байгууллага, прокурорын газраас Б.Саулегийн талаар мэдээлэл гэж мэдээлэл өгөөгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийгээд шалгалтын дүнг радиогоор танилцуулсан байсан. Радиогоор мэдээлсэн асуудлыг Мэргэжлийн хяналтын газрыг шүүхэд өгч, буруутай байцаагч нарыг шалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэж байна. Энэ нь эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй. Цагдаа, прокурорын байгууллагаас радиогоор мэдээлэл явуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Б.Саулед холбогдох 2 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо болгохдоо хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй. 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/48 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд Б.Сауле цалингийн шатлалаа өсгөж, 424219 төгрөг завшсан нь тогтоогдсон боловч хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн байна. Хэргийг шалгахдаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөн орлогч прокурор А.Турдыбек 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд 2008 оноос хойш харилцах данснаас 516496 төгрөгийг орлого болгож анхан шатны баримтаар 497045 төгрөг зарцуулсан, зөрүү болох 1902000 төгрөгийг анхан шатны зарцуулалтын материалгүй, кассын тайлан гаргаагүй, бэлэн мөнгөний баримтгүй мөртлөө жилийн эцэст бэлнээр байгаагаар хуурамч баримт гаргаж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон боловч хохирлын хэмжээ нь бага бус бөгөөд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан.. гээд бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан Өмиргүлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. Энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин Б.Саулед холбогдох эрүүгийн 2 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Уг шийдвэр нь 2011, 2012 онд гарсан. Хэрэв энэ тогтоолыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж дурдаж өгсөн. Энэхүү 2 тогтоол хоёулаа өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолоос харахад нэхэмжлэгч Б.Сауле нь мөнгө завшсан байна, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж болсон байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа байхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сауле нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрсөн ажиллагааны улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн хилсээр мөрдөн шалгагдсаны улмаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гэм хор сэтгэл санааны хохирол болох 15000000 төгрөг, өмгөөллийн хөлс 7000000 төгрөг, нийт 22000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний бүртгэл мэдээллийн албаны дарга байсан К.Аманкелди, Б.Сауле нар нь 2008 оны байгууллагын үнэт цаасны тооллого, тооцоог журмын дагуу хийгээгүй ба 23892900 төгрөг ашигласан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Саулег 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн сэжигтнээр тооцох тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон байна.

Гэтэл 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 5/48 дугаар тогтоолоор ... аймгийн МХГ-ын 32/21/22/282 тоот актад дурдсан 2080700 төгрөг данс бүртгэлд ороогүй архивын лавлагаанаас 639500 төгрөг, ХААТР маягтын үнээс 480580 төгрөг, үнэтэй олгосон төрсний гэрчилгээний үнээс 1345000 төгрөг, анкетын үнээс 790900 төгрөг тус тус дансанд оролгүй завсардсан зэргийг анхан шатны баримт хангалтгүйгээс тооцох боломжгүй болсон. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төсөвтэй хийсэн авлага 1721600 төгрөг, цалингийн ашгийн татвар 1292300 төгрөгийг ашигласан нь тогтоогдоогүй байна.

Б.Сауле нь цалингийн шатлалаа өсгөж 424219 төгрөг завшсан ... тус тус тогтоогдсон боловч хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Б.Саулед холбогдох уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг тогтоолын үндэслэх хэсэгт Б.Сауле нь цалингийн шатлалаа өсгөж 424219 төгрөг завшсан ... тус тус тогтоогдсон боловч хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэснээс үзэхэд ЭБШХуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд мөн хуулийн 24.3-д ... 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч, энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Сауле нь дээрх прокурорын тогтоолыг эс зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаагүй ба уг прокурорын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Б.Сауле нь намайг сэжигтнээр тооцож Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шалгасан боловч уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт зааснаар би хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж маргажээ.

-Б.Саулег Эрүүгийн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон байна. Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн яллах дүгнэлтээр Б.Саулег шинжээч Х.Хайратханд мэргэжлийн хяналтын хоёр байцаагч болон мөрдөн байцаагчтай тохирсон байгаа та гарын үсэг зураад өгчих гэж хэлээд 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар гаргаж гарын үсэг зуруулаад эрүүгийн 21002017 дугаартай хэрэгт хавсруулж шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар яллагдагчаар тогтоож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байх ба тус шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай 14 дугаар шүүгчийн захирамжаар буцааж байжээ.

Дараа нь 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 5/55 дугаар тогтоолоор: яллагдагч Б.Саулегийн шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан гэх үйлдэлд бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч зөвхөн яллагдагч Х.Хайратханы мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, гэм буруутай эсэхэд эргэлзээтэй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Гэвч 2010 оны 07 дугаар сарын 15-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчийн Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолоор нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Саулегийн хамтаар 2008 оны байгууллагын албаны болон санхүүгийн үнэт цаасны мөнгө бүлэглэн ашигласан гэх 21002017 тоот хэргийг шалгах явцад шинжээч Х.Хайратхан нь зориуд худлаа дүгнэлт гаргасан гэх хэрэгт холбогдсон нь тогтоогдож 21002233 тоот хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд дээрх хэргүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр эрүүгийн хэргийг нэгтгэж шалгасан байх ба Б.Сауле нь цалингийн шатлалаа өсгөж 424219 төгрөг завшсан ... тус тус тогтоогдсон боловч хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн нэхэмжлэгч Б.Сауле нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 2 жил гаруй шалгаж мөрдөн байцаалт явуулах явцад мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн давхар зүйл ангиар шалгаж байсан гэх тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар хоёр эрүүгийн хэргийг нэгтгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байна.

Энэхүү байдлаас үзэхэд Б.Саулед холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулж шалгасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт заасан тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлээр хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.3-д ..., хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... тохиолдолд энэ хуулийн 389.1 нь үйлчлэхгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Саулегийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гэм хор сэтгэл санааны хохирол болох 15000000 төгрөг, өмгөөллийн хөлс 7000000 төгрөг, нийт 22000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухайн Баймуратын Саулегийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ د Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН

А.ЖАРХЫНГҮЛ