Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн  Г.Б-ийн  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Аймгийн З ДС.Г-д холбогдох аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах  шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын  10-ны   өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Д.А, гуравдагч этгээд Р.Д гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Л.Түвшинбаяр нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулж өгнө үү? Тус захирамжид шилэн дансны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль хөдөлмөрийн гэрээ зөрчиж шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие тус захирамжид дурдсан шиг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн асуудал байхгүй. Ажлаа  Б С У Гдүгнүүлж “А” үнэлгээ авч байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн. Уг захирамж дээр шилэн дансны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Б нь шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь тогтоогдохгүй байгаа. 2017 оны 06 дугаар сарын 29-ны А/53 дугаартай Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын баяр наадмын комисс томилсон захирамжаар Г.Б нь баяр наадмын комиссод орсон байдаг. 2017 оны 06 дугаар сард баяр наадмын комиссод орсон учир Улаанбаатар хотод очиж баяр наадамд хэрэглэгдэх эд зүйлс авчирсан болох нь тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Ийм учраас шалтгаангүйгээр ажил тасалсан гэж өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны хооронд ээлжийн амралтаа авсан. Энэ нь тухайн цэцэрлэгийн нягтлан болон цалин авсан баримтаас ээлжийн амралтаа авсан болох нь нотлогдож байна. Ээлжийн амралтын хувиар олгох тухай гээд захирамж байгаа. Уг захирамж нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан боловч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Цогт сумын бичиг хүргэгч нь хүлээж авсан. Энэ хүлээж авсан баримт хавтас хэрэгт ирсэн. Ийм учраас Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 14-нээс ээлжийн амралтаа авах байсан. Үүнээс харахад Г.Б шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй байна. Г.Б нь 07 дугаар сард амралтаа авах байсан боловч Засаг даргын захирамж нь Г.Б-г ээлжийн амралтаа аваад 20 хонож байхад захирамж нь ирсэн. Нэхэмжлэгч Г.Б нь өөрөө тайлбарлахдаа бид нар ээлжийн амралтын авах хувиараа Боловсрол соёл урлагийн газарт өгдөг. Би ээлжийн амралт авах хувиараа 2017 оны 07 дугаар сарын 01-нээс амралтаа авна гэж хувиараа өгсөн. Тиймээс би 07 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтаа авсан гэж хэлж байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 08 дугаар сарын 22-ныг хүртэл ээлжийн амралтаа авсан болох нь цалингийн баримт болон нягтлан бодогчийн тодорхойлолтон дээрээс харагдаж байна. Иймээс энэ хүнийг ажил шалтгаангүйгээр тасалсан гэж өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ажлаас чөлөөлсөн захирамж дээр нь Г.Б-г удаа дараа албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан гэж байгаа боловч, удаа дараа албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан талаар бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна гэж үзэж байна. Г.Б нь 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулсан. 2017 оны 02 дугаар сард үр дүнгийн гэрээний биелэлт шалгуулсан болох нь хавтас хэрэгт нотлох баримтаар ирсэн. Мөн 2016, 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг шалгуулж байсан. Цалингийн зөрүү дээр цалингийн цэс ирсэн байгаа. Энэ цалингийн цэс дээрээс харахад Г.Б нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 641.091 төгрөг авч байсан. Одоо багшаар ажиллаж байхдаа 550.369 төгрөгийн цалин авч байгаа. Энэ хоёрын зөрүү 90.722 төгрөг болж байна. Мөн 90 дүгээр тогтоолын нэмэгдэл гэж багш нар авч байгаа. Эрхлэгч нь 96.166 мянган төгрөг авдаг. Багшаараа болохоор 55.037 төгрөг авдаг. Энэ хоёрын зөрүү 41.127 төгрөг болж байгаа. Мөн ур чадварын нэмэгдэл нь Б С У Гтухайн улирлаар нь захирамж гаргаж бүх цэцэрлэгийн эрхлэгч нарт олгодог байгаа. Энэ захирамж нь үндсэн цалингийн 15% ийг авч байсан. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нэмэгдэл аваагүй. 12 дугаар сараас хойших нэмэгдэл нь гуравдагч этгээд болох Д дээр гарч байгаа нь харагдаж байгаа. Багшаар ажиллаж байхад уг нэмэгдлийг авдаггүй. Шилэн дансны хуулийг хангалтгүй биелүүлсэн сахилгын арга хэмжээ авсан гэж хэлж байна. Г.Б нь манай нягтлан бодогч тухайн үед ажлаа дутуу хийсэн байсан. Тэгээд би нягтлан бодогчийн ажилд хяналт тавих ёстой байсан гэдэг утгаар арга хэмжээ авсан. Нэг арга хэмжээ авсан тушаал дээр давхардуулсан байна. Өмнө нь сахилгын шийтгэл оногдуулахдаа шилэн дансны тухай хууль хангалтгүй биелүүлсэн гэж арга хэмжээ авсан мөртлөө ажлаас чөлөөлөхдөө мөн л шилэн дансны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж ярьж байна. Мөн Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан багш ажиллуулах заалтыг зөрчсөн гэж байна. Энэ тайлбартай холбоотойгоор хавтас хэргийн материалд гэрчээр Боловсрол соёлын урлагийн газрын мэргэжилтэн С гэдэг ажилтныг гэрчээр асуусан материал байгаа. Цогт сумд цэцэрлэгийн багш хэрэгтэй байсан. Ганц цэцэрлэгийн багштай 1 сарын хугацаанд ажилласан. Г.Б нь энэ хүн боловсрол нь тэнцэхгүй байсан тул би авахгүй гэж хэлж байсан. Энэ талаараа Боловсрол соёл урлагийн даргатай муудалцаад гарч ирж байсан гэж хэлж байсан. Тийм болохоор Г.Б нь ганцаараа дур мэдэж ажилд авсан зүйл харагдахгүй байгаа. Багш дутагдалтай байгаа бол энэ хүнийг авч ажиллуул гэсний үндсэн дээр ажилд авч ажиллуулсан. Дээд боловсролтой боловч өөр мэргэжилтэй хүнийг авч ажиллуулаад энэ ажиллаж байх хугацаанд нь сургаад авч ажиллуулж болно гэсэн заалт байдаг гэж гэрч мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд энэ хүн нь ажиллаж байх хугацаанд сурч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэж байна. Энэ тал дээр төрийн албан хаагчийн 11.6 дахь заалт дээр зааснаар хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш сахилгын арга хэмжээ авагдсан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан байдаг. Тэгээд ямар ямар үндэслэлээр ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй байгаа. Боловсрол соёл урлагийн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг хэдий ч энэ албан тушаал нь захиргааны албан тушаалтан учир хөдөлмөрийн тухай хуулийг баримталж байгаа нь хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн үндэслэлгүй байна гэж дүгнэж байгаа.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Б-г 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар хөдөлмөрийн гэрээ цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Г.Баясаа нь ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон сургуулийн өмнөх боловсролын хууль, хөдөлмөрийн тухай хууль, шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Шилэн дансны тухай хуулийн хангалтгүй хэрэгжүүлж аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. Мөн сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зөрчсөн. Сургуулийн эрхлэгчийн үүргийг хуульд маш тодорхой зааж өгсөн байгаа. цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гээд сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтуудыг зөрчиж мэргэжлийн бус хүн багшаар авч ажиллуулсан алдаа зөрчил гаргасан. Г.Б нь хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчиж шалтгаангүйгээр ажлыг олон хоног тасалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэр гараагүй байхад ээлжийн амралт авч ажил шалтгаангүйгээр тасалсан. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар чөлөө авах тухай байгаа. Тиймээс ажил олгогчид хүсэлт өгөөгүй. Г.Б нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм бол хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуульд тодорхой заасан байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэдэг.  Багшлах эрхгүй хүн ажилд авч ажиллуулсан. Тухайн хүнд хуульд заасан боловсролын зэрэг байхгүй. Боловсролын тухай хуулийн 11.2.1 дэх хэсэгт заасан эрх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Шилэн дансны хуулийг өмнө нь зөрчсөн. Мөн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар шийтгэл хүлээсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 11 сар өнгөрөх юм бол сахилгын шийтгэлгүйд тооцдог. Энэ хугацаанд дахин сахилгын шийтгэл гаргасан. Миний хэлж байгаагаар сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн. Төрийн албан хаагчдын байгууллага болон хувийн аж ахуйн нэгж ч гэсэн ажилтанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлдэг. Тухайн ээлжийн амралтыг эдлүүлэхдээ байгууллагын ажил олгогчийн шийдвэр гарч байж ээлжийн амралт олгодог байгаа. Би саналаа өгсөн тиймээс би 2017 оны 07 дугаар сарын 01-нээс амарна гэсэн асуудал байхгүй. Байгууллагын даргын тушаал гарсны дараа амрах ёстой. Гэтэл энэ хуулийг зөрчиж өөрөө дур мэдэж ээлжийн амралтаа авч Улаанбаатар хотод төгсөлтийн баярын арга хэмжээнд оролцохоор явсан. Энэ хүнд ганцаарчлан аймгийн Засаг даргаас чи тэдэнд амар гэж тусгайлан шийдвэр гараагүй. Аймгийн Засаг даргын нэг шийдвэр гардаг. Тэр шийдвэрээр бүх сумын цэцэрлэг болон сургуулийн захирлын ээлжийн амралт олгох хувиар гардаг. Энэ хүн маш олон хууль тогтоомж зөрчсөн байна. Мөн нотлох баримт бүрдүүлэх тал дээр маш сайн ажилласан байна. Сумын Засаг даргын захирамж гаргуулж, хурлын тэмдэглэл үйлдсэн байна. Албан ажлаар явж байгаа тохиолдолд тухайн сумын Засаг даргаас томилолт аваагүй. Санхүүгийн нягтлан шийдвэр гаргах албан тушаалтан биш. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэж цалин хөлс олгох үүрэгтэй болохоос шийдвэргүйгээр энэ хүнд цалин олгосон нь үндэслэлгүй Сумын Засаг дарга чөлөө олгож, ажилд томилох эрх бүхий албан тушаалтан биш. Аймгийн З Д ажилд томилж чөлөөлдөг. Тиймээс аймгийн Засаг даргад асуудлаа тавьж шийдвэрлүүлж байж явах ёстой байсан гэж үзэж байгаа. удаа дараа албан үүрэгтэй хариуцлагагүй хандаж ажил тасалсан учир Аймгийн З Дхөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ээлжийн амралт олгох тал дээр санал өгсөн гэж тайлбарлаж байна. Ер нь бол Б С У Гжил бүр аймгийн Засаг даргад цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирлуудын амралтын саналыг авч уламжилдаг. Тэгээд Аймгийн З Дтогтоож захирамж гаргадаг. Манай байгууллагын зүгээс саналыг авч Засаг даргад уламжилдаг. Мэргэжлийн бус багш авч ажиллуулсан тал дээр манай байгууллага жил бүр статистик мэдээг шинэчилдэг. Энэ тал дээр Б С У Гмэргэжлийн бус хүн ажиллаж байна гээд холбогдох байгууллагад мэдээ тайланг нь гаргаж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлээд сургуулийн өмнөх байгууллага, боловсролын салбарт ажиллах эрхийн шалгалт өгсөн ногоон үнэмлэхтэй хүн ажилд ордог. Нэг жилийн дараа багшлах эрхийн үнэмлэх авсан цэнхэр үнэмлэхтэй хүн ажилд ордог зарчимтай. Энэ зарчмыг нэхэмжлэгч нь зөрчсөн. Багш мэргэжлийн хүн болон бакалавр эзэмшсэн хүн сургуулийн өмнөх болон бага боловсролын багш зэргээр шилжих боломжтой байдаг. Ажиллаж байх хугацаандаа хөрвөж ажиллах талаар боловсролын тухай хууль дээр тодорхой заасан заалт байхгүй.  Сургуулийн өмнөх насны багш нарын нөөцтэй асуудалтай холбоотойгоор хүндрэлтэй жилүүд байсан. Гэхдээ сүүлийн 2 жилд сургуулийн өмнөх боловсрол болон хүний нөөц хангалттай байгаа. Зөвхөн тухайн сумын хүн сумдаа ажиллана гэсэн зүйл байхгүй. Манай байгууллагаас аль болох нөөцөө аль хэрэгцээтэй газарт нь томилж явуулж байгаа. Хүний нөөцийн хувьд боломжтой. Өмнөх жилүүдэд манай байгууллага цэцэрлэгийг болон сургуулиудын захирал нараа статистик мэдээг боловсруулаад хүргүүлж авдаг байсан. Энэ жилийн хувьд бид нар бүх бичиг баримтыг  Б С У Гавчруулж байгаад шалгаж үзээд мэдсэн. Өмнө бол мэдээгүй байсан гэв. 

         Гуравдагч этгээд Р.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2015 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан боловч 2015 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.А дарга утсаар ярьж өнөөдрийн дотор цэцэрлэгийн няраваа халж О.Ц гэдэг хүнийг ажилтай болго тэгэхгүй бол ажлаас чинь хална гэж ярьсан. Энэ шаардлагыг биелүүлээгүй учир ажлаасаа чөлөөлөгдөн багш болсон.  Г.Б нь өмнө нь намайг тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Зэргийн нэмэгдэл гээд 10% авдаг байсан. Би тэрийг нь сэргээж 10%-ийн нэмэгдэл өгч байгаа. 2017 оны 12 дугаар сарын ур чадварын нэмэгдэл миний цалин дээр бодогдсон гэж байна. Өмнө нь Б С У Голгож байсан нэмэгдлийн нөхөж олгосон. Мөн багшаар ажиллаж байгаа хүн өдрийн 9 цаг ажилладаг учир сар болгон нэг багшид 22-23 цагийн нэмэгдлийг бодож өгч байгаа тиймээс цалингийн зөрүү гэж гарахгүй байгаа. Г.Б нь чөлөө авч явсан гэдэг нь би сонгуулийн хороонд нарийн бичгээр ажиллаж байхад ямар нэгэн чөлөө аваагүй. Уулзалтыг өөрөө зохион байгуулж хүмүүс цуглуулаад аваад явсан байгаа. Сонгуульд явж ирээд дахин сонгуульд ирээгүй. Энэ үйл ажиллагаанд тухайн материалыг авахуулахаар хурлын нарийн бичгийн дарга авахаар хавсарсан. Г.Б-д тухайн хурлын тэмдэглэлийг авах үүрэг өгөөгүй. Би энэ өгсөн баримтыг хуурамч баримт бүрдүүлж өгсөн байна гэж үзэж байгаа. Мэргэжилгүй багш ажилд авсан гэж байгаа нь намар статистик мэдээгээр гарсан. 2017 оны намар Г.Б нь тэр хүний оронд мэргэжлээрээ томилогдсон. Цалин дээр бол ямар нэгэн зөрүү байхгүй байгаа. Багш болон олон жил ажиллаагүй эрхлэгч хоёрын ялгаа байхгүй байгаа. Энэ мөнгө яагаад ийм өндөр гарсан бэ? гэхээр 2017 оны 12 дугаар сард багш ажилчдын дунд уралдаан зарлаад ур чадвар дүгнэсэн байгаа. түүний нэмэгдэл, мөн заах арга зүйч багшийн нэмэгдэл, илүү цагийн урамшуулал авсан байгаа. Одоо авч байгаа цалин нь буурсан боловч эрхлэгч байх үеийн цалингаас илүү цалин авч байгаа

     Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өнөөдөр Г.Б төрийн үйлчилгээний удирдах албан хаагч учраас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Мөн байгууллагын дотоод журам дээр төрийн албан хаагч чөлөө зөвшөөрлөөр явахдаа эсвэл албан ажлаар явахдаа томилолтоор явдаг. Г.Б нь баяр наадмын комиссоор явахдаа томилолтоор явах шаардлагатай байсан байх гэж бодож байна. Нөгөө талаар ажил олгогчоос чөлөө хүссэн өргөдөл болон хүсэлт гаргаж өгөөгүй. Тэрийгээ өөрөө баталгаажуулж өгөөгүй. Цалин хөлс гэж хөдөлмөрийн тухай хууль дээр заасан үндсэн хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байдаг. Энэ бүхэн нь нийгмийн даатгалын дэвтэр дээр нь цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон болон дараагийн ажилд томилогдсоноор цалингийн өөрчлөлт илүү олгогдсон байгаа. Өнөөдөр эрхлэгчийн ажлын үндсэн цалин цэцэрлэгийн эрхлэгчийн цалингийн зөрүүг нэхэмжлэх эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль дээр шагнал урамшуулал нэмэгдэл хөлс нэмэгдэнэ гэж заасан байдаг. Гэвч гар дээр авч байгаа цалин нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдэж байгаа цалин хоёр эрс ялгаатай байсан бол энэ асуудал нь зөв хэрэг. Гэтэл одоо олгогдсон цалин нь эрхлэгчээр ажиллаж байсан хугацааны цалингаас илүү бодогдсон байгаа. Мөн шалтгаангүй, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалсан. Нягтлан бодогч амралт олгох тушаал шийдвэр гараагүй байхад амралтыг нь бодож өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Засаг даргын захирамж дээр 17-ноос амралт нь бодогдож байгаа боловч 20-дээр очиж байгаа энэ тушаал албан ёсоор очоогүй байхад ээлжийн амралтыг 07 дугаар сарын 01-нээс цалинг нь бодож өгсөн нягтлан бодогчийн алдаа бас харагдаж байна. Тэгээд Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2017 оны 08 дугаар сарын 22-ныг хүртэл амарсан гээд тодорхойлолт өгч байгаа нягтлан бодогч төрийн албан хаагчийн үүрэг байхгүй байна. эрх үүргээ буруу хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчийн удирдах албан тушаал эрхэлж байгаа Г.Б хүртэл 2017 оны 07 дугаар сарын 17-нд бодогдсон тушаал нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирсэн байхад би амралтаа авна гээд ээлжийн амралтаа авах эрхтэй хүн биш. Өнөөдөр хувиараа амарна гээд хүсэлтээ хувиараа өгсөн. Ажилтанд ээлжийн амралтыг олгож биеэр эдэлнэ гэж байдаг. Түүнээс өөрөө хүсэлтээрээ амарна гэсэн зүйл заалт байхгүй. Өөрийнхөө хүсэлтээр ээлжийн амралтаа тухайн жилдээ багтааж хэсэгчлэн эдэлнэ гэж заасан байдаг болохоос амралтаа бүтэн эдлэх талаар хөдөлмөрийн тухай хуульд заагдаагүй байдаг. Ажил олгогч нь ээлжийн амралтыг эдлүүлэх үү? эдлүүлэхгүй юу гэдэг талаар шийдвэр гаргаж хүргүүлсэн байна. Өөрөө дур мэдэж ажил тасалснаа чөлөө зөвшөөрөл амралтаа авсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ажил олгогчид чөлөө хүссэн өргөдөл хүсэлт гаргаагүй. Сумын Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчийн ажил олгогч биш. Сумын Засаг даргад томилолт явуулсан бол тэр томилолтыг сумын Засаг дарга олгох боломжтой байсан. Тийм томилолт байхгүй байгаа учраас үндэслэлгүй шалтгаангүйгээр ажил тасалсан байна. Төрийн албан хаагч болон төрийн захиргааны албан хаагчийн чиг үүрэг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн албаны тухай хууль дээр чөлөө зөвшөөрөл ажил амралтын талаар энэ хууль дээр тодорхой заасан заалт байхгүй. Тиймээс энэ хүн нь хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмаар мөрдөх ёстой. Байгууллагын албан тушаалтан нь байгууллагынхаа дотоод журмыг зөрчих ёсгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Хөдөлмөрийн гэрээ нь өнөөдөр ажил таслах болон чөлөө зөвшөөрөл авах талаар тодорхой зааж өгсөн байгаа. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр ээлжийн амралтаа авсан гэж байгаа боловч 2017 оны 07 дугаар сарын 06, 07, 10-ны өдрүүдэд ажил дээрээ ирж цагаа бүртгүүлсэн байгаа. Үнэхээр амралтаа авсан юм бол яагаад ажил дээрээ цагаа бүртгүүлж байсан юм бол гэдэг асуудал гарч ирж байгаа.Ер нь тушаал шийдвэр гараагүй байхад өөртөө чөлөө олгож явсан нь хууль зөрчсөн байна. Мөн чөлөө олгоогүй байхад цалин нь яаж олгогдсон талаар ямар нэгэн баримт байхгүй байгаа. 2017 оны 06 дугаар сард 4 хоног, нэхэмжлэгчийн гаргасан талбараас нь харахад 2017 оны 07 дугаар сарын 01-05 ны хооронд бас 5 хоног ажил тасалсан байна. Өнөөдөр удирдах албан тушаал хааж байгаа хүн 10-аад хоногийн ажил чөлөө зөвшөөрөлгүй тасалсан байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд удирдах албан тушаалтны чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан байна гэж дүгнэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ноцтой зөрчил гаргасан нь илт харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан. Энэ зөрчил нь ажлаас чөлөөлөхөд дангаараа нөлөөлөх бүрэн үндэслэл болж харагдаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Аймгийн З Д2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн Шилэн дансны тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, шалтгаангүйгээр ажил тасалсан, удаа дараа албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан Цогт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Г.Б-г 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халсан байна. 

         Шалтгаангүйгээр ажил тасалсан тухайд:

         Цогт сумын хүүхдийн цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар хэсгийн 15.1.2-т Хүндэтгэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан, 15.1.3-т 1 сарын дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цаг нийлбэр дүнгээр 3-аас дээш өдөр болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн дотоод журамдаа тусгасан байна. Мөн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогчийг төлөөлж аймгийн Боловсрол соёлын газрын дарга М.С, ажилтан Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгч Г.Б нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын хоёроос дээш өдөр ажил тасалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас халахаар заасан.  Хавтаст хэргийн материалд авагдсан Цогт сумын хүүхдийн цэцэрлэгийн ажилтнуудын ажлын цаг ашиглалтын бүртгэлд Г.Б нь 2017 оны 06 дугаар сарын 27, 28, 29, 30, 7 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд ажил тасалснаар бүртгэсэн. Гэхдээ Г.Б-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь: Цогт сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны А/53 дугаар Баяр наадмын комисс томилох тухай захирамжийн 2 дугаар хавсралтаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Б-г баяр наадмын сурын салбар комиссын даргаар томилж, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баяр наадам зохион байгуулах комисс хуралдаж цэцэрлэгийн эрхлэгч Г.Б, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Ц нарыг наадмын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай зүйлсийг авахаар Улаанбаатар хотруу явуулахаар шийдвэрлэсэн,  Г.Б 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цогт сумын З ДЛ.Н Улаанбаатар хотод ажиллах шийдвэр гарсан тул 5 хоногийн цалингүй чөлөө олгож өгөх талаар өргөдөл гаргаж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хотоос авчирсан зүйлсийг нягтлан бодогч Ц.А, нярав З.Б нарт хүлээлгэн өгсөн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан сумын Засаг даргын А/53 дугаар захирамж, хурлын тэмдэглэл, өргөдөл, хүлээн авсан акт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

        Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Г.Б нь ажил олгогч буюу аймгийн Засаг даргаас чөлөө аваагүй боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тодорхой шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлаас чөлөөлөх үндэслэл болох байхад Г.Бийн тухайд сум орон нутгаас зохион байгуулсан наадам зохион байгуулах ажилд оролцсон, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Улаанбаатар хотруу явсан байгааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

        Удаа дараа албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан мэргэжлийн бус хүнийг багшаар авч ажиллуулсан тухайд:

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.2-т багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэж зааснаар багш авч ажиллуулах нь тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн эрх, хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” хуулийн 12.2-т “Багш нь багшлах эрхтэй байна” гэж зааснаар мэргэжлийн боловсрол эзэмшсэн багшлах эрхтэй хүнээс сонгон шалгаруулалт хийж авч ажиллуулахаар заасан байна.

Г.Б-д Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зөрчин мэргэжлийн бус багш авч ажиллуулсан гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчилд нь хариуцлага хүлээлгэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгч Г.Б 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Япон хэлний орчуулагч багш мэргэжилтэй  Ц.Э-г Цогт сумын цэцэрлэгийн дунд бүлгийн багшаар түр томилсон, 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Ц.Э-г дунд бүлгийн багшаар жинхэлэн томилсон байна. Аймгийн Боловсрол соёл урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн П.С-ийг шүүх гэрчээр асуухад “...нөөц байдаггүй энэ жилээс л ганц хоёр нөөц гарч ирж байгаа гэхдээ хөдөө ажиллах сонирхолгүй хүмүүс байдаг, ...зайлшгүй 2 багш ажиллах шаардлагатай байдаг...Ц.Э- гэдэг хүн нь мэргэжлийн бус хүн байсан. Сумаас нь санал болгоод байсан эхэндээ авахгүй гээд сар хүлээлгэсэн. Мэргэжлийн багш гарч иртэл хүлээлгэж байсан. Цогт сумын цэцэрлэгчийн эрхлэгч бол мэргэжлийн хүн авмаар байна гэж байсан. Г.Б нь тухайн хүнийг авахгүй гээд манай газрын даргатай хүртэл маргалдаж байсан. Тухайн цэцэрлэг нь ганц багштайгаар сар явсан ... иймээс авч ажиллуулсан. Тухайн үед өөр хүн олдохгүй байсан учир мэргэжлийн хүн орж ирсэн тохиолдолд ажлын байраас нь чөлөөлнө гэдэг байдлаар тухайн хүнийг авч ажлуулсан. Жил болгоны 6 сард бид нар тайлангаа бичиж өгдөг, мэргэжлийн бус хүмүүсээ сурч байгаа талаар судалдаг. Ингэхэд Ц.Э сурч байгаа гэсэн мэдээлэл ирдэг” гэсэн тайлбараас үзэхэд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-т “Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллана” гэж зааснаар ганц багштайгаар сар явсан, мэргэжлийн багш олдохгүй байсан тул гарцаагүй байдлаар мэргэжлийн бус дээд боловсролтой хүнийг цэцэрлэгийн багшаар түр авч ажиллуулсан байна. 

Өөрөөр хэлбэл аймгийн  Б С У ГБоловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиг үүргийн тухайд 2015 оны 10 дугаар сарын 07 ны өдөр мэргэжлийн бус хүнийг цэцэрлэгийн багшаар авч ажлуулах эсэх асуудлыг мэдэж байсан, мэргэжлийн бус хүмүүсээ сурч байгаа талаар судалгаа авдаг атлаа аймгийн Б С У Г2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 435 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгч Г.Б нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй дутагдал гаргасан тул хариуцлага тооцож арга хэмжээ авах саналыг хүргүүлж байгаа нь хариуцлага тооцох хөөх хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

          Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасны дагуу аймгийн Б С У Г2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 435 дугаар албан бичгээр Г.Б-д хариуцлага тооцох санал хүргүүлсэн байгаа хэдий ч аймгийн Засаг даргын захирамж уг саналыг ирүүлэх өдрөөс өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан байгааг дурдах нь зүйтэй байна. 

          Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд “...өмнө 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар шийтгэл хүлээсэн”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “..өмнө нь сахилгын шийтгэл оногдуулахдаа шилэн дансны тухай хууль хангалтгүй биелүүлсэн гэж арга хэмжээ авсан мөртлөө ажлаас чөлөөлөхдөө мөн шилэн дансны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна” гэсэн тайлбарыг гаргасан. Г.Б-д аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны Б/16 дугаар захирамжаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар сануулах арга хэмжээ оногдуулсан, мөн ажлаас халахдаа Шилэн дансны тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн зарчимд нийцэхгүй байна. 

 

         Аймгийн Засаг даргын Б/69 дүгээр захирамжийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг удирлага болгосон, тухайн заалт нь хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 буюу түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалт бөгөөд Г.Б-ийн тухайд цэцэрлэгийн эрхлэгч төрийн үйлчилгээний албан хаагч тул хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

          Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах байтал аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

          Хууль зөрчсөн захирамжийн улмаас ажилгүй байх хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Нэхэмжлэгч Г.Б 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Цогт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халагдсан боловч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цогт сумын цэцэрлэгийн ахлах бүлгийн багшаар томилогдсон байна. Г.Б цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж багш болсон тул цалин буурсан иймд цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт цалинг бичигдсэн байдлыг авч үзэхэд 9 дүгээр сард 779255 төгрөг, 10 дугаар сард 677746 төгрөг, 11 дүгээр сард 1028444 төгрөг, 12 дугаар сард 1615803 төгрөг буюу 9 дүгээр сард цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа авч байсан цалингаас 11, 12 дугаар сард багшаар ажиллаж байхдаа авсан цалин өндөр байгаа, гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Б нь өмнө нь намайг тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Зэргийн нэмэгдэл гээд 10% авдаг байсан. Би тэрийг нь сэргээж 10%-ийн нэмэгдэл өгч байгаа. 2017 оны 12 дугаар сарын ур чадварын нэмэгдэл миний цалин дээр бодогдсон гэж байна. Өмнө нь Б С У Голгож байсан нэмэгдлийн нөхөж олгосон. Мөн багшаар ажиллаж байгаа хүн өдрийн 9 цаг ажилладаг учир сар болгон нэг багшид 22-23 цагийн нэмэгдлийг бодож өгч байгаа тиймээс цалингийн зөрүү гэж гарахгүй, одоо авч байгаа цалин нь буурсан боловч эрхлэгч байх үеийн цалингаас илүү авч байгаа” гэсэн тайлбар зэргээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар цалингийн зөрүү гаргуулах хохирлын хэмжээний талаар маргаантай байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн захирамжийн улмаас ажилгүй байх хугацааны цалин, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг асуудлаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр байгааг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ