Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 022

 

Б.Саулегийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 706 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Барах-Сүйндик овогт Баймуратын Саулегийнхүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, прокурор Т.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны буюу эдийн бус сэтгэл санааны гэм хор учирсны хохиролд 15.000.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 7.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай.

 

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 2-60 айлын 48 тоотод оршин суудаг, Барах-сүйндик овогт Баймуратын Сауле би мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төлүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт заасан хилс хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгахад учирсан сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр сэргээлгэх, эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор, сэтгэл санааны хохирлоо төлүүлэхийг хүсэж байна. Б.Сауле би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой болгон нэмж тодруулж байна. Иргэн Б.Сауле би 2010 оны 01 дүгээр сарын 18-наас 2012 оны 3 дугаар сарын 12-ны хооронд 2 жил 2 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн хилсээр мөрдөгдөн шалгагдсаны улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор, сэтгэл санааны хохирлоо 15 /арван таван/ сая, өмгөөлөгч хөлслөн авсан хөлсөндөө төлсөн 7 /долоон/ сая төгрөг, бүгд 22000000 /хорин хоёр сая/ төгрөгийг төрөөс /аймгийн төрийн сангийн нөхөн сэргээлтийн сан/ гаргуулж өгөхийг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.5, 391 дүгээр зүйлийн 391.1, 391.2, 391.3, 393 дугаар зүйлийн 393.1, 396 дугаар зүйлийн 396.1, 396.10 дугаар заалтууд болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус үндэслэн гаргаж байна. гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Т.Серикжаны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүх Б.Саулегийн гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байна гэсэн саналтай байна. Учир нь Эрүүгийн хэргийн 4 хавтаст хэрэгт түрүүн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн өмгөөллийн хөлс төлсөн цэнхэр тасалбар явж байдаг байсан. Энэ хэрэг үүсгэснээс хойш 1 сар гаруй хугацаанд шүүхэд байсан. Гэтэл өнөөдөр гэнэт ийм тасалбар гаргаж ирсэнд гайхаж байна. Өмгөөлөгч С.Алтайд 7 сая төгрөгийн хөлс төлсөн бол хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тасалбарыг нөхөж гаргасан болов уу гэсэн эргэлзээ төрч байна. 2. Сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөг нэхэмжилсэн байна. Б.Саулед ямар сэтгэл санааны хохирол учирсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөө намайг радиогоор мэдээлэл гаргаж, хамт олны дунд нэр хүндгүй болсон гэж хэлж байна. Цагдаа, прокурорын байгууллагаас радиогоор мэдээлэл явуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5/48 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд Б.Сауле цалингийн шатлалаа өсгөж, 424219 төгрөг завшсан нь тогтоогдсон боловч хохирлын хэмжээ бага бус хэмжээнд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн орлогч прокурор А.Турдыбек 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд 2008 оноос хойш харилцах данснаас 516496 төгрөгийг орлого болгож анхан шатны баримтаар 497045 төгрөг зарцуулсан, зөрүү болох 1902000 төгрөгийг анхан шатны зарцуулалтын материалгүй, кассын тайлан гаргаагүй, бэлэн мөнгөний баримтгүй мөртлөө жилийн эцэст бэлнээр байгаагаар хуурамч баримт гаргаж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон боловч хохирлын хэмжээ нь бага бус бөгөөд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэв энэ тогтоолыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж дурдаж өгсөн. Энэхүү 2 тогтоол хоёулаа өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолоос харахад нэхэмжлэгч Б.Сауле нь мөнгө завшсан, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа байхгүй байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 706 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гэм хор сэтгэл санааны хохирол болох 15000000 төгрөг, өмгөөллийн хөлс 7000000 төгрөг, нийт 22000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухайн Баймуратын Саулегийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Б.Саулегийн давж заалдах гомдолд: Би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 706 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Иргэний хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан учраас давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хүсэлт гаргагч Б.Сауле намайг аймгийн прокурорын газраас хийгээгүй хилс хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн 2 жил 2 сар гаруй мөрдөн шалгасан нь үнэн асуудал билээ. Яллагдагч гэх Б.Сауле надад холбогдох гэмт хэргүүд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Тухайлбал Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай № 5\48 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөгдөж буй Капитаны Амангелди, Баймуратын Сауле нарт холбогдох 21002017 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 2. К.Амангелди, Б.Сауле нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай № 5\55 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөгдөж буй Хауметбай овогтой Хайратхан, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөгдөж буй Баймурат овогтой Сауле, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөгдөж буй Ануарбек овогтой Өмиргүл нарт холбогдох эрүүгийн 21102184 дугаартай хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 2. Яллагдагч Хауметбай овогтой Хайратхан, Баймурат овогтой Сауле, Ануарбек овогтой Өмиргүл нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хүчингүй болгосугай ... гэж тус тус дурджээ.

Түүнчлэн Хяналтын прокурорын 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолын үндэслэх хэсэгт ... Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт ...эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол... гэж заасан бөгөөд К.Амангелди, Б.Сауле нарт холбогдох 21002017 дугаартай эрүүгийн хэргийг прокуророос 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5\48 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд К.Амангелди, Б.Сауле нарт холбогдох эрүүгийн 21002017 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, эрүүгийн хэрэг биш гэснийг баталж байгаа нөхцөл учир мөрдөн байцаагчаар ажиллаж байсан А.Өмиргүлийг эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдэл нь үгүйсгэгдэнэ... гэжээ. Дээр дурдсан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолууд одоо хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр тогтоолуудын утга санаа нь Б.Сауле надад тулгаж байсан гэмт хэргийн зүйл, ангиуд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсныг нотолж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх тогтоолуудын жинхэнэ хууль зүйн утга агуулгыг бүрэн гүйцэд судлахгүйгээр зөвхөн нэг талыг барьж, хяналтын прокурор Т.Серикжаны тайлбарт хэт их итгэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 406 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, Засгийн газрын нөөц сангаас мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн хилсээр мөрдөн шалгагдсаны улмаас нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гэм хор сэтгэл санааны хохирол болох 15000000 төгрөг, өмгөөллийн хөлс 7000000 төгрөг нийт 22000000 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч Б.Сауле надад олгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Б.Саулегийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд зааснаар үнэлж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж алдаа гаргасныг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх шаардлагатай гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагч Б.Сауле нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны буюу эдийн бус сэтгэл санааны гэм хор учирсны хохиролд 15.000.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 7.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүх уг хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг онцгой ажиллагааны журмаар /нотлох баримт цуглуулах, прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэргээр/ явуулсан боловч хүсэлтийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6.-д нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1.-т Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-т Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. гэж заасныг удирдлага болговол, хуульд зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх иргэний хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4.-т заасан хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1.-т иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцахаар зохицуулсан нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөндөгдсөн эрх, эрх чөлөөг сэргээн эдлүүлэх баталгаа юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгахаар зохицуулсан тул Б.Сауле нь шүүхэд хүсэлт гаргах замаар мэдүүлэх, шаардах эрхтэй байна.

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/55 дугаартай хүчин төгөлдөр тогтоолоос үзвэл, Б.Саулед холбогдох 21102184 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба Б.Сауле нь тухайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, гадагш явж болохгүй тухай баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон боловч уг байцаан шийтгэх ажиллагааны улмаас түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, 15.000.000 төгрөгийн эдийн бус сэтгэл санааны гэм хор учирсан нь нотлогдон тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1.-т эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө гэж заасан боловч Иргэний хуульд энэ тухай зохицуулаагүй, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан байх тул хүсэлт гаргагчийн шаардлагаас сэтгэл санааны хохирол гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Шүүх хүсэлт гаргагчийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т хүсэлт гаргагчийн шаардах эрхийн үндэслэлийг тусгайлан зохицуулсан байхад хуулийн нийтлэг зохицуулалт болох 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байхаас гадна маргааны үйл баримтад хамааралгүй мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах нийтлэг зохицуулалт болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг зохицуулсан мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх нийтлэг үндэслэлийг зохицуулсан 390 дүгээр зүйлийн 390.1, 390.1.5, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгайлсан журмыг зохицуулсан 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хүсэлт гаргагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 390 дүгээр зүйлийн 390.1.5.-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг шаардах эрхтэй боловч хэрэгт цугларсан өмгөөлөгчийн зардлын талаарх эргэлзээтэй баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хүсэлтээс 7.000.000 төгрөгийн хөлс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5/48, 6 дугаар сарын 30-ны өдрийн 5/132 дугаартай тогтоолын үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.3.-т заасан зохицуулалттай харьцуулан дүгнэж, хүсэлт гаргагчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон байна. Иймээс Б.Саулегийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар Б.Саулегийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 706 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг... гэснийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1.-т заасныг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Саулегийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар Б.Саулегийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК