Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 208

 

Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/05578 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Уранбаярт холбогдох

 

Гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын тайлбарт: Б.Уранбаярын гуйснаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний өгсөн 5751101837 тоот Хаан банкны дансанд 6 800 000 төгрөгийг, дараа нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь зээлсэн 200 000 төгрөгийн өрөө өгч түүнийг Б.Уранбаярт бэлнээр өгсөн. Нийт 7 000 000 төгрөгийг Б.Уранбаяр нь Д.Баасансүрэнгээс авсан. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Уранбаяр өөрийн Хаан банкны данснаас 2 000 000 төгрөгийг Д.Баасансүрэнгийн данс руу шилжүүлсэн боловч үлдсэн 5 000 000 төгрөгийг өгөөгүй. Д.Баасансүрэн үлдэгдэл мөнгөө Б.Уранбаярын ажил дээр нь очиж удаа дараа нэхэж байсан ч өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.Буянхишигт мөнгө зээлээгүй. Харин Б.Уранбаярын өгсөн данс руу мөнгийг шилжүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр Б.Уранбаяр мөнгө зээлсэн нь тогтоогдсон. Н.Буянхишиг нь Д.Баасансүрэнтэй уулзаж байгаагүй. Н.Буянхишигээс Д.Мягмарсүрэнгийн данс руу мөнгө шилжүүлж байсан асуудал нь энэ хоёр хүний хоорондын зээлийн асуудал байх. Хариуцагч нь өөрийн Хаан банкны данснаас 2 000 000 төгрөгийг шилжүүлж байсан тул Б.Уранбаяраас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Уранбаярын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяагийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Баасансүрэн нь Б.Уранбаяраас “манай дүү Д.Мягмарсүрэн цалингийн зээлтэй, гадагшаа Япон улс руу явах болчихлоо, 7 000 000 төгрөг зээлээд эргэн төлөлтөд нь манай дүүгийн цалингийн зээлийг cap бүр 532 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх болзолтойгоор төлөх хүн баина уу” гэж асуухад нь Б.Уранбаяр өөрийн нөхрийн дүү Н.Буянхишигт энэ талаар хэлсэн. Н.Буянхишигт бэлэн мөнгөний шаардлага байсан тул мөнгө зээлэх болж Д.Баасансүрэн, Н.Буянхишиг хоёрыг зуучилж өгсөн. Н.Буянхишигийн дансны дугаарыг Д.Баасансүрэнд өгсөн. Д.Баасансүрэн 6 800 000 төгрөгийг Н.Буянхишигийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа 200 000 төгрөгийг бэлнээр Н.Буянхишиг авсан. Тэгээд тохирсон ёсоор Н.Буянхишиг 2015 оны 10 дугаар сараас эхлэн cap бүр 532 000 төгрөгийн төлөлтийг Д.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5041183137 тоот дансанд шилжүүлж байсан. Н.Буянхишиг нь 2015 оны 10 дугаар сард хоёр удаа 532 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2016 оны 3 дугаар сард Н.Буянхишиг нь Д.Баасансүрэн рүү утсаар ярьж тооцоог хийх үү гэхэд Д.Баасансүрэн үндсэн зээлийн мөнгө төлөгдөөгүй байгаа. Cap бүрийн 532 000 төгрөг бол 7 000 000 төгрөгийн зээлийн хүү гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Д.Баасансүрэн би чамд сарын 532 000 төгрөгийн хүүтэй 7 000 000 төгрөг зээлсэн гэдэг. Харин Н.Буянхишиг болохоор би 7 000 000 төгрөгийг cap бүрийн 532 000 төгрөгийн эргэн төлөлттэй төлсөн гэдэг. Д.Баасансүрэн 2016 оны 3 дугаар сараас хойш зогсоо зайгүй Н.Буянхишиг, Б.Уранбаяр нараас мөнгөө нэхээд байсан учир Н.Буянхишиг эгч Б.Уранбаяраар дамжуулан 2 000 000 төгрөгийг бэлнээр төлснийг Б.Уранбаяр өөрийн данснаас Д.Баасансүрэнгийн данс руу шилжүүлсэн. Энэ талаар гэрч тайлбарлах байх. Үүнээс хойш cap бүр 380 000 төгрөгийг Д.Баасансүрэнгийн Хаан банкны 5023369544 тоот дансанд шилжүүлж одоогийн байдлаар 7 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Н.Буянхишиг, Д.Мягмарсүрэн нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Уранбаяраас 5 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д
зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг
улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо:  Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талд ашигтай нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, мөн гэрч асууж, шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй зэрэг нь шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.Уранбаярын өгсөн дансанд 6 800 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн үлдэгдэл 200 000 төгрөгийг Д.Уранбаярт шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэн-Солонгоор дамжуулан бэлнээр өгсөн. Мөн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Н.Буянхишиг нь 7 000 000 төгрөгийг би авсан гэж мэдүүлдэг боловч нэхэмжлэгчийн хувьд Н.Буянхишигтэй уулзаж байгаагүй, түүнд мөнгө зээлэх талаар ямар нэг байдлаар харилцан тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл Н.Буянхишиг болон Д.Баасансүрэн нар бие биенээ танихгүй.

Д.Уранбаяр нь Н.Буянхишигийн дансаар дамжуулж 6 800 000 төгрөгийг авсан, мөн 200 000 төгрөгийг өөрөө бэлнээр хүлээн авсан, өөрийн данснаас Д.Баасансүрэнгийн данс руу зээлсэн мөнгийг шилжүүлсэн, мөн гэрч С.Пагмасүрэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Буянхишиг нь "Д.Баасансүрэнгийн мөнгийг би авсан" гэж мэдүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас Н.Буянхишигийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн зүгээс хүлээн аваагүй ба ямар үндэслэлээр хүлээн аваагүй тухайгаа шийдвэрт тусгана гэж тайлбарласан боловч энэ талаар шийдвэрт огт тусгаагүй, уг үйл байдлын талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

Хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш

болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш  этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно, уг хуулийн 28.4-т “Энэ хуулийн 28.1-д заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна” гэж заасан ба шүүх хуралдааны явцад гэрчээр асуугдсан Н.Буянхишигийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар татан оролцуулж, мөн хуулийн 28 дугаар зуйлийн 28.4-т заасан ажиллагааг дахин хийх үүргээ биелүүлээгуй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5578 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Баасансүрэн нь хариуцагч Б.Уранбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,    маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Б.Уранбаярт 5751101837 тоот Хаан банкны дансаар 6 800 000 төгрөг, бэлнээр 200 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг зээлдүүлсэн, Б.Уранбаяр нь өөрийн дансаар 2 000 000 төгрөг буцаан өгсөн тул үлдэгдэл 5 000 000 төгрөгийг түүнээс гаргуулна” гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд хуулийн дээрх нөхцөл хангагдсан үед зээлдүүлэгчид зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэх боловч  нэхэмжлэгч нь 7 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх баримтгүй учраас шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв, хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 6 800 000 төгрөг Н.Буянхишигийн данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгчийн бусдаас авах 200 000 төгрөгийг бэлнээр Н.Буянхишиг авсан, Н.Буянхишигийн төлсөн 2 000 000 төгрөгийг хариуцагч өөрийн данснаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн үйл баримт Д.Баасансүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх. 5, 40-41/, хариуцагч Б.Уранбаяраас нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн данс руу 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг "Буянхишигийн үндсэн зээлээс 2 сая хасав" гэсэн утгатай шилжүүлсэн орлогын баримт /хх.6/, хариуцагчийн “Н.Буянхишигийн дансны дугаарыг Д.Баасансүрэнд өгсөн. Д.Баасансүрэн 6 800 000 төгрөгийг Н.Буянхишигийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа 200 000 төгрөгийг бэлнээр Н.Буянхишиг авсан” гэх тайлбар, гэрч Н.Буянхишигийн “... Д.Баасансүрэнгээс 6 800 000 төгрөг дансаар, 200 000 төгрөг бэлнээр авч зээлсэн... “ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Баасансүрэн, хариуцагч Б.Уранбаяр нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэхээр байна.

 

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

      

            Хэргийн оролцогч бус этгээд болох Н.Буянхишиг, нэхэмжлэгч Д.Баасансүрэн нарын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн нь буруу боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм.   

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралдааны явцад гэрчээр асуугдсан Н.Буянхишигийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар татан оролцуулах ажиллагааг хийгээгүй” гэх гомдол үндэслэл муутай байна.  

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хуралдааны эхэнд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад нэхэмжлэгч нь хариуцагчаар өөр этгээдийг оролцуулах хүсэлт гаргаагүй, харин нэхэмжлэгчийн нотлох баримтыг шинжлэн судлах шатанд гаргасан Н.Буянхишигийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй.

 

Хариуцагч Б.Уранбаярт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан шүүгчийн зүгээс гүйцэтгэвэл зохих ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулан, хэргийн оролцогчид мэтгэлцэх боломж олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг солих, шинээр хариуцагч татан оролцуулах тохиолдолд уг эрхээ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө хэрэгжүүлэх боломжтой байсан, шүүх хуралдааны явцад хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг нь хариуцагч Б.Уранбаярт холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болох үндэслэлгүй болно.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/05578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ 

           

                              ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         

                                                                                               А.МӨНХЗУЛ