Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 712

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, РД:БИ88040502, утас:99429829, Хурман овогт Шамелханы Жанарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, РД:БЭ80090517, утас:99424640, Жантекей Базархул овогт Аманжолын Хуатад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Жанар, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч А.Хуат, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншук нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгийн оногдох хувь болон хуваарьт хөрөнгө гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ш.Жанар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Шамелханы Жанар нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Аманжолын Хуаттай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 251-рт бүртгүүлж байсан билээ. Гэр бүл болсноос хойш 6-н сарын дараагаар үл ялих зүйлийг шалтаг болгож намайг байнгын зодож, янз бүрээр хэл амаар доромжилдог болов. Би жирэмсэн байх хугацаандаа ч гэсэн хэд хэдэн удаа зодож тарчилгаадгаа нь зогсоосонгүй. Нөхөр болох А.Хуат нь цагдаагийн албан хаагч байсан ба хэрэв цагдаагийн газарт гомдол гаргавал битгий гомдоорой, чамайг үгүй болгоно гэх мэтээр айлгадаг байсан. Нөгөөтээгүүр түүний ажлын нэр хүндийг нь бодож гомдол гаргадаггүй байсан. Ингэж явсаар түүний хүчирхийлэл нь улам хүч авсаар намайг босож чаддаггүй болтол нь бүх биеийг маань хөхрүүлэн зоддог болов. 2016 оны 6 дугаар сарын 05-ны үед нөхөр болох А.Хуат намайг дахиад үл ялих зүйлийг шалтаглан зодож эхлэхээр нь тэвчээр маань барагдаж гэрээсээ зугтаж төрхөмдөө ирсэн. 2 хоногийн дараагаар нь цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байсан боловч нөхөр болох А.Хуат надаас уучлал гуйж ажлаас халагдах гэж байна гэхээр нь гомдлоо татаж авсан юм. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэлээ гаргах гэсэн боловч мэдээлэл лавлагааны ажилтан нь шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид эхлээд өргөдлөө бичнэ, гэр бүлийн маргааныг шүүх шууд хүлээн авахгүй гэсний дагуу тус өдөрт нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан юм. Эвлэрүүлэн зуучлагч нь биднийг эвлэрэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгасан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд А.Хуаттай нэг гэр бүлд амьдарч байсан боловч нэг ч хоног гэр бүлийн гишүүн шигээ байгаагүй. Өөрөөр хэлбэл тус тусдаа унтаж, тус тусдаа байсан. Хүүгийнхээ төлөө түүнтэй хамт амьдарч байсан ба цаашид түүнтэй нэг ч хором хамт байхыг хүсэхгүй байна. Хүү маань өсөж торниж байгаа ба эцэг нь ээжийгээ байнгын зодож, хэл амаар доромжилж байгааг харж өсөхийг нь хүсэхгүй байна. Хэрэв ийм байдлаар нөхөр болох А.Хуаттай хамт амьдарвал хүүгийн маань хүмүүжилд муугаар нөлөөлөхийг урьдчилан бодолцсоны эцэст түүнээс салж тусад нь амьдрах шийдвэр гаргаж байна. Нөхөр болох А.Хуатыг өөрчлөгдөх байх хэмээн сүүлийн 2-3 жил тэвчээр гаргаж хүлээж, хамт амьдарч ирсэн боловч, түүний амархан өөрчлөгдөж, хувиран үл ялих зүйлийг шалтаглан зоддог ааш авир нь өөрчлөгдсөнгүй. Иймд Аманжолын Хуатаас гэрлэлтээ цуцалж, хүү болох Х.Мирасыг өөрийнхөө асрамжид үлдээж, түүнд тэтгэлэг тогтоолгох. Мөн А.Хуат бид хоёр хамтран амьдрах хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн 1-60 айлын орон сууцнаас 1 өрөө байрыг банкны ипотекийн гэрээгээр авсан. Хүү бид 3 хамтран өмчлөгч тул оногдох хэсэг болох 16666667 төгрөгийг А.Хуатаас гаргуулж өгнө үү. А.Хуат бид хоёр гэр бүл болсноос хойш гэртээ LG маркийн 52 инчийн LCD зурагт 1ш, Брюса маркийн хөргөгч 1ш, midea маркийн зуух /плитка/ 1ш, гал тогооны тавилга 1 ком, Samsung маркийн хоол халаагч 1ш, Samsung маркийн тоос сорогч 1ш, Веко маркийн хэншүү сорогч 1ш, бойлер 1ш, Сандал 4ш, Ширээ 1ш, Индүү /орос/ 1ш, Абажур /заал өрөөний/ 1ш, Samsung маркийн принтер 1ш, мөн тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай газар зэрэг эд зүйлүүдийг худалдаж авсан болно. Эдгээр зүйлүүд гэр бүлийн дундын эд хөрөнгө болно. Харин аяга тавгийн ком, орос буйдан, хивсэнцэр /паласа/-г төрхмөөс авсан миний хуваарьт хөрөнгө юм. Иймд А.Хуатаас гэрлэлтээ цуцлуулах, хүү болох Х.Мирасыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1020000 төгрөгийн үнэ бүхий хуваарьт эд хөрөнгө мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Х.Мираст оногдох хэсэг болох 19135333 төгрөг нийт 20155333 /хорин сая нэг зуун тавин таван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Жанар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч А.Хуат бид хоёр 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сайн дураараа гэр бүл болсон. Гэр бүл болоод анх 20 хоног болоогүй байхад намайг хэл амаар доромжилж, 6 сар болоогүй байхад гар хүрч эхэлсэн. Эхэндээ намайг алгаддаг байсан. Тухайн үед би хэрвээ чи надад ингэж гар хүргэвэл би явна гэхэд уучлалт гуйж байсан. Гэр бүл болсон хойно иймэрхүү зүйл бололгүй яахав гээд уучилж байсан. Дахиж 2 дахь удаа алгадсан. Энэ удаа ч мөн адил би гэр бүлээ бодоод уучилсан. Сүүлдээ энэ асуудал байнга давтагдах болсон. А.Хуат намайг авгай, гичий гээд янз бүрийн үгээр хэл амаар доромжилдог болсон. Түүний ямар үг хэлдэг болохыг одоо би хэлэхээс санаа зовж байна. 2014 оны 10 дугаар сарын 07-ны үед бид хоёр бас маргалдаад хэрүүл маргаан гарахад гэрт байсан төмөр сандлаар намайг цохих гэж байхад би намайг биш юм аа гэхэд хүүхдээ бодоод боль гэж арай гэж болиулсан. А.Хуат уурлахаараа өөрийгөө удирдаж чаддаггүй. Би үүнийг хэн нэгэнд хэлээгүй. Тэр үед бид хоёр тусдаа гарах гэж байсан тул тусдаа гараад зүгээр болох байх гэж бодсон. Тухайн үед түүний эцэг эх нь Ховд аймаг руу явсан байсан. Ирээд миний нүүрэнд үүссэн толбыг хараад юу болсныг өөрсдөө мэдсэн. Тусдаа гараад ч энэ асуудал давтагдсан.. Төрөөд анхны хүүхэд байсан учраас хүүхдээ хөхүүлж чадахгүй тохиолдол гарсан. Тэр үед надад чи ийм байдалтай яаж ээж болох гэж байгаа вэ гэж хэл амаар доромжилдог байсан. Тэгж явсаар хэрүүл маргаан их гардаг болсон. Хүүхэд маань 2 сартай байхад яагаад надад ингэж ханддаг болохыг би мэдсэн. Юу вэ гэвэл Х.Хуат янз бүрийн хүүхнүүдтэй харьцдаг болохыг мэдсэн. Манай нэг найз охиноос энэ тухай сонссон. Найз маань дунд нь ороод яах юм бэ гэж надад хэлэхгүй байсан байна. Улмаар би түүнийг фейсбүүкээр охид янз бүрийн мессеж, захиа бичиж байсныг олж тогтоосон. Надад анхаарал тавихаа больсон. Гэрт хүн амьтан ирээд би амжихгүй байгаад хүүхдээ барьж бай гэхэд барьдаггүй. Хүүхэд маань төрснөөс хойш А.Хуат бид хоёр хамт амьдарч байсан болохоос биш нэг өрөөнд унтаж байгаагүй, бие биенээсээ хөндийрч эхэлсэн. Хүүхнүүдэд мессеж бичсэнийг тогтоосноос хойш түүний утсыг байнга хянадаг болсон. Надад утсаа өгөхгүй, янз бүрийн код тавьдаг болсон. Чи намайг ингэж доромжилдог би чамд юу хийсэн бэ гэхэд би бичээгүй, чи дандаа ингэж хов жив хайдаг гээд намайг зоддог. Өөрөөр хэлбэл би ийм зүйл олж мэдсэнийхээ төлөө зодуулдаг болсон. Бид хоёр хамт амьдарч байсан ч тус тусдаа унтдаг. А.Хуат шүршүүрт ороход ч гэсэн утсаа аваад ордог. Хэнтэй харьцдаг болохыг хэлэхэд та бүхэн ч бас таних байх. Төрийн албанд ажилладаг хүмүүстэй мессеж бичдэг байсан. Тэдгээр хүмүүстэй утсаар ярьж миний нөхөртэй ингэж харьцдаг ямар дотно холбоотой болохыг нь асуухад бид нар биш А.Хуат өөрөө бичдэг гэж хэлсэн. Ийм байдлаар 3 жил хамт амьдарсан. Ингэж зодуулж байснаас болъё гээд удаа дараа гэрээс гарч явахаар оролдсон. Хаашаа явах гэж байгаа вэ гээд миний үснээс зулгаагаад гэртээ оруулдаг. Хүүхэд хөхнөөс гарсан өдөр чи энэ гэрээс явах болно гэж хэлдэг байсан. Тэгвэл чиний төрөл төрөгсдийг дуудаад хэлье гэхэд миний утсыг авчхаад өгдөггүй байсан. Олон хүүхнүүдтэй харьцдагийг би олж мэдсэн. Нэгэнт гэр бүл цуцлуулах хүсэлттэй байгаа тул хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээр нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүдээ оногдох хэсгийг гаргуулж авахыг хүсэж байна. Гэрлэснээс хойш бид хоёр нэг сар болоогүй байхад нэг өрөө байр авсан. Бид хоёр анх гэр бүл болоход аав маань 4 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр өгсөн.Тэгээд нэг сарын дараа би 4 сая төгрөг, А.Хуат 6 сая төгрөг гаргаад 30 хувийн урьдчилгаа буюу 10 сая төгрөг төлж нэг өрөө байр авсан. Аав ээж маань миний инжийг өгөх гэсэн боловч бид хоёр таарамжгүй харьцаатай байсан тул юмыг яаж мэдэхэв гээд болиулж байсан. Нэгэнт тусдаа гарсан тул найз нөхөд хамт олондоо байрны баяр хийх шаардлагатай болсон тул манай аав ээжээр Орос улсаас А.Хуатын өөрийг нь дагуулж очоод буйдан, унтлагын өрөөний ком тавилга, хивс зэрэг тавилга авахуулсан. Эдгээр нь миний хуваарьт хөрөнгө болно. Гэр бүлийн дундын хөрөнгийн хувьд байр, Өлгий сумын 6 дугаар багт байрлах 700 м.кв газар, медиа маркийн хөргөгч, Эл Жи маркийн зурагт, Самсунг маркийн тоос сорогч, плитк, гал тогооны шүүгээ /ком/, ширээ, 4 ширхэг сандал, гэрлийн бүрхүүл, бойлер зэрэг байгаа. Эдгээрээс хүү болон өөрт оногдох хэсгийг гаргуулахыг хүсэж байна. Хэрэв шүүхээс гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваах тохиолдолд зурагт, плитк, унтлагын өрөөний хуучин шүүгээ, ор зэргийг А.Хуатад өгөх саналтай байна. Газрын хувьд бид хоёр байраа авсны дараа Өлгий суманд ажилладаг Ерлан гэх хүнд 9 сараар 2 сая төгрөгт түрээслүүлсэн. Уг түрээсийн мөнгөөр 6 дугаар багт байрлах 700 м.кв газрыг 2 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. Иймд шүүхээс хүсэх нь А.Хуат бид хоёрын гэрлэлтийг маань цуцалж, хүүгээ миний асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн дундын хөрөнгөөс оногдох хувийг мөн хуваарьт хөрөнгө гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Хуат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Аманжол овогтой Хуат миний бие эхнэр Жанарын шүүхэд гаргасан гэр бүл цуцлах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие эхнэр Ш.Жанартай 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон 1 хүүтэй бөгөөд Өлгий сумын 5 дугаар багт 1-60 тоот айлын 1 өөрөө байранд амьдарч ямар ч гачигдах дутагдах зүйлгүй амьдарч байгаа билээ. Амьдрах хугацаанд эхнэрт төгссөн сургууль мэргэжилд нь тохирох ажилд оруулахаар байнга хичээн зүтгэж ирсэн ба ажилгүй байх хугацаанд ХААН банкнаас 14 сая төгрөгийн зээл авч өгч алт, мөнгөн эдлэлийг Улаанбаатар хотоос бөөндөж авч жижиглэнгээр тогтмол борлуулах бизнес эрхлэх боломжоор хангаж өгсөн ба байр худалдаж авсан 20 жилийн ипотекийн зээлд сар бүр төлөх 205000 төгрөг, цалингийн зээлд төлөх 412000 төгрөгөөс үлдсэн цалин болох 300,0 /гурван зуун мянган/ төгрөгийг захиран зарцуулах эрхийг эхнэрт өгч түүнийг ямар ч зүйлээр дутаахгүй сэтгэл хангалуун амьдруулж ирсэн. Бид хоёрын амьдрах хугацаанд түүнийг зодож түүнийг дарамталсан асуудал байхгүй бөгөөд үр хүүхдийн ирээдүйн амьдрал, өсөлт, бойжилт аз жаргалыг нь бодож гэр бүл цуцлуулахын эсрэг байр суурьтай байна. Миний бие энэ талаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах шатанд өөрийн байр сууриа тодорхой хэлж байсан билээ. Гэвч Ш.Жанар нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодохгүйгээр амиа бодсон зан гаргаж зөвхөн салах тухай бодож байгаад сэтгэл гутарч, харамсаж байна.

2. Миний бие эхнэр Ш.Жанартай хүүд минь хандах хандлага, асаргааны тааруухан байдлыг нь засаж залруулахаар шаардлага тавихад минь хүлээж авдаггүй байсан ба түүнд хэлсэн зүй ёсны шаардлагад минь хүлээцтэй хандаж хүлээж авахгүйгээс болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг үе байсан боловч хоёр тийшээ салах хэмжээнд тулсан асуудал бид хоёрын хувьд байхгүй гэж бодож байна.

3. Эхнэр Ш.Жанар нь сүүлийн хагас жилд сэтгэл санааны хувьд тогтворгүй болж байнга үглэдэг, алхам тутамдаа намайг өөрийн гэр бүлийн хүрээнд бүтээгүй үйл хэрэгт буруутгаж, үндэслэлгүй хардаж сэрдэж байнга хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Тухайлбал түүний төрсөн аав эсвэл ээж нь эсвэл өөрөө өвдсөн нөхцөлд миний аав, ээж үхвэл чамайг буруутган шүү миний өвдсөн асуудалд чи буруутай шүү, чи цусанд живж үхээрэй гэх мэтээр байнга хараан зүхэж байдаг болсон. Мөн өдөр тутам би чиний тухай тийм зүйл сонссон чи тийм юм байна гэх мэтээр байнга үглэж занчдаг зантай болсон.

4. Миний хүүхэд болох Х.Мирас нь 1 нас 8 сартай бөгөөд Эхнэр Ш.Жанар нь хүүхдэд минь хандах хандлага, асаргаа маш муу бөгөөд 4 сартай байхад хөхүүлж цатгаж чадаагүйн улмаас хүүхдээ бор хоолонд оруулж тэжээдэг болсон. Миний бие эхнэр Жанарт хүүхдэд таарсан хоолыг гэрт байх хугацаанд хийж тогтмол өгч, асаргааг сайн хийж байх талаар байнга захиж сануулж хэлдэг боловч хүүхдэд таарсан хоол ундыг хийж өгдөггүй түүний асаргаа сувилгаанд хандах хандлагаас болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг байсан.

5.Эхнэр Ш.Жанар нь надаас тусдаа амьдрах болсон 3 сарын хугацаанд түүнд бие биенээ ойлгож, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдрах талаар удаа дараа хэлж, надад буруу зүйл байсан бол уучлаарай гэж удаа дараа уучлалт гуйсан боловч миний хэлсэн үг санал санаачилгыг огт хүлээж аваагүй.

6.Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдээ өөрийн асрамждаа авах маш их хүсэлтэй байна. Ш.Жанар нь хүүхэд асрах хүсэлгүй, чадваргүй бөгөөд өөрийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд хүүхдийг өөрийн асрамждаа авах тулаар дурдсан байгаа нь түүний эд хөрөнгийн сонирхлоор хандсан бодолтой нь шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь Жанар нь хүүхэд асрах хүсэлгүй байсан боловч би хүүхдийг өөртэй авах юм бол чиний эд хөрөнгийн дийлэнх хувь нь надад оногдох юм байна. Би хуульч хүмүүст уулзаж зөвлөгөө авсан. Тийм учраас хүү Мирасыг өөрөө авна гэж хэд, хэдэн удаа хэлж асуудалд зөвхөн эдийн сонирхлоор хандаж санаа бодол нь өөрчлөгдсөн болохыг үнэн зөвөөр тодорхойлж хэлэх нь зүйтэй байх.

7. Ш.Жанар нь Казахстан улсад сурч байхад бусадтай гэр бүл болж Казахстан улсын иргэн болж, Казахстан улсын иргэн болсон нөхцөлд олгох /квотыг/ тусламжийг авч байсан, хоёр улсад давхар харьяалалтай иргэн бөгөөд Монгол улсын иргэнээс гарсан нөхцөлд хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэл үүсэж байгаа болно. /Ш.Жанарын давхар иргэний харьяалалтай байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа болно./

8. Одоо ч гэсэн хүү Мираст Ш.Жанарын хандаж байгаа хандлага, асаргаанд маш их сэтгэл гутарч санаа зовж байна. Миний бие ажлын бус цагаар хагас бүтэн сайн өдөр хүүхдээ хамт байх зорилгоор авахаар очиход хүү маань ямар ч халамжгүй нүүр ам нь халтар болж нүүр нь хагарсан, хувцас хунар нь ус чиг болсон, өмдөндөө бааж шээсэн, ханиад хүрч өвдсөн байдалтай байсныг олон удаа харж гутарч сэтгэл зовж байсан ба энэ тухай Жанарт хэлж удаа дараа анхааруулж сануулж байсан болно.

9. Жанар нь одоо аав, ээж нартай хамт тусдаа амьдарч байгаа бөгөөд аав, ээж хоёр хоёулаа хүнд өвчтэй хүмүүс бөгөөд Жанар нь тодорхой олох орлогогүй, тогтвортой ажилгүй, төгссөн мэргэжлээрээ ажиллах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй байдал нь цаашид тогтвортой ажил хийхэд нь бэрхшээлтэй байдал нь цаашид хүүхдийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх асуудал юм.

10. Би хүүхдийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдийг минь өөрийн минь асрамжид үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч А.Хуат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш.Жанар бид хоёр 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тухайн үед хурим найр хийгээгүй. Хурим найрыг 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Намайг гэр бүл болоод 2 сарын дараа зодсон гэж байна. Ш.Жанар хувийн байдлын хувьд худалч, зальжин, эд хөрөнгийн шуналтай хүн. Болоогүй асуудлыг хүнд зовлон үзэж байгаа хүн шиг харагдуулж хэлдэг. Намайг зодсон, хэл амаар доромжилсон гэж хэлж байгаа бүх зүйл нь худлаа. Яагаад ингэж хэлж байгаа гэдгийг ойлгож байна. Хэрэв би зовж зүдэрч байгаа царай харуулбал шүүхийн зүгээс өрөвдөнө гэж бодож байна. Бид хоёр 2 хүүхэдтэй болсон. Ш.Жанарын эрүүл мэндийн байдал нь муу байсан учраас анхны хүүхэд нь зулбасан. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүүхэд хүүхэд маань одоо эсэн мэнд бойжиж байгаа. Гэр бүлийн маргаан гардаг л байсан. Гэхдээ зодох асуудал байхгүй. Юунаас болж хэрүүл маргаан гардаг байсан бэ гэвэл хүүхдийн төлөө л Ш.Жанарт шаардлага тавьдаг байсан. Наад заах нь хүүхдийг өлсгөлөн байдалтай байлгадаг, бааж, шээсэн хувцас хунарыг цаг тухайд нь сольдоггүй байсан. Тэр талаас нь санаа зовоод хүүхдийг өрөвдөөд удаа дараа зааж, зөвлөж, анхааруулж хэлдэг байсан. Эцэг хүний хувьд хүүхдэдээ анхаарал тавьж байгаад ач холбогдол өгч миний хэлсэн зүйлийг хүлээж авдаггүй хэрүүл маргаан хийдэг. Гэр бүл болсноос ч хойш, тусдаа гэр бүл болж гарснаас ч хойш байнга худлаа ярьдаг. Би гадуур ийм юм сонслоо, тийм юм сонслоо, чи тэр хүүхэнтэй тэгсэн байна, энэ хүүхэнтэй тэгсэн байна, гэр бүл болохоос өмнө чи тэр хүүхэнд найзлах санал тавьж байсан байна гээд хэрэгтэй хэрэггүй зүйл хэлж ярьдаг. Би хүнд ажил буюу мөрдөн байцаагчийн ажил хийдэг. Өглөө 8 цагт гараад орой эрт ирлээ гэхэд 18 цагийн үед ирдэг. Гэртээ ядарч ирэхэд өөдөөс янз бүрийн хүүхэн ярьж, би ийм юм сонслоо гээд зохиож худлаа юм ярина. Юм хэлэхэд хэрүүл хийнэ, жүжиглэнэ, заргалдана, хашхирна. Бид хоёрын хооронд хэрүүл маргаан гарлаа гэхэд би энэ хүнийг зодож, тамлаж байгаа мэт хэлж байна. Хамгийн сүүлд гэхэд сална гээд өөрийнхөө гэртээ явснаас хойш намайг зодлоо гээд Цагдаагийн байгууллагад 2 удаа өргөдөл өгсөн. Цагдаагийн байгууллага 2 удаа шалгаад худлаа гэдгийг тогтоосон. А.Хуатаас салах гэсэн боловч А.Хуатын ажлыг бодоод больсон гэсэн. Энэ нь бас худлаа. Юу ч тогтоогдохгүй байхаар нь А.Хуаттай эвлэрсэн гэж хэлсэн. Надаас салж миний бүх эд хөрөнгийг авах гээд зүтгэж байна. Хойч үе, хүүхдээ бодохгүй эд хөрөнгийн шуналтай байдлаа гаргаж эд хөрөнгийн шуналтай байдлаа дийлж чадахгүй байгаад нь харамсаж байна. Эх хүн байж хүүхдээ бодохгүй байна. Хүүхдээ бодох ч үгүй. Одоо би ч гэсэн Ш.Жанараас салахыг хүсэж байна. Урьд нь хүүхдийнхээ төлөө 6 дугаар сараас хойш эвлэрэх байх гэж хүлээсэн. Зөндөө хэрэг шалгах явцдаа бие биенийхээ гар хөлийг хугалсан тохиолдлыг зөндөө харсан. Тэдгээр хүмүүс бие биедээ уучлалт өгдөг л байсан. Яасан болоод энэ хүн хүүхдээ боддоггүй юм бэ, хүүхдийнхээ төлөө эх хүн уучлалт өгөх л ёстой байсан. Тэрийг ч бодоогүй. Бодож байгаа зүйл нь ганцхан эд хөрөнгийг л бодож байна. Би хүүхдээ өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Ш.Жанарын ар гэрийн хүмүүс Мираст дургүй. Магадгүй хүүхдээ битгий ав гэж зөвлөдөг л байх. Түүний ээж нь хүүхэд чинь 2 нас хүрэхэд өөрт чинь өгнө гэж хэлж байсан. Энэ байдлыг манай аав ээж маань хүртэл сонсож байсан. Ш.Жанар мухар олгойн хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн байсан. Сахих хүн хэрэгтэй байна гэхэд манай ээж очиж сахисан. Намайг ажилтай байхад ээж нь эмнэлэгт хэвтсэн байхад намайг харна гэж бодсон юм шиг байна. Төрсөн охин нь эмнэлэгт хэвтэж байхад ээж нь би Мирасыг чинь би харахгүй шүү гэж хашхирч байсан. Тэгэхээр нь манай аав хадам ээж чинь тэгж байна, одоо яах уу гэж хэлж байсан. Энэ юуг харуулж байна гэвэл Ш.Жанар аав, ээжтэй хамт амьдардаг, Мирасыг өөрийн асрамжид авахыг хүсэж байна гэж байна. Түүний аав, ээж нь удаа дараа хүүхдээ авч яв гэж дургүйцэл илэрхийлж байсан. Ш.Жанар сална гээд гэрээс явсны дараа хүүхдийнхээ хувь заяаг бодож аав, ээж, бэр эгчийгээ ч хүртэл дагуулж очиж уучлалт гуйж байсан. Хүүхдээ бодож эвлэрэх талаас янз бүрийн байдлаар хичээсэн. Тэдний гэрт очих бүрдээ өөрөө наймаа хийгээд хүүхдээ ахынхаа гэрт үлдээгээд явдаг байсан. Тэд нар нь хардаггүй, нус баас нь гоожсон, шээсэн байдалтай өрөвдөлтэй байсан байдлыг би зөндөө харж байсан. Сүүлд нь хүүхдээ аваад явдаг байсан.Тэгэхэд хүүхдээ аваад явлаа гээд аав ээжийгээ манайх руу явуулж бөөн асуудал гаргадаг байсан. Гэтэл өнөөдөр өөрөө асарч халамжлахгүй байж хүүхдээ авна гэж байна. Хүүхэд авах сонирхол нь юу байсан бэ гэвэл хэрэв 2 хүн миний талд шийдэгдвэл дийлэнх эд хөрөнгө надад оногдох юм байна гэж хэлж байсан. Надад хүмүүс тэгж зөвлөж байна гэж хэлж байсан. Эд хөрөнгийн сонирхлоос болж хүүхдийг өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Түрүүн өөрөө ийм ийм эд хөрөнгө авна гээд өөрийгөө ямар аймаар эд хөрөнгийн шуналтай хүн болохыг харуулсан. Цаашид гэр бүл цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Зарим хүмүүс хүүхдийг аав нь асарч чадахгүй гэсэн бодолтой байдаг юм байна. Шүүхийн практикийг судалж үзэхэд 98 хувь нь хүүхдийг ээжийнхээ асрамжид үлдээдэг юм байна. Яагаад аав нь хүүхдээ асарч чадахгүй гэж. Би хүүхдээ асарч чадна. Хэрэв Ш.Жанар хүүхдээ асарч чаддаг, хүүхдэдээ гэсэн сэтгэлтэй хүн мөн байсан бол би шүүхэд ирэхгүйгээр өгч болох байсан. Яагаад гэвэл Ш.Жанар хүүхдийг асарч хамгаалж чадах хүн биш. Дөнгөж 2 нас хүрэх гэж байгаа хүүхэд юу ч мэдэхгүй зовно. Заримдаа би шүүх хүүхдийг эхийн асрамжид үлдээх болов уу гэж айдаг. Би хүүхдээ өөрийн асрамжид авах саналтай байна. Гэхдээ хэрэв шүүхээс хүүхдийг Ш.Жанарын асрамжид үлдээх юм бол хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй. Гэхдээ миний төлсөн хэдэн төгрөг Мираст зориулагдахгүй гэдэгт итгэж байна. Ш.Жанарын алт мөнгөний хэрэгцээ болно гэдэгт итгэж байна. 2 настай хүүхдэд нэг их мөнгөний хэрэгцээ гарахгүй. Хэрэв шүүхээс тэтгэлэг төлүүлэхээр шийдвэр гарах юм бол төлнө, гэхдээ хүүхдийг өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Ш.Жанар анх нэхэмжлэл гаргасан үедээ нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй байсан. Тухайн үед би өөрийнхөө эд хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй байсан. Хүн юм чинь мөнгөний хэрэгцээ гараад өөрийн зарим эд хөрөнгөө захиран зарцуулж байсан. Ш.Жанарын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг сонсоод манай аав, ээж тухайн үед бэлэглэж байсан зарим эд зүйлийг буцааж аваад явсан. Ш.Жанартай гэр бүл болохоос өмнө өөрийн мөнгөөр худалдаж авч байсан, өөрийн эзэмшил, өмчлөлд байсан зарим нэг эд зүйл /газар/ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхээс өмнө дүүдээ бэлэглэсэн. Би бэлэглэх ч эрхтэй. Шүүхээс миний эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйл байгаагүй. Энэ эд хөрөнгийг Ш.Жанар нөгөө нэг шунахай сэтгэлээр авна гэж бодож байгаа юм байна. Одоо миний эд хөрөнгө биш болсон, өөр хүнд бэлэглэж өөр хүний эзэмшилд шилжүүлсэн. Шүүх хэргийг шийдэх хүртэл өмчлөх эрхийг хязгаарлана гэж ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй тул ямар нэгэн хууль журам зөрчилгүйгээр захиран зарцуулсан. Ш.Жанар 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхээс өмнө буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан. Байрны тухай ярихад байр зээлийн барьцааны зүйл. Би төрөөс тогтвортой цалин авдаг хүний хувьд шаардлагыг хангаж ипотекийн зээлд хамрагдаж одоо хүртэл тогтвортой зээл төлж байгаа. Үүний баталгаа миний цалин байгаа. Сар болгон миний цалингаас суутгаад төлөгддөг. Байр нь банкны барьцаанд байгаа тул одоо хүртэл өмч гэж бидний нэр дээр шилжээгүй. Би энэ эд хөрөнгийг хэн нэгэн хүнд өгмөөргүй байна. Амьдралдаа олж авсан үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Байрнаас бусад гэртээ байгаа эд хөрөнгөнөөс хүссэн эд хөрөнгөө авч болно. Зарим эд хөрөнгийг тухайн үед бэлэглэж байсан хүмүүс буцаагаад авсан гэдгийг би түрүүн бас хэлсэн. Ахын хүрээнд бэлэглэж байсан болохоор баримтжуулсан ямар нэгэн нотлох баримт байхгүй. Ш.Жанарын хуваарьт хөрөнгө гээд нэхэмжилж байгаа аяга таваг зэрэг зүйлсийг түүний хуваарьт хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэдгээр зүйлсийг би мөнгөний хэрэгцээ гараад худалдчихсан. Яагаад гэвэл тэдгээр эд зүйлийг би өөрийн хөдөлмөрөөр олсон цалин хөлсөөр авч байсан. Цалингаасаа зээл төлөөд үлдсэн мөнгийг би нэг ч төгрөг үлдээлгүйгээр Ш.Жанарт өгдөг байсан, үүнийг түрүүн өөрөө 3 дугаар сараас хойш өгөөгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Тэдгээр зүйлийг зарсан гээд хэн нэгнээс нотлох баримт аваагүй. Зарим нэг эд хөрөнгө эвдрээд ашиглах боломжгүй болохоор нь би хогт хаясан байсан. Тэр болгоныг би баримтжуулж аваагүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Жанар хариуцагч А.Хуатаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, хуваарьт хөрөнгө гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ш.Жанар, хариуцагч А.Хуат нар нь 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хууль ёсны эхнэр нөхөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №251 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна. Шүүхээс гэрлэгчид Ш.Жанар, А.Хуат нарт хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №54 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд: Уригдсан тал А.Хуат би өөрийн дутагдлаа бүрэн засаж чадна. Дахиж дутагдал гаргахгүй. Би хүүхдийн эрх ашгийг бодож эвлэрэх саналтай байна. Бид хоёр эвлэрч цаашид сайн сайхан амьдрах боломжтой гэжээ. Гэтэл Ш.Жанар эвлэрэхийг зөвшөөрөөгүй ба хоёр удаа уулзалт зохион байгуулж эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрлэгчид Ш.Жанар, А.Хуат нар нь гэр бүл болсноос хойш гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, уг таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санал санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Жанар, А.Хуат нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид Ш.Жанар, А.Хуат нар 2012 онд гэр бүл болж, тэдний дундаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Х.Мирас төрсөн болох нь хэрэгт авагдсан 8301000131 дугаар төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг.

Иймд хүүхдийн нас, тусдаа амьдарсан хугацаанд эхтэйгээ хамт байсан зэргийг харгалзан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Мирасыг төрүүлсэн эх нь болох Ш.Жанарын асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Хуатаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

3.Гэрлэгсдийн хуваарьт хөрөнгийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Жанар нь аяга тавгийн ком, буйдан орос, хивсэнцэр паласа зэрэг эд хөрөнгө миний хуваарьт хөрөнгө тул хариуцагч А.Хуатаас гаргуулж өөрт нь олгож өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хариуцагч А.Хуат нь дээрх эд хөрөнгө бол бид хоёрын дундын хөрөнгө байсан гэж маргасан боловч уг хөрөнгөнүүдийг гэр бүлийн дундын хөрөнгө мөн эсэхийг бичгийн нотлох баримтаар хариуцагч нотолж чадаагүй тул дээрх хөрөнгийг нэхэмжлэгч Ш.Жанарын хуваарьт хөрөнгө байна гэж үзлээ.

Хариуцагч А.Хуат нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бэр гуйж очих үед Ш.Жанарт бэлэглэсэн /4 хос/ монетон бөгж, монетон ээмэг, монетон зүүлт, кулон зэрэг эд зүйлсийг дундын хөрөнгөнд оруулан тооцож өгөхийг хүссэн боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь хэсэгт ... бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан..., эд хөрөнгө,...-ийг гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарахаар заасан тул дээрх /4 хос/ монетон бөгж, монетон ээмэг, монетон зүүлт, кулон зэргийг гэрлэгчид дундын хөрөнгөнд тооцох тухай ямар нэгэн хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй тул уг хөрөнгийг нэхэмжлэгч Ш.Жанарын хуваарьт хөрөнгө байна гэж дүгнэлээ.

Харин хариуцагч А.Хуатын хуваарьт эд хөрөнгө болох эрэгтэй хуримын монетон бөгжийг нэхэмжлэгч Ш.Жанараас гаргуулж А.Хуатад олгох нь зүйтэй байна.

4. Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн шаардлагын тухайд:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 177 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 031302663 дугаар бүхий 700 /0.07/ метр квадрат газрыг 25 жилийн хугацаатай 6 дугаар баг, иргэн Керейгийн хашааны дээд талд зуслангийн газрыг Жантекей базархул Аманжолын Хуатад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч А.Хуат нь өөрийн төрсөн дүү А.Жанболатад 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2151 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Энэхүү газар нь гэрлэгчдийн гэр бүл болсноос хойш бий болсон үл хөдлөх хөрөнгө байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-д гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газрыг дундын эд хөрөнгөнд тооцож оногдох хувийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Жанар, хариуцагч А.Хуат нарын дундын өмч гэх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000085 дугаартай, нэг хүний өмч Монгол Улсын иргэн Жантекей базархул овогт Аманжолын Хуат /БЭ80090517/ гэж 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201686 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

Нэхэмжлэгч Ш.Жанар, хариуцагч А.Хуат нар нь уг орон сууцыг худалдан авахад ХААН банкны Баян-Өлгий салбартай 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗГ5180393042 тоот Орон сууцны зээлийн гэрээг байгуулан 24500000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн сарын 1,5 хувийн хүүтэй төлөхөөр, мөн ЗГ5180393042 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна.

Нэхэмжлэгч Ш.Жанар, хариуцагч А.Хуат нар нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗГ5180393042 тоот гэрээгээр 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн жилийн 8 хувийн зээлд хамрагдаж сар болгон 204928 төгрөг төлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан тухайн үеийн зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцно гэж заасан байх тул тухайн үеийн буюу дээрх орон сууцны зээлээр худалдан авах гэрээнд заасан ханш 24500000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Хуат нь шүүх хуралдаанд Лангуу нэг буюу-200,000 төгрөг, төмөр сейф нэг буюу-600,000 төгрөгийн эд хөрөнгийг дундын хөрөнгөнд оруулж өгөхийг хүссэн ба уг хөрөнгөнүүд нь гэр бүл болсноосхойш бий болсон хөрөнгө болох нь хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байгаа тул гэр бүлийн дундын эд хөрөнгөнд оруулан тооцлоо.

Иймд нэхэмжлэгч Ш.Жанар, хариуцагч А.Хуат нарын бүрдүүлж өгсөн дундын эд хөрөнгийн жагсаалт болон Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн эд хөрөнгийн үнэлгээ болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т.Баатарын 09 дугаар шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц буюу 24,500,000 төгрөг, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалттай газар буюу 3,500,000 төгрөг, ширээ нэг буюу 100,000 төгрөг, LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100,000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150,000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг, Лангуу нэг буюу-200,000 төгрөг, алт мөнгөн эдлэлийн үлдсэн барааны үнэ 3437000 төгрөгийн барааг нэмж борлуулах мөнгө 5444000 төгрөг, Төмөр сейф нэг буюу-600,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг гэр бүлийн 3 /гурван/ гишүүнд тус тус тэнцүү хуваах нь зүйтэй байна.

Алт мөнгөн эдлэл худалдах бизнесийг Ш.Жанар нь анх өрийн хувийн 2 сая төгрөгөөр эрхэлж байх хугацаандаа хариуцагч А.Хуат нь 5 сая төгрөгөөр хоёр удаа нийт 10000000 /арван сая/ төгрөгийн цалингийн зээл гаргаж өгч уг бизнест нийлүүлсэн мөнгөө өсгөж 20000000 /хорин сая/ төгрөг болсон болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч уг бизнесээс олсон ашгаас орон сууцад 10 сая төгрөгөөр евро ремонт хийлгэж, гэр бүлийн өдөр бүрийн хэрэгцээнд зарцуулж одоо үлдсэн барааны үнэ нь 3437000 төгрөгийн бараанд үнэ нэмж борлуулахад 5444000 төгрөгийн бараа байна гэж барааны жагсаалтыг гаргаж нотариатаар гэрчлүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч хариуцагч А.Хуат нь орон сууцанд 10 сая төгрөгт евро ремонт хийлгэсэн нь үнэн бөгөөд уг мөнгийг би цалингийн зээл гаргаж өгч янзлуулсан гэж үгүйсгэсэн боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй тул бодит үлдсэн барааны үнэ 3437000 төгрөгийн бараанд үнэ нэмж борлуулахад 5444000 төгрөгийг гэрлэгчдийн дундын хөрөнгөнд оруулж тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч А.Хуат нь LG маркийн 52 инчийн LCD зурагтыг надад охин дүү Дина, хүргэн Танатар нар, MIDEA маркийн зуухыг аав, ээж нар маань гэр бүл болж тусдаа гарсны дараа бэлэглэсэн ба одоо өөрсдөө аваад явсан гэж тайлбар ирүүлсэн боловч уг хөрөнгийг дээрх хүмүүс бэлэглэсэн эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй мөн нэхэмжлэгч Ш.Жанар, А.Хуат нар гэр бүл болсны дараа би болсон хөрөнгө байх тул уг LG маркийн 52 инчийн LCD зурагт, MIDEA маркийн зуухыг гэр бүлийн дундын хөрөнгө байна гэж үзлээ.

Хариуцагч А.Хуат нь индүү болон, Samsung маркийн тоос сорогч зэрэг эд хөрөнгө эвдэрсэн тул хогт хаясан, Бюрса маркийн хөргөгч, Samsung маркийн принтер, Samsung маркийн хоол халаагч, аяга тавгийн ком, сандал зэрэг эд хөрөнгийг хямдхан үнээр зарсан гэх тайлбар ирүүлсэн боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Иймд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан саналыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц буюу 24,500,000 төгрөг, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газар буюу 3,500,000 төгрөг, ширээ нэг буюу 100000 төгрөг зэрэг /нийт 28100000 төгрөг/ эд хөрөнгийг хариуцагч А.Хуатад үлдээж, хариуцагчаас LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг, Лангуу нэг буюу-200000 төгрөг, алт мөнгөн эдлэлийн үлдсэн барааны үнэ 3437000 төгрөгийн барааг нэмж борлуулах мөнгө 5444000 төгрөг, Төмөр сейф нэг буюу 600000 төгрөг зэрэг /нийт 8847000 төгрөг/-ийн эд хөрөнгө болон хариуцагчид хуваарилагдсан эд хөрөнгийн зөрүү үнэ 18666664 төгрөгийг тус тус гаргуулж Ш.Жанар, Х.Мирас нарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Жанарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Хуатаас 328927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.Хуатаас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр (Баруун бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164800 төгрөгөөр тогтоосон ба түүний 50% буюу 82400 төгрөгийг нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр тооцоход 988800 /82400х12/ төгрөгт ногдох) улсын тэмдэгтийн хураамж болох 28281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хурман овогт Шамелханы Жанар, Жантекей базархул овогт Аманжолын Хуат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Х.Мирасыг эх Ш.Жанарын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Мирасыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Хуатаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгө болох Аяга таваг ком буюу 200000 төгрөг, Буйдан орос буюу 680000 төгрөг, Хивсэнцэр паласа 4 метр буюу 140000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Хуатаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Жанард олгож, түүний 4 хос монетон зүүлт бөгж, ээмэг, кулон буюу 800000 төгрөгийн эд хөрөнгө нь өөрт байгааг дурдаж, нэхэмжлэгч Ш.Жанараас эрэгтэй хуримын монетон бөгж буюу 500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Хуатад олгосугай.

7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц буюу 24,500,000 төгрөг, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газар буюу 3,500,000 төгрөг, ширээ нэг буюу 100000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч А.Хуатад үлдээж, хариуцагч А.Хуатаас LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг, Лангуу нэг буюу-200000 төгрөг, алт мөнгөн эдлэлийн үлдсэн барааны үнэ 3437000 төгрөгийн барааг нэмж борлуулах мөнгө 5444000 төгрөг, Төмөр сейф нэг буюу 600000 төгрөг зэрэг /нийт 8847000 төгрөг/-ийн эд хөрөнгө болон хариуцагчид хуваарилагдсан эд хөрөнгийн зөрүү үнэ 18666664 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Жанар, Х.Мирас нарт олгосугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Жанарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хуатаас улсын тэмдэгтийн хураамжид 328927 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жанарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 988800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28281 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

9. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Маншукт үүрэг болгосугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

12.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ