Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 176

 

 “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06531 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Галмандахад холбогдох

 

Гэрээний үүрэгт 5 288 994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис,

хариуцагч Д.Галмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Галмандах нь манай компанитай зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Үүнд: 1021477 тоот гэрээг 98880910 дугаарын хэрэглэгчид, 1026638 тоот гэрээг 98881800 дугаарын хэрэглэгчид, 1034251 тоот гэрээг 98114910 дугаарын хэрэглэгчид, 1034752 тоот гэрээг 98111848 дугаарын хэрэглэгчид тус тус байгуулсан.      

  1. 1034251 тоот гэрээнд Samsung Galaxy Grand 2 маркийн 750 000 төгрөгийн үнэтэй rap утсыг, 98114910 дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, урьдчилгаа төлбөрт 150 000 төгрөг, 1 сард гар утасны төлбөрт 25 000 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамж 30 000 төгрөг, нийт 55 000 төгрөгийг төлөх нөхцөлөөр байгуулсан. Мөн хэрэглэгч нь уг гэрээг байгуулахдаа барьцаа төлбөрт 50 000 төгрөгийг манай компанид байршуулсан болно.
  2. 1034752, 1021477, 1026638 тоот гэрээнд Samsung Galaxy Note3 маркийи 1 350 000 төгрөгийн үнэтэй гар утсыг, дараа төлбөрт дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, урьдчилгаа төлбөрт 405 000 төгрөг, 1 сард гар утасны төлбөрт 39 375 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамжид 30 000 төгрөг, нийт 69 375 төгрөг төлөх нөхцөлөөр байгуулсан. Мөн хэрэглэгч нь 1034752, 1021477, 1026638 тоот гэрээг байгуулахдаа тус бүр барьцаа төлбөрт 50 000 төгрөгийг манай компанид байршуулсан болно. Хэрэглэгч Д.Галмандах нь 1034251, 1034752, 1021477, 1026638 тоот гэрээний үүргээс зайлсхийж 3 725 996 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймээс гэрээний 5.4-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу

            1021477 тоот гэрээний нийт алданги 673 хоногийн 475 178 төгрөг, ярианы төлбөр 84 107 төгрөг, гар утасны төлбөр 866 250 төгрөг, нийт 1 425 536 төгрөг,  

            1026638 тоот гэрээний нийт алданги 642 хоногийн 456 997 төгрөг, ярианы төлбөр 87 120 төгрөг, гар утасны төлбөр 826 875 төгрөг, нийт 1 370 993 төгрөг, 

            1034251 тоот гэрээний нийт алданги 734 хоногийн 493 800 төгрөг, ярианы төлбөр 81 975 төгрөг, гар утасны төлбөр 905 625 төгрөг, нийт 1 481 400 төгрөг, 

            1034752 тоот гэрээний нийт алданги 673 хоногийн 337 021 төгрөг, ярианы төлбөр 99 043 төгрөг, гар утасны төлбөр 575 000 төгрөг, нийт 1 011 065 төгрөг, бүгд 5 288 994 төгрөгийг Д.Галмандахаас гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Галмандахын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “Жи Мобайл” ХХК нь надаас шаардах эрхгүй, даатгалын компаниас шаардах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Галмандахаас 5 091 031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 573 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэсийн давж заалдах гомдолд: Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээний шаардах эрх "Жи-Мобайл" ХХК-д байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

            Гэрээний 6.3-т "Энэхүү гэрээний 7.2-т заасан үндэслэл нь төлбөр төлөхөөс зайлсхийх үндэслэл болохгүй ба хэрэглэгч үүргээ зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагаварыг бүрэн хариуцна" гэж зааснаар хариуцагч Д.Галмандах нь Иргэний хуулийн 234.1-т зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн мөнгийг төлөх үүрэгтэй.

            Гэрээний 5.6-д "Энэхүү гэрээний 7.2-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд холбогдох төлбөр тооцоог "Соёмбо даатгал", "Жи-Мобайл" ХХК-ийн хооронд байгуулсан төлбөр тасалдлын гэрээгээр зохицуулна" гэж заасан нь Иргэний хуулийн 123.1-д "Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж зааснаар "Жи-Мобайл" ХХК нь гэрээний шаардах эрхийг "Соёмбо даатгал" ХХК-д шилжүүлээгүй байхад хариуцагч Д.Галмандах нь гэрээний үүргээ "Соёмбо даатгал" ХХК-ийн өмнө гүйцэтгэнэ гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 5 091 031 төгрөгийг хариуцагч Д.Галмандахаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Галмандахад холбогдуулан гэрээний үүрэгт 5 288 994 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5 091 031 төгрөг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

“Жи-Мобайл" ХХК нь Д.Галмандахтай “Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” тухай гэрээ байгуулж, 98880910, 98881800, 98114910, 98111848 дугаарыг хариуцагч Д.Галмандахад шилжүүлэн өгсөн, хариуцагч нь “Жи-Мобайл" ХХК-иас Samsung Galaxy Note-3, Samsung Galaxy Grand-2 маркийн 4 ширхэг гap утсыг зээлээр худалдан авч урьдчилгаа төлбөрт 1 500 000 төгрөг төлж, үйлчилгээний төлбөр, гар утасны үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөрийн үлдэгдэлийн талаар талууд маргаагүй болно.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөх үндэслэлгүй,  нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

           Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6-д “... хэрэглэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас үйлчилгээний эрх хаагдаж 2 сарын хугацаа өнгөрсөн буюу гэрээний 3.3-т заасан сар тутамд төлбөр тооцоог төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ..., тохиолдолд холбогдох төлбөр тооцоог “Жи Мобайл” ХХК, “Соёмбо даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан төлбөр тасалдлын гэрээгээр зохицуулна гэж заасан байх боловч “Соёмбо даатгал” ХХК-тай байгуулсан гэрээгээр ямар харилцааг зохицуулахаар тохиролцсон, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Соёмбо даатгал” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон, “Соёмбо даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр аваагүй” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, энэ нь тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлогдвол зохих үйл баримт байхад шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.    

 

Дээрх үйл баримтыг тодруулалгүйгээр талуудын хооронд үүссэн “гэрээний үүргийг “Жи мобайл” ХХК,  “Соёмбо даатгал” ХХК-ийн аль нь шаардах эрхтэй болох, нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй эсэх” маргааны талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

             Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч "Жи Мобайл" ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 406 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ