Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 5578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 31 дүгээр байр 159 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 37 настай, Тайжууд овогт Дашдоржийн Баасансүрэн /РД:ГГ79062909/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 14 дүгээр байр 161 тоотод оршин суух, 1978 онд төрсөн 38 настай, Тамба овогт Бандийн Уранбаяр /РД:ЕП78082200/.

            Гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Б.Уранбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, гэрч  Н.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Уранбаярын гуйснаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний өгсөн 5751101837 тоот Хаан банкны дансанд 6.800.000 төгрөгийг, дараа нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь зээлсэн 200.000 төгрөгийн өрөө өгч түүнийг Б.Уранбаярт бэлнээр өгсөн. Нийт 7.000.000 төгрөгийг Б.Уранбаяр нь Д.Баасансүрэнгээс авсан. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Уранбаяр өөрийн Хаан банкны данснаас 2.000.000 төгрөгийг Д.Баасансүрэнгийн данс руу шилжүүлсэн боловч үлдсэн 5.000.000 төгрөгийг өгөөгүй. Д.Баасансүрэн үлдэгдэл мөнгөө Б.Уранбаярын ажил дээр нь очиж нэхэж байсан. Удаа дараа нэхэж байсан ч өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.Буянхишигт ерөөсөө мөнгө зээлээгүй. Харин Б.Уранбаярын өгсөн данс руу мөнгийг шилжүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр Б.Уранбаяр мөнгө зээлсэн нь тогтоогдсон. Н.Буянхишиг нь Д.Баасансүрэнтэй уулзаж байгаагүй. Н.Буянхишигээс Д.Мягмарсүрэнгийн данс руу мөнгө шилжүүлж байсан асуудал нь энэ хоёр хүний хоорондын зээлийн асуудал байх. Хариуцагч Хаан банкны данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагч мөн. Иймд хариуцагч Б.Уранбаяраас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Уранбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Баасансүрэн нь Б.Уранбаяраас манай дүү Д.Мягмарсүрэн цалингийн зээлтэй, гадагшаа Япон улс руу явах болчихлоо. 7.000.000 төгрөг зээлээд эргэн төлөлтөд нь манай дүүгийн цалингийн зээлийг сар бүр 532.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх болзолтойгоор төлөх хүн байна уу гэж асуухад нь Б.Уранбаяр өөрийн нөхрийн дүү Н.Буянхишигт энэ талаар хэлсэн. Н.Буянхишигт бэлэн мөнгөний шаардлага байсан тул мөнгө зээлэх болж Д.Баасансүрэн, Н.Буянхишиг хоёрыг зуучилж өгсөн. Н.Буянхишигийн дансны дугаарыг Д.Баасансүрэнд өгсөн. Д.Баасансүрэн 6.800.000 төгрөгийг  Н.Буянхишигийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа 200.000 төгрөгийг бэлнээр  Н.Буянхишиг авсан. Тэгээд тохирсон ёсоор Н.Буянхишиг 2015 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 532.000 төгрөгийн төлөлтийг Д.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5041183137 тоот дансанд шилжүүлж байсан. Н.Буянхишиг нь 2015 оны 10 дугаар сард хоёр удаа 532.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2016 оны 03 дугаар сард Н.Буянхишиг нь Д.Баасансүрэн рүү утсаар ярьж тооцоог хийх үү гэхэд Д.Баасансүрэн үндсэн зээлийн мөнгө төлөгдөөгүй байгаа. Сар бүрийн 532.000 төгрөг бол 7.000.000 төгрөгний зээлийн хүү гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Д.Баасансүрэн би чамд сарын 532.000 төгрөгний хүүтэй 7.000.000 төгрөг зээлсэн гэдэг. Харин Н.Буянхишиг болохоор би 7.000.000 төгрөгийг сар бүрийн 532.000 төгрөгний эргэн төлөлттэй төлсөн гэдэг. Д.Баасансүрэн 2016 оны 03 дугаар сараас хойш зогсоо зайгүй Н.Буянхишиг, Б.Уранбаяр нараас мөнгөө утсаар болон мессежээр нэхээд байсан учир Н.Буянхишиг эгч Б.Уранбаяраар дамжуулан 2.000.000 төгрөгийг бэлнээр төлснийг Б.Уранбаяр өөрийн данснаас Д.Баасансүрэнгийн данс руу шилжүүлсэн. Энэ талаар гэрч өөрөө тайлбарлах байх. Үүнээс хойш сар бүр 380.000 төгрөгийг Д.Баасансүрэнгийн Хаан банкны 5023369544 тоот дансанд шилжүүлж одоогийн байдлаар 7.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Н.Буянхишиг, Д.Мягмарсүрэн нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Баасансүрэн нь хариуцагч Д.Уранбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Уранбаярт 5751101837 тоот Хаан банкны дансаар 6.800.000 төгрөг, бэлнээр 200.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг зээлдүүлж, Д.Уранбаяр өөрийн дансаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг түүнээс гаргуулна,

хариуцагч нь Д.Баасансүрэн нь Б.Уранбаярт дүү Д.Мягмарсүрэн цалингийн зээлтэй, гадагшаа Япон улс руу явах болсон 7.000.000 төгрөг зээлээд эргэн төлөлтөд нь манай дүүгийн цалингийн зээлийг сар бүр 532.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх болзолтойгоор төлөх хүн байна уу гэхэд дүү Н.Буянхишигт энэ талаар хэлж Н.Буянхишигийн дансны дугаарыг Д.Баасансүрэнд өгсөн. Д.Баасансүрэн 6.800.000 төгрөгийг Н.Буянхишигийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа 200.000 төгрөгийг бэлнээр Н.Буянхишиг авсан. Н.Буянхишиг 2015 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 532.000 төгрөгийн төлөлтийг Д.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5041183137 тоот дансанд шилжүүлж байсан. Н.Буянхишиг эгч Б.Уранбаяраар дамжуулан 2.000.000 төгрөгийг бэлнээр төлснийг Б.Уранбаяр өөрийн данснаас Д.Баасансүрэнгийн данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан тус тус маргажээ.

 Нэхэмжлэгч нь Д.Уранбаярт 7.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарладаг боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 5023369555 дугаарын Хаан банк дахь данснаас 6.830.000 төгрөг зарлагадаж Н.Буянхишигийн 5751101837 дугаарын дансанд 6.800.000 төгрөгийг шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг нийт 7.000.000 төгрөгийг Н.Буянхишигт зээлдүүлж, зээлээс Н.Буянхишиг нь 2.000.000 төгрөгийг хариуцагч Д.Уранбаярын дансаар  Д.Баасансүрэнгийн 5023369555 данс руу шилжүүлж, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Д.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5041183137 тоот дансанд 532.000 төгрөгийн төлөлт тус тус хийж байсан болох үйл баримт нь хариуцагчийн хариу тайлбар, Д.Баасансүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүний дансанд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Буянхишигийн үндсэн зээлээс 2 сая хасав” гэсэн гүйлгээний утгатай орлого, 2.000.000 төгрөг орсон болон 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Мягмарсүрэн, С.Пагмасүрэн нар Хаан банкнаас 14.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлдэж байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, Д.Мягмарсүрэнгийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Мягмарсүрэнгийн зээл 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээл хаагдсан тухай зээлийн дансны дэлгэнгүй хуулга, Д.Мягмарсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанаар гэрчээр оролцсон Н.Буянхишигийн “Д.Баасансүрэнгээс 6.800.000 төгрөгийг дансаар, 200.000 төгрөгийг бэлнээр авч зээлсэн. Д.Баасансүрэн анх мөнгө зээлэхдээ манай дүү Д.Мягмарсүрэн Япон улс явах гээд цалингийн зээлтэй 7.000.000 төгрөг зээлээд сар бүр төлөх хүн хэрэгтэй байна гэж бэр эгч Д.Уранбаярт хэлсэн байсан. Надад мөнгөний хэрэг байсан учир цалингийн зээл хүү бага гээд авсан. Д.Баасансүрэнтэй ярихад дансаа явуулчих гэсэн. Зээл амархан бүтсэн. Д.Мягмарсүрэн Японд байгаа тул эхний үед түүний зээлийн дансанд төлөлт хийж байсан. 2.000.000 төгрөгийг Д.Баасансүрэн миний данс руу хий гэсэн. Тухайн үед миний бие өвчтэй байсан тул Д.Уранбаярт өгч түүний дансаар шижлүүлсэн. 7.000.000 төгрөгний зээлийг авч бүгдийг төлж дуусгасан”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан С.Пагмасүрэн нь “Д.Уранбаяр мөнгө зээлсэн. Түүнээс нэхэхэд манай дүү Н.Буянхишиг авсан тэр төлнө гэж хэлсэн, Д.Мягмарсүрэн, Н.Буянхишиг нарын хооронд зээлийн асуудал байхгүй” гэсэн мэдүүлгээр зээлийг Н.Буянхишиг авч ашигласан болох нь тогтоогдсон байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь 7.000.000 төгрөгийг Н.Буянхишигт шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 196 дугар зүйлийн 1961.1-д заасан эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцогддог зохицуулалтад хамаарч байна.

Хариуцагч Д.Уранбаяр зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдүүлэгч Д.Баасансүрэнгээс шилжүүлэн аваагүй, тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсээгүй байна.

Иймд хариуцагч Д.Уранбаяраас 5.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж  шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                          

                                                                                                    

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Уранбаяраас 5.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА