Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 027

 

Д.Жумадилын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Базархул хухажы овогт Даргерханы Жумадилын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Д.Жумадил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Намайг Г.Амантай захирал 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 64 дүгээр тушаалаар тус сургуульд манаачаар авч ажиллуулсан. Уг ажлаа тасралтгүй хийж байхдаа хэрэгт холбогдож шалгагдсан. Ингээд би захирал Г.Амантайд Надад 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл нэг жилийн чөлөө олгож өгч албан тушаалыг минь хэвээр хадгална уу. Би хэрэгт холбогдоод шалгагдаж байна. Хэрэв нэг жилээс илүүгээр ял шийтгэгдвэл чөлөөг цуцалж, та миний оронд өөр хүн аваарай гэж үнэн байдлаа хэлж хүсэлт өргөдөл гаргасан.

 

Захирал Г.Амантай Чамд нэг жилийн чөлөө олгоё. Чи хэрэг зөрчлийн асуудлаа нэг тийш болгоорой. Харин нэг жилээс илүүгээр ял шийтгэгдвэл дахин чамайг авч ажиллуулахгүй  гэсэн. Би нэг жилийн чөлөөг авлаа гэж итгээд хэргээ шалгуулж улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял шийтгэгдээд 2016 оны 8 дугаар сарын 22-нд ялаас чөлөөлөгдөөд ажилдаа орьё гэж очиход ажилд аваагүй. 

 

Иймд би нэг жил чөлөөгөөр явж байсан болохоор ажилд эргэн орох эрхтэй гэж үзэж шүүхэд хандаж байна. Харин миний оронд Сьезбек гэдэг хүнийг бүр болгож ажилд авсан бөгөөд ажлаас чөлөөлсөн, чөлөө өгсөн тушаалуудыг одоо хүртэл надад өгөөгүй. Захирал надтай анхнаасаа хөдөлмөрийн гэрээ хийж, гэрээнд гарын үсэг зурсан. Харин хөдөлмөрийн гэрээ хийсэн болон цуцалсан тухай нэг хувийг надад өгөөгүй болно. Иймд урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Д.Жумадилын гаргасан гомдлыг эсэргүүцэж байна. Иргэн Д.Жумадилыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох боломжгүй талаар тайлбар хүргүүлж байна. Иргэн Д.Жумадил нь гомдолдоо нэг жилээр чөлөө авсан, зөрчлийн асуудлаа нэг тийш болговол дахин ажилд авна гэсэн гэх мэтээр худал зүйлүүд бичсэн байна. Иргэн Д.Жумадил нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзаж, 1 сарын цалингүй чөлөө авахаар өргөдөл бичиж, Казахстан улсад хувийн ажлаар яваад ирэхээр боллоо гэсэн. Хуулийн дагуу түүний оронд иргэн С.Аманбекийг түр томилон ажиллуулсан. Үүнээс хойш иргэн Д.Жумадил нь хэрэгт холбогдож, чөлөөний хуудас дууссаны дараа орж ирээгүй нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.7 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас халах шалтгаан болсон.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул иргэн Д.Жумадилыг ажлаас чөлөөлөх бас нэг үндэслэл болсон. 2016 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гарч ял шийтгүүлсэн байна. Дээрх үндэслэлүүдээр иргэн Д.Жумадилыг 2016 оны 1 дүгээр сарын 31-нээс эхлэн ажлаас чөлөөлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Жумадилийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар Бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жумадил нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Базархул овогт Даргерханы Жумадил би өмгөөлөгч С.Алтайгаас хууль эрх зүйн туслалцаа авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд:

 

1. Хариуцагч 5 дугаар дунд сургууль /захирал Г.Амантай/ нь нэхэмжлэгч Д.Жумадил надтай хөдөлмөрийн гэрээ хийж нэг хувийг өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй байдал нь хэрэгт нотлогдож байхад Д.Жумадил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг мэдсээр байж заасан заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон мэтээр үндэслэх хэсэгт дурдаж шийдвэрлэжээ.

 

2. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4-д заасан чөлөө олгох журамтай би танилцаагүй бөгөөд надад хамаагүй. Гэтэл захирал нь нэг сараас дээш хугацаагаар чөлөө олгох эрхгүй гэдгийг би мэдэхгүй бөгөөд захирал өргөдлөө бичээд ир гэснээр урьд өөртэй нь тохиролцсоноор нэг жилийн хугацаагаар чөлөө олгохыг хүсэж өргөдөл гаргасан байсан. Захирал өргөдлийг хүлээн зөвшөөрч аваад надад нэг жилийн дараа ирээрэй гэж хэлж явуулснаар би явсан. Захирал нь надад чөлөө олгохдоо ямар нэгэн баримт, тушаал чөлөө олгосон бичиг өгөөгүй. Энэ байдал хэрэгт авагдсан нотлох баримтад тодорхой байхад нэхэмжлэгч нь мэдэх ёстой байсан тул буруутай гэж шүүх үзсэнд гомдолтой байна.

 

3. Сургуулийн захирал нь чөлөө олгосон гэх тушаалдаа хугацаа заагаагүй байсан. Энэ нь миний нэг жилээр чөлөө авах гэж өргөдөл өгснийг мөн захирал өөрөө зөвшөөрч чөлөө олгосныг гэрчилж байхад шүүх нотлох баримтаар үнэлгээгүй.

 

4. Захирал буюу нэхэмжлэгч нь миний өргөдлийг өөр хүнээр бичүүлж, шүүхэд хуурамч баримт бүрдүүлж өгсөнийг шүүгч захирамжаар нотолсон байгаа.

 

5. Миний хэрэгт холбогдсон явдлыг чөлөө авах байдалтай хутгаж будлиулсан нь миний эрх зүйн байдлыг хэт доордуулсан явдал гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн иргэн Д.Жумадилын гаргасан гомдол нь хуулийн үндэслэлгүй, гүтгэж, гүжирдсэн агуулгатай байгаа тул түүний гаргасан гомдлын заалт бүрээр дараах тайлбарыг хүргүүлж байна.

 

1. Аливаа ажилтныг ажилд авахдаа хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж, хуулийн заалтуудыг сануулдаг. Ажилтан хөдөлмөрийн хуулийг судлан, хуулийн тодорхой мэдлэгтэй байх нь түүний журамт үүрэг билээ. Хөдөлмөрийн гэрээг хийх үед нэг хувийг өөрсдөө авахыг тухайн үед зөвлөж хэлсэн. Гэрээ хийх үед иргэн Д.Жумадил нь өөрөө шаардаж авсан байх ёстой байсан. Аваагүй бол өөрийнх нь буруу гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагад ажиллаж байгаа аливаа ажилтан заавал мэддэг байх ёстой. Хөдөлмөрийн гэрээг гарын үсэг зурж, талууд тохирсноор хүчин төгөлдөр болдог учраас иргэн Д.Жумадил нь заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

2. Иргэн Д.Жумадил нь хөдөлмөрийн дотоод журмын 5.4 дэх заалт надад хамаагүй гэж гомдолдоо дурдсан байна. Үүнийг ойлгохгүй байна. Уг нь хөдөлмөрийн дотоод журам нь бүх ажилтанд хамаатай. Д.Жумадил шүүхэд гаргасан гомдолдоо захирал зөвшөөрч, нэг жилийн чөлөө олгосон мэтээр бичсэн байна. Би жилийн чөлөө олгоогүй, худал мэдээлэл болох талаар шүүхэд нотолж, урьд нь баримттай тайлбар хүргүүлсэн. Иргэн Д.Жумадил Казахстан яваад ирнэ гэж худал хэлж, сарын чөлөө авах тухай өргөдөл өгсөн учраас тушаалд эргэж ортол нь иргэн С.Аманбекийг түр томилсон байсан. Энэ тушаалын хувийг иргэн Д.Жумадил өөрөө ирж авах үүрэгтэй байсан. Тухайн үед Д.Жумадилын утас холбогдохгүй байсан тухай шүүх хуралдааны үеэр хэлсэн. Сургуулийн захирал миний бие түүний хүсэлтээр 1 сарын чөлөө олгож тушаал гаргасан байхад гомдолд дурдсанаар өөр ямар чөлөөний хуудас нэхээд байгааг ойлгохгүй байна.

 

3. Иргэн Д.Жумадил нь чөлөө олгосон гэх тушаалдаа хугацаа заагаагүй гэж гомдол гаргасан байна. Би тушаалдаа чөлөө хүссэн хүний өргөдөл байсан учраас түүний оронд эргэж ортол түр хүн томилсон. Чөлөө авч байгаа ажилтны оронд томилогдсон этгээд түүний оронд эргэж ортол түр томилогддог нь хэнд ч ойлгомжтой зүйл шүү дээ. Жилээр чөлөө олгох бол ажилтны хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж, ажилтан ба ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулах талаар хөдөлмөрийн дотоод журмын 5.4-т дурдагдсныг анхааруулж байна. Хөдөлмөрийн дотоод журмыг тухайн байгууллагад ажиллаж буй бүх хүмүүс мөрддөг байх ёстой.

 

4. Иргэн Д.Жумадил нь өөрөө монголоор бичиж, ойлгодоггүй учраас багш Б.Жандаулетээр бичүүлж авчирсан болохыг шүүхэд тайлбарласан болно. Иргэн Д.Жумадил нь жилийн чөлөө авахаар өргөдөл өгсөн гэдгээ шүүхэд нотолж чадаагүй болохыг дурдаж байна. Хуурамч материал бүрдүүлж өгсөн гэж намайг буруутгаж байгаад харин би гомдолтой байна.

 

5.Хэрэгт холбогдоод явж байсан мөртлөө Казахстан улсад нэг сарын хугацаатай яваад ирнэ гэж худал хэлж чөлөө аваадявсан нь ажил олгогчийн итгэлийг алдсанд тооцогдож байна. Хэрэгт холбогдоод, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон иргэн Д.Жумадилд ажил олгогчийн хувьд жилийн чөлөө олгоод, дахин ажилд авна гэдэг нь эрх зүйн хувьд боломжгүй зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэн Д.Жумадилийн хөдөлмөрийн гэрээг хэрэгт холбогдсноор биш шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хөдөлмөрийн дотоод журмын 7.7-д зааснаар шалтгаангүй 4-өөс дээш хоног ажил тасалснаас болж цуцалсан болохыг дурдаж байна. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааснаар ажил шалтгаангүй тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан болохыг дурдаж байна. Иргэн Д.Жумадилын гаргасан гомдол эрх зүйн хувьд ямар ч үндэслэлгүй гэж ажил олгогчийн хувьд үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Д.Жумадил нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ. Баян-Өлгий аймгийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.7-д зааснаар шалтгаангүй ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Д.Жумадилыг манаачийн ажлаас чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа шалтгаангүй ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримталсан ба уг үндэслэлээ нотлохоор ажилтан Д.Жумадилын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэг сарын чөлөө хүссэн хүсэлтийг гаргаж өгч, нэхэмжлэгч Д.Жумадил нь би хүсэлтээ цаг бүртгэдэг багш Светагаар нэг жилийн чөлөө хүссэн өргөдөл бичүүлж захиралд өгсөн гэж тайлбарласан, хариуцагчийн нэг сарын чөлөө хүссэн өргөдөлийг багш Б.Жандаулетээр бичүүлж өгсөн гэж 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 129 дугаартай албан бичгийн ирүүлсэнээс үзэхэд Д.Жумадилын чөлөө хүссэн өргөдлийг хариуцагчийн тайлбарласнаар багш Б.Жандаулет нэг сарын чөлөө хүссэн өргөдөл бичсэн эсэх, нэхэмжлэгчийн тайлбарласнаар багш Света нэг жилийн чөлөө хүссэн өргөдөл бичсэн эсэх нь эргэлзээтэй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авахуулах..., 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрх, үүргийг зөрчсөн байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ