Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1246

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д,

улсын яллагч Ц.О,

гэрч Т.Д

шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч З.Г (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0051 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бундаг овогт Ц.Ө, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дугаар баг, Эмтийн .. дүгээр гудамжны .. тоотод байнга, Сонгинохайрхан дүүрэг Баянхошууны шатахуун түгээх станцын буудлын ойролцоо Нийтийн байрны .. тоот өрөөг түрээслэн амьдардаг гэх, регистрийн дугаар ЙД0000000, урьд

- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3, 69.1.4 дэх хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.

- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр 112-н автобусны буудлын урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөл” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Hyundai Аccent” маркийн 00-00 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс О.М-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би өөрийнхөө машинтай найз М-ий гэрт орчиж ааваар нь машинаа янзлуулчихаад найзынхаа гэр рүү явж байсан...тухай үед би жолоодох эрхгүй, жолооны үнэмлэхгүй байсан. Тэгээд туслах замаас төв замаар нивт гарах гэж байгаад осол болж мөргөлдсөн...тухайн үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, замын хөдөлгөөний дүрэм сайн мэдэхгүй учраас тухайн үедээ маргалдаж байсан. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна...миний буруу гэдгийг ойлгосон...” гэв.

2. Гэрч Т.Д мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би Драгон орох гээд Дамждаржаагаас явж байсан. Миний явж байсан эгнээ нь нэгдүгээр эгнээгээр явж байсан. Тухайн үед хоёрдугаар эгнээнд өөр тээврийн хэрэгсэл зорчиж явсан...Хоёрдугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл тоормос гишгээд зогсох үед би тоормос гишгэж зогсож чадаагүй шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг мөргөсөн...би Ө-н тээврийн хэрэгслийг зам хөндлөн орж ирж байгаагүй хараагүй...тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг засаж янзлаагүй байгаа...иймд тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10),

2. Хохирогч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Н.Ө машин худалдаж аваад удаагүй байгаа юм машиныхан сэнс ажиллахгүй байсан учир манай аав Б-д үзүүлэх гээд тухайн өдөр ирсэн. Ингээд аав машиныхан сэнсийг засаж өгөөд манай гэрээс найз П-н гэр рүү явах гээд Ө өөрийнхөө машиныг жолоодоод П-т жолоочийн хажуу талд суугаад би арын суудал дээр сууж явсан. Тэгээд 112-н буудлын ертөнцийн зүгээр зүүн талаас төв зам руу ороод нэвт чигээрээ хойшоо гарах гэтэл ертөнцийн зүгээр зүүн талаас замын хоёрдугаар эгнээнд байсан машин бид нарт зогсож өгч байсан. Гэтэл тэр машины хажуу талын нэгдүгээр эгнээгээр нэг машин ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд би нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон...Одоо...шилэн хүзүүгээр чилж өвдөөд баруун талын нүд бүрэлзээд юм харахгүй байна. Духны оёдолтой хэсгээр хатгуулж өвдөж байна. Удаан алхахаар толгой эргээ д удаан алхаж чадахгүй байна...миний духны яс цөмөрсөн, хөмсөгний дээрх яс цөмөрсөн, эгэм хүзүүний зөөлөн эд гэмтсэн, толгойны ар дагз хэсэгт цус хуралттай, баруун нүд цус харвасан, өвдөг шилбэндээ шалбархайтай, зүүн талын арааны тал нь хугарсан...Гомдолтой байна. Би Хятад улсад сурдаг учир хурдан хэргээ шийдүүлээд явмаар байна. Хохирлын баримтаа цуглуулж байгаад авчирч өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

3. Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн унаж хэрэглэдэг 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр жолоодоод Баянхошууны зам дээр явж байхад 17 цагийн үед 112-ын буудлын урд талаас гэнэт автомашин гарч ирээд миний машины урдуур ороод мөргөлдсөн. Би тухайн үед нэгдүгээр эгнээгээр явж байсан ба хоёрдугаар эгнээний машиныг хараад тоормослоод хойгуур өнгөрөөд явсан боловч би тэр машины хажуугаар нь гарч чадаагүй мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа би манараад хаалгаа онгойлгоод сууж байхад нөгөө машины жолооч ирээд нэг юм яриад байсан. Тэгээд машиндаа суугаад арай гайгүй болоод нөгөө машин дээр очоод “хүн амьтан бэртсэн үү, гайгүй юу та нар” гэж асуухад тэр жолооч залуу “чи миний машиныг харалдаа” гэж хэлсэн...манай ах Баярсайхан эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...урдуур гэнэт тэр машин орж ирэхээр нь би зүүн тийшээ дараад буцаж хариулаад тэр машины арын дугуйны хэсгийг мөргөсөн. ...тухайн үед хамар жоохон хөндүүрлээд байсан. өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

4. Гэрч Н.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...бид 3 М-н гэрээс 16 цаг 55 минутын үед гараад манай гэр рүү явах гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гудамжаар яваад 112-ын буудлын төв зам дээр ирсэн. Тэгээд замыг харахад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй урсгалтай эгнээд ямар нэгэн машин байхгүй байхаар нь Өсөхжаргал уг зам руу ороод хөндлөн гарах ёстой байсан учир замын ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явах эгнээг харахад 2 дугаар эгнээгээр машин явж байсан тэр машины урдуур нэгдүгээр эгнээ рүү ороход нэг машин ирээд мөргөсөн...Би бүсээ салгаад хаалга онгойлгоход миний гар цус болсон байхаар нь цусаа арчаад арын суудалд явж байсан найзыгаа харахад манай найз бэртээд хэвтсэн байсан. Тэгээд найзыгаа босгоод түргэн дуудаад түргэн ирээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны гол хэсэгт 1-7 цагийн түвшинд ташуу байрлалтай 6-7 см урт шархтай, оёдол тавьсан, баруун нүдний дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралттай, нүдний алимны салстад 7-10 цагийн байрлалд цус харвалттай, нүдний гадна хэсэгт 3х1см хэмжээтэй тав нь хуурсан, зүүн шилбэний урд дунд хэсэгт 6х2см хэмжээтэй хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай, зүүн доод арын араа шүд цөгц хэсгээр таллаж хугарсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.05.13-ны Толгойны томограф зурагт баруун нүдний ухархайн дээд хана, дух яс шугаман хугаралтай. Үүний улмаас тархины дээд цэгчилсэн цус хуралт үүссэн. Орчны зөөлөн эдэд хаван хавдартай...Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн...гэжээ...ДҮГНЭЛТ

1. О.М-н биед гавлын дух яс баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, тархины эд дэх цэгчилсэн цус хуралт, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн доод араа шүдний талласан хугарал, нүдний гадна хэсэг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),

6. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Hyundai Accent маркийн 00-00 ӨВО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл..., 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ...б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх..., 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө /Зам тавь өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ/... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан бөгөөд тухайн зам тээврийн осол болсон гэх газрыг хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын схем, шинжийн бэхжүүлж авсан фото зургаас харахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “хороолол”, 5.25 сургууль орчмын бүс” зэрэг тэмдгийн үйлчлэх хүрээ тогтоогдохгүй байх тул тухайн орчимд дүрэмд зааснаар 60 км цаг хүртэл хурдтайгаар хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэж байна.

3. Зорчигч О.М-д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ. а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчиход хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3-4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд) заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө /Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ гэсэн заалтыг мөрдөж 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэсэн заалтыг баримталж замын хөдөлгөөнд оролцоно. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө... гэсэн заалт нь зөвхөн гэрлэн дохиогоор зохицуулж байгаа зохицуулдаг уулзвар нэвтрэх үед хамаарах үндэслэлтэй...” гэх баримт (хавтаст хэргийн 203),

7. Иргэний нэхэмжлэгч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д-н танил ах нь байгаа юм. Би бөөрний архаг дутагдал өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэдэг учир дүү Т.Д-д хэлээд түүний эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Бичил Глобус” ХХК-ний барьцаанд тавиулахаар болсон юм. Би барьцаанд тавихын өмнө нь тухайн машиныг өөрийн эзэмшлийн нэр дээр шилжүүлээд ББСБ-тай гэрээ хийгээд 900.000 төгрөгийн зээл авсан байгаа. Уг авто машиныг ББСБ-ын нэр дээр шилжсэн. Би зээлээ сар бүр хийгээд явж байгаа. Үнэлгээ гаргуулсан энэ талаар Д өөрөө мэднэ. Гэхдээ осол гаргасан буруутай жолоочоос үнэлгээний тайлангаар тогтоогдсон мөнгийг Д-д гаргуулан өгөх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28

8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5869 дугаартай тайланд “...Эзэмшигч: “Бичил Глобус”... “Honda Civiс” загварын 44-97 УНР улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлд...шууд 1.2650.000, шууд бус 385.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 1,650.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-51),

9. Цагдаагийн ерөнхий газар бүртгэл хяналтын төвийн албан бичигт “...Ц овогтой Ө /РД: ИЦ0000000/ нь жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн /TPS/ санд бүртгэлгүй байна.” гэх баримт (хавтаст хэргийн 90),

9. “СD” бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21), мөрдөн шалгах ажиллагаанд хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 198), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 15), Түргэн тусламжийн дуудлагын хуудас MСКЕ18215820 (хавтаст хэргийн 77), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 159),

- Хохирогч О.М-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 25), Өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 83-88), хохирол, хор уршгийн 136,863 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 163-166),

- Иргэний нэхэмжлэгч Н.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 29),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 102, 103), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 112-158), эрүүгийн хариуцлага биелэгдсэн талаарх Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 208), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 104), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 106, 107) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ө-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Ц.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 112-ын автобусны буудлын ойролцоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй байхдаа өөрийн эзэмшлийн “Hyundai Аccent” маркийн 85-11 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон О.М-н гэрээс Н.П-н гэр лүү буюу урдаасаа хойш чиглэлтэй туслах замаас гол зам руу нэвтэрч хөдөлгөөнд оролцож байхдаа Т.Д-н жолоодон явсан “Honda Civiс” загварын 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам тээврийн осолд орсон байна. Энэхүү зам тээврийн осолд орсны улмаас шүүгдэгч Ц.Ө-н тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.М-н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10),

- Хохирогч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Н.Ө  машин худалдаж аваад удаагүй байгаа юм машиныхан сэнс ажиллахгүй байсан учир манай аав Б-д үзүүлэх гээд тухайн өдөр ирсэн. Ингээд аав машиныхан сэнсийг засаж өгөөд манай гэрээс найз П-н гэр рүү явах гээд Ө өөрийнхөө машиныг жолоодоод П жолоочийн хажуу талд суугаад би арын суудал дээр сууж явсан. Тэгээд 112-н буудлын ертөнцийн зүгээр зүүн талаас төв зам руу ороод нэвт чигээрээ хойшоо гарах гэтэл ертөнцийн зүгээр зүүн талаас ...нэгдүгээр эгнээгээр нэг машин ирээд манай машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр жолоодоод Баянхошууны зам дээр явж байхад 17 цагийн үед 112-ын буудлын урд талаас гэнэт автомашин гарч ирээд миний машины урдуур ороод мөргөлдсөн. Би тухайн үед нэгдүгээр эгнээгээр явж байсан ...урдуур гэнэт тэр машин орж ирэхээр нь би зүүн тийшээ дараад буцаж хариулаад тэр машины арын дугуйны хэсгийг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

- Гэрч Н.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр...бид 3 М-н гэрээс 16 цаг 55 минутын үед гараад манай гэр рүү явах гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гудамжаар яваад 112-ын буудлын төв зам дээр ирсэн. Тэгээд замыг харахад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй урсгалтай эгнээд ямар нэгэн машин байхгүй байхаар нь Ө уг зам руу ороод хөндлөн гарах ёстой байсан учир замын ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явах ...нэгдүгээр эгнээ рүү ороход нэг машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. О.М-н биед гавлын дух яс баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, тархины эд дэх цэгчилсэн цус хуралт, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн доод араа шүдний талласан хугарал, нүдний гадна хэсэг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44)

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтэд “...1. Hyundai Accent маркийн 00-00 ӨВО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл..., 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ...б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх..., 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө /Зам тавь өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ/... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 203),

- “СD” бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21),

- Цагдаагийн ерөнхий газар бүртгэл хяналтын төвийн албан бичигт “...Ц.Ө /РД: ИЦ000000/ нь жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн /TPS/ санд бүртгэлгүй байна.” гэх баримт (хавтаст хэргийн 90) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нь болгоомжгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөл”,

- 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

- 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,

- 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр, мөн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөний улмаас зорчигч О.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ө нь зам тээврийн осол болох цаг хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэсэн шаардлагыг хангаагүй байхдаа зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.М нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт 136.863 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Б 1.650.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эрүүл мэндэд ...хууль бусаар ...болгоомжгүй үйлдэл...ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг уг гэм хорыг арилгахдаа... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”  гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Ө-с 1.650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч О.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирол, хор уршгийн баримттай зардлыг шүүгдэгчээс авсан гэх баримтыг, шүүгдэгч Ц.Ө нь хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. Харин гэрч Т.Д нь зам тээврийн осолд орсны улмаас 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулсан газраас гаргасан гэх зардал болон тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс нь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч Ц.Ө-д холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч О.М-д (хавтаст хэргийн 63), эмчилгээнд сайн дураараа 136.863 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлүүдээр улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний хувийн байдлыг нь харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1903 0051 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Ө-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2,3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-с 1.650.000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

6. Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гэрч Т.Д нь өөрт учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ