Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/00681

 

С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар магадлалтай,

   С-ийн нэхэмжлэлтэй,

            Б-д холбогдох

            Гэм хорын хохиролд 3,424,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

            Гэм хорын хохиролд 2,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Б , нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч С-ийн нэхэмжлэлд: Миний бие 2016 оны 09 сарын 04-ний өдөр Хиагт хот орчихоод Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу гэр рүүгээ ирж явах замд иргэн Б гийн адуу ганцаараа машины урдуур гэнэт гарч ирээд дайрагдсан. Үүнээс болж миний машинд шинжээчийн дүгнэлтээр 3,293,000 төгрөгийн хохирол учирсан. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр адууны эзэн Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан ”...Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн буруутай гэж гарсан ба уг заалтыг малын эзэн Б  нь хүлээн зөвшөөрч тухайн үед Замын цагдаагийн байцаагчид тайлбар мэдүүлэг өгч байхдаа эхнэр бид хоёр тэтгэврийн улс, банкнаас тэтгэврээ барьцаалаад олон сараар нь зээл авчихсан. Одоогоор төлбөрийн чадваргүй тул ах нь нэг адуу, хоёр настай гахай өгье гэхээр нь Б  түүний эхнэр хоёр нь манай байгууллагад надтай цуг ажиллаж байсан, сайн таньдаг болохоор өгье гэсэн зүйлийг чинь аваад өр салъя гээд зөвшөөрсөн. Гэтэл Б  нь замын цагдаагийн байцаагч нарын дэргэд тохирчихоод өгнө гэсэн зүйлээ өгөөгүй болохоор нийт учирсан 3,293,000 төгрөг дээр үнэлгээ хийлгүүлсний хөлс 131,000 төгрөгийг нэмж 3,424,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Б гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний хүрэн зүсмийн 8 настай хээлтэй гүүг иргэн С нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Алтанбулагаас Сүхбаатар явах замдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-т заасан шаардлагыг жолооч биелүүлээгүй, үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох үүргийг биелүүлээгүй, хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан, мал төрийн хяналт хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, төрийн албан хаагчийн ёс зүй, Монгол хүний ёс жудгийг уландаа гишгэсэн гэж авч үзэв. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.21 Мал тууж гарах газар гэсэн анхааруулах тэмдгийг зөрчсөн, 1.24 Хөдөлгөөний хурдыг 50 км/цаг гэсэн тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, Замын хөдөлгөөний дүрмийн 3.3.б-д туслах зам нийлнэ гэсэн анхааруулах тэмдгийг тус тус зөрчиж осол гаргасан нь илт байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Хариуцагч Б гийн сөрөг нэхэмжлэлд: Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалтыг үндэслэн өөрт учирсан хувийн өмчийн доор дурдсан хохирлыг иргэн С-ээр төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд: 8 настай хээлтэй гүү 800,000 төгрөг, эвдэрсэн автомашиныг Сүхбаатар сумаас Улаанбаатар хот хүртэл автомашинаар тээвэрлэсэн тээврийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч С хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Тухайн үйл явдал болсон шөнө хариуцагч Б  нь өөрийн өмчлөлийн адуу малыг хариулгагүй, малалгаагүй явуулсан. Уг адуу нь юмнаас үргэж цочсон байдалтай гэнэт тээврийн хэрэгслийн урдуур давхиж орж ирсэн бөгөөд миний зүгээс зохих бүхий л арга хэмжээг авсан. Тэр адуу маш хурдтай давхиж гэнэт орж ирснээр тээврийн хэрэгсэлд мөргөгдөж улмаар миний машинд гэм хор учирч эвдрэл гэмтэл гарсан. Харин ч миний эрүүл мэндэд тодорхой гэм хор учирсныг би нэхэмжлэлдээ дурдаагүйг анхаарах. Мөн осол гарахад миний гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байхгүй, би нэхэмжлэл гаргахдаа хот руу эвдэрсэн тээврийн хэрэгслийг тээвэрлэсэн зардлыг нэхэмжлээгүй, уг зардал надаас гарах ёсгүй зардал гэж үзэж байна. Иймд Б гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.                               

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-ийн гаргасан хариуцагч Б гөөс гэм хорын хохирол 3,424,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Б гийн гаргасан нэхэмжлэгч С-ээс 2,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,734 төгрөгийг, хариуцагч Б гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч М.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1061 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 186 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч С нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “гэм хор учруулсны хохирол 3,424,000 төгрөг гаргуулахаар Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Улмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж, улмаар сөрөг нэхэмжлэлийн хувийг гардан авч, эс зөвшөөрсөн тайлбарыг хуулийн хугацаанд гаргаж, ямар нэгэн байдлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйлгүй болно.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. 2017 оны 09 сарын 04-ний орой С нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу төв асфальтан замаар өөрийн эзэмшлийн 98-98 СБА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад нь гэнэт хариулгагүй адуу давхин засмал зам дээр гарч ирж, тээврийн хэрэгсэлд дайрагдан зам тээврийн осол гаргах нөхцлийг бий болгосон, хариуцагч Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно" гэсэн заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүй, үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Үүнд: Зам тээврийн ослын акт, Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 93 тоот дүгнэлт, 2017 оны 09 сарын 18-ны өдрийн давтан дүгнэлт, ослын газрын үзлэгийн хэмжилт хийсэн бүдүүвч зураг зэрэг бичгийн бусад баримт. Анхан шатны шүүхээс шийдвэрийн 2 дахь талын үндэслэх хэсэгт “С нь зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна” гэж хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн атлаа тус шийдвэрийн 3 дахь талд Б нь Замын хөдөлгөөний  дүрмийн заалт зөрчсөн болох нь тогтоогдож байна, С нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно гэсэн салаа утгатай дүгнэлт хийсний зэрэгцээ 93 тоот шинжээчийн дүгнэлтийг Дархан-Уул аймгийн замын цагдаагийн тасгаас шинжээч томилсон мэтээр хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг дурьдаж үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн. Хариулгагүй адуу нь Сэлэнгэ аймийн Сүхбаатар сумын иргэн Б гийн адуу болох нь тогтоогдож, Б  хийх ёстой зүйлээ хийгээгүй адуу малаа хариулгагүй явуулснаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улмаар зам тээврийн осол гаргах нөхцлийг бүрдүүлж С-д хохирол учирсан байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэхгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. С-д дээр дурьдсан үйл баримтын улмаас түүний эд хөрөнгөнд буюу Тоёота Клугер авто машинд эвдрэл гэмтэл учирч, эвдрэл гэмтэл учирсан хохирлын талаар тусгай мэдлэг бүхий мэргэшлийн шинжээч дүгнэлт гаргаж үнэлгээ тогтоосон байна. Гэвч уг үнэлгээг анхан шатны шүүх нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш тул С-д 3,424,000 төгрөгийн хохирол учирсан болох нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Уг тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардлыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны буюу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолын дагуу гаргасан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө эвдэрч гэмтсэн гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээ хийхэд гарсан зардлыг төлсөн баримт зэрэг олон бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж баримтыг тус шүүхэд хүргүүлсэн. Дээр дурьдсан нотох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Талууд тухайн үнэлгээний асуудал дээр огт маргаан үүсгэж байгаагүй бөгөөд хариуцагч тал нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд дээр тухайн үнэлгээг эс зөвшөөрч байгаа талаар тайлбар ирүүлээгүй зэргээс харахад тухайн хохирлын үнэлгээг зөвшөөрсөн байдал тогтоогддог. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг шүүх татан авсан бөгөөд уг материалаас Б-д ослын акт, бүдүүвч зургууд шинжээчийн дүгнэлт, мөрдөгч, прокурорын тогтоолууд танилцуулсан баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлахдаа иш татаж байсан болно.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэхгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт авагдсан баримтаар хэргийн үйл баримт тодорхой тогтоогдоогүй байна гэж дүгнэлт хийхдээ “Адууг хоньчилж хариулах гэдэг ойлголт Монгол аж ахуйд хэвшээгүй бөгөөд адуунаас тасарсан ганц адууг хаана явааг эзэн нь мэдэх боломж муутай гэсэн нь тун ойлгомжгүй, хуульд нийцээгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч тал нэг адууг адуунаас ганцаараа тасарсан гэдгийг, 2017 оны 09 сарын 04-ний өдөр 21 цагийн үед байгалийн гэрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байсан гэдгийг, мөн заншлын хэм хэмжээ нь хуулиар нэгэнт тогтоосон хэм хэмжээнээс илүү хүчин чадалтай болохыг нотлоогүй байхад шүүх хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Тусгай мэдлэгийн хүрээнд 2 удаагийн замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр осол гаргах шалтгаан нөхцлийг хэн бүрдүүлсэн, мөн замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөнийг тогтоосон байхад шинжээч үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй тул дүгнэлтийг үнэн зөв гэж эргэлзээгүй цорын ганц баримт гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн овгийг магадлалдаа буруу бичсэнийг дурьдах нь зүйтэй байна. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэн, гомдлыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Харин Иргэний хуулийн гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтаас зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

           Нэхэмжлэгч С хариуцагч Б-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гэж 3,424,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийнх нь өмчлөлийн адууг нэхэмжлэгч дайрсны улмаас адууны үнэ болон эвдэрсэн машиныг нь Улаанбаатар хүртэл ачуулсан тээврийн зардалд төлсөн мөнгө гэж нийт 2,300,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Алтанбулагаас Сүхбаатар сум руу явах замд иргэн Б гийн адуу машины урдуур гэнэт дайрч гарч ирэн дайрагдсанаас машинд хохирол учирсан, засмал замд 50 метр ойр зайд хариулгагүй мал байлгахыг хориглосон заалтыг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэгч С нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна. 

          Тасарсан ганц адууг хариулгагүй орхисон гэх хариуцагчийн эс үйлдэхүй буюу  Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм бурууг нь түүнд хариуцлага хүлээлгэх шууд үндэслэл болгоход учир дутагдалтай, талуудын тайлбараар дайрагдсан адуу ганцаараа гарч ирсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд адууг хоньчилж хариулах гэдэг ойлголт монгол мал аж ахуйд хэвшээгүй бөгөөд адуунаасаа тасарсан ганц адууг хаана явааг эзэн нь мэдэх боломж муутай гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

           Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед буюу осол гарах үед байгалийн гэрэлтэй, зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байсан байх бөгөөд тухайн үед жолооч зам дээр бий болох саадыг харах боломжтой байсан ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасах, аюул тохиолдсон үед зогсоох арга хэмжээ авах бололцоотой байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

           Адуу зам дээр гарч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх, ямар хурдтай явсан талаар баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэсэн боловч үндэслэл болгосон баримтыг заагаагүй, ямар баримтанд тулгуурлаж, хэрхэн дүгнэсэн талаараа хангалттай хариулт гаргаагүй байх тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй.

         Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тодорхойлсноор Зам тээврийн осол гэдэг нь зам тээврийн хөдөлгөөнөөс үүдэн хүний бие амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм гэж тодорхойлсноос үзвэл осол хэрхэн гарсан нь тодорхойгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

              Зам тээврийн осол гарсан тухайн өдөр зам дээр адуу гэнэт гарч ирээд машиныг мөргөсөн эсхүл жолооч хурдаа хасах тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүйгээс адууг мөргөсөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийн үйл баримтад талуудын зөрчил гаргасан байдал тодорхой тогтоогдоогүй байна.

   Гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэн алиных нь гэм буруугийн асуудал тогтоогдсон байх ёстой.  Зохигчид хэн аль нь өөрт учирсан хохирол нэхэмжилж байх тул дээрх үйл баримт, талуудын гэм буруу хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож чадаагүй байхад, хохирлыг гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2-т нийцсэн байна.

            Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэрийн нэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д” гэснийг “Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2., 510 дугаар зүйлийн 510.1-д” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Нэхэмжлэгч С-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 /далан мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН