Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 186

 

С.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 148/2017/00300

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа  даргалж, шүүгч  С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч С.Н-гийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч Б.М-д  холбогдох

“Гэм хорын хохирол 3,424,000 төгрөг” гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн “гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн  шаардлагатай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гансүхийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн   илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гансүх, хариуцагч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Н-гээс:

Миний бие  2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хиагт хот орчихоод Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу гэр лүүгээ ирж явах замд иргэн Б.М-гийн адуу ганцаараа машины урдуур гэнэт гарч ирээд дайрагдсан. Үүнээс болж миний машинд шинжээчийн дүгнэлтээр 3,293,000 төгрөгийн хохирол учирсан. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр адууны эзэн Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан ...Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн буруутай гэж гарсан ба уг заалтыг малын эзэн Б.М- нь хүлээн зөвшөөрч тухайн үед Замын цагдаагийн байцаагчид тайлбар мэдүүлэг өгч байхдаа эхнэр бид хоёр тэтгэврийн улс, банкнаас тэтгэвэрээ барьцаалаад олон сараар нь зээл авчихсан. Одоогоор төлбөрийн чадваргүй тул ах нь нэг адуу, хоёр настай гахай өгье гэхээр нь Б.М- түүний эхнэр хоёр нь манай байгууллагад надтай цуг ажиллаж байсан, сайн таньдаг болохоор өгье гэсэн зүйлийг чинь аваад өр салъя гээд зөвшөөрсөн.

Гэтэл Б.М- нь замын цагдаагийн байцаагч нарын дэргэд тохирчихоод өгнө гэсэн зүйлээ өгөөгүй болохоор нийт учирсан 3.293.000 төгрөг дээр үнэлгээ хийлгүүлсний хөлс 131.000 төгрөгийг нэмээд 3.424.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.М-гөөс:

Б.М- миний хүрэн зүсмийн 8 настай хээлтэй гүүг иргэн С.Н- нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Алтанбулагаас Сүхбаатар явах замдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-ийн шаардлагыг жолооч биелүүлээгүй, үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох үүргийг биелүүлээгүй, хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан, мал төрийн хяналт хамгаалалтанд байна гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчиж, төрийн албан хаагчийн ёс зүй, Монгол хүний ёс жудгийг уландаа гишгэсэн гэж авч үзэв.Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.21 Мал тууж гарах газар гэсэн анхааруулах тэмдгийг зөрчсөн, 1.24 Хөдөлгөөний хурдыг 50 км/цаг гэсэн тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, Замын хөдөлгөөний дүрмийн 3.3.б-д туслах зам нийлнэ гэсэн анхааруулах тэмдгийг тус тус зөрчиж осол гаргасан нь илт байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.М-  сөрөг нэхэмжлэлдээ:

Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалтыг үндэслэн өөрт учирсан хувийн өмчийн доор дурдсан хохирлыг иргэн С.Н-гээр төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд: 8 настай хээлтэй гүү 800,000 төгрөг, эвдэрсэн автомашиныг Сүхбаатар сумаас Улаанбаатар хот хүртэл автомашинаар тээвэрлэсэн тээврийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Н-  хариу тайлбартаа:

Тухайн үйл явдал болсон шөнө хариуцагч Б.М- нь өөрийн өмчлөлийн адуу малыг хариулгагүй, малалгаагүй явуулсан, уг адуу нь юмнаас үргэж цочсон байдалтай гэнэт тээврийн хэрэгслийн урдуур давхиж орж ирсэн бөгөөд миний зүгээс  зохих бүхий л арга хэмжээг авсан. Тэр адуу маш хурдтай давхиж гэнэт орж ирснээр тээврийн хэрэгсэлд мөргөгдөж улмаар миний машинд гэм хор учирч эвдрэл гэмтэл гарсан.  Харин ч миний эрүүл мэндэд тодорхой гэм хор учирсныг би нэхэмжлэлдээ дурдаагүйг анхаарах. Мөн осол гарахад миний гэм буруутай үйлдэлд, эс үйлдэл байхгүй, би нэхэмжлэл гаргахдаа хот руу эвдэрсэн тээврийн хэрэгслийг тээвэрлэсэн зардлыг нэхэмжлээгүй, уг зардал надаас гарах ёсгүй зардал гэж үзэж байна. Иймд Б.М-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061  дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-гийн гаргасан хариуцагч Б.М-гөөс гэм хорын хохирол 3,424,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Б.М-гийн гаргасан нэхэмжлэгч С.Н-гээс 2,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,734 төгрөгийг, хариуцагч Б.М-гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь талын үндэслэх хэсэгт С.Н- нь зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн атлаа тус шийдвэрийн 3 дахь талд Б.М- нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн болох нь тогтоогдож байна, С.Н- нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно гэсэн салаа утгатай дүгнэлт хийсний зэрэгтцээ 93 тоот шинжээчийн дүгнэлтийг Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгаас шинжээч томилсон мэтээр хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг дурдаж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

С.Н-д түүний эд хөрөнгөнд буюу Тоёото клугер автомашинд эвдрэл гэмтэл учирч  хохирлын талаар тусгай мэдлэг бүхий мэргэшлийн шинжээч дүгнэлт гаргаж үнэлгээ тогтоосон байна. Гэвч уг үнэлгээг анхан шатны шүүх  шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш тул С.Н-д 3.424.000 төгрөгийн хохирол учирсан болох нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Уг тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардлыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэснийг эс зөвшөөрч байна.  Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны буюу Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас томилсон, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө эвдэрч гэмтсэн гэрэл зургийн  үзүүлэлт  үнэлгээ хийхэд гарсан зардлыг төлсөн баримт зэрэг олон бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44  дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж баримтыг  шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь  үнэлж чадсангүй. Иймээс дээрх  нөхцөл байдлуудыг анхааран үзэж гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн өөрчилж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Н- хариуцагч Б.М-д холбогдуулан эд хөрөнгөндөө учирсан гэм хорын хохирол болох 3.424.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь засмал замд 50 метрийн зайд хариулгагүй мал байлгахыг хориглосон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д заасныг зөрчсөн түүний өмчлөлийн адуу зам дээр гэнэт гарч ирснээс машинд дайрагдаж машинд хохирол учирсан гэжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор шүүхэд зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, эд хөрөнгийн хохирлын үнэлгээний акт, зам тээврийн ослын  талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг гаргаж, харин хариуцагч нь хэний буруутай үйлдлээс  болж зам тээврийн осол гарсан талаар шинжээчийн дүгнэлт дахин  гаргуулах хүсэлт гаргаж шинжээч томилуулан, нэхэмжлэгчийг үзэгдэх орчин хязгаарлагдаагүй байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлж явсан мөн замын мал тууж гарах гэсэн тэмдгийг зөрчсөн гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

          Бусдын эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хор учруулсандаа буруугүй гэдгээ нотлоогүй  тохиолдолд хариуцлага хүлээхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1  болон 497.2-т зохицуулсан.

Нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ “Алтанбулагаас Сүхбаатар сум руу явах замд иргэн Б.М-гийн адуу ганцаараа  машины урдуур гэнэт дайрч гарч  ирэн дайрагдсанаас машинд гэмтэл учирсан гэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, миний өмчлөлийн адууг дайрсны улмаас өөрт учирсан хохиролд адууны үнэ болон  эвдэрсэн машиныг нь Улаанбаатар хүртэл ачуулсан тээврийн зардалд төлсөн мөнгөө буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт тодорхой тогтоогдоогүй байна.

          Гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан нэхэмжлэл гаргасан  тохиолдолд хэн алиных нь  гэм буруугийн асуудал тогтоогдсон байх ёстой.

Нэхэмжлэгч хариуцагчийг  замын хөдөлгөөний дүрэмд засмал замд 50 метр ойр зайд хариулгагүй мал байлгахыг хориглосон заалтыг зөрчсөн гэх боловч   адуугаа/ тэр тусмаа тасарсан ганц адууг/ хариулгагүй орхисон гэх хариуцагчийн эс үйлдэхүй нь өөрөөр хэлбэл Замын  хөдөлгөөний дүрмийг сахиагүй гэм буруу нь  дан ганцаараа хариуцлага хүлээлгэх үндэслэл болоход учир дутагдалтай байна. Талуудын тайлбарласнаар дайрагдсан адуу ганцаараа гарч ирсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.  Иймд адууг хоньчилж хариулах гэдэг ойлголт монгол мал аж ахуйд хэвшээгүй бөгөөд адуунаасаа тасарсан ганц адууг хаана явааг эзэн нь мэдэх боломж муутай байна. 

          Адуу зам дээр гарч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх,  ямар хурдтай явсан талаар баримт хэрэгт авагдаагүй шинжээч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй цорын ганц баримт гэж үзэх боломжгүй байна.

          Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэргээс  2017 оны 9 дүгээр сарын 04-ний  өдрийн 21 цагийн үед  буюу осол гарах үед байгалийн гэрэлтэй, зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдаагүй  байсан байдал тогтоогджээ. Энэ тохиолдолд жолооч зам дээр бий болох саадыг харах боломжтой бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасах, аюул тохиолдсон үед зогсоох арга хэмжээ авах бололцоотой байсан эсэх нь тодорхойгүй байна.

Шинжээч дүгнэлтэндээ тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан боловч  энэ дүгнэлтийнхээ эх сурвалж болсон ямар баримтанд тулгуурлаж хэрхэн дүгнэсэн талаараа хангалттай хариултыг шүүхэд өгөөгүй байна. Тухайлбал  зам тээврийн осол хэрхэн яаж гарсан, машин ямар хурдтай явсан, жолооч аюул тохиолдоход хурдаа хасч зогсоох арга хэмжээ авсан эсэх  талаар баримтанд тулгуурлан дүгнэлт гаргаагүй жолоочийг яагаад ямар учраас буруугүй гэж дүгнэсэн талаар дүгнэлтэнд тодорхой дурдаагүй нь уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд тодорхойлсноор Зам тээврийн осол гэдэг нь зам тээврийн хөдөлгөөнөөс үүдэн хүний бие амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд  материалын хохирол учрах явдал юм гэж тодорхойлсноос үзвэл  осол хэрхэн гарсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл зам дээр адуу гэнэт гарч ирээд  машиныг мөргөсөн эсхүл жолооч хурдаа хасах тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүйгээс адууг мөргөсөн  болох нь тодорхойгүй юм.

Зохигчид хэн алин нь хохирол нэхэмжилж байгаа тохиолдолд дээрх үйл баримт болон гэм буруу тогтоогдсон байх учиртай.

          Иймд хэрэгт авагдсан баримтуудаар хэн алиных нь буруу хангалттай нотлогдож чадаагүй байхад хохирлыг гаргуулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА   

                                          ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ