Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 024

 

Ш.Жанарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Хурман овогт Шамелханы Жанарын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Жантекей Базархул овогт Аманжолын Хуатад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Ш.Жанар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч А.Хуат, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Шамелханы Жанар нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Аманжолын Хуаттай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 251-т бүртгүүлж байсан. Гэр бүл болсноос хойш 6 сарын дараагаар үл ялих зүйлийг шалтаг болгож, намайг байнгын зодож, янз бүрээр хэл амаар доромжилдог болсон. Би жирэмсэн байх хугацаанд ч гэсэн хэд хэдэн удаа зодож тарчлаадгаа зогсоосонгүй. Нөхөр болох А.Хуат нь цагдаагийн албан хаагч байсан ба хэрэв цагдаагийн газарт гомдол гаргавал битгий гомдоорой, чамайг үгүй болгоно гэх мэтээр айлгадаг байсан. Нөгөөтээгүүр түүний ажлын нэр хүндийг нь бодож гомдол гаргадаггүй байсан. Ингэж явсаар түүний хүчирхийлэл нь улам хүч авсаар намайг босож чаддаггүй болтол нь бүх биеийг маань хөхрүүлэн зоддог болсон. 2016 оны 6 дугаар сарын 05-ны үед нөхөр болох А.Хуат намайг дахиад үл ялих зүйлийг шалтаглан зодож эхлэхээр нь тэвчээр маань барагдаж гэрээсээ зугтаж төрхөмдөө ирсэн. 2 хоногийн дараагаар нь цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байсан боловч нөхөр болох А.Хуат надаас уучлал гуйж ажлаас халагдах гэж байна гэхээр нь гомдлоо татаж авсан. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны зөвлөснөөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагч нь биднийг эвлэрэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгасан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд А.Хуаттай нэг гэр бүлд амьдарч байсан боловч тус тусдаа унтаж, тус тусдаа байсан. Хүүгийнхээ төлөө түүнтэй хамт амьдарч байсан ба цаашид түүнтэй нэг ч хором хамт байхыг хүсэхгүй байна. Хүү маань өсөж торниж байгаа ба эцэг нь ээжийгээ байнгын зодож, хэл амаар доромжилж байгааг харж өсөхийг нь хүсэхгүй байна. Хэрэв ийм байдлаар нөхөр болох А.Хуаттай хамт амьдарвал хүүгийн маань хүмүүжилд муугаар нөлөөлөхийг урьдчилан бодолцсоны эцэст түүнээс салж, тусдаа амьдрах шийдвэр гаргаж байна. Нөхөр болох А.Хуатыг өөрчлөгдөх байх хэмээн сүүлийн 2-3 жил тэвчээр гаргаж хүлээж, хамт амьдарч ирсэн боловч түүний амархан өөрчлөгдөж, хувиран үл ялих зүйлийг шалтаглан зоддог ааш авир нь өөрчлөгдсөнгүй. Иймд Аманжолын Хуатаас гэрлэлтээ цуцалж, хүү болох Х.Мирасыг өөрийнхөө асрамжид үлдээж, түүнд тэтгэлэг тогтоолгох. Мөн А.Хуат бид хоёр хамтран амьдрах хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн 1-60 айлын орон сууцнаас 1 өрөө байрыг банкны ипотекийн гэрээгээр авсан. Хүү бид 3 хамтран өмчлөгч тул оногдох хэсэг болох 16666667 төгрөгийг А.Хуатаас гаргуулж өгнө үү. А.Хуат бид хоёр гэр бүл болсноос хойш гэртээ LG маркийн 52 инчийн LCD зурагт 1ш, Брюса маркийн хөргөгч 1ш, midea маркийн зуух /плитка/ 1ш, гал тогооны тавилга 1 ком, Samsung маркийн хоол халаагч 1ш, Samsung маркийн тоос сорогч 1ш, Веко маркийн хэншүү сорогч 1ш, бойлер 1ш, Сандал 4ш, Ширээ 1ш, Индүү /орос/ 1ш, Абажур /заал өрөөний/ 1ш, Samsung маркийн принтер 1ш, мөн тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай газар зэрэг эд зүйлүүдийг худалдаж авсан болно. Эдгээр зүйлүүд гэр бүлийн дундын эд хөрөнгө болно. Харин аяга тавгийн ком, орос буйдан, хивсэнцэр /паласа/-г төрхмөөс авсан миний хуваарьт хөрөнгө юм. Иймд А.Хуатаас гэрлэлтээ цуцлуулах, хүү болох Х.Мирасыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1020000 төгрөгийн үнэ бүхий хуваарьт эд хөрөнгө мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Х.Мираст оногдох хэсэг болох 19135333 төгрөг нийт 20155333 /хорин сая нэг зуун тавин таван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: 1. Миний бие эхнэр Ш.Жанартай 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон, 1 хүүтэй бөгөөд Өлгий сумын 5 дугаар багт 1-60 тоот айлын 1 өөрөө байранд ямар ч гачигдах дутагдах зүйлгүй амьдарч байгаа билээ. Амьдрах хугацаанд эхнэрт төгссөн сургууль мэргэжилд нь тохирох ажилд оруулахаар байнга хичээн зүтгэж ирсэн ба ажилгүй байх хугацаанд ХААН банкнаас 14 сая төгрөгийн зээл авч өгч алт, мөнгөн эдлэлийг Улаанбаатар хотоос бөөндөж авч жижиглэнгээр тогтмол борлуулах бизнес эрхлэх боломжоор хангаж өгсөн ба байр худалдаж авсан 20 жилийн ипотекийн зээлд сар бүр төлөх 205000 төгрөг, цалингийн зээлд төлөх 412000 төгрөгөөс үлдсэн цалин болох 300,0 /гурван зуун мянган/ төгрөгийг захиран зарцуулах эрхийг эхнэрт өгч түүнийг ямар ч зүйлээр дутаахгүй сэтгэл хангалуун амьдруулж ирсэн. Бид хоёрын амьдрах хугацаанд түүнийг зодож түүнийг дарамталсан асуудал байхгүй бөгөөд үр хүүхдийн ирээдүйн амьдрал, өсөлт, бойжилт аз жаргалыг нь бодож гэр бүл цуцлуулахын эсрэг байр суурьтай байна. Миний бие энэ талаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах шатанд өөрийн байр сууриа тодорхой хэлж байсан билээ. Гэвч Ш.Жанар нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодохгүйгээр амиа бодсон зан гаргаж зөвхөн салах тухай бодож байгаад сэтгэл гутарч, харамсаж байна.

2. Миний бие эхнэр Ш.Жанартай хүүд минь хандах хандлага, асаргааны тааруухан байдлыг нь засаж залруулахаар шаардлага тавихад минь хүлээж авдаггүй байсан ба түүнд хэлсэн зүй ёсны шаардлагад минь хүлээцтэй хандаж хүлээж авахгүйгээс болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг үе байсан боловч хоёр тийшээ салах хэмжээнд тулсан асуудал бид хоёрын хувьд байхгүй гэж бодож байна.

3. Эхнэр Ш.Жанар нь сүүлийн хагас жилд сэтгэл санааны хувьд тогтворгүй болж байнга үглэдэг, алхам тутамдаа намайг өөрийн гэр бүлийн хүрээнд бүтээгүй үйл хэрэгт буруутгаж, үндэслэлгүй хардаж сэрдэж байнга хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Тухайлбал түүний төрсөн аав эсвэл ээж, эсвэл өөрөө өвдсөн нөхцөлд миний аав, ээж үхвэл чамайг буруутгана шүү, миний өвдсөн асуудалд чи буруутай шүү, чи цусанд живж үхээрэй гэх мэтээр байнга хараан зүхэж байдаг болсон. Мөн өдөр тутам би чиний тухай тийм зүйл сонссон чи тийм юм байна гэх мэтээр байнга үглэж занчдаг зантай болсон.

4. Миний хүүхэд болох Х.Мирас нь 1 нас 8 сартай бөгөөд эхнэр Ш.Жанар нь хүүхдэд минь хандах хандлага, асаргаа маш муу бөгөөд 4 сартай байхад хөхүүлж цатгаж чадаагүйн улмаас хүүхдээ бор хоолонд оруулж тэжээдэг болсон. Миний бие эхнэр Ш.Жанарт хүүхдэд таарсан хоолыг гэрт байх хугацаанд хийж тогтмол өгч, асаргааг сайн хийж байх талаар байнга захиж сануулж хэлдэг боловч хүүхдэд таарсан хоол ундыг хийж өгдөггүй, түүний асаргаа сувилгаанд хандах хандлагаас болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг байсан.

5.Эхнэр Ш.Жанар нь надаас тусдаа амьдрах болсон 3 сарын хугацаанд түүнд бие биенээ ойлгож, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдрах талаар удаа дараа хэлж, надад буруу зүйл байсан бол уучлаарай гэж удаа дараа уучлалт гуйсан боловч миний хэлсэн үг санал санаачилгыг огт хүлээж аваагүй.

6.Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдээ өөрийн асрамждаа авах маш их хүсэлтэй байна. Ш.Жанар нь хүүхэд асрах хүсэлгүй, чадваргүй бөгөөд өөрийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд хүүхдийг өөрийн асрамждаа авах талаар дурдсан байгаа нь түүний эд хөрөнгийн сонирхлоор хандсан бодолтой нь шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь Ш.Жанар нь хүүхэд асрах хүсэлгүй байсан боловч би хүүхдийг өөртөө авах юм бол чиний эд хөрөнгийн дийлэнх хувь нь надад оногдох юм байна. Би хуульч хүмүүстэй уулзаж зөвлөгөө авсан. Тийм учраас хүү Х.Мирасыг өөрөө авна гэж хэд, хэдэн удаа хэлж асуудалд зөвхөн эдийн сонирхлоор хандаж санаа бодол нь өөрчлөгдсөн болохыг үнэн зөвөөр тодорхойлж хэлэх нь зүйтэй байх.

7. Ш.Жанар нь Казахстан улсад сурч байхад бусадтай гэр бүл болж Казахстан улсын иргэн болж, Казахстан улсын иргэн болсон нөхцөлд олгох /квотыг/ тусламжийг авч байсан, хоёр улсад давхар харьяалалтай иргэн бөгөөд Монгол улсын иргэнээс гарсан нөхцөлд хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэл үүсэж байгаа болно. /Ш.Жанарын давхар иргэний харьяалалтай байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа болно./

8. Одоо ч гэсэн хүү Х.Мираст Ш.Жанарын хандаж байгаа хандлага, асаргаанд маш их сэтгэл гутарч санаа зовж байна. Миний бие ажлын бус цагаар хагас бүтэн сайн өдөр хүүхдээ хамт байх зорилгоор авахаар очиход хүү маань ямар ч халамжгүй нүүр ам нь халтар болж нүүр нь хагарсан, хувцас хунар нь ус чиг болсон, өмдөндөө бааж шээсэн, ханиад хүрч өвдсөн байдалтай байсныг олон удаа харж гутарч сэтгэл зовж байсан ба энэ тухай Ш.Жанарт хэлж удаа дараа анхааруулж сануулж байсан болно.

9. Ш.Жанар нь одоо аав, ээж нартайгаа хамт тусдаа амьдарч байгаа бөгөөд аав, ээж хоёр хоёулаа хүнд өвчтэй хүмүүс бөгөөд Ш.Жанар нь тодорхой олох орлогогүй, тогтвортой ажилгүй, төгссөн мэргэжлээрээ ажиллах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй, цаашид тогтвортой ажил хийхэд нь бэрхшээлтэй байдал нь цаашид хүүхдийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх асуудал юм.

10. Би хүүхдийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдийг минь миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрээр: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хурман овогт Шамелханы Жанар, Жантекей базархул овогт Аманжолын Хуат нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Х.Мирасыг эх Ш.Жанарын асрамжинд үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Мирасыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Хуатаар тэжээн тэтгүүлсүгэй. 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай. 5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай. 6. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар хуваарьт хөрөнгө болох Аяга таваг ком буюу 200000 төгрөг, Буйдан орос буюу 680000 төгрөг, Хивсэнцэр паласа 4 метр буюу 140000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Хуатаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Жанард олгож, түүний 4 хос монетон зүүлт бөгж, ээмэг, кулон буюу 800000 төгрөгийн эд хөрөнгө нь өөрт байгааг дурдаж, нэхэмжлэгч Ш.Жанараас эрэгтэй хуримын монетон бөгж буюу 500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Хуатад олгосугай. 7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц буюу 24,500,000 төгрөг, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газар буюу 3,500,000 төгрөг, ширээ нэг буюу 100000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч А.Хуатад үлдээж, хариуцагч А.Хуатаас LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг, Лангуу нэг буюу-200000 төгрөг, алт мөнгөн эдлэлийн үлдсэн барааны үнэ 3437000 төгрөгийн барааг нэмж борлуулах мөнгө 5444000 төгрөг, Төмөр сейф нэг буюу 600000 төгрөг зэрэг /нийт 8847000 төгрөг/-ийн эд хөрөнгө болон хариуцагчид хуваарилагдсан эд хөрөнгийн зөрүү үнэ 18666664 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Жанар, Х.Мирас нарт олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хариуцагч Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А.Хуат би Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Хүү А.Мирасын эрх ашиг, эхийн халамжгүй байдал, түүний хүүхэд асрах бололцоо зэрэг байдлыг харгалзан миний асрамжид үлдээж өгнө үү. Ш.Жанар нь хүүхдээ асардаггүй, түүнд хайр халамж тавьдаггүй байдлаа өөрөө шүүхэд хүлээн зөвшөөрч, би анх удаа хүүхэдтэй болсон болохоор туршлага дутсан гэж тайлбарлаж хэлсэн. Мөн эд хөрөнгийн сонирхлоор хүүхдийг авах сонирхолтой болох нь батлагдсан гэж үзэж байна. Ш.Жанар нь өөрөө Казахстан Улсад сурч байхдаа Казахстан улсын иргэн болж нөхөр хүүхэдтэй гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж буцалтгүй тусламж авч байсан гэж хүлээн зөвшөөрсөн байдал нь үүнийг нотлох болно. /Ш.Жанар нь Казахстан улсад гэр бүл болж, хүүхдээ хаяж явсан байсан гэх асуудлыг шүүх тогтоохоос татгалзсан/ Ш.Жанар нь миний хүүхдийг түр хугацаанд харж хандахаас татгалздаг, дургүйцдэг гэр бүлийн гишүүд болох эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа байдал нь хүүхдийн хүмүүжил, хүүхдийн сэтгэл санааны байдал, эрх ашигт шууд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлтэй гэр бүлийн орчинд амьдарч байгаа болно. Нөгөө талаар хараа хяналтгүй, хайр халамжгүй, орхигдсон байдал нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой хор уршигтай гэж санаа зовж байна.

2. Бусдын эзэмшилд буюу дүү А.Жанболатын эзэмшилд шилжсэн Өлгий сумын 6 дугаар багт байрлах 031302663 дугаартай гэрчилгээтэй 700 м.кв зуслангийн талбайн газрыг бидний дундын өмч хэмээн эд хөрөнгийн хуваарилалтад оруулсан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иргэн хүн өөрийн өмч, эзэмшлийн эд зүйл, эд хөрөнгийг хуулиар хязгаарлаагүй бол захиран зарцуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ш.Жанар нь шүүхэд; нэхэмжлэлийн шаардлагаа ихсээгүй байхад уг эд хөрөнгө захиран зарцуулагдаж бусдын эзэмшилд шилжсэн бөгөөд эд хөрөнгийг нуун дарагдуулсан асуудал байхгүй болно.

3. Өлгий сумын 5 дугаар багт байрлах 1-60 айлын 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө 24.500.000 төгрөгийн үнэлгээтэй байр нь өөрөө Банкны зээлийн барьцаанд байдаг байр бөгөөд 2033 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэхэд үндсэн зээл болох 24.500.000 төгрөг, зээлийн хүү болох 24,573534 төгрөг, нийт 49,073,534 төгрөг төлөгдөж дуусах учиртай болно. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл 22,462,498 төгрөг байна. Надад уг байрны зээл, хүү болох нийт 49,073,534 төгрөгийг төлж дээр нь дундын өмч болж хуваарилагдсан 16 сая гаруй төгрөгийг төлөх учиргүй гэж бодож байна. Ш.Жанар нь өөрөө уг байрны зээлийг хамтран төлөгч бөгөөд нийт төлөгдөх 49,073,534 төгрөгийн Ш.Жанарт оногдох хэсгийг буюу 24536767 төгрөгийг, эсвэл үндсэн зээл болох 24.500.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 24,536,767 төгрөгөөс Ш.Жанарт оногдох буюу Ш.Жанарын төлөх хэсгийг буюу 12.268,383 төгрөгийг хасаж тооцож өгнө үү.

4. Бидний гэр бүл болсноос хойш өөрсдийн цалин мөнгөөр худалдаж авсан буюу орон байртай болох үед авсан аяга таваг ком, буйдан, хивсэнцэр /паласа/ зэрэг зүйл нь дундын өмч бөгөөд уг эд зүйл нь Ш.Жанарын хуваарьт өмч биш тул дундын өмчид тооцож өгнө үү.

5. Миний өөрийн хуваарьт эд хөрөнгө болох хүргэн Танатар, дүү Дина нарын надад бэлгэнд өгч буцааж авсан LG маркийн зурагт, аав, ээж Аманжол Жанылыш нарын надад бэлгэнд өгч буцааж авсан Медиа маркийн зуухыг дундын эд хөрөнгөөс хасаж өгнө үү.

6. Samsung-З маркийн тоос сорогч, индүү зэрэг зүйл эвдэрч хогонд хаясан учраас байгаа эд хөрөнгөөр тооцохгүй болгох.

7. Брюса маркийн хөргөгч, сандал, samsung маркийн принтер зэрэг зүйл аяга тавагны ком, samsung маркийн хоол халаагч зэрэг зүйл худалдагдаж борлогдсон тул байгаа эд зүйл гэж эд хөрөнгөд тооцохгүй байхаар шийдвэрлэж өгнө үү.

8. Нэмж тайлбарлахад дээрх эвдэрч дахин ашиглах боломжгүй болж хогонд хаясан, худалдаж борлуулсан гэх зүйлийн талаар цаг тухайд нь миний бие баримтжуулж аваагүй болохоор энэ талаар анхан шатны шүүхэд баримт гаргаж өгч чадаагүй юм. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч А.Хуатын Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж гаргасан гомдолтой танилцаж үзээд уг гомдол нь үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн татгалзлалын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримттай харьцуулан үнэлэхээр хуульчлагдсан. Нөгөө талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын /диспозитив/ зарчим үйлчилдэг учиртай.

Гэтэл хариуцагч хуульд заасан дээрх үүргээ биөлүүлэлгүйгээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн гэсэн утгатай гомдол гаргаж шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, А.Хуатын давж заалдах гомдлыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Жанар нь хариуцагч А.Хуатад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүү Х.Мирасыг өөрийн асрамжид үлдээж, эцэг А.Хуатаар тэжээн тэтгүүлэх, 1020000 төгрөгийн хуваарьт эд хөрөнгө мөн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Х.Мираст оногдох хэсэг болох 19135333 төгрөгийн эд хөрөнгө нийт 20155333 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтууд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзвэл, хариуцагч А.Хуат нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх гэрлэгчдийн зарим эд хөрөнгийг (монетон бөгж, ээмэг, зүүлт, кулон зэрэг эд хөрөнгийг) Ш.Жанарын хуваарьт хөрөнгөд тооцож, эрэгтэй хуримын монетон бөгжийг А.Хуатын хуваарьт хөрөнгөд тооцож, төмөр сейф 1 ширхэг, лангуу 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг дундын эд хөрөнгөд тооцож, улмаар А.Жанараас эрэгтэй хуримын монетон бөгжийг гаргуулж А.Хуатад олгож, монетон бөгж, ээмэг, зүүлт, кулон зэрэг эд хөрөнгийг Ш.Жанарт өөрт нь үлдээж, төмөр сейф 1 ширхэг, лангуу 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хувааж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. гэсэн журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан, хуваарьт эд хөрөнгөд тооцуулж, гаргуулахаар нэхэмжлэгчийн шаардсан аяга тавагны ком, орос буйдан, хивсэнцэр палас зэрэг эд хөрөнгө гэрлэгчид хамт амьдрах хугацаанд бий болсон эсэх, эсхүл гэр бүл болоход бэлэглэсэн эсэх талаар талууд зөрүүтэй тайлбарлажээ. Тухайн эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгө мөн эсэх талаар бодитой тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн энэ талаар шүүхэд гаргасан тайлбарыг анхан шатны шүүх үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.-т заасан журмыг зөрчсөн байна.

Гэрлэгчдийн хооронд дээр дурдсан эд хөрөнгийн талаар маргаан байгаа эсэхийг шүүх тодруулаагүй атлаа Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3.-т заасан урьдчилсан нөхцөлүүдийг анхаараагүй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй байна. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар (хэргийн 57 дугаар тал) 1 өрөө орон сууцыг 25000000 төгрөгөөр үнэлэгджээ. Харин хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр (хэргийн 70-76 дугаар тал) маргаж буй орон сууц 24500000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 1 өрөө орон сууц нь ямар үнэлгээтэй эд хөрөнгө болох нь бодитой тогтоогдоогүй буюу тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ... 1 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр 24500000 төгрөгөөр үнэлэгдсэн... гэж дүгнэн, уг 1 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдэд хуваарилан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ. гэж заасан журмыг зөрчжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй ба хариуцагч А.Хуатын нотлох баримтын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж А.Хуатад буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж А.Хуатад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр,магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ