Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 179

 

 

 

 2020             02             06                                        2020/ДШМ/179                       

 

Ц.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                               

            прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

            шүүгдэгч Ц.Ө-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ө-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Ө-д холбогдох 1903005180268 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ын Ө-, Өвөрхангай аймгийн Богд суманд 2000 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, Эмтийн 34 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны шатахуун түгээх станцын буудлын ойролцоо нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг гэх, /регистрийн дугаар: 000000000/,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял шийтгүүлсэн.

Ц.Ө- нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, 112-ын автобусны буудлын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн а/-д заасныг зөрчин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Hyundai Accent” загварын 85-11 ӨВО улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.4-ийн б/-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч О.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Ц.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ц.Ө-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрх хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-аас 1,650,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Баярсайханд олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өндөр настай эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд түр оршин сууж байгаа. Аав минь нас барсан ... хохирлоо арилгаж, хохирогчийг гомдолгүй болгосон, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн тул миний хувийн байдлыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ялыг сольж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ө-ын өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Ө- нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хохирогч О.Маргад-Эрдэнийн биед хүнд гэмтэл, иргэний нэхэмжлэгч Н.Баярсайханд 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл 650,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Зам тээврийн осол 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Осол гарснаас хойш бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Хэдийгээр хохирол төлөхөө илэрхийлж байгаа боловч шүүгдэгч Ц.Ө- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар байдлаар хэрхэн төлөх нь тодорхойгүй байна. Шүүгдэгчийн хөрөнгө орлого, эрхэлж буй ажил төрөл тодорхойгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах хуулийн заалт хэрэгжих нөхцөл, боломж шүүгдэгч Ц.Ө-ын хувьд хангагдаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ө- нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, 112-ын автобусны буудлын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн а/-д заасныг зөрчин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Hyundai Accent” загварын 85-11 ӨВО улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.4-ийн б/-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Honda Civic” загварын 44-97УНР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч О.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Маргад-Эрдэнийн “... Ө- жолоодож, хажууд нь Пүрэвцогт,  арын суудал дээр нь би сууж явсан. 112 дугаар буудлын ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй төв замаар нэвт гарах гэтэл зүүнээс нэгдүгээр эгнээгээр явж байсан машин ирээд бидний машиныг мөргөсөн ...” /1-р хх 23-24/,

гэрч Т.Даваадоржийн “... 44-97УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Баянхошууны замаар явж байтал 112 дугаар буудлын урд талаас гэнэт автомашин гарч ирээд миний машины урдуур ороод мөргөлдсөн ... ” /1-р хх 34-35/,

гэрч Н.Пүрэвцогтын “... төв зам дээр ирсэн. Тэгээд зам руу харахад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй урсгалд машин байхгүй байхаар нь Ө- уг зам руу ороод, хөндлөн гарах ёстой байсан учир зүүнээсээ баруун чиглэлтэй явах эгнээг хараад 2 дугаар эгнээгээр явж байсан машины урдуур ороод нэгдүгээр эгнээ рүү ороход нэг машин ирээд мөргөсөн ...” /1-р хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

хохирогч О.М-д гавлын дух яс, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, тархины эдэд цэгчилсэн цус хуралт, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн доод араа шүдний талаласан хугарал, нүдний гадна хэсэг, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5942 тоот дүгнэлт /1-р хх 44/,

Зам тээврийн ослын үеийн бичлгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 19-21/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /1-р хх 3-10/, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн “Ц.Ө- жолооч болоогүй, жолоочийн бүртгэлийн санд бүртгэлгүй” гэх лавлагаа /1-р хх 90/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ө- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж жолоодох эрхгүйгээр автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дүрмийг баримтлаагүйн улмаас гол замаар давуу эрхтэй зорчиж явсан автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулжээ.  

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний эцэст ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Шүүгдэгч Ц.Ө- нь тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаж жолоодох эрх аваагүй, жолооч биш учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зохих ёсны мэдлэг эзэмшээгүй гэж үзнэ. Түүний энэхүү байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон төдийгүй гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлж байна. Нөгөөтэйгүүр, өмнө нь хоёр удаа санаатай гэмт хэрэг үйлдсэндээ шүүгдэгч гэмшээгүй хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/1246 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ө-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР         

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН