Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 713

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Базархул хухажы овогт Даргерханы Жумадилийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Жумадил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Г.Амантай, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Жумадил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Г.Амантай захирал 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 64 дүгээр тушаалаар тус сургуульд манаачаар авч ажиллуулсан юм.

Энэ ажлыг би тасралтгүй хийж байхад хэрэгт холбогдож шалгагдсан. Ингээд би захирал Г.Амантай гуайд очоод: Надад 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл нэг жилийн чөлөө олгож өгч албан тушаалыг минь хэвээр хадгална уу гэж хүсэлт өргөдөл гаргасан. Би хэрэгт холбогдоод шалгагдаж байна. Хэрэв нэг жилээс илүүгээр ял шийтгэгдвэл чөлөөг цуцалж та миний оронд өөр хүн аваарай гэж үнэн байдлаа хэлсэн юм.

Захирал Г.Амантай гуай: Чамд нэг жилийн чөлөө олгоё, чи хэрэг зөрчлийн асуудлаа нэг тийш болгоорой. Харин нэг жилээс илүүгээр ял шийтгэгдвэл дахин чамайг авч ажиллуулахгүй гэсэн. Би нэг жилийн чөлөөг авлаа гэж итгээд хэргээ шалгуулж улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгэгдээд 2016 оны 8 дугаар сарын 22-нд ялаас чөлөөлөгдөөд тус сургуулийн захирал Г.Амантайд ялаас чөлөөлөгдлөө. Одоо өөрийн оронд орьё гэж очиход ажилд аваагүй. Иймд би нэг жил чөлөөгөөр явж байсан болохоор ажилд эргэн орох эрхтэй гэж үзэж шүүхэд хандаж байна. Харин миний оронд Сьезбек гэдэг хүнийг бүр болгож ажилд авсан бөгөөд ажлаас чөлөөлсөн чөлөө өгсөн тушаалуудыг одоо хүртэл надад нэг хувийг ч гэсэн өгөөгүй байна. Захирал надтай анхнаасаа хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд гэрээнд гарынүсэг зурсан, харин хөдөлмөрийн гэрээ хийсэн болон цуцалсан тухай нэг хувийг надад өгөөгүй болно. Иймд урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Жумадил шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуульд манаачаар ажиллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр захирал дээр очиж нэг жилийн цалингүй чөлөө олгохыг хүссэн. Тэгэхэд өргөдлөө бичээд ирээрэй, тэгээд чөлөө өгье гэсэн. Ингээд Света гэдэг цаг бүртгэгч дээр очоод нэг жилийн цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдлөө бичүүлж аваад захиралд өгсөн.

Тухайн үед би цагдаад хэрэгт шалгагдаж байгаад 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээс баривчлах ял авсан. Энэхүү 4 сарын баривчлах ялаа эдэлж дуусаад 8 дугаар сарын 22-ны өдөр ялаа эдэлж дуусаад 9 дүгээр сарын 01-ний өдөр захирал дээр очиж намайг ажилд авах уу гэхэд ажилд авахгүй, учир нь чи нэг сарын цалингүй чөлөө авсан учраас ажилд авахгүй гэсэн. Ийм учраас намайг урьд нь ажиллаж байсан хуучин ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн захирал Г.Амантай шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Д.Жумадилийн гаргасан гомдлыг эсэргүүцэж байна. Иргэн Д.Жумадилийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох боломжгүй талаар тайлбар хүргүүлж байна.

Иргэн Д.Жумадил нь гомдолдоо нэг жилээр чөлөө авсан, зөрчлийн асуудлаа нэг тийш болговол дахин ажилд авна гэсэн гэх мэтээр худал зүйлүүд бичсэн байна. Иргэн Д.Жумадил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзаж, 1 сарын цалингүй чөлөө авахаар өргөдөл бичиж, Казахстан улсад хувийн ажлаар яваад ирэхээр боллоо гэсэн юм. Хуулийн дагуу түүний оронд иргэн С.Аманбекийг түр томилон ажиллуулсан.

Үүнээс хойш иргэн Д.Жумадил нь хэрэгт холбогдож, чөлөөний хуудас дууссаны дараа орж ирээгүй нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.7 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас халах шалтгаан болсон юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул иргэн Д.Жумадилийг ажлаас чөлөөлөх бас нэг үндэслэл болсон юм. 2016 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гарч ял шийтгүүлсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр иргэн Д.Жумадилийг 2016 оны 1 дүгээр сарын 31-нээс эхлэн ажлаас чөлөөлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн захирал Г.Амантай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Жумадилийн хэлж байгаа энэ тайлбар нь огт худлаа байна. Ингэж болохгүй байх.

Иргэн Д.Жумадил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өглөө ээлжээс буух үед миний өрөөнд орж ирээд би нэг сарын хугацаатай чөлөө авмаар байна, Казахстан улсад очоод ирэх яаралтай ажил байна гэсэн. Ямар ажил юм вэ гэж асуухад энэ хүн учраа хэлээгүй, хэрэгт орсноо огт тайлбарлаагүй. Хэрэв энэ хүний хэлсэн нь үнэн байдаг юм бол сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4-д Нэг сараас дээш хугацаагаар ажлаас чөлөө авах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар ажлын онцлог, цаг хугацааны боломж зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан захирал шийдвэр гаргана гэж заасан. Хэрэв энэ нөхөр 1 жилийн цалингүй чөлөө авсан бол захирал нь Д.Жумадилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаад тухайн хөдөлмөрийн гэрээний доод талд бичих ёстой байсан. Манай сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар хамаагүй чөлөө олгоод байдаггүй юм. Д.Жумадилийн хэлж байгаа нь огт худлаа юм. Тэгээд нэг сарын хугацаатай чөлөө авсан учраас өргөдлөө бичүүлээд аваад ирээрэй гэсэн. Тэгээд доор гүйж очоод Жандаулет багшаар бичүүллээ гээд надад авчирч өгсөн. Олон хоног өнгөрсний дараа Д.Жумадил нь над дээр орж ирээд Д.Жумадил нь би хуулийн байгууллагаар шалгуулаад явж байна. Үнэнээ тодруулаад ямар ч асуудалгүй болоод ороод ирвэл та ажилд эргэж авах уу гэсэн. Мэдээж энэ нөхрийг ямар нэгэн байдлаар шалгаад хэрэгт холбогдолгүй юм байна, цагаахан амьтан байна гэж гаргаж ирсэн бол нэг сарын хугацаанд ажилд эргэж авах үүрэгтэй байсан. Д.Жумадил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөдлөө өгөөд тэр чигтээ алга болсон. Энэ хүн сарын хугацаа гэхэд 1 дүгээр сарын эхээр ажилд орох ёстой байсан.

Гэтэл энэ хүн 2 дугаар сарын эх хүртэл ажилдаа эргэж ирээгүй. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7-т зааснаар энэ хүн ажлаа 4 хоногоос дээш шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэл үүсэж байгаа юм. Тийм учраас энэ хүний хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж заасан. Ингээд ажил олгогч нь би учраас хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Энэ хүнийг ажилд авахгүй байх өөр нэг үндэслэл бол сургуулийн нийт багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг 2013 оны 01 дүгээр сарын эхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 1 жилийн хугацаатай хийсэн. Тэгээд энэ гэрээ дуусгавар болонгуутаа 2014 оны 1 дүгээр сарын эхээр 2 жилийн хугацаатай хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр хугацаатай, хугацаагүй хийж болно гэж заасан.

Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар багш, ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай хийсэн. Үүний учир нь юу гэвэл ажлын үр дүнг нэмэгдүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс нийт багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ хийсэн. Энэ манаач Д.Жумадилтай хийсэн хөдөлмөрийн гэрээ бол нийт багш ажилчдын адилаар 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүчингүй болж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үг юм. Хөдөлмөрийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан. Тийм учраас цуцлах нэг шалтгаан болж байгаа. Мөн Иргэн Жумадил 2016 оны 9 дүгээр сарын эхээр надтай уулзаад эргэж намайг ажилд томилох уу гэж асуусан. Би боломжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл 2016 оны 4 дүгээр сард хулгайн хэрэгт оролцсон нь нотлогдож ял шийтгүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан учраас шүүхээр нотлогдоод ял шийтгүүлсэн байгаа учраас ажилд эргэж авах ямар ч боломжгүй болсон юм гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Д.Жумадил нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Жумадил нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 05-нд хүлээж авсан байх тул гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Жумадилийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дугаартай тушаалаар 2013 оны 8 дугаар сарын 26-наас эхлэн манаачийн ажилд томилжээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг үндэслэн шалтгаангүй ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогчоос Д.Жумадилтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 18 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлүүдийг заасан байх бөгөөд 18-ын б-д 2-оос доошгүй өдөр ажил тасалбал, 18-ын в-д хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах-аар тогтоосон байна.

Нэхэмжлэгч Д.Жумадил нь гэмт хэрэгт холбогдсон тул нэг жилийн хугацаатай чөлөө олгохыг хүссэний дагуу нэг жилийн хугацаатай чөлөө олгосон гэж тайлбарласан ба ажил олгогчоос Д.Жумадил нь Казахстан улсад нэг сарын цалингүй чөлөө авахаар өргөдөл гаргасан тул нэг сарын хугацаатай чөлөө олгосон ба чөлөөний хугацаа дуусаж ажил тасалсан байх тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4-т нэг сараас дээш хугацаагаар ажлаас чөлөө авах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар ажлын онцлог, цаг хугацааны боломж зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан захирал шийдвэр гаргах-аар заасан бөгөөд ажилтан Д.Жумадилд чөлөө авах зайлшгүй шаардлага гарсан, чөлөө олгосон талаар хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, гэмт хэрэгт холбогдсон нь чөлөө олгох зайлшгүй шаардлага биш байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно. Д.Жумадил нь захирлаас нэг сарын хугацаатай чөлөө олгож чөлөөний хугацаа дууссаны дараа ажилд ирэхгүй ажил тасалсан, гэмт хэрэгт холбогдож Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь тогтоогдож байх тул ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн захирал нь Д.Жумадилыг шалтгаангүй ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж манаачийн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах боломжгүй байна.

Иймд Д.Жумадилийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Жумадил нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Жумадилийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жумадил нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК