Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00298

 

             Б.М-ын нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01957 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02297 дугаар магадлалтай,

Б.М-ын нэхэмжлэлтэй,

Ч.Т-д холбогдох,

Нэр төр, алдар хүндийг сэргээж, эдийн бус хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат, өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ч.Т-гаас 2016 оны 1 дүгээр сард монетон ээмэг, бөгж түр зээлдэн авч ломбардад тавьж байгаад 3 сарын дараа авсан  бүх зүйлээ түүнд буцааж өгсөн. Гэтэл  Ч.Т-  нь анх  эдгээр зүйлүүдээ граммыг нь 80.000 төгрөгөөр бодож өгсөн одоо бол чамаас 40.000 төгрөгөөр бодож авна гээд зөрүүг тооцож мөн 10 хувийн хүү бодож 1. 831.000  төгрөг нэхсэн. Хэдийгээр анх өгч авалцахдаа ханшийн зөрүү тооцно гэж ярилцаж тохироогүй ч гэсэн хэрэгтэй үед тус болсон учир зөрүүг өгье гэж тохиролцсон боловч Говь-Алтай аймаг явж ээжийгээ асарсан. Гэтэл Ч.Т- 2016 оны 9 дүгээр сард өөрийн фэйсбүүк хуудсаар миний 4 ширхэг зургийг эвлүүлэн, луйварчин, хулгайч, залилагч, зальт үнэг, нутаг усны нэр баастсан новш Говь-Алтайчуудаа энэ хүнээс болгоомжил гэх мэтээр бичиж тавьсан. Хамгийн  гол нь  миний зурагнуудыг олж аваад тавьсан байсан учир намайг таньдаг хүмүүс мэдээд утастаж хэлсэн. Би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулсан боловч Нийслэлийн прокуророос Ч.Т-гийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байх боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна гэсэн. Энэ мэдээллээс болж бизнесийн түншүүд маань хамтарч ажиллахаас татгалзаж, хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж надаас ичих боллоо гэж хэлсэн, мөн миний нэр хүнд таньдаг хүмүүс ах дүү найз нөхдийн дунд их хэмжээгээр унасан. Иймд ямар ч үндэслэлгүйгээр цахим сүлжээгээр санаатайгаар миний нэр төр алдар хүндийг олон нийтийн өмнө гутаан доромжилсон хариуцагч С.Туяагаас сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг гаргуулж, нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.М- нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр надаас 1.750.400 төгрөгийн монетон эдлэл авч ажлын 25 хоногт өдрийн 70.016 төгрөг төлөхөөр тохиролцон зээлж гарын үсэг зурж авсан. Гэтэл хугацаандаа мөнгөө төлөөгүй бөгөөд нэмж 2.001.600 төгрөгийн үнэ бүхий монетон эдлэл нэмж аван нийт 3.072.000 төгрөг болгон өдрийн 102.400 төгрөгөөр 30 хоногийн дотор төлөхөөр зээлж авсан. Б.М- нийт 1.072.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон боловч өгөөгүй. Би энэ зальт эмэгтэйн талаар бусад иргэдэд сэрэмжлүүлэг болгохын тулд мэдээлэл оруулсныг далимдуулан Цагдаагийн хэлтэст хандан намайг шалгуулсныг Прокуророос хэрэгсэхгүй болгосон. Одоо энэ мэдээлэл цахим сүлжээнд байхгүй устгагдсан. Хариуцагч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй бөгөөд илт худал мэдээлэл тараасан, нэр төр гутаасан гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01957 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дүгээр зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, түүний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан арга хэрэгслээрээ няцаахыг хариуцагч Ч.Т-д даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс 18.000.0000 /арван найман сая/ /төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 247.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дах хэсэгт заасан хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа аваагүй болохыг дурдаж, хуульд заасан журмын дагуу шийдвэрийг гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02297 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Т-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01957 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 210/МА2017/02297 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Ч.Т- нь өөрийн тавьсан мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ын талаар бодит байдлыг тогтоолгох зорилгоор Б.Баярмаа, Л.Оюунчимэг нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ зээлийн харилцааны талаар дурдаж нэхэмжлэлийн шаардлага гаргасаар байтал уг үндсэн нэхэмжлэлд холбогдолтой сөрөг нэхэмжлэлийг мөн адил хүлээн авахаас татгалзсанаар хариуцагч Ч.Т- нь өөрийн тавьсан мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн болохыг нотлох боломжоор олгоогүй байж бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу.

Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадаагүй байхад 2.000.000 төгрөг гэж бичсэнээр хохирол тогтоогдсон гэж үзэх нь үндэслэлгүй юм. Шүүх нь үнэлгээний байгууллага биш. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 43 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Нийслэлийн Прокурорын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас гэх баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Б.М- нь өөрт учирсан хохирлыг нотолсон баримт хэрэгт хавсаргаагүй нотлоогүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01957 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 210/МА2017/02297 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.М-ын “нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.Т- эс зөвшөөрөхдөө “...зээлээ төлөөгүй тул бусдад сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл оруулсан, нэр төрийг нь гутаагаагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хариуцагч Ч.Т- нь өөрийн Facebook хуудсанд Б.М-ын 4 ш зургийг эвлүүлэн “...энэ хүн баг өмссөн луйварчин шүү хүмүүсээ болгоомжил, арзааж байгаа нь энэ авгайн мөн чанар 2.000.000 төгрөгний үнэт эдлэл луйвардсан, зальт үнэг, их олон хүнийг хохироож байгаадаа ичиж амьдраач, нутгийн нэр баастсан новшоо, Говь-Алтайчуудаа болгоомжтой бай” гэх мэдээлэл оруулж тараасан нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. Хуулийн энэхүү зохицуулалтаар бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг бусад этгээдэд мэдээлснийг гутаасан гэж үзэх ба “...гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол... няцаах үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгө зээлсэн хэдий ч луйвардсан, залилан мэхэлсэн гэх байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал, дээрх мэдээлэл бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээх ба эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоохоор Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг сэргээж, эдийн бус гэм хорын хохиролд хариуцагчаас 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг буруутгах үндэслэлгүй боловч нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлаар буюу нэхэмжлэгчийн “ажил хэргийн нэр хүнд”ийг сэргээсэн нь буруу болжээ.

Уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна. 

Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэдэг нь өөр хоорондоо нягт уялдаатай боловч тус бүрдээ бие даасан агуулгыг илэрхийлдэг, хоорондоо эрх зүйн ялгаатай ойлголт байдаг ба шүүх нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гаргах тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02297 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Б.М-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, түүний нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан арга хэрэгслээрээ няцаахыг хариуцагч Ч.Т-д даалгаж...” гэснийг  “нэхэмжлэгч Б.М-ын нэр төр, алдар хүндийг сэргээж, өөрийн Facebook хуудсаар няцаалт хийхийг хариуцагч Ч.Т-д даалгаж,” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 117.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                    ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ