| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0617/И |
| Дугаар | 130/ШШ2016/00709 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2016/00709
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн С дүүргийн 1 дүгээр хороонд орших, С ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, М овогт Мн Цт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Galaxy cor Mo загварын гар утасны төлбөрийн үлдэгдэл 300000 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 305500 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч С ХХК-ны гүйцэтгэх захИл Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар Бүрэн дунд сургууль нь манай үйлчилгээг хүлээн зөвшөөрч 2013 оны 9 дүгээр сарын 16-нд худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж ажилчдаа хамруулан нийт 3020400 төгрөгийн гар утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд М.Ц нь хамрагдан Galaxy cor Mo загварын гар утсыг 6 сар хуваан төлөх нөхцөлтэйгээр нийт 600000 төгрөгөөр худалдан авсан.
Гэтэл М.Ц нь гэрээний үүргээ үл биелүүлэн 300000 төгрөгийг төлөөгүй биднийг хохироож байна.
Иймд М.Цаас төлбөрийн үлдэгдэл болох 300000 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг, нийт 305500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Миний бие 2013 оны 10 дугаар сард С компаниас 500 мянган төгрөгийн үнэтэй Samsung Dous маркийн гар утас 1 ширхэг, модем 1 ш 100 мянга, нийт 600000 төгрөгийн барааг 6 сарын хугацаатайгаар лизингийн гэрээгээр худалдан авч сар бүр 100 мянган төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр худалдан авсан болно.
Тухайн оны 1 дүгээр сараас төлж амжилгүй, 12 дугаар сараас эхлэн сар бүр цалингаасаа 100 мянган төгрөгийг 3 сарын турш Сийн салбарт аваачиж төлж байсан ба тэр үед надад цаасан дээр баримт бичиж өгсөн. Үлдсэн 300000 төгрөгийг хийх боломж гарахгүй явсаар 1 жил өнгөрүү хугацаанд шаардуулж яваад 2014 оны 6 дугаар сарын эхээр амралтын цалингаасаа үлдэгдэл 300000 төгрөгийг хийж төлбөрөө барагдуулсан.
2015 оны хавар С компанид ажилладаг И над руу залгаж та төлбөрөө барагдуулаарай. Танай сургуулиас 4 багш төлбөрөө дуусгаагүй байна гэж мэдэгдсэн. Тэр үед би төлбөрөө хийсэн тухай Ид мэдэгдэхэд танд үлдэгдэл мөнгө байгаа гэж хэлэхэд би гайхаад нэг их юм бодолгүй өнгөрсөн. Тухайн үед С дээр очиж баримтаа шүүлгэе гэж бодож байсан боловч ажлын ачаалал ихтэй байсан учир очиж амжилгүй өдий хүрсэн.
Гэтэл 2016 оны 10 дугаар сараас намайг С компани төлбөрөө барагдуулаагүй гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн байсан ба бичиг баримттай нь танилцахад миний гарын үсэг болон миний худалдаж авсан утасны марк, дугаар бүгд зөрүүтэй биш байсан. Тиймээс миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ танилцсан. Нэхэмжлэлдээ танилцахад миний авсан утасны дугаар буруу байсан, миний гарын үсэг биш байсан учраас хүлээн зөвшөөрөөгүй. Энэ утсыг 6 сарын хугацаатай авсан маань үнэн. 600000 төгрөгийн үнэтэй Galaxy dous маркийн утас байсан. Дээр нь 100000 төгрөгөөр Сийн модем авсан. Энэ бүгд нийлээд 600000 төгрөгийн үнэтэй байсан. Тэрэн дотор хамгийн үнэтэйг нь би авч байсан.
Тэгээд тухайн үед 11, 12 дугаар сараас эхэлж төлбөр төлж эхлэх байсан. Тэр сард өөрийн биеэр 100000 төгрөгийг төлсөн. Тэр үед надад баримт бичиж өгсөн. Дараагийн сарын төлбөрийг бас мөн адилхан хийсэн. 3 дугаар сарын эргэн төлөлтийг тухайн сардаа хийж чадалгүй нэг сарын дараа аваачиж хийсэн. Дараагийн саруудын төлбөрийг төлж төлж чадалгүй жил гаруй явсан. Тэр үед байнга утсаар нэхдэг байсан. Ингээд төлж чадахгүй явсаар байгаад зуны амралтын цалин буунгуутаа 6 сарын эхээр Холбооны АТМ-ээс аваад хажууд нь байсан Сийн ажлын байранд очиж үлдсэн 300000 төгрөгөө төлөөд төлбөрийн баримтыг надад бичиж өгсөн.
Энэ 300000 төгрөгийг нэхэмжилж байгаа шалтгааныг ингэж ойлгож байна. Эхний 3 удаагийн баримтын надад зүгээр л цаасан дээр бичиж өгөөд компьютерт шивсэн. Тэр үед баримтанд гарын үсгээ зурсан. Сүүлчийн төлсөн 300000 төгрөгийн баримтыг банкны баримт шиг хувилдаг цаасан дээр цэнхэр өнгөтэй хуудсыг надад өгсөн. Би төлбөрөө хийхгүй удаа явж байсан болохоор хадгалж байсан маань дээр байх гэж бодоод жил гаруйн хугацаанд хадгалж явсан. Дараа нь ямар ч чимээгүй болчихлоор төлөгдсөн юм байна гэж бодоод цаасаа устгасан. Дараа нь намраас хойш Х.МИ гэдэг хүн Танай сургуулиас 4 багшийн утасны төлбөр хийгдээгүй байна. Та хийлгээрэй гээд над руу утастсан. Тэр үед багш нарт хэлж байгаа юм байх гэж нэг их тоогоогүй. Дараа нь над руу залгаад Та үлдсэн 300000 төгрөгөө хийгээч гээд утастсан. Би хийсэн шүү дээ гэхэд таны төлбөр хийгдээгүй юм байна гэсэн. Тэгээд сүүлчийн 300000 төгрөгийг хэлээд байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэрний дараа удалгүй шүүхээс нэхэмжлэл ирсэн. Тэгээд нэхэмжлэлдээ танилцахад миний авсан утасны дугаар буруу байсан, миний гарын үсэг биш байсан учраас хүлээн зөвшөөрөөгүй юм гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С ХХК нь М.Цаас 305500 төгрөг гаргуулж өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч С ХХК нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 жилийн 2 дугаар дунд сургуультай худалдах, худалдан авах гурван талт гэрээ хийсэн байх ба энэхүү гэрээнд М.Ц нь хамрагдаж 600000 төгрөгийн үнэтэй эд зүйлийн үнийг 6 сард хувааж төлөхөөр худалдан авсан байна.
Хариуцагчаас С ХХК-иас 500000 төгрөгийн үнэтэй Samsung dous маркийн гар утас 1 ширхэг, 100000 төгрөгийн үнэтэй модем 1 ширэг, нийт 600000 төгрөгийн үнэтэй эд зүйл худалдаж авсан ба тухайн зүйлүүдийн үнэ 600000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд харилцагчийн үлдэгдэл нь 300000 төгрөгөөр харагдаж байна. Хариуцагчаас С ХХК-иас худалдан авсан эд зүйлийн үнэ 600000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч М.Цаас гар утасны үнийн үлдэгдэл 300000 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 305500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.МИд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба хариуцагчаас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Мн Цаас 305500 төгрөгийг гаргуулан С ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9815 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Цаас 9815 төгрөг гаргуулан С ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК